Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та газраа өмчилмөөр байна уу

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Үүнтэй холбогдуулан Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Та газраа өмчилмөөр байна уу” гэх хэлэлцүүлгийг мэргэжилтнүүдийн дунд өрнүүллээ. Энэ үеэр хөндөгдсөн зарим асуудлыг дор сийрүүлье.

Газар өмчлүүлэх ажил удаашрав

Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад олон жилийг үдсэн ч, иргэдийн 90 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байна. Уг нь, нийслэлийн иргэдэд 52 суурьшлын бүсэд газар өмчлүүлэх ажлыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлэх шийдвэр НИТХ-аас гарсан боловч мөн л удаашраад байгаа юм. Иргэдэд хүлээлт асар их байгаа нь тодорхой тул богино хугацаанд өмчлөлийн ажиллагааг зохион байгуулна гэдгээ албаныхан хэлж байсан удаатай. Гэвч цахим хэлбэрээр өргөдөл авч эхэлнэ гэсэн өдрөөс нь хойш хорь гаруй хоног өнгөрөв. Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан “Өргөдөл хүлээн авах, өмчлөгч сонгох тусгай программ гар­гасан. Туршилтын ажил ам­жилт­тай явагдаж дуусч байгаа. НӨХГ-аас газар өмчлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангаад дууссан. Одоо цахим бүртгэл хийх журмаа хэлэл­цэж байна. Шинээр тогтоосон 52 бүсийн хувьд дэд бүтцийн хүрэл­цээ хангамж муутай. Шууд нүүгээд очиход хүнд­рэл­тэй байх болно. Тиймээс хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөө боловсруулан хаана нь цэцэр­лэг, сургууль байх вэ гэсэн төлөвлөлт батлагдсаны дараа иргэдэд өмчлүүлэх байршил тодорхой болж, дэд бүтэц барих ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Түүнчлэн цахим хэлбэрээр авах гээд байгаа шалтгааныг зарим хүн буруу ойлгоод байх шиг. Өмнө нь газар өмчлүүлэх ажил маш будлиантай, хүндрэлтэй явж байсан. 1000 хүнд газар өмчлүүлнэ гэснийх нь дагуу иргэд хонон өнжин дугаарлаж, зарим нь газраа авч чадахгүй хоцордог байсан. Урдуур нь дугаарлаж байсан нөхдүүд 40, 50 өргөдөл өгчихдөг, газраа авч чадаагүй иргэдэд дамлах тохиолдол ч гарч байсан. Ийм байдал гаргуулахгүй ил тод, эрх тэгш, шударгаар зохион байгуулахын тулд цахим хэл­бэ­рээр явуулахаар болсон. Ин­гэснээр гадаадад амьдарч бай­гаа иргэд ч өргөдөл өгөх боломжтойгоос гадна чирэг­дэл, хүнд сурталгүй, бичиг цаасны хэмнэлттэй, шуурхай болно гэж үзэж байгаа” гэв.

Иргэн бүрт газрын ваучер олгоё

Нэлээд хэл ам, саад тотгортой газар өмчлүүлэх ажлын талаар зарим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлсэний нэг нь Монголын Хэрэглэгчийн нийгэмлэг. Тус нийгэмлэгийн ажилтан Д.Баасандорж иргэн бүрт хуулиар олгогдсон эрхийг нь баталгаажуулахын тулд газрын ваучер олгох хэрэгтэй гэсэн юм. Уг нь, УИХ-д өргөн баригдаад байгаа газрын тухай багц хуульд ваучерын асуудлыг оруулах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын зарим гишүүн тавиад байгаа. Энэ талаар Д.Баасандорж гуай “Газар өмчлөл бол нийт иргэдийн анхаалын төвд байх ёстой, зах зээлийн нийгмийн суурь харилцааг зохицуулдаг, иргэдийг хувийн өмчтэй болгох чухал асуудал. Тэр утгаараа энэ хуульд онцгой анхаарч, олон түмний саналыг тусгах хэрэгтэй. Энэ хууль иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг нэг гараанаас зохион байгуулахаар тусгах нь зүйтэй. Тэгээгүйгээс мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс ашигтай газрыг нь аваад энгийн иргэдэд хэрэгцээгүй газар нь үлддэг. Мөн өнөөдөр биш ч дараа нэг өдөр газар өмчлөх эрхийг нээлттэй байлгах, хуульд заасан эрхийг нь баталгаажуулахын тулд иргэн бүрт газар өмчлөх эрх буюу ваучер өгөх тухай шинэ хуульд заавал оруулах хэрэгтэй. Түүнчлэн Газрын тухай хуульд ийм хугацаанд газар өмчлөх эрхтэй гэж хугацаа зааж, хориг тавих нь буруу. Насанд хүрээгүй хүүхэд хэдэн жилийн дараа насанд хүрч тусдаа гарахад нь газар хэрэгтэй болно шүү дээ” гэв. Тэрээр мөн гадаадын иргэд ил, далдаар газар өмчилж байгааг хууль хяналтынхан нягтлан тогтоож,  анхааралдаа аваасай хэмээн хүсч буйгаа хэлсэн юм. Монгол хүний нэр дээр өмчлөгдсөн газрын цаад эзэн нь гадаадын иргэн байх үзэгдэл олон байгааг иргэд сануулах болжээ.

Дахин төлөвлөлтөд өртсөн өрхүүдэд түрүүлж газар олгох уу

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 18 компани иргэдийн газрыг чөлөөлүүлж, барилгын ажлаа эхлүүлж байгаа. Тэгвэл энэ ажлын хоморгонд гэр хороололд айлын хашаанд амьдарч байсан өрхүүд өртөж, очих газар оочих аягагүй үлдэж байгаа. Өөрийн гэсэн газаргүй тэд бид яах вэ, гэрээ хаана барих вэ гэх асуултыг албаныханд олонтаа тавих болжээ. Тиймээс газар өмчлүүлэх ажлыг бусад төсөл хөтөлбөртэй уялдуулан хийх хэрэгтэй гэх санал ч хэлэлцүүлгийн үеэр гарсан юм. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд очих газаргүй болсон иргэдэд хамгийн түрүүнд газар өмчлүүлэх хэ­рэгтэй гэнэ. Энэ асуудал ший­дэг­дээгүй ч нийслэлийн удирд­лага, Иргэдийн төлөө­лөгчдийн сонорт хүрээд байгаа аж.  

Газрын чанарыг судлаагүй нь том алдаа гэв  

Газар өмчлөлийн ажилд хамгийн том саад болж байгаа зүйл нь монголчууд газраа үл хөрөнгө гэж ойлгодоггүй явдал хэмээн Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын дарга А.Хүрэлшагай хэллээ. Монголд газрыг нягтлан бодох бүртгэлд бүртгэдэггүй, газар тариалан эрхлэгчид гэхэд газар бол байх ёстой л зүйл, комбайн байвал тариагаа тарина даа гэх бодолтой явдаг нь буруу гэнэ. Тэрээр “Тариалангийн газрын ялзмаг нь хэр байна, таван жилийн дараа ямар болох вэ, тариа нь ургах уу, үгүй юу гэдгийг нарийн судалж, үнэ цэнэтэй материал талаас нь ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Үүний дээр нүүдэлчдийн болон суурьшмал соёл зөрчилдөж, эрх зүйн зохицуулалт бүрэн төгс биш байгаа нь газрын харилцаанд хүндрэл үүсгэдэг хэмээсэн. Зах зээл хөгжсөн орнуудад газрыг тухайн орны төр эсвэл иргэд нь өмчилдөг. Бусад тохиолдолд газар дээрх үйл ажиллагааны эрх олгодог. Гэтэл манайд эзэмшүүлнэ, ашиглуулна гээд ойлгомжгүй заалт байдгийг шүүмжиллээ. Гадаадын хөгжилтэй оронд газрынхаа чанарыг судлаад энэ газарт шатахуун түгээх газар байхад тохиромжтой, энэ хэсэгт цэцэрлэгжүүлэлт хийвэл хөрс нь болох юм байна, энэ хэсэгт иргэд суурьшиж болно гэж тогтоодог байна. Ингэснээр шатахуун түгээгүүр ажиллуулах хүн байлаа гэхэд ямар зайнд яаж барих, яаж аюулгүй байдлыг хангах, дор хаяж улсад хэдэн төгрөгийн татвар төлөх, хэдэн ажилтан ажиллуулах, татан буугдвал газраа яах вэ гээд тал талаасаа судалж бизнесээ эхлүүлдэг тогтолцоотой гэнэ. Харин манайд өнгөрсөн хорин жилд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх бүх харилцаанд газрын чанар огт судлагдаж байгаагүй нь том алдаа байсан гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан