Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Smile”-даарай манайхаан...

Улаанбаатар хотын сүлд тэмдэг болсон Хан­гарьд шувуу энэ зунаас инээм­сэг­лэ­дэг болох сурагтай. Инээх инээхдээ бүр аливаа хорын үндсийг устган дарна гэх ширүүн дүр төрхтэй нийслэлийн бэл­гэ тэмдэг энэ шувуу дэрвэж дэгдэн нисээд зогсох­гүй жуулчдыг даллан дуудах гэнэ. Сүүлийн 20 гаруй жил инээм­сэглээгүй Хангарьд шу­вуу сэтгэлээ онгойтол инээх гэ­хээ­р жуулчдыг үргээсэн Мон­голын талаарх хар мэдээ­лэл сэтгэлийн шаналалд автуулж буйг хотын мэр хэллээ.

Нэгэнтээ 100 жилийн өмнө Монголын нутгаар хөндлөн гулд аялсан Оросын судлаач, офицер И.Майскийд монголчууд тун элэгсэг сайхан хандсан тухай дурссан байдаг. Тэрээр дурдатгал номондоо “... Хамгийн ядуу монгол айл ч элэгсэг дотно хүлээн авч, эрвийх дэрвийхээрээ дайлах болно. Ёсыг нь дагавал гэр нь танайх гэсэн хэллэг ч бий” хэмээн бичиж байжээ. Харин соёлжсон нийгэмд энэ байдал эсрэгээрээ эргэж, туйлширсан үндсэрхэг үзэл нь жуулчдыг үргээж байгаад хотын мэр тун бухимдаж байна. Тэр дундаа саяхан youtube сайтад засварын газрынхаа үйлчилгээний үнийг нэмсэнээс хас тэмдгийг дээдэлсэн “Даяар монгол”-ын залууст цус нөж­тэйгөө хутгалдан зодуулж буй вьетнам залуугийн бич­лэг тавигдаж. “Найрсаг Улаан­баатар” хөтөлбөр зарлан 2030 он гэхэд таван сая жуул­чин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй хотын мэр бо­лон түүний багийнхан эл бичлэгийг үзээд Монголд ирэхээр тө­лөв­­­лөсөн жуулчдыг зам мө­рөө бууруулахад хүр­гэж бай­на хэмээн бухим­дан өгүүлэв.

Тэрээр “Үндсэрхэг үзэл байх ёстой ч, туйлширна гэдэг үндэстнээ аюулд хүр­гэж мэднэ. Худлаа хэлэх­­гүй, хулгай хийхгүй хөдөл­­мөрөөрөө амьдарч байгаа гадаадын иргэдийг үйлчилгээнийхээ үнэ нэмлээ гээд гар хүрээд байж болох уу. Тэдний үйл ажиллагааг хянадаг төрийн байгууллага гэж бий. Хэрвээ нүдэнд орсон хог шиг царай зүс, бие хаа нь өөр нэгнийг гадаадын гэдгээр нь адлан зодоод байвал Монголд хэн жуулчлах юм бэ. Орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гээд барилга дээр ажилладаг олон зуун хятадыг зодвол Хятад улс ямар арга хэмжээ авах бол. Манайхны хэт туйлширдаг зангаас болоод Монголын талаарх таагүй сэтгэгдэл  жуулчдад төрж байна. Бүр Монголд хулгайч ихтэй, ая тухгүй Азийн энэ оронд битгий жуулчлаарай гэсэн мэдээлэл ч гарах боллоо. Ийм мухар сүсэг, бишрэлээс болоод бид  2030 он гэхэд  таван сая жуулчин хүлээн авч чадахгүй бол 2040 оны зуны олимпыг эх орондоо зохион чадахгүйд хүрнэ” гэв. Өнгөрсөн жилээс 15 хувиар буураад буй жуулч­дын тоог нэмэхийн тулд нийслэлээс том зорилт дэв­шүүлжээ. 2014-2020 он гэхэд жуулчдын тоог огцом өсгөх “Найрсаг Улаанбаатар” хө­төл­бөрийн хүрээнд нийслэ­лийн дэд бүтцийг сайжруулах замаар Монгол туургатны соёлын аялал жуулчлалын болон Зүүн хойд Азийн биз­нес жуулчлалын нэг төв болгох алхмаа тодорхойлсон гэнэ. Тухайлбал, жуулчдад ээл­тэй дэд бүтэц, сэтгэл татам Улаанбаатар, стресс­гүй нийслэл,  найрсаг Улаанбаатар гээд дэд хөтөлбөр эхлүүлснээр 2020 он гэхэд жуулчдын тоо хоёр саяд хүрч, хотод өнгөрөөж байгаа жуулчны хугацаа 3-6 хоног, хоногийн өртөг нь 190-250 ам.доллар болж өсөх аж. Харин нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хувь 20 болж,  энэ салбарын өрсөлдөх чад­варын индекс 80 болж өсөх гэнэ. Албаныхан энэ мэтээр том зорилт өвөртлөн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө шат дараатай арга хэм­жээ авч буй энэ үед туйлширсан үзлээсээ салж, найрсаг байхыг нийслэл­чүүдээ­сээ ч хүслээ. Өөрөөр хэлбэл, хангарьд шувууг инээ­хэд нь сэтгэлийн дарамтгүй болговол 2030 онд таван сая жуулчин авдаг том хот болгох ажил мөрөөдөл биш гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан