Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Цогтбаяр: Миний нэг хөл социализмд нөгөө хөл капитализмд зогсч байна

Шог зураач С.Цогтбаяр ахтай цахим ертөнцийн найзууд болоод чамгүй уджээ. Түүний фэйсбүүк хуудсандаа нийтэлдэг шог, хошин зураг, онигоо нь “элэгний эмчилгээ” болохуйц эерэг, сайн сайхан бүхнийг агуулсан байдаг учир хэзээ ч уйдаадаггүй билээ. Мөн залуус, дүү нартаа хүргэдэг сургамжийн үгс, өнөө цагийн нийгэм, улс төр, эдийн засаг гэх мэт анхаарлын төвд буй асуудлын тухай энгийн хэр нь эерэгээр тайлбарладаг нь эрхгүй анхаарал татдаг юм. Түүнтэй зөвхөн шог зураач гэдгээр нь бус хувь хүн, Монгол Улсын иргэн гэдэг талаас нь яриа өрнүүллээ.

-Соёл урлаг тэр дундаа хошин урлагийнхан нийгэм, цаг үеийн аливаа үйл явдал, асуудлыг соргогоор хүлээн авдаг шүү дээ. Таны цахим хуудсандаа нийтэлж буй зарим мэдээ мэдээлэл, үзэл бодол тань сонирхолтой санагдсан тул олны анхаарлын төвд байгаа улс төр, эдийн засгийн байдлын тухай яриа өрнүүлэх гэсэн юм. Товчхондоо, Цогтбаяр гэдэг хүнийг шог зураач бус өөр талаас нь гаргая уу гэж зорьсон хэрэг?
-Нийгэм, цаг үеийн байдлаар л ярилцах гээд байна аа даа.

-Тиймээ, урин дулаан цаг ирж иргэний хөдөлгөөн, элдэв  нам эвслүүд жагсаал цуглаан хийж улс төр анхаарлын төвд орлоо. Мөн эдийн засаг ч ихээхэн хүнд байна гэлцэх юм?
-Хүмүүс хөвч нь сэдэрлээ гэж яриад байдаг. Гэхдээ зөв сэдэрвэл нэг талаас хэрэгтэй юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн идэвхтэй бай гэсэн үг шүү дээ. Бид өөрсдөө нийгмийн идэвхгүй болохоор олигтой өөрчлөлт шинэчлэлт 1990 оноос хойш хийж чадаагүй л байна. Угтаа, ардчилсан нийгэмд ард олон нь илүү эрхтэйгээр нийгэмдээ тохиргоо хийх ёстой. Ийм зарчим бүрдсэн ч бид буруу арга барилаар л дайраад байна. Зөв нийгмийн идэвх бидэнд дутагдах боллоо. Улс орны байдал жаахан асуудалтай байгаа үед буруу нийгмийн идэвхтэй хүмүүс түүн дээр нь тоглолт хийдэг талтай. Энэ нь нийгэмд олон нийтийг төлөөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлчихдэг. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан гэгч зүйлийг амьдрах аргаа болгочихсон хэсэг хүмүүс иргэний хөдөлгөөн, нам эвслийн нэр барьж бусдыг дарамталж шантаажилж түүгээр дамжуулж конбинсаци авч эдийн засгийн ашиг олж байна. Ийм мэргэжлийн хүн ч бий болж. Юм л болвол жагсч цуглаад байгаа нь тэднийг эрүүл биш харагдуулдаг  юм. Тэгэхгүй эгэл хүмүүс зөв зүйл дээр нэгдэн нийлж өөрсдийнхөө төлөө зөв дуугарч чаддаг болчихвол эрүүл нийгэм бий болно гэж ойлгодог. Түүнээс хий хэнээрхэж утга учиргүй улстөржөөд байгаа нь солирол юм даа.

-Бидний үгээ хэлэх эрх үүрэг цахим ертөнцөөс хэтрэхээ больж. Таны хэлсэн хий хэнээрхэл, утга учиргүй улстөржилт захиалгатай болохоор бусад нь  дуугарвал эрүүл биш харагдахаас эмээгээд байгаа юм болов уу?
-Энэ асуудлаар чиний хэлсэн сошиал нэтворк буюу олон нийтийн сүлжээ их чухал үүрэгтэй. Олон нийтийн сүлжээ нийгмийн харилцааны маш том хэрэгсэл болчихлоо. Үүгээр дамжиж хувьсгал ч дэгдэж байна. Арабын ертөнцөд үнэхээр том хувьсгал үүслээ. Магадгүй хэдэн мянган жил өөрчлөгдөөгүй байсан ёс суртахууны догма болсон нийгмийг өөрчилж чадлаа шүү дээ. Тэгэхээр энэ их том хүч байгаа биз. Сошиал нэтворкийн хүрээнд байгаа хүмүүс бол дор хаяж л интернэт ашиглачихдаг, өөртөө хувийн компьютертой ч юм уу нэг үгээр боломжийн хүмүүсийн бүлэг гэж ойлгодог. Гэхдээ массын ихэнхээс гарч байгаа сэтгэгдэл, үзэл бодол нь хар байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний нийгмийн тусгал нь их хар болчихоод байна. Тиймээс ч би энд цаг зав гаргаад жижигхэн ч гэсэн тохиргоо хийж гэгээлэг зүйл түгээх гэж оролдоод байна шүү дээ. Эерэг тал руу нь өөрчлөх, хор уучихсан хүмүүст ерөндөг өгөх гэж зүтгээд байгаа юм. Далайд дусал нэмэр л дээ. Үүнээсээ ч би өөрөө ч кайф авдаг юм. Тодорхой бүлэг хүмүүст инээд бэлэглэчих гээд л. Гэхдээ бүдэрч унахаар инээдэг бүдүүлэг инээд биш юм шүү. Олныг ухааруулж, сэхээрүүлдэг зүйл нь их байгаасай гэсэндээ л энд суугаад нөгөөх цахим ертөнцөд залуус та нартай холбоотой байдаг хэрэг.

-Цахим ертөнц эерэг гэхээс сөрөг талын мэдээлэл их агуулж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гэх мэт салбар бүрт. Энэ нь нийгмийн бухимдлын нэгээхэн шалтгаан ч болоод байх шиг?
-Хүмүүсийн сэтгэгдлийг харахад ийм хэрэгцээ их байгаа юм. Фэйсбүүк, твиттерээр шагайхад нэг л муулсан, баалсан, болохгүй бүтэхгүй юмыг аль болох муу муухайгаар харуулсан маш их дарамттай байна. Энэ нь нийгмийн сэтгэлзүйд эерэгээр биш эсрэгээр нөлөөлөөд байна. Бидний амьдралыг болохгүй бүтэхгүй байгаа мэтээр харуулсаар байна шүү дээ. Ийм буруу зүйл яваад байгаа учир нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой салбарууд доголдож эхлэх жишээтэй. Жишээ нь, банкны салбар итгэлцэл дээр тогтдог бол мөнгөний ханш уналаа, эдийн засаг сүйрлээ гэвэл чи яах вэ, банкнаас юмаа татах гэх мэт хувь хүнд л гэхэд стресс бухимдал болж муухайгаар нөлөөлж эхэлнэ. Тиймээс олон нийтийн сүлжээд эерэг мэдээлэл цацдаг олон суваг байгаасай л гэж хүсдэг юм даа.

-Энэ их эерэг сөрөг мэдээллийн эх үүсвэрийн дийлэнх хувь нь улс төрөөс үүдэлтэй гэж ойлгодог. Наад зах нь намын хэрүүл, тэмцэлдээн гээд л. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ?
-Нам гэдэг монголчуудын зохиочихсон зүйл биш. Дэлхий нийтэд байдаг систем. Манайх олон намын системд ороод хорин хэдэн жил болж байна. Магадгүй бид үүнд суралцаж байгаа болохоор алдаа эндэгдэл их гардаг биз. Үүнээс өөр сонголт байхгүй шүү дээ. Нам гарч сонгуульд ялж тодорхой эрх мэдлийг гартаа авч улс орныг удирдан чиглүүлнэ. Бид үүнийг төгс хийхгүйгээсээ л алдаж байгаа болохоос систем нь буруу биш юм. Зөв биш буруу, дутуу дулимаг хэрэглэж байгаагаас л алдаа эндэгдэл гардаг. Нам, эвсэл гэдэг зүйлийг устгая гээд устгаж чадахгүй. Нийгмийн байгуулал нь ийм юм чинь. Аль ч улсад ийм л байна. Гэхдээ бидний сонгосон зам зөв, хэлбэр нь ч зөв харин арга барил нь л буруу. Товчхондоо, сонгосон замаараа буруу яваад байгаа юм. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Химийн урвалаар бол урвал дөнгөж явагдаж байна. Процесс дундаа байгаа учир эцсийн үр дүнд ямар бодис гарахыг хэлж мэдэхгүй. Тиймээс явж байгаа процессын дунд дүгнэлт өгөх хэцүү. Энэ цаг хугацааны л асуудал. Яагаад гэвэл бүхэл бүтэн нийгэм, үнэт зүйл, үзэл бодол солигдсон байхад бид харин ч их амжилт олж. Оюун санааны хувьд, нийгмийн байгууллын хувьд асар их амжилт олсон.
Хэдхээн жилийн өмнө л бид хойд Солонгос шиг амьдарч байгаад орчин үеийн, ардчилсан улс болж төлөвшлөө. Ердөө 24 жилийн хугацаанд. Харин ч бид энэ амжилтаараа бахархаж баярлах ёстой. Цаашид үүнийгээ хэрхэн төгөлдөржүүлэх, зөв авч явахад л анхаарах хэрэгтэй. Түүнээс сонгосон замынхаа зөв бурууд эргэлзэх юм байхгүй.

-Нэгэнт эхлүүлчихсэн болохоор?
-Нийгмийн байгуулал тогтчихсон, ард иргэд, улс эх орны байр суурь тодорхой болчихсон улс оронд нам, төр солигдох нь асуудал биш. Бид Японыг мэднэ. Засаг төр нь удахгүй л солигддог. Ерөнхий сайд нь солигддог. Байгуулсан Засгийн газар нь унадаг. Тэглээ ч нийгмийн амьдралд нь онц ноцтой өөрчлөлт гардаггүй. Намууд л ээлжлэн засаг барьж байгаагаас улс орны нийгэм, эдийн засгийн байдалд ноцтой өөрчлөлт гардаггүй, иргэдэд нь нөлөөлдөггүй. Яагаад гэвэл Засгийн газрынх нь залгамж халаа, бодлого төлөвлөлт гээд бүх зүйл нь тодорхой байдаг. Үнэхээр чадаж л байвал ажилдаа мэргэшсэн төрийн албан хаагч тав, зургаан засаг солигдсон ч ажлаа л хийж байдаг.
Бидний алдаа болсон нэг нам гарч нөгөө намтайгаа байлддаг, дайсагнаж талцдаг буруу зуршлыг л засчихвал болчих гээд байгаа юм.

-Энэ талцдаг, дайтдаг нь намын үйл ажиллагаанд зайлшгүй байх ёстой юм шиг болчихлоо. Угтаа улс орон, ард иргэдийн эрх ашиг тэдний хамтын зорилго байх ёстой байтал?
-Яахав дээ, сонгууль гэдэг утгаараа өрсөлдөнө, тодорхой хэмжээнд тэмдэлдэнэ. Гэхдээ хийх ажил нь улс эх орны хөгжил, ард иргэдийн амьдрал, ирээдүй хойч болохоос эдгээрийг намын эрх ашгаас дээгүүрт тавьдаггүй. Энэ ёс зүйг тогтоож чадвал нөгөө л хариуцлагын тогтолцоогоо бий болгоно. Энэ “давхар дээл”  тайлах гэх мэт зүйлсийг аяндаа л төгөлдөржүүлчихнэ. Үүний тулд хугацаа хэрэгтэй. Жишээ нь, чи хавар үр таривал намар ургац хурааж авна. Зун авах гэж яарвал чи жижигхэн, түүхий, хөгжлийнхөө шатанд яваа юм л авна биз. Тийм болохоор бид 70, 80 жил оршин тогтносон нийгмийн байгуулал, сэтгэлгээ, үнэт зүйл гэх мэт бүх зүйл эргэчихсэн тохиолдолд би 24 жилийг хангалттай хугацаа биш гэж боддог. Бид одоо ч гэсэн боловсорч л байна. Би өөрийнхөө хувьд бодоход л миний нэг хөл социализмд, нөгөө хөл капитализмд зогсч байна.
Миний төрж өссөн, бүх юмаа олж авсан нийгэм нь социализм байхад одоо оршиж байгаа нь харгис хатуу зах зээлийн нийгэм байх жишээтэй. Хэн хүчтэй, чадалтай, мөнгөтэй, ухаантай, сэргэлэн, аль технологи, мэдээллийг эзэмшсэн баян, хүчирхэг нь ялдаг ийм л нийгэм. Хэрвээ чи боловсрол, мөнгө, аль нэг албан тушаалгүй бол чамайг хэн ч тоохгүй. Ямар нэг сайхан сэтгэл, бүгдийг нь эн тэнцүү байлгаж, үзэл суртлаар авч явдаг тэр нийгэм аль эрт байхгүй болчихсон.
Өөрөөр хэлбэл зэрлэг жунглийн систем байгаа юм. Арслан байх уу, туулай байх уу гэдгээ чи өөрөө л сонгоно. Чамд боломж нь байгаа. Ардчилал бол боломж олгодог нийгэм. Боломжийг чи зөв ашиглаж чадвал чи арслан болж чадна. Яагаад бүгд арслан байж болохгүй гэж. Залуус та бүхэнд бүгдэд нь боломж бий. Бүр 100 хувь байгаа. Заавал өндөр үнэтэй гэхгүйгээр өөрөө хичээвэл хэл сурах, боловсрол эзэмших гэхчлэн бүх юм нээлттэй ийм л нийгэм юм.

-Яг тантай адил ардчиллыг маш том боломж гэж ойлгодог ч манайхан тэр боломжоосоо ч ихийг хүсдэг. Шуналын сэдлээр ханддаг болчихоод байна?
-Хэтэрхий яаруу байна. Өөрөөр хэлбэл хуучин нийгмийн үзэл суртлаас бүрэн салж чадахгүй байгаа учраас зах зээлийн нийгмийг оргиналиар нь ойлгохгүй, эмх цэгцтэй хөгжиж чадахгүй хулхидаад л. Өнгөн талаас нь хуулаад, нэр томъёогоор хөөцөлдөөд байна. Жинхэнэ мөн чанарыг нь ойлгохгүй гэсэн үг. Та нар капитализмд төрсөн, үр хүүхэд чинь ч төрнө. Тиймээс орчноо л даган дуурайж түүгээр хүмүүжнэ. Хойд Солонгост төрж өсчихөөд Америкт амьдарч байна гээд төсөөл дөө. Энд л соёлын шок гэгч нь болоод байгаа хэрэг. Тэгээд л үл ойлголцол, замбараагүй байдал үүссэн болохоос хэн нэгэн санаатай бидний хөгжлийг хойш татсан юм байхгүй. Үл ойлголцол байна, бид дадлага туршлагагүй байна. Монгол хүн бүрт эх орныхоо төлөө гэсэн бодол, сэтгэл, зүтгэл байгаа.
Хувьдаа идэж ууж байгаа хүмүүс ч гэсэн гэр бүл, үр хүүхэд, ээж аав, эхнэр нөхрийнхөө төлөө зүтгэж байгаа л хүмүүс. Бид чинь Монгол хүн. Монгол гэр бүл баян, тэдгээр гэр бүлүүдэд олон хүчтэй, чадалтай бизнесмэн, удирдагч хүн төрөх тусам нийгэм нь хүчтэй, чадалтай, дархлаатай болно. Мөн бидний баян хүмүүсийг үзэн яддаг байсан хуучин үзэл одоо ч салаагүй байна. Чи амьдралдаа арчаагүй, сул дорой бол бусдыг өөр шигээ байлгах гэдэг сонирхлоосоо салах ёстой. Хэн нэгэн амжилт олж байвал тэр хүний амжилтад талархах ёстой, баярлах ёстой. Яагаад гэвэл тэр хүний амжилт Монгол хүний амжилт учраас ямар нэгэн байдлаар чамд жаахан ч гэсэн наалдана. Тэгэхээр баян хүн, амжилт олж буй хүнийг үзэн яддаг атгаг муу санаагаа таягдан хаях хэрэгтэй. Тэдгээр хүн дунд үнэхээр хөдөлмөрч нь байна.

-Хувийн хэвшил гэж нүд үзүүрлэдэг нь үүнтэй ч холбоотой байх?
-Тийм шүү. Яг үнэндээ үдэш орой явж байгаад хувийн хэвшлийнхнийг харахад гэрэл нь асаалттай ажиллаж л байгаа юм. Төрийнх нь таг харанхуй байхад шүү дээ. Тиймээс хүний өөрийн гэхгүй хөдөлмөрлөж байгаа, зовхи нь өөдөө байгаа, сэтгэж байгаа тэдгээр хүнийхээ дэмэнд урагшаа хөгжих ёстой. Тэр хүмүүсээ хазаарлах, татвараар дарамталж бизнесийг нь хааж боомилох бус харин ч дэмжих ёстой. Солонгос, Япон бүгд л тийм замаар хөгжсөн. Тэгээд л дундаж иргэд нь босоод ирвэл асуудал байхгүй. Аль ч нийгэмд баян ядуу байдаг. Тэр хувь хэмжээг нь л зөв баланслачихвал бидний цаг үе сайн нийгэм бүтээлээ гэх. Америк л гэхэд нийт баялагийнх нь дийлэнх хувийг цөөн хэдэн хүн эзэмшиж байна. Гэхдээ дийлэнх иргэд нь дундаж түвшнийх. Манайд дундаж хэсэг нь цөөн болчихоод нэн ядуу баян хоёрын хооронд их зай гарчихаад байна. Тэр хооронд байгаа дундаж иргэд болох жирийн багш, сэхээтэн, наймаачин, төрийн албан хаагч, амьдралаа аваад явчихдаг, улсын ачаанаас бага ч болов хөнгөлчихдөг байх тусмаа л бид хөгжинө.
Гэтэл эдгээр хүмүүсээ харааж ерөөдөг хандлагууд бий болохоор хойш татаад буй хэрэг. Үүнд хэвлэл мэдээллийнхний нөлөө их. Өглөө босоод л сонин, хэвлэл харна, хаа байгаа Африкийн оронд амьдарч буй юм шиг дандаа л болохгүй бүтэхгүй зүйл. Эх орон чинь сүйрлээ, чи маргааш хаана ч хамаагүй барилгын төмрөнд даруулж үхнэ гээд байдаг. Үнэндээ болж бүтэж байгаа зүйл үй түм байна. Зам дээр гараад л машин түгжрээд битүү байна гэж бухимдахын оронд “1980 онд бид ямар байлаа даа, монголчууд ямар их хөрөнгөтэй болоо вэ” гээд л баярлаад яв л даа. Замдаа багтахгүй ийм их машинтай болчихлоо. Айл болгон болсон болоогүй, хуучин ч бай унах унаатай байна гэдэг бидний амьдралж сайжирч байгаа хэрэг. Цагаан сараар “Их мөнгө цацаж үрлээ, бэлэг сэлт нь хэрээс хэтэрлээ” гэхийн оронд хэзээ ийм элбэг дэлбэг байлаа гэж сэтгэ л дээ. Өөдрөг хүн л өөрөөр харж боломжийг анзаардаг. Хүн бүр юманд хандах хандлага, өнцгөө л зөв болгочихвол аз жаргалтай байх мянга, түмэн шалтгаан байна. Тэгэж чадахгүй бол бухимдаж стресстээд байх түм буман шалтгаан байна.

