Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тангаргаа умартаж эх орноосоо зугтаасан 7 ерөнхийлөгч

Аль ч улсын ерөнхийлөгч, эх орон ард түмнийхээ төлөө ажиллана, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулна гэж тангараг өргөн үүрэгт ажилдаа ордог. Сонгуулийн кампанит ажлынхаа үед амладаг нь бүр ч гайхамшигтай. Гэтэл цагаа болоход хар толгойгоо бодон эх орон ард түмнээ орхиод амиа хоохойлон зугтаасан ерөнхийлөгч нэг биш. Тэдний хамгийн сонгодог 7 хүн нь энэ байна.

1.    Украины ерөнхийлөгч Виктор Янукович

2010 онд Украинд болсон сонгуулиар төрийн тэргүүн болсон. Януковичийн засаглалын үе бол татвар өссөн, авлигатай тэмцээд байгаа гэх боловч түүний төрийн эрхэнд байсан эхний жилд гэхэд л Украины тэрбумтны тоо гурав дахин өссөн гэдэг. 2010 оны дөрөвдүгээр сард Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын талаарх дээд хмэжээний уулзалт дээр Янукович 2012 он хүртэл шинжлэх ухааны зориулалтаар боловсруулж байгаа ураны нөөцөөсөө татгалзана хэмээн амлаж байсныг “Америкийн дуу хоолой” АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас оноо авах гэсэн үзүүлбэр гэж нэрлэж байлаа.

Эх орноосоо зугтаасан шалтгаан. 2013 оны арваннэгдүгээр сарын 28-29-нд Вильнюст болсон Дорнын түншлэлийн дээд хэмжээний уулзалт дээр Виктор Янукович Европын холбоо болон Украины хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрт гарын үсэг зураагүй явдал Барууны болон Украины ард түмний талаас ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Виктор Янукович ч нөхцөл байдлыг хяналтаасаа алдсан.
Одоо тэрээр ОХУ-ын Ростов хотод толгой хоргодож байгаа. Москва мужид өндөр үнэтэй тансаг байр худалдан авсан гэсэн мэдээлэл гарсан.

2.    Перугийн ерөнхийлөгч Альберт Фухимори


Японы цагаач иргэний хүү, “хятад” хэмээн нэршсэн  Фухимори шинжлэх ухааны болон телевизийн хөтөлбөрийн талаар нэртэй нэгэн. Тэрээр 1990 онд сонгуулиар төрийн тэргүүн болсон.
Фухимори төрийн тэргүүнд байхдаа авлигын үйл ажиллагаа, үндэсний үзэл, дарангуйлагч дэглэмийн эсрэг болон бөөнөөр хорих байгууллагуудын эсрэг ажиллагаагаараа нэрд гарсан нэгэн.

Эх орноосоо зугтаасан шалтгаан. 2000 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Фухиморийн хар тамхины мафиудтай холбоотой баримтууд нь илэрсэн. Бөөн дуулиан дэгдэж өөр бас бусармаг үйлдлийн нь баримтууд ч илэрсэн. Энд 1996-2000 онд Перугийн 200 мянган иргэнийг үргүйдүүлсэн нь ч илэрсэн юм.
2000 оны арваннэгдүгээр сарын 13-нд Альберто Фухимори эх орноо орхиж Брунейд болох АСЕАН-ы форумд оролцохоор яваад дараа нь Японд очоод огцорч байгаагаа мэдэгдсэн. Перугийн Конгресс түүнийг сайн дураараа огцорч байгааг хүлээн зөвшөөрөхгүй гээд 2006 онд түүнийг Чилид саатуулж Перуд аваачин ялласан.

3.    Филиппины ерөнхийлөгч Фердинанд Маркос

1963-1965 онд Маркос Филиппины сенатын даргын алба хашиж байлаа. 1965 онд ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгч Макапагалыг ялж төрийн тэргүүн болсон.
Төрийн эрх барьж байх үедээ 1972 оны есдүгээр сарын 21-нд улс орондоо онц байдал тогтоож Үндсэн хуулиа өөрчилсөн. Тэрээр онц байдал тогтоохын тулд урьдчилан бэлтгэж бүр “Өнөөдрийн хувьсгал бол ардчилал” гэсэн ном хэвлүүлсэн байсан. Гол зорилгоо тэр улс төр болон эдийн засгийн тэгш байдал тогтоох, хүний эрхийг хангах гэсэн ч сөрөг хүчнийхээ олон хүнийг төрөл бүрийн эрүүгийн хэргээр шалтаглан шоронд илгээсэн. Ер нь тахин шүтүүлэх замд орсон байна. Өөрийнхөө том хөргийг Умард Лусоны хавцалд сийлүүлсэн.

Эх орноосоо зугтсан шалтгаан. 1986 оны хоёрдугаар сарын 7-нд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо. Махркосын өрсөлдөгч нь Бенигно Акиногийн бэлэвсэн гэргий Корасон Акино байв. Маркосыг сонгуульд ялсан гэсэн ч Акино үүнийг эсэргүүцэж католик сүмийнхний, дараагаар нь армийн дэмжлэг авсан. Улс оронд даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж төрийн эргэлт болов.
Маркос эхлээд Хавай руу зугтаж АНУ-г зорьсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд бөөрний хүнд өвчин туссан ч шинэ ерөнхийлөгч Корасон Акино түүнийг, гэр бүлийнхнийг нь ч Филиппинд ирэхийг хориглосон. 1988 оны тавдугаар сард ээж Хосеф Эдралин Маркосыг нас барахад нь ч ирэхийг зөвшөөрөөгүй. Маркос эрүүл мэнд нь муудаж эх орондоо ирж төрсөн хот Сарратдаа ясаа тавья гэхэд ч зөвшөөрөөгүй.

4.    Тунисын ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али


1987 оны арваннэгдүгээр сарын 7-нд мэлрэг цэцгийн цусгүй хувьсгалын үр дүнд төрийн тэргүүн болсон.
Төрийн эрхэнд гараад Ерөнхий сайдаа томилохдоо Тунисыг нээлттэй нийгэмтэй, цэцэглэн хөгжиж байгаа, энэрэнгүй улс орон болгоно гэсэн. Үүний ч үрээр үндэсний орлого арав дахин өсч, хүн амын дундаж нас нэмэгдсэн. Тэр бас эхнэрийнхээ мэдэлд орсон дарангуйлагч гэдгээрээ түүхэнд орсон. Иймдээ ч түүний эхнэр Лейла Трабелси тунисчуудын хамгийн үзэн яддаг эмэгтэй болсон гэдэг.

Эх орноосоо зугтаасан шалтгаан. Хэдийгээр  амьдралын түвшин дээшилсэн ч түүний засаглалын үед авлига, ажилгүйдэл асар ихэссэн. Түүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн 2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд эхэлж гудамжинд жимс зардаг Мохаммед Буазизи эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаасан. Ард түмэн ч Бен-Алиг төрийн эрхэнд хууль бусаар гарч ирснийг нь санасан. Ингээд 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нд хоёрдахь Мэлрэг цэцгийн хувьсгал эхлэх нь тэр.
Улс оронд нь эмх замбараагүй байдал үүсч Бен Али Саудын Араб руу зугтааж Жидд дэх хааны ордонд орогносон. Түүнийг улс орноосоо 1,5 тонн алтан гулдмай авч зугтаасан гэсэн яриа бий.

5.    Төв Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Бокасса Жан-Бедель

“Шинэ жилийн эргэлт”-ийн дүнд төрийн эрхэнд гарч ирсэн. 10 жилийн дараа 1976 онд өөрийгөө эзэн хаан гэж өргөмжилсөн.
Төрийн эрх барих хугацаандаа ХХ зууны хамгийн эрүүл бус дарангуйлагч гэж тооцогдож байлаа. Тэрээр өөрийгөө Наполеонтай жишиж түүнийг давахыг оролдож байлаа. Тэр хоёр мянган эрднийн чулуун шигтгээтэй тусгай титэм, алтан бүргэд бүхий сэнтий, улсынхаа жилийн экспортын дөрөвний нэгтэй тэнцэхүйц үнэ бүхий дэлхийд хамгийн үнэтэй гутал захиалж байсан юм. Гэтэл ард түмэн нь ядуу л байхад Бокассо хараагүй юм шиг л байсан. Гэхдээ түүнийг баривчлах тухайд бол өөр, бүр хачин хэрэг байсан юм. Тэр хүний мах иддэг байлаа.

Эх орноосоо зугтаасан шалтгаан. 1979 онд болсон сургуулийн сурагчдыг буудсан хэрэг гарч Бокассо ч европын дэмжлэгээ алдлаа. Есдүгээр сарын 20 гэхэд төрийн эргэлт болж түүнийг түлхэн унагаасан юм.
Тэр өөрийн холбоотон байсан Франц руу зугтсан ч 1986 онд эх орондоо эргэн ирсэн. Гэхдээ л “дайсных нь бөөр хөргөгчинд нь байгаа” гэдэг нь мартагдаагүй болохоор түүнийг баривчилж цаазаар авах ял оноосон ч дараа нь өөрчилж 20 жил хорих ялаар сольсон юм.

6.    Кубын ерөнхийлөгч Фульхенсио Батист

1940 онд Кубад болсон сонгуулиар төрийн эхнэд гарсан. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч Федерико Ларедо Бругийн үе 1936 оноос засгийн эрхийг барьж ирсэн гэдэг.
Тэр ард түмэндээ хайртай байсангүй, тийм ч болохоор хоёр дахь удаагаа бол төрийн эргэлтээр гарч ирсэн хүн. Түүний гол түшиг тулгуур нь Фрэнк Костелло, Вито Женовезе, Мейер Лански   тэргүүтэй америкийн мафи байлаа. Тэдний нөлөөгөөр Гавана хотыг кубын Лас-Вегас болгож эмсийн хүрээлэн байгуулж охид хүүхнүүдийг зүгээр л гудамжнаас хулгайлдаг боллоо. Зөвхөн нийслэл Гаванад гэхэд л 8,5 мянган эмсийн хүрээлэн бий болов. Захиалгат аллага, хүмүүсийн сураггүй алга болох, хэлмэгдүүлэх  явдал газар авлаа.

Эх орноосоо зугтаасан шалтгаан. Батистын цэрэг цагдаагийн дэглэм ард түмний дургуйцлийг хүргэх нь нэмэгдсээр кубын хувьсгал өрнөх нь тэр. Фидель Кастро, Эрнест Че Гевар нарын удирдсан хувьсгалын үр дүнд Батистын цуст дэглэм нурж тэрээр өөрөө зугтаасан юм.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд босогчид Саньтягод орж ирэхэд Батист зугтааж амжин Доминиканы бүгд найрамдах улсад нуугдсан. Дараа нь Португалид очсон гэдэг, түүнээс хойш Кубад эргэж очоогүй.

7.    Киргизийн ерөнхийлөгч Аскар Акаев

Аскар Акаев 1989-1990 онд Киргизэд шилжилтийн үеийн хамгийн сонгодог удирдагч гэгдэж байлаа. 1990 оны аравдугаар сарын 27-нд Киргизийн парламентын ээлжит бус чуулганаар Киргизийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 1991 оны аравдугаар сарын 12-нд ерөнхийлөгчийн шууд сонгуулиар тэр 95 хувийн санал авч байв.
Түүний засаглалын үед Киргиз Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн анхны улс болов. Инфляцын эсрэг амжилттай хөтөлбөр хэрэгжүүлж орос иргэдийг эх орноосоо дүрвэхийг бууруулахаар орос хэлийг улсынхаа албан ёсны хэл болгож байлаа. Гэсэн ч төрийн байгууллагуудад  төрөл садныхаа хүмүүсийг шургалуулсан нь олны дургүйцлыг төрүүлж эхэлсэн юм.

Эх орноосоо зугтаасан шалтгаан.
2005 оны гуравдугаар сарын 24-нд Киргизэд “Ягаан хувьсгал” өрнөж хүн амын олонхи нь дэмжлээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн газар сайгүй өрнөж босогчид нисэх буудал, засаг захиргааны байруудыг эзэлж авав.
Аргагүйн эрхэнд байдлыг хяналтаасаа алдсан Акаев Казахстан руу зугтааж 2005 оны дөрөвдүгээр сарын 5 гэхэд ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа сайн дураараа мэдэгдлээ. 2005 оны наймдугаар сард Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн ректор Виктор Садовничий түүнийг математикийн хичээлээр лекц уншихыг санал болгож байв. 2010 оны наймдугаар сард Киргизийн түр засгийн газрын хуулиар Акаевыг бүрэн эрх, ерөнхийлөгчийн албан тушаалыг нь бүрэн хассан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан