Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилга барихтай холбогдсон “ХЯРАМЦАГ”-ийг цэгцэлнэ

Сүүлийн үед нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгуудад осол гарч хүний амь эрсдэх, барилга барьж буйтай холбогдсон хэрүүл уруул шат дамжин үргэлжлэх сөрөг үзэгдэл олон түмний анхааралд өртөх болсон. Зарим хүн “Энэ чинь өмнөх жилүүдэд зөндөө л гарч байсан уршигт үзэгдэл. Одоо л ил гарч иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр дорвитой анхаарахгүй бол болохгүй гэдгийг сануулж байна л даа” гэцгээх. Энэ нь ч үнэн юм. Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйг Үндсэн хуульд зааж өгсөн нь бий. Өглөө нь эрүүл саруул гэрээсээ гарч явсан нэгэн тус салбарт үйл ажиллагаа явуулж буй зарим иргэн, аж ахуйн нэгжийн хэнэггүй байдал, хурган дарга нарын албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг увайгүй байдлаас болж нөгөө ертөнцөд очиж байна. Амьдарч буй газрынхаа шороог үмхэх шахам олж авсан хэдэн бор төгрөгөө барилгын бизнес эрхлэгчдэд луйвардуулах, хүн амьдрах аргагүй шахам байрыг зээлээр авч насаараа гундуухан өртэй алхахыг хэн хүсэх вэ. Энэ бүхний учир шалтгаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх засвар зураг батлах, барилга угс­рал­тын ажил эхлүүлэх, ашиг­лалтад оруулах үйл ажил­лагааны замбараагүй, уялдаа холбоогүй байдлаас үүдэн гарч байдаг. Иргэдийн гомдол хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагуудаас энэ хярамцагийг зүй зохист нь оруулах нэгдсэн бодлого явуулж, үүний үрээр НИТХ-аас шинэ журам батлан гаргасан нь олон түмний айдас хүйдэс, гомдлыг нимгэлэх нааштай алхам болов. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын зориулалтаар газар олгохоос эхлээд барилга байгууламжийг барьж ашиг­лал­тад оруулах хүртэлх үйл ажиллагааг нэгтгэн зохи­цуул­сан эрх зүйн баримт бичгийг бо­ловсруулах шаард­лагатай бай­сан нь биеллээ оллоо.

Журам батлагдсанаар ир­гэн, хуулийн этгээдийн ба­рил­гын зориулалтаар га­зар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар ол­гох, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтаар тал­байн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эд­гээр харилцааг зохицуулах бүрэн мэдээлэл авах боломж бүрдэж байгааг дурдах нь зүй. Энэ журмыг  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу боловсруулсан юм билээ. Эдүгээ хүртэл нийслэлийн барилга байгууламжтай хол­боо­той үйл ажиллагааны жур­маар зохицуулагдах ха­рил­цаа нь Газрын тухай, Ба­рилгын тухай, Хот бай­гуу­лалтын тухай хууль, УИХ-ын 2013 оны 23 дугаар тог­тоолоор батлагдсан “Улаан­баатар хотыг 2020 он хүр­тэл хөгжүүлэх ерөнхий тө­лөв­лөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”,  Засгийн газрын 2003 оны 28 дугаар тог­тоолоор батлагдсан “Газар өмч­лүүлэх, эзэмшүүлэх, ашиг­­­­луулах дуудлага худал­­даа явуулах журам”, 2003 оны “Газар эзэмших, ашиг­лах эрхийн гэрчилгээ ол­гох, бусдад шилжүүлэх, гэр­чилгээний хугацааг сун­га­хад төлөх хураамжийн хэм­­­­жээг тогтоох тухай” 205 дугаар тогтоол, 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга бай­гуу­ламжийн зураг төсөл бо­ловсруулах, зөвшилцөх, ма­гадлал хийх дүрэм”, 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Ба­рил­гын аж­лыг эхлүүлэх, үргэлж­лүү­лэх зөвшөөрөл олгох, ашиг­лалтад оруулах дүрэм”-ээр тус тусдаа зохицуулагдаж ир­сэн. Эдгээр эрх зүйн актыг хэрэгжүүлэх, үйл ажил­лагаа­гаар нь тодорхой нэгдсэн дараалалд оруулах, харилцан уялдаатай болгосон нь том дэвшил. Нөгөөтэйгүүр, нийс­лэлийн нутаг дэвсгэрт барилгын зориулалтаар га­зар олгохоос эхлээд ба­рилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах хүр­тэлх үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан эрх зүйн ба­римт бичгийг юун түрүүнд бо­ловсруулах шаардлагыг хан­гажээ.

Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асууд­­лаар иргэн, хуулийн эт­­­гээд төрийн үйлчилгээ ава­­хад тухайн харилцааг зо­хи­цуулсан олон хууль, дүрэм, жур­мыг үзэж танилцах шаард­лага гардаг. Уг эрх зүйн актууд нь зарим тохиолдолд олдохгүй хүндрэлтэй байд­гийг хүмүүс мэднэ. Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг чирэгдэл уч­руулахгүй үзүүлэх эрх зүйн ор­чинг бий болгох үүднээс барилгын зориулалтаар га­зар олгох, газрын эрх шил­жүүлэх, хугацаа сунгах, зо­­риулалт, талбайн хэм­жээнд өөрчлөлт оруулах, ба­рил­гын эх загвар зураг бат­лах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруу­лах үйл ажиллагааг нэгт­гэн зохицуулсан журмыг гар­гасан нь нүдээ олсон хэ­рэг болов. Энэ журам бат­лагдсанаар дээрх үйл ажил­­­­лагаатай холбоотой хү­сэл­­тийг шийдвэрлэх, эдгээр ха­рилцааг зохицуулах бүрэн мэдээл­лийг авах боломж бүр­дэж байгааг онцлон дурдууштай.

Газар эзэмших эр­хийн гэрчилгээг бусдад шил­жүү­лэх тухай шийдвэр гар­гах үйл ажиллагааг авч үзье. Иргэн, хуулийн этгээ­дийн газар эзэмших, ашиг­лах эрхийн гэрчилгээг шил­жүү­лэх, хугацаа сунгах, газ­рын зориулалт болон тал­байн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх асуудлыг тусгасан. Мөн газрын эр­хийн гэрчилгээг барилга өмч­лөх эрх шилжсэн, бат­лагд­сан архитектур төлөв­лөлтийн даалгаврын дагуу боловсруулсан зураг төслөөр барилга угсралтын ажлыг эх­лүүлсэн тохиолдолд шил­жүү­лэхээр зааж өгсөн байх жишээтэй. Зарим этгээд орон сууц барина гээд үйлчилгээний болон цэн­гээний газар барьж орхидог. Дахиад л маргаан өрнөнө. Хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг. Газрын ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дүүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэл, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ба­римт­лан шийдвэрлэх асууд­лыг журамд тусгасныг талар­хан харууштай. Мөн газ­рын зориулалтад өөрч­лөлт оруулахад тавигдах шаард­лагыг тусгайлан тодорхойлж өгсөн нь ч бий. Журмын хориглох зүйлийн заалтууд дотор инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зур­васт барилга байгууламж тө­лөвлөх, барихыг хатуу хо­риглосон нь одоогийн зам­бараагүй байдлыг цэгцлэхэд том хөшүүрэг болох юм.

Иргэдэд таалагдахуйц нэг заалт бол газар эзэмшүүлэх эрхийг дараах тохиолдолд төсөл шалгаруулалтаар олгох болсон явдал. Тухайлбал, эрчим хүчний болон цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, хог дахин боловсруулах үйлдвэр хий­гээд нэг мянгаас дээш аж­лын байр бий болгосон үйлд­вэрийн зориулалттай барилга байгууламжийн эзэд дээрх эрхийг эдлэх ажээ. Ер нь, төсөл шалгаруулалтын мэдээ болон түүний үр дүнтэй хэрхэн танилцах вэ гэдгийг иргэд юун түрүүн сонирхож буй нь лавтай. Үүнийг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тумын хэвлэлийн рейтингэд эхний таван байрт орсон гурваас доошгүй сонины нэгдүгээр нүүрэнд А5-аас дээш хэмжээтэйгээр, үндэсний хэмжээний ра­дио, телевизийн  гурваас доош­гүй сувгаар 20-оос дээш секундын хугацаатай мэ­дээг өдөрт гурваас доош­гүй давтамжтайгаар тав хоно­гийн турш, мөн НЗДТГ, ба­рилга хот байгуулалтын бо­лон газрын асуудал эр­хэл­сэн байгууллагуудын  ца­хим хуудсанд төсөл шал­га­руу­лал­тыг хэвлэл мэдээл­лийн хэ­рэгс­лээр зарла­сан өд­рөөс эхлэн товлосон өдөр хүртэлх хугацаагаар байр­шуулж нийтэд мэдээлэх юм. Газар эзэмшүүлэх эрх ол­гох, барилга барих үйл ажил­лагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах саналыг тусгах болсон нь тун чухал заалт гэж болно. Ерөөс санал өгвөл зохих иргэдийн 70 хувь нь барилга барихыг зөвшөөрсөн тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгохоор болсон нь иргэний оролцоотой бү­тээн байгуулалт, шууд ард­чиллын бодит илрэл биш үү. Дээрх журамд нийслэ­лийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар олгох, барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүй­лийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Эндээс нэг журмын заалтыг онцгойлон авч үзмээр санагдана. Энэ журмын 10.1.15-д дууд­лага худалдаа, төсөл шалга­руулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг маш хатуу хориглосон байна лээ. Үүнийг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас огцруулах үндэслэл болно гэж оруулжээ. Энэ нь манай эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудад тун сайхан үлгэр дууриал болохыг олон түмэн дуу нэгтэйгээр дэмжиж байгаа билээ.

Б.ХАНГАРЬД

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан