Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Түмэнжаргал: Электрон визтэй болсноор жуулчдын тоо 2-3 дахин нэмэгдэнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалтай аялал жуулчлалын талаар яриа өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд Монголд аялагч гадаад иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгвэл аялал жуулчлалын таатай нөхцөлийг бий болгох тал дээр бодлого боловсруулагчид анхаарч, аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбар яаман дээр боловсруулж байна. Ингээд аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Танай яамнаас санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа электрон визийн талаар юуны өмнө тайлбарлаж өгөөч?
-АНУ-ын баруун мужид амьдарч байгаа хүн Монгол руу аялахын тулд Нью-Йоркт ирж виз мэдүүлэх гэж хоёр гурав хоноод, буцаж явдаг юм уу тэндээсээ энд ирэхээр хоёр гурван мянган ам.доллар зарлагадахаас гадна цаг хугацаа алддаг. Тэрний оронд нөгөө хүн зөвхөн виз мэдүүлэхээр зарлагадах мөнгөөрөө ойрхон Мексик ч юм уу өөр газар руу аялах сонголт ч хийж болзошгүй.  Тиймээс электрон визийг нэвтрүүлснээр яг ийм тохиолдолд тухайн хүн заавал илүү явдал суудал болохгүйгээр интернэтээр визээ мэдүүлээд авчих боломжтой болох юм.

-Үүнийг ажил хэрэг болгоход Гадаад харилцааны яам оролцохоос өөр аргагүй юм байна. Энэ санаачилгаа хүргүүлсэн үү?
-Энэ асуудлыг яамныхаа хүрээнд судлаад саналаа Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ үед холбогдох яам нь үүнийг шийдвэрлэх ажлаа түргэтгэх хэрэгтэй байна. Электрон виз бий болгосноор манай оронд аялагчдын тоо даруй 2-3 дахин нэмэгдэх тооцоо, судалгаа гараад байгаа.

-Сүүлийн жилүүдэд манайд жуулчлах жуулчдын тоо өссөн ч, аялалын визээр ажиллахаар ирэгсдийн тоо нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан байна билээ?
-Визний төрөл олон янз. Суралцах, ажиллах, албаны, дамжин өнгөрөх гээд. Энэ дундаас нэг л визийг тусдаа авч үзэх ёстой. Тэр нь аялал жуулчлалын виз. Өмнө нь ажиллахаар ирж байгаа хүмүүст ч гэсэн аяллын виз олгодог байсан. Би нэг тоо хэлье. 2012 онд манай улсад 475 мянган жуулчин ирсэн бол 2013 онд 412  мянга болж буурсан. Даруй 60 мянгаар буурсан байгаа биз. Тэгээд бид энэ тоон дээр судалгаа хийсэн. Жуулчны бааз, тур операторууд, зочид буудлуудаас жуулчдын тоо 60 мянгаар буурчихлаа. Орлого муудсан уу гэж асуусан. Гэтэл тэдний орлого хэвийн гэж гарсан. Яагаад ийм байна гэхээр тэр 60 мянган нөхөр жуулчны визээр орж ирж ажил хийсэн хятад ажилчид байсан юм билээ. 

-Дотоодын аялал жуулчлал хөгжих гол хөшүүрэг нь автозам. Замаа өндөр хөгжилтэй орнууд шиг тавьж чаддаггүй юм гэхэд зам зуурт хоол идээд, түр буудаллаад гарах аятай тухтай газруудыг бий болгох хэрэгтэй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Чиний хэлдэг зөв. Монголчууд машиндаа суугаад аялах дуртай. Шинэчлэлийн Засгийн газрын үед аймаг хоорондын автозамын асуудлыг маш сайн шийдэж байна. Хөвсгөл орчихсон. Зүүн тийш, урагшаа гүйцчихсэн. Баруун тийшээ Баянхонгор орчихсон. Энэ зун гүйцээчих байх. Замын асуудал ингээд шийдэгдчихлээ гэж бодоход аялагчид маань замдаа яах вэ гэдэг асуудал гарна. Үүнийг шийдэх ёстой. Бид Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтраад ажиллаж эхэлсэн. Ингэхдээ заавал эхний ээлжинд цогц, том зүйл босгоно гэхгүй. Хөл хөдөлгөөн багатай газар нь бие засаад, гар нүүрээ угаачихдаг, хоол цайгаа өөрсдөө хийгээд идээд, амарчихаар зөөврийн газруудыг,  харин машин их явдаг газарт нь хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг дэмжээд, үйлчилгээ эрхлүүлэх боломжтой. Хамгийн наад захын жишээ,  бол Дархан Улаанбаатарын дунд байдаг “Урьхан” зоогийн газар. Хэрэгцээтэй бүх зүйлийг цогцлоосон. Энэ мэт үйлчилгээний цэгүүдийг бий болгохын тулд тодорхой судалгаа хэрэгтэй. Яамнаас мэдээж, бодлогоо гаргана. 150-200 км яваад хүний амрах нөхцөлийг бүрдүүлсэн газар байх ёстой. Үүнийг бий болгохын тулд аймаг орон нутгийн оролцоог бий болгох уу, концессоор шийдэх үү, алийг нь яамнаас бодлогоор дэмжих вэ гэдгээ шийдэх ёстой л доо.

-Машинтайгаа хил давж орж ирээд аялдаг жуулчид цөөнгүй байдаг. Төсөр зардлаар аялах сонирхолтой ийм жуулчид манай улсад орлого оруулах нь юу л бол. Тэднээс орлого олох ямар арга байна вэ?
-Жуулчдыг олон ангилдаг. VIP буюу дээд зэрэглэлийн, группийн аялал буюу тур операторуудаар дамжуулан жуулчлагчид, автомашинтайгаа ирээд өөрсдөө аялдаг жуулчид гээд. Үүнийг хуулиар зохицуулна. Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад дуусч байна. Тун удахгүй Засгийн газарт өргөн барина. Энэ хуулиар орон нутагт нэлээн эрх өгч байгаа. Уул руу авирна  гээд нэг жуулчин очиход “Уучлаарай та мөнгөө төл” гэж хэлэх эрхийг нь тэдэнд өгч байгаа юм.

-Аялал жуулчлалын тухай хуульд эзэнтэй мэт эзэнгүй газруудыг тусгаж байгаа юм байна?
-Үүнээс өөрөөр нөхцөл байдлыг шийдэх аргагүй. Улаанбаатарт сууж байгаа хүн Ховдод машинтайгаа яваа хүнийг хянах боломжгүй. Аялал жуулчлалын тухай хуульд сум юугаа мэдэх, аймаг алийг нь мэдэх вэ гэдгийг маш тодорхой тусгасан.

-Дээр та жуулчдын ангиллын тухай дурдсан. Манайд аль төрлийн жуулчид хамгийн олон ирдэг вэ?
-Хэдэн жилийн өмнө тур оператороор зуучлуулан жуулчид их ирдэг байсан. Сүүлийн жилүүдэд үүргэвчтэй аялагчид нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ зөвхөн Монголд ч биш. Дэлхийн эдийн засаг ямар байгаа билээ, түүнээс ч бас хамаарч байна. Нэг мянган ам.доллараар аялчихмаар байдаг. Гэтэл түүнээс илүүг төлөхийг шаардвал байгаа мөнгөндөө зохицуулаад аялахыг бодно биз дээ. 10 жуулчин ирээд 10 мянган ам.долларын орлого оруулах, гурван жуулчин ирээд 10 мянган ам.доллар өгөх хоёрын үр дүн нь адилхан. Тиймээс тооноос илүү чанарт анхаарах ажлуудыг хийж байна. Ингэхдээ тусгай сонирхлын аялал жуулчлал бий болгоно. Тухайлбал, шувуу ажиглах аялал  байж болно.

-Шувуу харах аяллын тухай жилийн өмнөөс яригдаж байгаа. Одоо ажил хэрэг болох тал дээр хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?
-Яамнаас бодлого боловсруулаад, Монгол орны шувуудын тухай ном хийлээ. Хөтчүүдээ бэлтгэж байна. Харин дараагийн асуудал бол бэлэн болгочихсон аяллын бүтээгдэхүүнийг аяллынхаа маршрутад оруулаад, хөгжүүлээд явах нь аяллын компаниудын асуудал. Яамнаас санал болгож байна. Бүх боломжтой талаараа дэмжинэ. Харин ажил хэрэг болгох нь аяллын компаниудын асуудал. Тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг сайн тал нь жил ирэх тусам жуулчид нэмэгддэг. Эхний жил ганцаараа ирээд явсан хүн дараа жил гурван хүнийг дагуулж ирдэг. Энэ бол бичигдээгүй хууль.

