Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан диплом уу, ур чадвар уу

Бэлгэдлийн чанартай улаан дипломоор шавар зуурч, гагнуур хийж, талх барьж, тоосго өрж, үс засч, үйл нэтгэж болох уу. Үгүй ээ, ур чадваргүй бол улаан диплом хавтас төдий хэрэггүй хог. Алт эрднийг алдаж болох ч авьяас чадварыг хэн ч булааж үл чадна. Барим тавин биегүй ч алтаар үнэлэгдэх авьяас чадвартан хэд хэдэн их сургууль төгссөн “зангиатай гуйлгачин”-аас ч сайхан амьдарч болно.

Нийгэм цаг үе солигдож нэгэн үе монголчуудын дунд дээд боловсролтой болох “өвчин” дэлгэрч хээрийн түймэр шиг л хурдан тархсан. Үүнийг даган өнөөх улаан дипломтнуудыг “үйлдвэрлэгч” их, дээд сургуулиуд ч ихээр нэмэгдэх болсон. Хэдэн арван саяыг илүүдэл үүссэн дээд боловсролын төлөө хээв нэг цацаж байсан бид хаана алдсанаа эргэн харах цаг болж. Захын барилгад л хятад ажилчид хар шоргоолж мэт хэдэн зуугаараа ажиллаж, амьдарч, авсан цалингаа эх нутаг руугаа илгээж байна. Харийн ажилчдыг урин залж авчраад улс орон хөгжив үү. Үгүй ээ, хөл толгой нь үл олдох хэдэн барилга л үлдлээ. Гэтэл хөдөлмөрийн насны нийт иргэдийн 30 гаруй хувь нь гутлаа чирэн лааз өшиглөж явна. Яагаад гэж үү, яагаад гэвэл ур чадвар бус улаан диплом сонгосон болохоор тэр.

Алт эрдэнэтэй зүйрлээд буй ур чадвар гэгчийг юу гэж ойлгох вэ. Ердөө л хадаас тэгшхэн хадахыг хэлээд байгаа юм. Эл чадварыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд олгодог ч хадаас хадаж хар ажлын боол болохгүй хэмээн сэтгэсэн залуус их, дээд сургуульд элсэх нь их байсан. Харин энэ байдал сүүлийн хэдэн жил өөрчлөгдөж дээд боловсролтны цалин авч улаан дипломоор бус ур чадвараараа үнэлэгдэхийг хүсдэг залуус олширчээ.

Үүний нэг илрэл нь өчигдөр эхэлсэн “Монгол ур чадвар-2014” уралдаант тэмцээн юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Монголын барилгачдын холбооноос санаачлан Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй. Бидний хэлж заншсанаар нарийн мэргэжил буюу дээр өгүүлсэн өрлөгчин, үсчин, гагнуурчин, оёдолчны ур чадварыг сорьж өрсөлдүүлдэг тэмцээн энэ жилээс дэлхийн дэвжээнд хүч үзэх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, бүх МСҮТ-ийн оюутнуудаас “Монгол ур чадвар” уралдаант тэмцээнд шалгарсаныг нь дэлхийн мэргэжилтнүүдтэй өрсөлдүүлнэ гэж ойлгож болно. Товчхондоо, Монгол ур чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг.
Энэ сарын 21-28-ныг дуустал үргэлжлэх “Монгол ур чадвар” тэмцээний эхний шатанд хот, хөдөө орон нутгийн нийт 20 МСҮТ-ийн 300 гаруй оюутан 17 мэргэжлээр өрсөлдөж байна. Эхний шатнаас мэргэжил тус бүрт гурван баг шалгаруулж хоёрдугаар шатанд шалгарсан багуудаас дахин шигшиж ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д улс, эх орноо төлөөлөн оролцох боломж олгох юм.

М.Батбаатар: Барилгын мэргэжилд залуусыг татагддаг болгох хэрэгтэй

Өртөг өндөртэй ч үнэ цэнэгүй дээд боловсролын задгайрлын амыг татаж МСҮТ-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломж олгож буй “Монгол ур чадвар” тэмцээний үеэр Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцсан юм.

-“Дэлхийн ур чадварын тэмцээн”-ийг нарийн мэргэжилтнүүдийн олимп гэж ойлгож болно. Тийм болохоор ихээхэн ач холбогдол өгч байгаа байх?
-Тэгэлгүй яахав, Дэлхийн ур чадварын тэмцээнд барилга, үсчин, гоо засал, гагнуур­чин, өрлөгчин, засал­чин гэх мэт 20 гаруй мэргэж­лээр өрсөлдөнө. Манайхан арван мэргэжлээр оролцох төлөвлөгөөтэй байна. Ингэс­нээр Монголын МСҮТ-ийн сургалтын чанар,  онцлог, оюутан сурагчдын түвшин, ур чадварыг тогтоох боломжтой. Энэ л зорилгоор хоёр дахь жилдээ тэмцээнээ зохион байгуулж байгаа юм. Ер нь энэ тэмцээний үндсэн зорилго нь барилгын салбарын арав орчим мэргэжлийн түвшинг тогтоохоос гадна залууст, ард иргэдэд нарийн мэргэжил тэр дундаа барилгын салбарын мэргэжлийн давуу талыг ойлгуулахад оршино. Мөн олон улсын түвшинд өрсөлдөх гол зорилготой. Бразильд ур чадвараа шалгахад таван баг гаргах тухай яригдаж байна. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй, тэмцээний үр дүнгээс л хамаарна. Хэрэв манай талаас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц сайн баг гарвал Солонгосын талаас КОИКА-ийн шугамаар 2-3 сар эх орондоо бэлтгэж өгье гэсэн.

-Өнгөрсөн жилтэй харь­цуулахад хамрах хүрээ өргөжсөн харагдлаа?
-Анхны удаа байсан болоод ч тэр үү энэ жилтэй харьцуулах аргагүй цөөн МСҮТ оролцсон. Харин энэ жил 17 аймаг, гурван хотын 20 гаруй МСҮТ оролцож байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлт. Манай МСҮТ-үүд өндөр ач холбогдол өгч, идэвх гарган оролцож байгаа нь талархалтай байна. Өнөөдөр өрлөг, заслын тэмцээн болж байна. Нөгөөдөр хавтанцар буюу плита наах тэмцээн үргэлжилж дараа нь мужаан, токарийн тэмцээн болно.

-Барилгын салбарын нарийн мэргэжилтний хүрэлцээ муу байгаа. Тийм учраас энэ удаагийн тэмцээн энэ салбар руу ихээхэн чиглэсэн байх?
-Яг зөв, барилгын хар ажилчин л гэж ярихаас сайн мужаан, токарьчин, өрлөгчин, шаварчин үнэхээр эрэлттэй байна. Энэ мэргэжлийн хүмүүст хангалттай цалин амлаад ч үнэхээр олдохгүй байна. Ер нь, барилгын салбарт тулгамдсан асуудал бол Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт. Энэ ажлын хүрээнд 20 гаруй хороолол барихаар төлөвлөсөн нь 180-аад мянган айлын орон сууц юм. Энэ их бүтээн байгуулалтад багадаа 100 мянган ажилчин хэрэгтэй. Эдгээр ажиллах хүчнийг одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй, барилгын мэргэжилд залуусыг дур сонирхолтой, татагддаг болгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан