Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Ганбаатар: Давхар дээл тайлах асуудал нь эдийн засгийг хүндрүүлнэ

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.         

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар гишүүдээс санал хурааж эхэлснээр байдал тогтворгүй болж эхэллээ. Хэрвээ хууль батлагдаж, ирэх долдугаар сарын 1-нээс давхар дээл тайлагдвал бизнес эрхлэгч болон ажил олгогч нарт ямар нөлөө үзүүлэх бол?
-Бид УИХ-ын гаргасан шийдвэрийг хэлэлцэж, ямар нэг байдлаар эсэргүүцэх улс төржсөн байгууллага биш. Бизнес эрхлэгчид төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, аль болох дагаж, мөрдөхийг хичээдэг нийгмийн бүлэг. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт манай холбооны удирдах зөвлөл хуралдаж, давхар дээл буюу давхар албан тушаал хашихыг болиулах асуудлын талаар ярьсан. Түүний дараагаар гишүүдтэйгээ санал бодлоо солилцож үзлээ. Бизнес эрхлэгчид энэ асуудалд үнэхээр сэтгэл зовниж байна. Гэхдээ нэг сайдыг нөгөөгөөр сольж, өөр нэгнийг УИХ-ын гишүүнээр үлдээх эсэх нь бидний сонирхож буй асуудал биш. Харин энэ шийдвэр баялаг бүтээгчдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж, ярилцсан.  Ингээд уулзалтад орсон гишүүдийн гол санаа давхар дээл тайлах нэрийдлээр бизнес эрхлэгчдэд давхар дарамт битгий ирээсэй гэдэг дээр тогтож байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн давхар албан тушаалыг багасгах нэрээр дахиад бужигнах юм бол эдийн засгийн хүндрэл гээд дарамтад байгаа хувийн хэвшил, ард түмэн улс төрийн тогтворгүй байдал гэсэн хоёр дахь том дарамтад орох нөхцөл харагдаж байна.

-Тухайлбал?
-Наад захын жишээ дурд­вал, “Засгийн газрыг долдугаар сарын 1-нээс солих гэнэ” гээд гадуур шуугингуут нөгөө хөрөнгө оруулах гэж байсан гадаадын хөрөнгө оруулагчид шууд бодлогоо өөрчилдөг. Засгийн газар нь солигдох гэж байгаа юм гээд цаг, хугацаагаа болон төсөл хэрэгжих хугацааг сунгах явдал ч бий. Бид үүнийг Оюу толгойн гүний уурхайгаас ажиглаж болно. Манай Засгийн газар уурхайг зөвшөөрөхгүй байна гээд шүүмжлээд л байсан. Эцэст нь, зөвшөөрөл өгсөн ч тэд Засгийн газрын тогтворгүй байдлын улмаас он дуустал зээл авах хугацаагаа сунгая гэж байна шүү дээ. Ийм байдлаар эдийн засагт асар их нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчид асуудалд маш бодитоор ханддаг учраас тулгарч болох эрсдэлийг өөрсдийн зүгээс нээлт­тэй ярьж байна. Өөрөөр хэлбэл, яам, тамгын га­зар зөвшөөрөл өгчихсөн, тен­дерт орчихсон компаниуд Зас­гийн газар бужигнаж эхэл­бэл шийдвэрлүүлэхээр өгсөн тендер нь хүлээгдэж, энэ зуны турш ямар ч ажил явахгүй гэж хэллээ. Яамдын зүгээс ч “Шинэ сайд иртэл асуудлыг хойшлууллаа” гэж хэлэх  нөхцөл бүрдэнэ. Товчхондоо, энэ зуны турш ямар ч ажил хийгдэхгүй, ажилдаа очих ч хүнгүй болж, салбаруудад унтаа байдал ноёлно. Ингэснээр бизнест нөлөөлж, татварын мөнгө алдагдах зэрэг олон сөрөг дарамттай тулгарна. Бид нэг сайдыг нөгөөгөөр солих асуудлыг ерөөсөө эсэргүүцэж байгаа юм биш шүү. Харин цаг хугацааны хувьд бодох л ёстой асуудал болжээ гэсэн байр суурьтай байна.

-Тэгэхээр энэ асуудал эдийн засаг хүнд энэ үед цагаа олсонгүй гэж бизнес эрхлэгчид үзжээ?
-Ерөнхийлөгчийн хэлс­нээр 2016 оноос давхар дээ­лийн асуудлыг ярьж болно шүү дээ. Яг эдийн засаг хүнд, эгзэгтэй ийм үед гарч ирсэн нь цаг үеэ олсон асуудал мөн үү, биш үү. Бодох л асуудал. Үгүй бол үндэсний үйлдвэрлэгчид хэлмэгдэж төсөвт олуулж байгаа мөнгөний хэмжээ багасна л гэсэн гаргалгаанд хүрч байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжгүй болж, ард түмэнд хүрч байгаа мөнгөний урсгал танагдана. Эргээд худалдан авах чадварт нөлөөлж, 80 талх үйлдвэрлэдэг байсан компани маргааш 60 талх зарах баталгаагүй болж  байгаа юм.
-Эдийн засаг сайнгүй байгаа ч  гадаадын хөрөн­гө оруулалт тодорхой хэм­жээнд орж ирдэг. Өнөөд­рийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт идэвх­жиж байна уу?
-Өнөөдрийн байдлаар барилгын салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт жаахан нэмэгдэх хандлагатай байна. Уул уурхайн томоохон төслүүд Засгийн газараас хараат биш. Гадаадын хөнгөлөлттэй хөрөнгөөр орж ирдэг учраас аяндаа шийдэгдэх байх.

-Манай улсын эдийн засаг урд хөршийн эдийн засгаас хэр хамааралтай байна вэ?
-Эдийн засгийн байдлыг авч үзэхдээ нэг орныг ярьж, нэг улсаас хараат мэтээр ярихаа болих хэрэгтэй. Өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүнд байдалд бидний түүхий эдийг авах ганцхан орон өмнөд хөрш. Хоёрдугаарт, манай хөршүүдийн төр асар хүчтэй байдаг. Төрийн өмч нь давамгайлсан олон тооны аж ахуй нэгжтэй. Тиймээс төр нь асуудлаа шийддэг онцлогтой. Харин манайд хувийн хэвшил асуудлыг ший­дэж байна. Удахгүй БНХАУ-аас дээд хэмжээний айлчлал манай улсад хийнэ. Гэтэл долдугаар сарын 1-нээс огцрох Засгийн газар гэвэл бидэнтэй тэд бодит хэлэлцээр хийх үү гэдэг нь эргэлзээтэй. Энэ айлчлалын үеэр л Засгийн газар Хятадын өндөр хэмжээний хүмүүстэй уулзаж, нүүрсний экспорт, түүний үнийг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар шийддэг зүйлийг тус улсын Засгийн газартай л ярина биз дээ. Түүнээс урд хөршийн Засгийн газар манай улсын хувь хүнтэй хэзээ ч тохиролцохгүй. Тэгэхээр хувийн компаниуд Засгийн газраа дэмжээд хэлэлцээр хийлгэж, нүүрсний хэмжээ экспортыг сайжруулах асуудлыг яриулах хэрэгтэй. Харин дараа нь ямар орд, ямар хэмжээний нүүрс гаргах вэ гэдгээ дотоодоо зохицуулж болно. Тиймээс бид нэгдэж ажиллах шаардлагатай. Албан тушаал булаацалдаж, солилцох тухай асуудал биш. Бид ухаалаг хандаж байж, ойрын хоёр жилийн хүндрэлийг давах хэрэгтэй.

-Жижиг дунд үйлдвэр­лэлийн нөхцөл бай­дал ямар байгаа вэ?
-Зах зээлийн үед хүн өөрөө, өөрийгөө тэжээж амьдрахын тулд маш өндөр чадвартай байх хэрэгтэй. Мэргэжлээ сайн эзэмшсэн эксковаторын оператор сард таван сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл сард ийм хэмжээний мөнгө олж чадахгүй байгаа жижиг дунд бизнес эрхлэгч зөндөө бий. Тэгэхээр сайн мэргэжилтэй хүн байна гэдэг өөрөө, өөрийгөө тэжээхийн үндэс. Нөгөө талд нь, иргэд зах зээлийн үед юу хийдэг вэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж, бизнес хий­дэг. Өөрийн хийсэн үйл ажиллагаагаа нийгэмд хүр­тээж, үйлчилснийхээ төлөө ашиг олж амьдардаг. Эсвэл төрийн албаны ажил хийнэ. Эдгээрээс өөр орлого олох боломжгүй. Тиймээс иргэд жижиг, дунд үйлдвэрлэл рүү хүссэн хүсээгүй ордог. Харин тэдний алдаа дутагдал юу байна гэхээр бизнесийн талбараа судалдаггүй. Суманд нь Дорж гэдэг хүн гутал худалдаад амжилттай байвал нэг нь дагаад гутал зарж эхэлдэг. Ингээд хоёр, гурвуулаа гутал хийж, зарж эхлэхээр бизнес нь дам­пуур­даг. Тэгэхээр жижиг биз­нес гэдэг чинь өрсөл­дөө­ний талбар биш. Бие бие­нийгээ дэмжих ёстой тал­бар. Сумын хэмжээнд Дорж гутал хийж байгаа бол түүнээс гутлаа худалдаж аваад, Дулмаа хажууд нь талх хийж болно. Ингээд хор­шиж, биенийгээ дэмжих ёстой. Нөгөө талаас, дэлхийн жижиг бизнесийн жишиг том үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл байдаг. Тухайлбал, “Toyota” корпорацыг дагасан 20 мянган жижиг дунд үйлдвэрлэл байдаг. Яадаг вэ гэхээр, суудал тохируулагч ганцхан кнопыг нэг л жижиг дунд үйлдвэрлэл хийдэг жишээтэй. Бусдыг нь өөр жижиг, дунд үйлдвэрлэл хуваагаад авсан байдаг. Харин энэ үйлдвэрлэлийн маягийн холболт манайд байхгүй. Олон улсын төслүүд хэрэгждэг ч бид өнөөдрийг хүртэл үүнийг хийж чадахгүй байна. Том үйлдвэрүүд байдаггүй нь нэг талаараа нөлөөлж байгаа.

-Эдийн засгийн эрх чөлөөгөө эдлээд жижиг, дунд үйлдвэрлэлд иргэд орж байна гэж та хэллээ. Тэг­вэл эдийн засгийн ард­чилал манай улсад ямар түвшинд байгаа гэж та харж байна. Сүүлийн үед ардчилал амь тавилаа гэж их ярих боллоо?
-Ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө гэдэг хүн төрөлхтний мөрөөдөл.Үүнийг байгуулсан орон дэлхийд хаана ч байхгүй. Би өнгөрсөн нэгдүгээр сард АНУ явж ирсэн. Гэтэл тэр улсын ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө нь манай улсынхаас дор байна. Ганцхан манай улсад юу дутагдаж байна гэхээр ардчиллын төлөө хүлээх хариуцлага, хувь хүний үүрэг, нийгмээ хүндэтгэх асуудал дутагддаг. Ардчиллын боловсрол, мэдлэг үгүйлэгдэж байна. Тиймээс ардчилал амь тавиагүй. Ардчиллын өмнө бид амь тавьж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Бид ардчилалд үнэхээр гологдож эхэллээ. Эдийн засгийн болон улс төрийн бүх түвшиндөө. Тиймээс иргэд эдийн засгийн хараат бус болж, чадвар мэдлэгээ дээшлүүлж байж жинхэнэ тусгаар улс болно.

-Саяхан ажил олгогчид ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээлэл хүчтэй ца­цагд­лаа. Гэхдээ компа­ниудын зүгээс тодорхой мэ­дээлэл өгөхгүй байгаа. Үнэхээр компаниуд ажилч­даа халж байна уу?
-Жижиг, дунд үйлдвэрүүд хаалгаа барьж, том, жижиг ажил олгогч нар хэцүүхэн байгаа нь үнэн. Гэхдээ мэр­гэ­жилтэй ажилтнуудаа ал­дахгүй гэсэн үүднээс цом­хотгол хийлгүй, түр чөлөө өгч, ажилгүйдлийн тэтгэмж өгсөн. Нөхцөл байдлыг харж аль, аль нь ойлголцсон учраас ажилчдаа түр хугацаанд чөлөөлж байгааг нуух аргагүй. Үнэхээр аргаа бараад л ажил олгогч ийм зүйл хийнэ үү гэхээс сайн ажилтнаа явуулна гэсэн ойлголт хэзээ ч байдаггүй.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан