Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэвэр усны төлөөх дайн

Хятадын эрх баригчид улсынхаа хойд ба баруун хойд хэсгийн ганд өртөмтгий мужуудыг усаар хангахын тулд Брахмапутра мөрний урсгалыг хааж, тэндээс ус татахаар болжээ. Бүс нутаг, иргэдийнхээ төлөө голын урсгалын бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх, хаах явдал хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй гарч байсан болохоор гайхах зүйлгүй мэт.

Гэвч бодит байдал дээр энэ шийдвэр манай урд хөрш ба Энэтхэгийн хооронд дайн үүсэх гол шалтаг болж болзошгүйд асуудлын гол нь байна. Гималайн нуруунаас эх авдаг түвдээр Ярлан Цанбо, Энэтхэгээр Брахмапутра гэгддэг энэ голын урсгалыг боож, их хэмжээгээр ус авч эхэлбэл Энэтхэг, Бангладеш улсын зүүн хойд нутгийн хөдөө аж ахуйн салбар уналтын байдалд орох нь гарцаагүй болохоор ийм ээдрээ үүснэ.

Ээдрээ зөвхөн өнөөдөр үүссэн юм биш. Бүр 1999 онд тухайн үеийн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Зян Зэмин жил бүр Шар мөрөнд болдог их хэмжээний үерийг зогсоохын тулд “Өрнөөс их ус авах” нэртэй хөтөлбөрийг эхлүүлж байгаа тухай мэдэгдсэн билээ. Энэ нь Брахмапутра голоос авсан усаар Шар мөрний голдирлын дагуу хуримтлагддаг лаг шаврыг урсган зайлуулах замаар жил бүр болдог үерийн аюулыг зогсоох зорилготой хөтөлбөр.
15 жилийн өмнө зарлагдсан энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Хятад инженерүүд саяхан боловсруулж дуусаад Засгийн газарт өгсөн тухай мэдээ цацагдсанаар ээдрээ ийнхүү шинэ шатанд шилжсэн байна.

Брахмапутра голоос яг хэдий хэмжээний усыг Шар мөрөн рүү шилжүүлэх тухай тодорхой баримт байхгүй ч 50 тэрбум шоо метр ус гэсэн мэдээ байна.
Хэрэв үнэхээр ийм хэмжээний ус авбал мөрний хөвөөн дагуу Энэтхэг, Бангладеш төдийгүй Балбын нийт 1,3 тэрбум хүн цэвэр усны дутагдалд орно. 50 тэрбум шоо метр ус гэхээр төсөөлөгдөхгүй байж болох ч мэргэжилтнүүдийн тооцсоноор Брахмапутрагийн эхээс ийм ус авбал мөрөн дагуу амьдардаг хүмүүсийн цэвэр усны хангамж 35 хувь хүртэл буурна. Өдөрт 10 литр цэвэр ус голоос авдаг байсан бол болиод дөрвөн литрийг авна гэсэн үг. Газар тариалангаар амь зогоодог хүмүүсийн хувьд энэ нь өлбөрч үхэхгүйн тулд нутгаа орхиод өөр газар руу нүү гэж байгаатай адил.

Энэтхэгийн Ерөнхий сайд Сингх 2008 онд “Ногоон хувьсгал” хийхээ мэдэгдсэн нь байдлыг улам ээдрээтэй болгосон. “Ногоон хувьсгал”-ын дагуу тариалангийн ургацыг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зүйл нь мэдээж цэвэр ус. Иймд Энэтхэгийн тал Брахмапутра мөрний усыг өөр тийш чиглүүлэхийг зогсоож, голын усны хэмжээг хэвийн байдалд оруулахыг шаардаж байв. Хариуд нь тухайн үед Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүлэгч, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан Вэнь Зябао тус мөрний урсгалыг боож ус авах нь БНХАУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой тул ямар ч боломжгүй гэсэн хариу өгч байжээ.
Үнэхээр ч манай урд хөршийн үндэсний эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгаа учраас голын голдрилыг бүхлээр нь өөрчлөлгүйгээр зарим хэсгийг нь дотоодын хэрэгцээнд зориулан авахаас өөр аргагүй болон хувирч байгаа аж. Жишээлэхэд, зөвхөн ган гэхэд Хятад 2013 он 779,8 сая тонныг хайлуулсан, нэг тонн ган хайлуулахад 200-200 шоо метр цэвэр ус шаардлагатай. Энэ бол зөвхөн ган хайлуулалтын үзүүлэлт. Бусад бүх төрлийн төмөрлөгийн үйлдвэрлэл нэмэгдэхээр ямар тоо гарахыг та багцаалсан биз.
Хятад 2,8 их наяд шоо метр цэвэр устай гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг ч хүн ам их тул энэ давуу тал биш болж хувирах нь ойлгомжтой. Хятадад одоогоор 300 сая хүн цэвэр ус авах боломжгүй амьдарч байна. Хятадын 600 том хотын 400 нь оршин суугчдаа эрүүл цэвэр усаар бүрэн хангаж чадахгүйд хүрчээ. Хятадын өмнөд нутагт буудаг хур тунадас  203 см хэмжээтэй байдаг бол хүн ам илүү шигүү суурьшсан хойд нутгийн хэмжээнд хур тунадасын түвшин дээд тал нь 40 см байдаг. Үүнтэй зэрэгцээд Хятадын газрын гүний усны хэмжээ 1959 оноос хойш авч үзвэл 59 метрээр, 1999 оноос хойш гэвэл 2,5 метрээр буурсан байна.

Үүнээс болж Хятадад нэг хүнд ноогдох цэвэр усны нөөц улсын хэмжээнд 2,5 мянган шоо метр гэдэг ч хойд нутгуудад нь 747 шоо метр буюу гурав дахин бага байдаг. Ийм учраас Брахмапутра мөрний усыг эхэнд нь боож, өөрийн шаардлагаар зарцуулах нь чухал шаардлага болж хувирч байгаа юм.
Гэхдээ нөгөө талаас энэтхэгчүүд Хятадын адилаар хүн амаа цэвэр усаар хангах, эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай. Энд мөн л цэвэр ус шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс урсгалын дээр суусан Хятад амин чухал шаардлагатай усны дийлэнхийг нь аваад байхыг зүгээр хараад сууж тэвчихгүй байх. Зарим шинжээчдийн дүгнэж байгаагаар хоёр улсын хооронд байгаа газар нутгийн маргаан бус харин энэ мөрний усны эхийг хэн хяналтдаа авахын төлөө дайн дэгдэх магадлал хамгийн өндөр.

Брахмапутра мөрөн 2896 км урт урсдаг бөгөөд Хятад, Энэтхэг, Бангладеш, Бутан гэсэн дөрвөн улсыг дамнасан ай савтай. Эдгээрээс дийлэнх буюу 50,5 хувь нь Хятадын нутгаар, 33,6 хувь нь Энэтхэгээр, 8,1 нь Бангладешаар, 7,8 хувь нь Бутаны нутгаар дайрдаг. Ай савын дийлэнх нь Хятадаар дайрдаг төдийгүй урсгалын ихэнх нь манай урд хөршид байрладаг болохоор энэ мөрний урсгалыг хааш нь урсгаж, ямар замаар хэрэглэх тухай гол шийдвэрийг Бээжин гаргадаг.
Ундны усны эх үүсвэртэй холбоотой ээдрээ Хятад, Энэтхэг хоёроор хязгаарлагдахгүй. Цэвэр уснаас болж Израйль ба Сири, Сири ба Турк улсууд хоорондоо Амурдарья, Сыр­дарья мөрнөөс болж Дунд Азийн орнуудын харилцаа ээдэрсэн гээд жишээ олон.

Зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ зууны 20 оноос хойш үүсч болзошгүй бүс нутгийн шинжтэй дайн тулааны гол шалтгаан нь цэвэр ундны усны эх үүсвэрийн төлөөх дайн байх болно. Хүн ам хот суурин газар төвлөрч хотжих тусам жижигхэн газар төвлөрсөн олон зуун сая хүнийг ундны цэвэр усаар хангах асуудал хурцаар тавигдах болно.
Тэгээд ч дэлхийн 260 гаруй том мөрний ай сав нутаг хоёр ба түүнээс олон улсыг дамжин өнгөрдөг болохоор ундны усны төлөөх дайн гарах хангалттай шалтаг бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан