Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Баярмаа: Үндэсний үйлдвэрлэлийн хөгжил хэрэглэгчээс хамаардаг


ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай ярилцлаа.

-Монгол Улсад хөнгөн үйлдвэр хөгжсөний 80 жилийн ой саяхан болсон. Түүхийн цаг үеийн нөхцөл байдлаас улбаалан унаж босч явсан энэ салбар одоо л хурдацтай хөгжих дүр зураг харагдах юм?
-Бид оргүй хоосноос үйлдвэрлэл бий болгож чадсан ард түмэн. Өрхийн хэрэглээндээ зориулж малынхаа арьс шир, ноос ноолуураа боловсруулан хэрэглэдэг байсан монголчууд 1970 оноос аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлснээр төрөлжсөн, дагнасан олон үйлдвэртэй болсон. Гэвч зах зээлийн шуурга энэ салбарыг тойроогүй биш дайрсан. Энэ үеэр олон үйлдвэр хаалгаа барьсан ч салбартаа элэгтэй, туршлагатай, сэтгэлтэй хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэн нуруун дээрээ авч явж байна. Гэхдээ сүүлийн 20 жилд анхан шатны боловсруулалт л хийдэг тогтолцоо руу орсон салбарынхаа энэ гажуудлыг засна гэдэг аль ч  засагт хүндрэлтэй байсан нь тодорхой. Энэ тогтолцоог л бид өөрчлөх гэж ажиллаж байна.

-Өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбарыг нуруундаа үүрэгсэд нь хувийн хэвшлийнхэн гэлээ. Бор зүрхээрээ ажиллаж буй тэдэнд төр засгийн бодлого, дэмжлэг хамгийн чухал ?
-ҮХААЯ хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ дэвшилтэт үе рүү чиглүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэх шинэчлэлийн бодлогоо малчны хотноос эхэлж байна. Наад зах нь малын үүлдэр угсааг сайжруулах, ноос, ноолуурыг чанаржуулах, ченжийн тогтолцоог халах гэх мэт төлөвлөгөөтэй ажилласнаар эхний үр дүн гарсан. Тухайлбал, батлагдаад хоёр жил болсон Биржийн тухай хуулийг энэ жилээс хэрэгжүүллээ. Ченжийн тогтолцоонд орчихсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг брокерийн системд шилжүүлснээр малчдад түүхий эдээ зах зээлийнх нь үнээр борлуулах боломж олгосноос гадна хөнгөн үйлдвэрийн салбар түүхий эдээр дутагдахгүй боллоо. Энэ бол маш том дэвшил.

-Нээрээ, хөдөө аж ахуйн салбарт хийсэн хамгийн том шинэчлэл бирж гэдэгтэй олон хүн санал нийлдэг юм билээ?
-Монгол Улсын баримталж буй хөгжлийн том бодлого бол дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ хүрээнд арьс шир, ноос ноолуурын замбараагүй худалдааг биржээр зохицуулаад өгөхөөр би л түүхий эдээ олж авч байвал боллоо гэсэн сэтгэхүй өөрчлөгдөж байна. Яагаад гэвэл, дотоодынхоо үйлдвэрт ноос ноолуур, арьс ширээ тушаасан малчдад урамшуулал олгодог болсноос хойш үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл тасралтгүй явах болж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдсэн. Учир нь, өмнө бид түүхий эдээ түүхийгээр нь экспортолдог байснаас адууны шир дэлтэйгээ үнэгүй гардаг байлаа шүү дээ.

-Адууны дэлээр хөгжмийн зэмсгийн чавхдас хийдэг биз дээ?
-Нэг кг боловсруулсан дэл сүүлнээс хэдэн мянган долларын ашиг олох боломжтой. Хөгжмийн чавхдасаас гадна үнэтэй пиджакны захны хатуулгыг адууны дэл сүүлний сүлжсэн үсээр хийхээр  цавуу нааснаас илүү бат бөх болдог аж. Бас орны матраст хүртэл ашигладаг. Тэгэхээр түүхий эд авч байгаа компани жаахан боловсруулалт хийгээд цааш үнэ хүргэж зардаг ийм л үйлдвэрлэл манайд явж байснаас биш үндэсний үйлдвэрлэгчид бүгд авдаг байсан нь цөөн. Харин түүхий эдийн экспортод техникийн  зохицуулалт үе шаттай хийж өгснөөр үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ өснө, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. Тэгэхдээ хэн нь арьс, шир , ноос ноолуурын ямар үе шат дамжлагыг хариуцдаг байх вэ гэдгийг  нарийн зааглан гаргаад өгөхөөр үйлдвэрлэгчид байнгын ажилтай болно. Өнөө цагт нэг үйлдвэр арьс шир боловсруулах бүх шат дамжлагыг хийх шаардлагагүй шүү дээ.

-Гэхдээ хөнгөн үйлдвэрийн салбар гэхээр арьс, шир, ноос ноолуураар хязгаарлагддаг шүү дээ.  Ер нь, дотоодын нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэх  боломжтой ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Засгийн газар бол малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулан дотоодын хэрэгцээг хангах, экспортлох бодлого баримталж байна. Таван хошуу мал бол монголчуудын баялаг. Тиймээс малын тоо толгой өсч буй үед малчдынхаа амьжиргааг сайжруулах, залуусыг мал маллах ур ухаанд сургах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарсан. Өнөөдөр малчдын дийлэнх нь ахимаг насныхан. Залуус мал маллах сонирхолгүй болж, хотод эсвэл гадаадад ажиллах сонирхолтой болж. Энэ нь, нэг өрхийн асуудал мэт харагдах ч цаана улс орны эрх ашгийн асуудал ч давхар хөндөгддөг юм. Иймд Засгийн газар, ҮХААЯ-наас малчдын амьжиргаа руу хандсан бодлого явуулахын зэрэгцээ ХААИС-тай хамтран малын угсааг сайжруулах, биржийн боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт шат дараатай ажил хийж байгаа нь ийм учиртай.

-Аливаа ажлыг эрдэм шинжилгээний байгууллагынхаа судалгаа, шинжилгээнд тулгуурлан хөгжүүлье гэж их ярих болсон. Хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд яалт ч үгүй мэдлэг, мэдээлэлд тулгуурлах байх л даа?
-Хөнгөн үйлдвэрийн хөгжил яалт ч үгүй эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй салшгүй холбоотой. Гэхдээ манай салбарын хувьд нэг асуудалтай зүйл бий. Энэ нь, сүүлийн 20 жилд эрдэм шинжилгээний байгууллагаасаа холдсон явдал. Чиг үүргээрээ манай харьяа ч хөнгөн үйлдвэрийн судалгаа, Армона корпорац, Нэхмэлийн хүрээлэн БШУЯ-ны харьяанд явдаг. Үүнийг анхаарах цаг болсон. Нөгөөтэйгүүр, эрдэмтэн, судлаачидтай хамтран инноваци, шинэ технологи, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай эрдэм шинжилгээний ажлуудыг захиалж хийлгэх талаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Германд 15 ажил ажилласан, ШУТИС-ийн доктор Мядагмаа нано технологийн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ нь, даавуу, эсгий, ноос ноолуурт нано технологийн уусмалаар боловсруулалт хийж, норохгүй, галд тэсвэртэй, хорхой  шавжинд идэгдэхгүй материал үйлдвэрлэсэн нь амжилттай болсон. Гэрийн бүрээсийг ч туршиж үзэж байна. ШУТИС-иас гадна манай салбарт харьяалагдах ХААИС-ийн эрдэмтэн, докторууд болон эрдэм шинжилгээний газруудтай хамтран ажиллаж байгаа.

-Нэг үеэ бодвол монголчууд хийе бүтээе гэдэг болж. Жаахан дэмжээд л өгвөл импортын бараа бүтээгдэхүүнийг орлочихоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх ур ухаан, чадал бий гэж үйлдвэрлэгчид хэлдэг л дээ?
-Тэр үнэн. Монголчууд юм хийж чаддаг гэдгээ дотооддоо төдийгүй гадаадынханд ч харуулж байна. Жишээ нь, машины сэлбэг, нарны зай, хонины ноосоор машины жийрэг бүр шил үйлдвэрлэх, цаасыг дахин боловсруулах үйлдвэрийн яриа ч гарсан. Шар цавууны үйлдвэр байгуулах гэсэн юм аа гээд төсөл бариад дэмжлэг хүссэн хүн ч бий.

-Гэхдээ хэрэглэгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа авахыг хүсдэг ч импортын ижил төстэй бараатай харьцуулахад хэтэрхий үнэтэй байгаагаас сонголт нь өөрчлөгддөг л дөө?
-Үйлдвэрлэгчид бол хэдэн арван жил үйлдвэрлэл хөгжүүлсэн, туршлагатай орны бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхдөө  хойноос нь дагах бус тосч хөгжих эрмэлзэлтэй. Гэхдээ бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлээс үүдэн хэрэглэгчдээ 100 хувь татаж чадахгүй байгаа нь үнэн. Жишээгээр ярья л даа. Тухайлбал, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зорилгоор банкнаас зээл хүсэхэд хүү өндрөөс гадна үл хөдлөх хөрөнгийг нь багаар үнэлдэг. Дээр нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд дотоодын үйлдвэрлэгчид их хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүйгээс гадны ижил төстэй бараа бүтээгдэхүүний үнэд цохигддог. Мөн түүхий эдийн эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болоод ихэнх үйлдвэр суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Хөгжиж яваа улсын үйлдвэрлэгчдэд тулгардаг хүндрэлийг манай бизнес эрхлэгчид туулж л явна. Гэхдээ бид гоочилж өөлөхөөс илүүтэй эх оронч баймаар юм шиг санагддаг.  Гадныхан тэр дундаа солонгосчууд их үндсэрхэг. Тэд “Кореан Эйр”-ээр нисч ирээд солонгос эзэнтэй зочид буудалд буугаад солонгос хоолны газар, дэлгүүрээр үйлчлүүлээд буцдаг. Үүнтэй адил монголчууд үндэснийхээ бүтээгдэхүүнийг авдаг, дэмждэг сэтгэхүйтэй болмоор байна. Хэдий баглаа боодол нь загвар муутай ч чанараараа илүү учраас цаана нь олон хүн ажлын байртай, олон айл хоолтой хононо гэсэн үүднээс авдаг болвол бүтээгдэхүүн нь чанаржиж, үйлдвэрлэл өргөжинө шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан