Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Молорбат: Монголын энхийг сахиулагчид 21 мянган дүрвэгсдийг хамгаалж байна


ЗХЖШ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорбаттай гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхны талаар ярилцлаа.

-Манай Энхийг сахиулах цэргийн баг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл тус улсад иргэний дайн дэгдсэн мэдээлэл бий. Тэгэхээр манай цэргийн багийн байрлаж буй нутагт байдал ямар байна вэ?
-Өмнөд Суданы Нуэр, Динка гэдэг хоёр том омог хооронд мөргөлдөөн гарсан.  Одоогийн Ерөнхийлөгч Салва Кир нь Динка омгийн хүн. Өмнөх Ерөнхийлөгч  Риеко Мачар нь Нуэр омгийнх. Тэд 2014 оны эхээр энхийн хэлэлцээр хийж мөргөлдөөн байлдааны байдал намжсан. Гэтэл гуравдугаар сараас  эргээд хурцадлаа. Засгийн газрын талд байсан цэргийн зарим анги, салбар өмнөх Ерөнхийлөгчөө дэмжих болсон. Ингээд  үндсэндээ иргэний дайны байдалд шилжсэн. Өөрөөр хэлбэл, цэргийн гэлтгүй энгийн иргэд оролцож, Засгийн газрын цэрэг, сөрөг хүчин гэж талцан байлдах болсон. Манай цэргийн баг Юнити мужийн Бентью хотод бий. Энэ хотын төв манай цэргийн баазаас арай зайдуу байдаг. Бентью хотыг  Өмнөд Суданы Засгийн газрын эсрэг хүчин нь эзэлж аваад буй.  Тус улсын хойд муж бол газрын тосоор баялаг стратегийн ач холбогдолтой нутаг. Иймд Засгийн газрын эсрэг хүчин нь уг газар нутгийг өөрийн эзэмшилд авах гэсэн тэмцэл өрнөж байна л даа.

-Гадаадын хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллээс харахад байдал хүнд байна.  Манай цэргүүдийн хүлээсэн үүргийн талаар та тодорхой мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Зэв­сэгт хүчнээс 850 хүний бүрэл­дэхүүнтэй батальон илгээж эхэлс­нээс хойш гуравдугаар ээлж нь үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Энэ ээлжийн цэргийн багийн захирагчаар хурандаа Д.Эрдэнэбат ажил­лаж байгаа. Манай цэргийн багийн захирагч АНУ-д команд штабын сургууль төгссөн,  НҮБ-ын хэд хэдэн ажиллагаанд оролцсон туршлагатай. Ма­найхан НҮБ-ын мандатаар хү­лээсэн хэд хэдэн үүрэгтэй. Жи­шээлбэл, тухайн бүс ну­тагт аюулгүй байдлыг сахин хамгаалуулах, эргүүл хийх, энгийн иргэд, НҮБ-ын ажилчид, цуваа, эд хөрөнгийг  хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Гол үүргийн нэг нь энийг иргэдийг хамгаалах.  Тус улсад мөргөлдөөн гарснаас хойш маш олон энгийн иргэн НҮБ-ын баазад ирж байрлаад байна. Тэдний аюулгүй байд­лыг  манай цэргүүд  хамгаалж байгаа. Манай цэргийн бааз орчимд үймээн самууны хөлөөс дайжсан иргэдийн лагер үүсээд байна. Өнгөрсөн оны сүүлчээр хүмүүс ирж байрлаж эхэлсэн. Эхэн үедээ 500-600 орчим хүн байв. Ингээд нэмэгдсээр байгаад хоёр, гуравдугаар сард 800-д хүрсэн. Гэтэл Бентью хот Засгийн газрын сөрөг хүчинд эзлэгдсэнээс хойш 21 мянгад хүрлээ. Иймд манай цэргүүд тэднийг хамгаалалтад авсан. Мөн хүнсний тусламж хүргэх, ус, ундаагаар хангах гээд олон ажилд дэмжлэг үзүүлж байна.

-Манай цэргийн баг 10-аад хүний амь аварсан тухай мэдээлэл ирсэн. Яг ямар үйл явдал болсныг сонирхож болох уу?
-Цэргийн багийн байр­лалаас хойд зүгт нефтийн үйлдвэр байдаг. Энэ үйлдвэр Засгийн газрын сөрөг хүчний дай­ралтад өртөж олон ажил­чин шархадсан юм. Ингээд манай цэргийн баг НҮБ-ын Цэргийн хүчний штабын команд­лагчийн тушаалаар тус үйлдвэрээс ажилчдыг нь  татан гаргаж авах,  эмнэлгийн анхны тусламж үзүүлэх тусгай үүрэг гүйцэтгэсэн.  Энэ үеэр 10 орчим энгийн ажилчинг үйлдвэрээс гаргаж, амь насыг нь аварлаа.    Тэд ОХУ, Кени, Укриан, Өмнөд Суданы иргэд байсан.

-Өмнөд Суданд  өөр ямар улсын цэргийн баг энхийг сахиулах ажиллагаа явуулж буй вэ?
-Бий. Манайхаас гадна Энэтхэг, Гана, Непал, Уганда улсын батальон байгаа. Тэд өөр өөрийн хариуцлагын бүс­тэй. Монгол цэргүүд Өмнөд Суданы хойд мужид нь долоон газарт байрлаж үүрэг гүйцэтгэж байна.  

-Дайн тулаан болж буй газарт Монгол цэргүүд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа бол. Эрсдэл хүлээхгүй гэх баталгаа байхгүй биз дээ?
-Харин тийм. НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна өөрсдийн аюулгүй байдлаа хангах гэдэг том асуудал бий. Манай цэргийн багийн захирагч энэ талаар туршлагатай, чадмаг ажиллаж байна. Одоогоор Өмнөд Суданд нөхцөл байдал хүнд,  олон энгийн иргэн амь үрэгдсэн. Ийм хүнд нөхцөлд энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, авран хамгаалах ажиллагаа явуулна гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр цэргийн албан хаагчдад маш их стресс, сэтгэл санааны хүнд ачаалалтай байгаа.  Энэ ачааллыг зөв тэнцүүлж тэдний сэтгэл зүйг сайн бэлдэж ажил­лаж байна. Манай цэр­гийн багийн удирдлага ЗХЖШ-аас өгч буй  чиглэл, удир­дамжийг маш сайн бие­лүүлдэг юм. Өмнөд Суданд байгаа гадаадын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд манай цэргийн багийн үйл ажиллагаанд талархсан захидал ирүүлж байгаа. Энэ нь манай цэргүүд бусад орны цэргийн багаас дутахгүй, түүгээр барахгүй илүү үүргээ гүйцэтгэж байгаагийн илрэл.

-Ер нь гадаадад үүрэг гүй­цэтгэж байгаа нэг цэр­гийн баг хэдэн км бүс нутгийг хариуцдаг вэ?
-Энэ нь харилцан адилгүй. Өмнөд Судан улсын газар нутаг зарим газартаа цөлөрхөг, ургамал ногоо тачир, шаварлаг хөрстэй, бас үржил шимтэй. Үүнээс шалтгаалж хүмүүсийн суурьшил өөр өөр. Ерөнхийдөө хойноос урагшаа чиглэсэн төв хэсэгтээ хүн ам нь шигүү суурьшсан. Мөн зүүн талдаа хүн амын төвлөрөл их. Тэгээд хаана хүн ам олон, хамгаалалт хэрэгтэй байна тэнд нь НҮБ-ын цэргүүд байрласан. Манай цэргүүдийн хариуцлагын бүс бусад орнуудтай харьцуулбал том. Өөрөөр хэлбэл газар нутгийн гол хэсгийн мужийг  нь хариуцдаг учраас хүн амын нягтрал, хөдөлгөөн ихтэй.

-Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн баг хэзээ ирэх вэ. Дахиж цэргийн баг илгээх үү?
-Цэргийн баг явна. Яагаад гэвэл НҮБ-ын энэ ажиллагаа нээгдэхэд л манай улс цэргээ оруулсан. Иймд үүнийхээ үр дүнг үзэх ёстой. Ер нь, НҮБ-ын аливаа ажиллагаа Өмнөд Суданых шиг сөргөлдөөнтэй байдлаар үргэлжилбэл нааш­тайгаар шийдэгдэх хүртэл  энхийг сахиулах ажиллагааг хэрэгжүүлдэг.  Тус улсад нөхцөл байдал сайжирч, тогтвортой байдал бий болж, иргэдийн аюулгүй амьдрах орчин бүрдэх хүртэл ажиллагаа үргэлжилнэ. Тэгэхээр Өмнөд Суданд явуулж буй ажиллагааны үр дүнг үзэх хүртэл нэлээд олон жил манай цэргүүд энэ ажиллагаанд орол­цох байх гэж бодож байна.

-Бусад улсад үүрэг гүй­цэтгэж буй цэргийн багийн байгаа газарт цаг үеийн байдал ямар байна вэ?
-Хойд Судан буюу Судан улсын Даркур мужид манай улсын цэргийн хээрийн хоёр­дугаар шатны эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж байна. Энэ баг тус мужид буй НҮБ-ын цэргийн албан хаагчид болон энгийн ажилчид, орон нутгийн иргэдэд эмнэлгийн үзлэг үйлчилгээ үзүүлдэг. Нийт 5000 орчим хүнд эмнэлгийн үйл­чилгээ үзүүлэх хүчин чадалтай.  Хоёрдугаар шатны эмнэлэг гэдэг нь шүд, жижиг мэс засал хийх чадамжтай. Энд цагийн байдал харьцангуй тайван байгааг хөрш зэргэлдээ Өмнөд Судан улсын тогтворгүй байдал нь нөлөөлж таарна. Цагийн байдлыг үнэлэхэд Өмнөд Суданы Засгийн газрын эсрэг  тэмцэгчид хүчээ Хойд Суданаас сэлбэдэг, зарим төр­лийн зэвсгийн хангалтаа авдаг гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр байдал тогтвортой гэж хэлэх үндэсгүй. Бусад цэр­гийн баг нь бүгд Афганистанд байгаа. Саяхан тус улсад Ерөн­хийлөгчийн сонгууль боллоо. Сонгуульд нэр дэвшигчид нь хан­галттай санал авч чадаагүй. Иймд дахин сонгууль энэ сарын 26-28-нд болохоор төлөв­лөсөн. Талибаныхны сон­­гуулийн үйл ажиллагааг тасал­дуулах гэсэн оролдлого идэвхжсэн. Үүнээс гадна дулааны улирал эхлэхээр зэвсэгт бүлэглэлүүдийн халд­лага зохион байгуулах нь олширдог. Мөн тус улс хар тамхины ургамлын  тариа­лан­гийн газартай.  Ургац хураах, та­риалах цаг эхэлсэн тул түү­нийг тээвэрлэх ажил идэвх­жиж буй юм. Тэгэхээр цагийн байдал хүнд маш өндөр эрс­дэл­тэй цаг үе ирсэн гэж хэлж болно.

-Энхийг сахиулах ажил­ла­гаанд оролцож буй ма­най цэр­гийн  баг хэдий хуга­цаанд,  ямар ямар улсад үүрэг гүйцэтгэж байгаа юм бол?
-Өмнөд Суданд есөн сарын хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй Монгол цэргүүд 6-9 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг. Бие даан үүрэг гүйцэтгэж байгаа офицер, цэргийн ажиглагч, зөвлөхүүд нэг жилийн хугацаанд үүрэг гүй­цэтгэдэг. Өмнөд Судан, Хойд Судан, Баруун Сахар, Конг, Афганистан улсад манай цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна. Афганистанд дөрвөн төрлийн цэргийн баг үйл ажиллагаа явуулж байна. Тус улсын хойд хэсэгт Германтай хамтарсан эргүүл хамгаалалтын рот бааз, нисэх зурвасын аюулгүй байдлыг хангадаг.  Мөн баруун бүс нутагт Херат мужид АНУ-ын агаарын цэргийн баазын аюулгүй байдлыг хангаж буй юм. Нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудлыг хамгаалж байна. Үүнээс гадна Афганистаны нисдэг  тэрэгний техникийн ажилчдыг бэлтгэх сургалтын бүлэг ажилладаг.

-Одоогоор цэргийн хэч­нээн албан хаагч эн­хийг са­хиулах ажиллагаанд орол­­цож байна вэ. Ойрын хуга­­цаанд үүрэг гүйцэтгэхээр явах цэргийн баг бий юу?
-Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагчдын тоо 1300  гаруй бий. Манай Зэвсэгт хүчний цэргийн багууд энхийг дэмжих үйл ажил­лагаанд тасралтгүй орол­цож байна. Өнөөдрийн байдлаар зургаан цэргийн баг үүрэг гүй­цэтгэж байгаа тул ээлж дарааллаар ажиллагааны өм­нөх бэлтгэлд гарч буй юм. Афганистаны баруун бүс нутагт үүрэг гүйцэтгэх хамгаалалтын рот, нисдэг тэрэгний техник засвар үйлчилгээний сургал­тын аравдугаар ээлж энэ сарын сүүлчээр явах бэлтгэлээ хангасан.

-Гадаад үүрэг гүйцэт­гэх цэргийн багийн бүрэл­дэ­хүү­нийг яаж сонгодог юм бэ?
-Энхийг дэмжих ажил­ла­­гаанд манай цэргийн албан хаагчид өөрийн сайн дурын үндсэн дээр үүрэг гүй­цэтгэдэг. Тэгээд үүрэг гүйцэтгэх чадамжтай эсэхийг сонгон шал­гаруулах журам бий. Үүний дагуу мэргэжлийн бэлтгэл, гадаад хэлний төвшин, эрүүл мэн­дийг шалгаад сонгодог. Тэ­гээд ажиллагааны өмнөх бэлт­гэлдээ гарна. Энэ бэлтгэлийг таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 40-45 хоног хийдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан