Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар жагсаалтад орох компани долоо хүрээд дууссан уу

Төр түмний мөнгөөр туйлж, төсөл хөтөлбөрөө хагас дутуу гүйцэтгэсэн компани манай улсад долоо байгаа гэнэ. Таван жилийн турш мунгинасны эцэст нийслэлээс “Бэрх зараа”, “Чи Чи Ха Ар”, “Монгол асфальт”, “Нэмүт”, “Мот металл”, “Асати Монгол”, “Номгон хайрхан”, “Товуу засаг” зэрэг компанийг жагсаалтад оруулах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлснээр хариуцлагагүй компанийн нэрс тодроод байгаа нь энэ.
Угтаа, дээрх компаниудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа мэдээлж, алдаа дутагдлыг нь тухай бүрт сануулж байсан ч арга хэмжээ авахгүй, нүдэн балай чихэн дүлий суусаар энэ онтой золгосон юм. Ялангуяа, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөс хамгийн их буюу 12 тэрбум 95.1 сая төгрөгийн санхүүжилттэй, 22-ын товчоо чиглэлийн 10.6-хан км замын ажлыг хоёр жил хойш татсан “Бэрх зараа” болон “Чи Чи Ха Ар” компанийн талаар хангалттай мэдээлсэн. Тэд 2010-2011 оны хооронд ажлаа гүйцэтгэх ёстой байсан ч 2012 оны аравдугаар сар хүртэл сунгаж, арай гэж дуусгасан ч тавьсан зам нь ганцхан борооноор “урсаад явсан”.

Үүний уршгаар төсөв, мөнгө, цаг хугацааны асар их хохирол амссан билээ. Бусад компанийн тухайд мөн л хариуцсан ажлаа зэрэмдэглэж, 23.9-149 сая төгрөг салхинд хийсгээд байна. Тиймээс тэд хар жагсаалтад орохын тулд ямар нэгэн “болзол”, “босго” давах шаардлагагүй. Шууд л Сангийн яамны хар жагсаал­тад бичигдэх учиртай.
Гэхдээ тус яамны Хууль, худалдан авах ажиллагааны хэлтсээс “Дээрх компаниудыг шалгаж байгаа. Үнэхээр холбогдох хууль зөрчсөн бол хар жагсаалтад оруулна. Ирэх долоо хоногийн эцэс гэхэд шийдэгдэнэ” гэж хэлсэн юм. Харин холбогдох хуулиараа буюу Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.5-д зааснаар дээрх компаниуд шалгалтгүй тэнцэх болзол хангасан. Тодруулбал, тус хуульд “Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тен­дерт оролцох эрхээ хяз­гаар­­луулсан этгээдийн бүрт­гэлд хамруулна” гэж заажээ. Тэгвэл хар жагсаал­тад багтааж өгөхийг хүссэн компаниудын тодорхой­лолтыг хотын захиргаа би­чих­дээ, гэрээний үүргээ бие­лүүлээгүй, гурван жилийн өмнө хариуцаж авсан барилга нь өнөөдрийг хүртэл дуусаагүй гэдгийг тодотгон тэмдэглэсэн байна. Бүр 73.5 сая төгрөгийн санхүүжилтээс 51.5 саяыг нь авсан “Товуу засаг” гэх компани нь Багануур дүүргийн 26-27-дугаар байрны дун­дах тохижилтын ажлыг жил дараалан хийхдээ 70 ху­вийн гүйцэтгэлтэй дуусгаж, өдгөө сураггүй алга болсон гэдгийг хотын захиргаанаас мэдээлж орхив. Нэг бодлын хар жагсаалтад оруулахаар хөөцөлдөж, ажил хийж байгаа мэт харагдах ч нөгөө талаас хариуцлага алдсан нь ажиглагдаж байна. Эргээд буух эзэнгүй, буцах хаяггүй компанид 2012 онд нийслэл 51.5 сая төгрөг “тавиад” туучихжээ. Түүнчлэн “Мот металл” гэх компанийн нэр сүүлийн үед тодрох болов. Тэд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байр барихаар 303 сая төгрөгийн гэрээний дүнтэй байсан ч эцсийн санхүүжилтийн дүн 483 сая төгрөг болжээ. Тодруулбал, 2011 онд “Мот металл” компани захиалагч байгууллагаас баталгаажуулж ирсэн ажлын гүйцэтгэлийн дагуу 180 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Гэтэл геологийн дүгнэлт, зураг төсөл алдаатай байснаас шалтгаалан хөрсний ус их хэмжээгээр гарч, ажил гүйцэтгэхэд хүндрэл үүсчээ. Ингэж байсаар гэрээний хугацаа дуусгавар болсон аж. Тиймээс захиалагч гэрээг цуцлан "Боршоон ундраа" компаниар үлдэгдэл ажлыг 303 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Ажил дууссан ч хөрсний ус зоорь руу нэвчсэн хэвээр байсан тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ.  Өнөөдрийн байдлаар уг барилгыг ашиглалтад авах боломжгүй болж, 483 сая төгрөг дахиад л салхинд хийсэв. Энэ мэт хаа, хаанаа хяналтгүй, хариуц­лагагүй үйлдлээс шалт­гаа­лан иргэдийн төлсөн тат­вар салхинд хийсч байна. Тиймээс өнөөдөр тендерийн ажил гүйцэтгэж байгаа компаниудыг өдөр алгасалгүй шалгаж байх нь зөв юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд байгаа муу компаниуд дээрх долоон компаниар хязгаарлагдаж байна гэвэл өрөөсгөл ойл­голт болно. Өнгөрснөөс харвал, тухайн үеийн тендер авсан компаниуд хэн нэгний шахаагаар ялж, төсвийн мөнгийг үрэн таран хийх эрх өвөртөлсөн байдаг. Тухайлбал, “Бэрх зараа” компани хотын экс дарга Ц.Батбаярын дүүгийн компани гэдгээрээ алдарш­­сан. Зам нь там болсон ч хариуцлага үүрэхгүй байсаар хот дараагийн удирд­лагад халаагаа өгс­ний дараа л хариуц­лага ярих тэнхээтэй болсон нь.

Хар жагсаалтад 27 компани бичигджээ

Дээр дурдагдаж бай­гаа долоон компанийг эс тооцвол өнөөдрийн байд­лаар гүйцэтгэх ажлаа хагас ду­туу, чанаргүй хийсэн компанийг хар жагсаалтад оруулсан тохиолдол Сангийн яам болон нийслэлд байхгүй. Харин хариуцлага дутагдсан энэ системд саяхан 27 компани бичиг, баримт хуурамчаар үйлдсэн шалтгаанаар жагсаал­тад багтжээ. Тодруулбал, Сангийн сайд өнгөрсөн сарын 12-ны өдөр тушаал гаргаж, “Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д (Худал­дан авах ажиллагааны хэрэг­жилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна) заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэсний дагуу 27 компанийг хар жагсаалтад оруулсан байна. Мөн сайдын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаар тушаалаар батлагдсан "Бүртгэл хөтлөх журам"-ын 4.5-д тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг тухайн зөрчлийг гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд Засгийн газрын худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр орол­цохыг хориглоно гэж заажээ. Тиймээс хар жагсаалтад орох эсэх нь ирэх долоо хоногоос шийдэгдэх дээрх долоон компанийг бид ойрын гурван жилдээ сонсохгүй бололтой. Нэгэнт хариуцлага ярьж, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх гэж байгаа учраас иргэд ч гэсэн хариуцлагагүй компанийн талаар “хов” зөөж, төлсөн татварын мөнгөө хамгаалж ч болох юм. 

Б.ШИРНЭН

Ц.Энхцэнгэл: Сураггүй, зугтсан компаниудын удирдлагад заавал хариуцлага тооцуулна


Жагсаалт гарах ажлыг хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн захиргаанаас чанаргүй бүтээн байгуулалт хийсэн долоон компанийг хар жагсаалтад оруулах хүсэлтээ Сангийн яаманд өгсөн. Цаашдаа дахин жагсаалт гарах уу?
-Тэгнэ. Эхний ээлжинд гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санхүүжилт авчихаад ажлаа эхлүүлээгүй улс, нийслэлд ноцтой хохирол учруулсан компанийн нэрсийг гаргасан.  Цаашид ч энэ жагсаалт үргэлжилнэ гэж ойлгож болно. Бид судалж байна.
-Тухайн үед хийсэн ажлыг нь шалгаж, хүлээн авсан үнэлгээний хорооны гишүүдийг нийтэд зарласан. Гэхдээ ажлаа хүлээлгээд өгчихсөн тэр хүмүүстэй ямар хариуцлага тооцох юм бэ?
-Үнэлгээний хорооны гишүүдийг зарладаг нь олон нийтэд мэдээлж, хяналт тавих үүргийнхээ дагуу хийж буй ажил. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг хүлээж авдаг үнэлгээний хорооны гишүүд хариуцлагатай байх ёстой. Үнэлгээний хороонд ийм хүмүүс ажиллаж байжээ гэдгийг зарласнаар дараа, дараагийнх нь хүмүүст сануулга бас ажлын хариуцлага гэгчийг мэдрүүлнэ.
-Хар жагсаалтад орох магадлал өндөр байгаа эдгээр компанийн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үү. Өмнөх нийслэлийн удирдлагуудын үед зарласан бүтээн байгуулалтыг хийсэн компаниуд байсан шүү дээ?
-Торгууль ногдуулна. Сураггүй, зугтсан компаниудыг олж заавал хариуцлага хүлээлгэхээр хөөцөлдөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан