Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Цэрэн-Очир: Сайн сайхан хүмүүсээрээ бид бахархдаг

МҮОНР үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан ОНР-гийн захирал Л.Цэрэн-Очиртой ярилцлаа.  

-Монголын Үндэсний Олон нийтийн радио үүсч байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Танай байгууллага ойдоо хэр бэлтгэж байна?
-Ой гэснээс бөх барилддаг, морь уралддаг жишиг хаа сайгүй байна.
Харин бид ойдоо иймэрхүү жишиг тогтчихсон нэгэн хэвшмэл жаягаас өөрөөр хандах учиртай. 

-Тэгвэл радиогийн хамт олон ойдоо яаж бэлтгэж байна?
-МҮОНР-ийн түүхэнд үлдэж хоцрох, урлаг соёлын гайхамшигт “Алтан сан” хөмрөгөө  баяжуулсан байхаар бид ойгоо зохион байгуулах гэж ажлын хэсэг гаргасан. Ойн ажлаа бид Төрийн  соёрхолт Ардын жүжигчин Ц.Намсрайжав агсны урлагийн тоглолтоор эхлүүлсэн. Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ манай “Цагаан лавай” студид тоглолт хийлээ.
Орон даяар радио, телевизээр нэвтрүүлсэн. Урлаг соёлын алдартнууд, судлаачид оролцож симфони найрал хөгжим анх Монголын радиогийн дэргэд хэрхэн үүсч бий болсон. Түүнд Төрийн  соёрхолт  Ардын жүжигчин Ц.Намсрайжав агсны оруулсан алдар гавьяаг үнэлж алдаршуулсан. Радиогийн Алтан фондод бичиж мөнхжүүллээ.МҮОНР-ийн урлаг, уран сайхны болон нэвтрүүлгийн II сувгийн редакциас радиогийн алтан санг баяжуулах томоохон ажил өрнүүлсэн. Манай улсын олон ястан, үндэстний дунд устаж үгүй болохын ирмэг дээр тулсан соёл, урлаг, эд өлгийн ховор нандин бүтээлийг өвлөж авах ажилд багагүй мөнгөн хөрөнгө, ихээхэн хүч зарцуулсан.  Манай сэтгүүлч, редактор, уран  бүтээлчид олон зуун км замыг туулж ойгоо угтсан ажилд томоохон бэлэг барьж байгаа. Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт оршин суугаа өвгөд, хөгшид маань радиогийн алтан санд маш их зүйлийг өвлүүлж өглөө.
“Сурвалжит монгол”, “Монгол удам”, “Монгол ёс заншил”, “Ардын хөгжмийн сан” зэрэг 55 цуврал нэвтрүүлэг бэлтгэхдээ дархад, хотгойд,  цаатан, буриад,  өөлд, мянгад, урианхай,  торгууд, захчин, казах, барга, үзэмчин,  дарьганга угсаатны  эд өлгийн ховор нандин бүтээл, уртын дуу, татлага,  цацал, мөргөл, тахилга, ерөөл, магтаал, үлгэр, домог, хууч яриа, хувцас, гоёл чимэглэл, гарвал түүхэн улбааг радиогийнхаа алтан сангийн бичлэгт авч хадгаллаа.
Шинэ эрин радио станц буюу Нийгэм эдийн засгийн редакцийн хамт олон “Таван эрдэнэ” нэвтрүүлгээр “Алтан төлийн эзэд”-ээ тодруулж, тэднийхээ мал маллах суу алдар, арга ухааныг орон даяар сурталчлан алдаршууллаа. “Ургацын далай” нэвтрүүлгээр алтан тарианы эзэд мөн хүнсний ногоо тариалсан сайчуудыг шалгарууллаа. Радиогийн нээлттэй хаалганы өдөрлөгийг бусдын жишгийг дагаж нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр явууллаа. Радиогийн алтан санд байгаа тавь, жараад оны үеийн  ховор нандин бичлэгээс анх удаагаа нээж, урлаг соёлын ахмадууд тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд зарим бичлэгийн хэсгээс сонсгож, “Гэргэ”-д хуулж хүндэтгэлтэйгээр гардуулсан.
Радиод ажиллаж байгаа зохиолчдынхоо бүтээлээр хэд хэдэн радио жүжиг найруулан бичлэг хийж, орон даяар нэвтрүүллээ. Өнөөдөр “Хөх тэнгэргийн аялгуу” дуун цэнгүүн зохиохоор ажиллаж байна. МҮОНР-д ажиллаж байсан зохиолчдынхоо дуугаар энэхүү дуун цэнгүүнийг зохиож байгаа. Ард түмний дунд бараг ардын дуу болтлоо дуулагдаж сэтгэл зүрхэнд нь хоногшсон дууг сонгож авцгаасан.
Ингээд ой дуусахад МҮОНР-ийн алтан сангаа баяжуулчихсан. Уран бүтээлчид маань түүхэн баримтат кино хийчихсэн. Радиогийн үүсэл хөгжлийн тухай мөн өнөөдөр бас маргаашийн хэтийн төлөв зааж өгсөн ном товхимол, судалгаа шинжилгээний бүтээл бүтээчихсэн, техникийн шинэчлэлт хийсэн, үлдэцтэй бүтээлтэй хоцорно.

-Радиогийн түүхэн замналаас товчхон боловч тодруулахгүй юу?  
-1930 онд тэр үеийн төр, олон нийтийн төв байгууллагууд болон иргэд олон түмний хандив тусламжийн хөрөнгөөр “Монгол радио” гэдэг хоршоо байгуулж, шинэ соёлын гайхамшиг болсон “Агаарын сонсох мэдээ”, “Агаарын сонин” нэртэйгээр Улаанбаатар хотод 1931 оноос орон  даяар, 1934 оноос радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн түүхтэй.  Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. 30,40-өөд онд дуулж хуурдаж байсан алтан үеийнхний дуу хуур зөвхөн манайд хадгалагдаж байна. 50, 60-аад оны алдартнуудын хөдөлмөр бүтээлийн алтан сан хөмрөг зөвхөн манайд байгаа. Энэ цагийн өндөрлөг дээрээс эргэн дурсахад хоёрхон нэвтрүүлэгчтэй, ганцхан  студитэй өдөрт хоёрхон цагийн нэвтрүүлэг хийдэг байсан “Агаарын сонин” радио өнөөдөр үндэсний хэмжээний мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болжээ.

-Өдөрт хэдэн цагийн нэвтрүүлэг явуулж байгаа вэ. Томоохон бүтэцтэй, шинэчлэх шаардлагатай гэсэн яриа дагуулдаг л даа?
-Би ч өөрөө бас тийм ойлголттой байсан. Төрийнхөө  бодлого чиглэлийг ойлгоогүйн хар гай л даа. Тэгж яриад улс төр хийгээд байгаа нөхдүүдийн буруу биш  л дээ.  Радио байна уу, телевиз байна уу ялгаагүй данхайсан бүтэцтэй гээд л шуугиад байгаа. Төр засгийн газраас явуулж байгаа бодлогоо олон нийтэд үнэн зөв өнцгөөс ямар нэгэн мушгисан гуйвуулсан зүйлгүй хүргэх үүргийг олон нийтийн статустай МҮОНРТ-д хуулиар хүлээлгэсэн байдаг. Тэгэхдээ нийгмийн бүхий л зорилтот бүлэглэлд мэдээ мэдээллийг нээлттэй шуурхай, цаг алдалгүй хүргэх хариуцлагыг бас давхар үүрүүлсэн. МҮОНР-г  арилжааны нэгэн  FM-тэй харьцуулбал данхайж харагдалгүй яахав. Арилжааны FM-үүд танхимаас  тасалгаан дотроос нэвтрүүлгээ хийнэ. МҮОНР 21 аймаг 360 гаруй сумаас нэвтрүүлгээ бэлтгэнэ. Өдөрт 53 цагийн нэвтрүүлгийг   I, II ,III, IV сувгаар орон даяар өглөөний 6:00  цагаас оройн 23:00 цаг хүртэл цацаж байгаа. “Хурд” агентлаг гэхэд л 30 минут тутамд нэг шинэ мэдээг агаарын цэнхэр долгионоор цацах үүрэг хүлээдэг. Ингэж л нойр хоолоо умартан байж ажилладаг хамт олон чинь МҮОНР-ийнхон шүү дээ. Ажлын ачаалал ихтэй. Зав чөлөөгүй л байдаг даа. “Монголын дуу хоолой радио”  гэхэд л  хорь гаруйхан хүнтэй хэрнээ Монгол Улсаа гадаадын орнуудын ард түмэнд хүргэж сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Дэлхийн таван тивийн ард түмний төрөлх хэлээр нь бид нэвтэрч байгаа. Монголын дуу хоолой радиог аль нэгэн FM-тэй зүйрлэж болох уу даа.

-Бэрхшээлтэй зүйл олон байдаг уу?  
-Байлгүй яахав. Өнөөдөр дамжуулах байгууламжгүй телевиз, радио үйл ажиллагаагаа явуулж байгаа. МҮОНРТ-ийн тухай хуульд зарим өөрчлөлт хийх шаардлага илтэд үгүйлэгддэг. Радио телевизийн уран бүтээлчид хэчнээн сайн хариуцлагатай ажиллалаа гэхэд  нэвтрүүлгийг нь  хэд  хэдэн аймаг хотод оршин суугаа  олон нийтэд хүргэж цацахгүй орхигдоод байгаа. Энэ жил албан томилолтоор  2.4 сая төгрөг зарцуулж байж дамжуулах үйл ажиллагаанд байсан зөрчлийг засч арилгуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар Монгол орны төвлөрсөн хот дүүрэгт гэлтгүй нийт сум сууринд радио өргөн нэвтрүүлгийн сонсогдох байдал сайжирсан.  Радио телевизийн сүлжээ, төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас  техникийн шинэчлэлтийн тодорхой алхмууд авч хэрэгжүүллээ.  МҮОНРТ-ийн удирдлагын  зүгээс ч анхаарч асуудалд ажил хэрэгчээр хандлаа. Ажилд маш их дэмжлэг үзүүлж байгаа. Холбогдох байгууллагуудын гар нийлэмжтэй ажиллагаа сайжирсан. Иргэд хэрэглэгчдээс ирдэг санал гомдол багассан. Харин талархал баяр хүргэсэн санал сүүлийн үед давамгайлах болсон. Ажлын үр дүн ингэж харагдаж байгаа.

-Сэтгүүлч сурвалжлагч, уран бүтээлчидтэйгээ та хэрхэн ажиллаж байна?
-Боловсон хүчний нөөцөөс ажлын үр дүн шууд шалтгаална. Радиогийн хүний нөөцийн хувьд гурван үеийн хэлхээс үе үеийн сайчуудын уламжлал энд хадгалагдаж радио гэдэг их айлыг бүрдүүлж байгаа. Олон жил ажилласан маш туршлагатай, түшигтэй элэгсэг хамт олон энд нэгэн баг болж ажиллаж байгааг зориуд онцолж хэлмээр байна. Радио өөрөө дүрсээр биш хэл яриа, урлаг, уран сайхны найруулгын сонгодог хэлбэрээр хүмүүсийн сонсголд хүрч үйлчилдэг онцгой урлаг мөн. Радиод ажиллаж байгаа сэтгүүлчдийг сонгон шалгаруулж авдаг уламжлалтай. Тийм болохоор шилдгийн шилдгүүд нь радиод шалгарч ажиллана гэсэн үг. Сонгодог дуу хоолой хаана байна МҮОНР-иод байна. Үүгээрээ бусдаас эрс ялгаатай, манай радио. Дээр нь эфирийн сахилга гэж маш хатуу журмыг баримтална. Хариуцлага өндөр. Уран бүтээлчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг ихэд үнэлж, цаг ямагт тэдэнтэйгээ хамт байж урам хайрлах нь ажилд маань ихэд түлхэц өгдөг шүү. МҮОНР-иос одоогийн байдлаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат ажилтан гэхэд л  40 шахам хүн төрөн гарсан  байна. Радио телевизийн болон Сэтгүүлчдийн эвлэлийн, бусад тусгай газрын шилдэг тэргүүний ажилтан цол тэмдгээр 80 шахам хүн давхардсан тоогоор шагнагдаад байгаа. Нийт ажилтныхаа үндсэн цалинг МҮОНРТ-ийн удирдлагын шийдвэрээр  20 хувиар нэмлээ. Мөн арван гурав дахь сарын цалин олголоо.  Манайхан ч урамтай байгаа. Уран бүтээлч бас тэр хэмжээгээр ундарч байгаа л даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан