Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Тунгалаг: Монгол гар урлалын зах зээлийг хятад бараа эзэлж байна


Үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжье хэмээн том бодлого ярьдаг ч тоймтой ажил хийсэн бил үү. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй адил болсон уул уурхайн өвчнөөсөө ангижирч аливаа юмны анхны нэгж болсон жижгээс нь эхэлье. Юм жижигддэггүй гэдэг. Яндаж баршгүй далайг жижигхэн дуслууд л бий болгосон. Үүнтэй адил үндэсний үйлдвэрлэл хэмээх “далай” бий болгохоор зүтгэж яваа цөөн хэдхэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэм­жье. Ерөнхий бус ерийн жи­жиг зүйл рүү анхаарцгаая.
 “Арт” галерейд нээгдсэн үзэсгэлэнг сонирхохоор ор­тол үүдний хэсэгт жижиг­хэн мухлаг шиг лангуу ажил­луулж, гоёл чимэглэлийн зүйл зарж буй хүн анхаарал та­тав. Үндэсний хэв шинж, өнгө төрхийг шингээсэн ээмэг, зүүлтнүүд нь эрхгүй сонирхол татсан тул энэ бүхнийг хийсэн Г.Тунгалаг хэмээх керамикч бүсгүйтэй хэсэг яриа өрнүүллээ. Түүний нарийн ур хийц шингэсэн бүтээлүүдийг харахад кера­мик гэж огт төсөөлөмгүй. “Үн­дэсний үйлдвэрлэл гэдэг үлгэр домог болсон шүү дээ” хэмээн халаглах тэрээр дээр дурдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг билээ.

-Таны бүтээлүүдийг хараад керамик гэж огт төсөөлсөнгүй. Жижигхэн болохоор их цаг хугацаа, ур чадвар шаарддаг байх?
-Керамик урлал гэхээр л хүмүүс хатаасан шавар, ваар сав гэж ойлгодог талтай. Миний хувьд аяга шаазан гэхээс илүүтэй зүүлт, аксессуар, гоёл чимэглэлийн зүйл түлхүү хийдэг. Керамик гоёл чимэглэлийн зүйл эдэлгээ урттайгаас гадна хуучрах тусмаа өнгө орж бэхжээд байдаг юм. Мөн хэмжээний хувьд жижиг учир илүү нарийн ажиллагаа, хугацаа, ур чадвар шаарддагаараа онцлог. Хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, байгалийн шавар, шороогоор хийдэг болохоор харин ч эерэг нөлөөтэй. Наанадаж л метал эдлэлийг бодвол хүйтэнд хайраад байдаггүй. Гэтэл хүмүүс хиймэл чулуун зүүлтийг ээлтэй чулуу гээд л авч зүүгээд байдаг. Угтаа керамик нь байгалийн шавар шороогоор хийж байгаа болохоор ямар ч хүнд ээлтэй бас эдэлгээ даадаг. Ер нь, археологийн олдворуудаас керамикаар хийсэн зүйл л эвдэрч хэмхрээгүй бүтнээрээ гарч ирэх нь их. Тиймдээ ч чамин гоёл чимэглэл хийхэд тохиромжтой санагддаг.

-Нэг бүтээл гараас гарахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг зүүлт хийлээ гэхэд л 8-15 хоног шаардана. Хэвээ цутгана, шавраа сонгоно, зуурна, цутгана хатаана, ша­таана гээд ганц жижиг ээмэг хийхэд их ч ажил орно доо.

-Керамик, шаазан хоёр бат бөх чанараараа хэр ялгаатай байдаг юм бол?
-Хүмүүс шаазан аяга ава­хаараа хагарчихна гэж бод­­доггүй. Тэгсэн хэрнээ ке­ра­микийг шавраас нь хамаарч тэ­дэн градуст шатааж ха­таа­даг гэхээр “Өө хагарах юм бай­на” гэдэг. Угтаа шаа­зан ая­га ч хагардаг шүү дээ. Ча­на­­рын хувьд керамик нь эдэл­­­гээ даах чадвар сайн шүү.

-Таны бүтээлүүдэд үн­дэсний хээ угалз, дүрс, бэлгэ тэмдэг ихээр шин­гэжээ?
-Монголчууд ер нь өнө эртнээс нарийн ур хийц бүхий үнэт эдлэл хэрэглэж байснаас шавраар ахуйн хэрэглээний зүйл болоод гоёл чимэглэл хийж байсан баримт бий. Гоёл чимэглэлийн хувьд тээг гэгч зүйлээс үүсч бий болсон. Түүндээ үндэсний өв соёлоо шингээх нь их байсан. Гэвч одоо үед наадаг зураг, архины шилэн дээр л их харагдах болж дээ. Хааныхаа дүр зургийг хүртэл архин дээр нааж байна шүү дээ.
Миний хувьд дан ганц ээмэг зүүлт гэхгүй түлхүүрийн оосор тэр ч бүү хэл хар хэл ам, хараал жатгаас хамгаалдаг эртний сахиуснуудыг ч хийдэг. Ер нь л манай үндэстний мартагдсан уламжлал, дом, бэлгэдлийн чанартай сахиус зэргийг урладаг даа.

-Та хэзээнээс керамик урлалаар дагнаж эхэлсэн бэ?
-Би урлагийн гэр бүлд төрж өссөн. Хань маань бас барималч хүн. 1980 оноос гар урлалын үйлдвэрт ажиллаж байгаад нийгэм солигдоход гарсан юм. Ер нь, багаасаа урлагтай ойр байсан болоод ч тэр үү амьдралд тусгүй, ашиг багатай, мөнгө олохгүй байлаа ч үүнийгээ л хийх дуртай даа. /инээв/
Ер нь, керамикч тэр дундаа эмэгтэй керамикч цөөхөн л дөө. Над шиг гоёл чимэглэл, зүүлт хийдэг хүн ч цөөн. Гэхдээ хүн хүний хийдэг арга барил өөр байдаг. Миний онцлог гэвэл аль болох уламжлалаа шингээхийг зорьдог. Жишээлбэл, цагаан уул цэцэг үнэнч хайрын бэлгэдэл. Хүн үзээд авахгүй ч гэсэн цагаан уул цэцэг ийм бэлгэдэлтэй гэхчлэн тухайн зүүлт чимэглэлийнхээ  утга агуулга, бэлгэдэл зэргийг сонирхсон хүнд сурталчлан таниулах дуртай. Тэр тусмаа өсвөр үеийнхэнд. Жишээ нь, өлзий хээ л гэхэд урт удаан наслахын бэлгэдэл гэх мэт. Хас тэмдгийг фашистын бэлгэ тэмдэг бус манай өвөг дээдсийн хэрэглэж байсан шүтээн зэргээр нь тайлбарлахгүй бол одоогийн хүүхдүүд үүх түүх, ёс жаягаа мэдэхгүй байна. Зүгээр гудамжинд явж байгаа хүүхдүүдийг барьж аваад учиргүй өв соёл, уламжлал, бэлгэдэл яриад байвал гайхна биз. Харин тэдний анхаарлыг татахуйц гоёл чимэглэл, зүүлт, түлхүүрийн оосор, эдлэл хэрэглэлийг нь керамикаар хийгээд тавьчихаар өөрсдөө л гүйгээд ирдэг. Ийм л хүсэл эрмэлзлэлээр энэ урлалын ач тусыг гаргах гэж хичээж явна.

-Жижиг, дунд үйлд­вэрлэл жижиг хэвээ­рээ л хоцорлоо. Яриад байвч дорвитойхон дэм­жиж тус­лаад байгаа нь ха­рагдахгүй юм?
-2000 оны ихээр бил үү дээ анх жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих тухай яригдахад ерөөсөө нэг томхон зуухтай болъё гэж бодоод өргөдөл бичиж өгсөн ч над мэтийн гар урлалынхныг тоогдоогүй юм. Ер нь гар урлал, керамик урлал маань ихэвчлэн жуулчны улирлаар л ашиг орлоготой байдаг, нэг ёсны эрсдэлтэй, сул зогсолт ихтэй ажил. Ямар сайндаа л бизнесээ өргөжүүлэх гэж Хархоринд очтол Монгол гар урлалын сувенирууд  гэхээсээ Хятадын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд зах зээлийг нь эзэлчихсэн байсан. Өмнө нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан Улсын их дэлгүүрт саяхан ороход  л дандаа гял цял хятад бараа харагдана билээ. Ингээд бодохоор л өнөөх үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл гээч маань үлгэр домог шиг амнаас ам дамжсан яриа болон хоцорч байгаа юм даа.
Уг нь, керамик урлал манайд өндөр хөгжөөгүй ч гэсэн урлагийн нэг төрөл гэдгээс гадна аялал жуулчлалын бүтээгдэхүүн, гар урлал талаас нь харах хэрэгтэй.  Тэр ч бүү хэл жижиг дунд үйлдвэрлэлийн нэг хэсэг байх ёстой. Үйлдвэрлэл гэдгийг зүгээр нэг оймс гутлаар хязгаарлаж болохгүй. Хоёр жуулчин зөрж өнгөрөхдөө “Монгол ноолууран оймс байна” гээд худалдан авч болно. Хожмоо оймс болсон хойно элэгдэж урагдаад л үнэ цэнэгүй болно. Харин керамик сувинер, зүүлт, гоёл чимэглэл бол өөр хэрэг. Үндэсний өнгө төрх, хээ угалз, ур хийц, өв соёл гээд тоймгүй их зүйлийг агуулж чаддагаараа аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болдог. Хил хязгааргүй соёл түгээдгээрээ бэлэг дурсгалын зүйлс, тэр тусмаа керамик урлалын зүйлс давуу талтай.

-Таны бүтээлийг жуул­чид их сонирхоно биз?
-Сонирхолгүй яахав. Буган чулуун хөшөө, Чингис хааны дүр, бурхан, шашны холбогдолтой дүрс, хээ угалз бүхий зүйлсийг илүүтэй сонирхдог. Гэхдээ жуулчдаас илүүтэй манай залуус өөрсдөө л сонирхож эдэлж хэрэглээсэй гэж хүсдэг юм. Энгэртээ их хааныхаа хөрөг дүрийг зүүчихээд явж байхад ядаж л зөрөөд өнгөрсөн хүмүүст үндэсний ухамсар түгээж, үлгэр дууриалал болно шүү дээ.

1 Сэтгэгдэл
Тантай хэл авах боломж байна уу? Одоо энэ урлалаа хийж байгаа юу? утасаа бичих үү
ene tegeed haana zardiin boloo yaj olj hudaldaj awah we
хийж бүтээж буй үйлдвэрлэгчдээ жижиг зүйлээр дэмжээд өгөх л хэрэгтэй байгаа юм шүү, өв уламжлал залуу хойч үеээ боддог сайхан хүн байна. Танд амжилт хүсье.
Хамгийн их уншсан