-Таны харж байгаагаар аялал жуулчлалын хуулийг шинэчлэн найруулснаар хэнд үр өгөөжөө өгөх вэ?
-Аялал жуулчлалын өмнөх хууль 2000 онд батлагдсан. 14 жилийн хугацаанд өөрийнхөө үүргийг биелүүлчихсэн. Энэ хооронд дэлхий ертөнц ямар их өөрчлөгдсөнийг бид харж байна. Одоо шинээр гарч ирээд байгаа олон зүйл тэр үед байсангүй. Шинжлэх ухаан, технологи хотжин байхад түүнтэй хуулиа уялдуулах ёстой. Шинэчлэгдэж байгаа хуулийг “Хурдтай хууль” гэж нэрлэмээр байна. Энэ хууль хэнд ашигтай гэхээр жуулчдад. Тэдэнд эрх, үүргийг нь тодорхой зааж өгсөн. Мөн аялал жуулчлалд холбоотой байгууллагуудад ашигтай. Дээр хэлсэнчлэн, орон нутгийн хэн нь юугаа мэдэх юм гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Тэрэлжийг авч үзье л дээ. Гэр хороолол шиг болчихсон. Шинэ хуулиар бол ийм зүйлийг байхгүй болно. Орон нутаг жуулчны баазуудад “Та энэ газрын зөвшөөрлийг хэнд ч өгч болно. Гэхдээ энэ газрын харагдах орчин дотор дахин газар олгож болохгүй” гэдгийг л анхааруулж байгаа юм. Эрхийг нь өгч байгаа хэрээрээ үүргийг нь ногдуулна. Та зэрэгцүүлээд гурван жуулчны баазад зөвшөөрөл олгохгүй шүү гээд.

-Энэ шийдвэр хувиараа гэр амралтын газар ажиллуулдаг хүмүүст нөлөөлөх нь ээ?
-Бид зах зээлийнхээ замаар зохицуулалт хийнэ үү гэхээс захиргаадалтаас аль 1990 онд татгалзчихсан. Гэр амралт байж л байг. Гэхдээ жуулчдад “ Та гэр амралтад амарч болно. Гэхдээ тэнд буусан тохиолдолд бид таны аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Мөн та тэнд боловсон ариун цэврийн өрөөнд орохгүй, усанд орохгүй. Та өөрөө шийд” гэж байгаа юм. Харин жуулчны баазуудад бол үзэгдэх орчинд өөр өрсөлдөгч байлгахгүйгээр газрыг  нь олгочихоод байхад энэ газар дээрээ тав тухтай орчин бий болго гэсэн шаардлага тавина.

-Аялал жуулчлалын хуанли бий болгосон. Уг хуанлид тэмээн поло Говь-Алтайд л болдог. Хүсвэл тэнд очиж үз гэсэн байдлаар зохион байгуулсан байсан. Энэ ажил хэр үр дүнтэй байв?
-Энэ бол шинэ зүйл. Засч залруулах зүйл байна. Хоёрдугаар сарын 7-нд “Бүргэдийн баяр” болно гэж зарлаад л болоо. Хүмүүс асууж байсан. Амралтын өдөр яагаад хийхгүй байгаа юм гээд. Үгүй ээ, үүнийг ингээд олон улсад зарлачихаар жуулчдад аяллын цагаа сонгоход амар, ойлгомжтой болно. Ингээд нэг өдөр нэг баяр, арга хэмжээ зоогоод ирэхээр аймаг, сумдууд, төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд маш идэвхижиж байна. 365 хоногоос нэг өдрийг нь өгөөч, ийм арга хэмжээ зохиох гэсэн юм гээд их хандаж байгаа. Өнгөрсөн жил календарь 70 хуудастай байсан бол энэ жил 100, дараа жил 150 болно. Саяхан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын удирдлага ирээд хүсэлт тавьсан. Бид “Сарлагийн баяр” хиймээр байна. Өдөр өгөөч гээд. Бид өгнө. Гэхдээ хариуцлагаа ч нэхнэ. Монголоор дүүрэн аялал жуулчлалын арга хэмжээнүүд л бий болж байна. Календарьт орно гэдэг нэр төрийн хэрэг.

-Ингээд олон арга хэмжээ энд тэнд зохион байгуулаад ирэхээр жуулчдын аюулгүй байдал, дэд бүтцийн асуудал дахиад л хөндөгдөнө...?
-Энэ чинь л төрийн ажил. Үүнийгээ бид хийх ёстой. Хуульд энэ бүхэн тодорхой туссан. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулагдахад хотын захирагч Бат-Үүл цагдаа гаргаж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээчихэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Ger buudald bairlasan juulchind tani aulgui baidliig hariutsahgui gej helj bolohgui sh de, hmmmm
Хамгийн их уншсан