-Ядуу хүн аз жаргалгүй байдаг гэсэн сэтгэлгээ таны хэлээд байгаа хандлагыг үгүй хийх нь их юм?
-Харин тиймээ, бид ийм л үнэлэмжгүй, үнэ цэнэгүй сэтгээд байдаг болж. Ядуу л бол зовж зүдэрсэн байх албагүй. Эд баялаг эрх мэдлийг энэ тэргүүнд тавиад байх юм. Гэтэл сэтгэлийн баяр жаргал гэж зүйл бий шүү дээ.
Би хуучин нийгэмд төрсөн хүн. Тэр үед хойд Солонгос шиг л ядуу зүдүү байсан. Авууштай нь  тэднээс арай илүү эрх чөлөөтэй байсан байх. Харин одоо бид үнэхээр аз жаргалтай байна шүү дээ. Ийм сайхан газар амьдрахын тулд би амиа золиход ч бэлэн байхаар тийм л ертөнц шүү дээ. Энд хөгжим, ном, урлаг соёл бүгд л чөлөөтэй. Би өөрөө хөгжим сонирхдог хүн. Пянз цуглуулж, олох гэж үйлээ үздэг байлаа. Гэтэл одоо юу л бол юу хийж хаашаа ч явж болж байна. Сая Япон яваад ирлээ, Далай ламтай уулзлаа. Хаашаа явах нь чөлөөтэй, юу хийх нь чөлөөтэй, юу бичих, зурах нь чөлөөтэй. Энэнээс илүү амьдрал, аз жаргал гэж юу байх юм бэ. Энэ бол хангалттай гоё амьдрал. Бидэнд байгаа энэ эрх чөлөө, аз жаргалыг олоогүй нийгэм, ард түмэн өчнөөн бий. Хэдэн тэрбум хүн байна.
Тэр Саудын Араб, Куэт зэрэг оронд орчин үеийн дуу хөгжим сонсч, алкохол хэрэглэж, барууны хэвлэл, зурагт радио үзэх эрхгүй, нөгөө л фэйсбүүк ч ашиглаж болохгүй. Цензуртай нийгэм зөндөө л байна. Хойд Солонгос, Иран, Афганд байсан бол алуулж дуусна шүү дээ. Юун мини юбкатай явах нүүрээ л харуулбал чулуугаар цохиулж үхнэ. Тийм аймаар нийгэмд хүмүүс хэдэн тэрбумаараа аз жаргалтай амьдарч байхад бид ийм их баялаг, эрх чөлөө, тусгаар тогтнолыг эзэмшиж байж яагаад өдөр бүр болохгүй бүтэхгүй гэж бие биесээ чичилж байх ёстой гэж. Амны хишиггүй л байна. Одоо ч хэдэн арван саяараа харьд байгаа монголчууд зовж байна. Тэд хойд төрөлдөө Монголд нохой ч хамаагүй болж төрнө гэж сүүгээ өргөж ерөөл тавьж байна. Тэгэхэд бид энэ сайхан оронд хүн болж төрчихөөд ийм эрх чөлөөтэй байгаа юм чинь нүцгэн байсан ч хамаагүй баярлах ёстой юм.

-Х.Баттулга сайд, “Монголд байгалийн гамшиг, дайн дажин болоод байдаггүй болохоор ийм назгай, цамаан, зовлон үзээгүй” гэж хэлж байсныг санаж байна?
-Үнэн үнэн. Монголчууд ердөө зовлон үзээгүй, цамаан, залхуу. Үүнээсээ салж чадвал бидний сонгосон нийгмийн тогтолцоо хангалттай зөв.
Бидний нийгэм бүгд л ярьсан, мэдэмхийрсэн залхуу хойрго учир л гэдсээ илээд хэвтээд байгаа юм. Солонгост очсон залуус ажиллаж амьдарч, хурааж хуримтлуулж чадаж байна шүү дээ. Яагаад гэвэл зөв агрегат нь тэнд байна. Үүнийг л бид эх орондоо бий болгох ёстой юм. Тэнд сард хоёр сая төгрөг олчихдог боломж нь байгаа учир болгож л байгаа юм. Ийм нөхцөл л бий болгочихвол энэ “Оюутолгой”, “Ухаахудаг”-т ажиллаж байгаа залуус чадаж байна, үлгэр жишээ болж байна. Галзуу ажиллаж байна шүү дээ. Дусал ч амсахгүй өдөр шөнөгүй ажиллаад л байна.
Зүгээр л манайхан олж буй зүйлээсээ ханамж авахгүй юм. Наад зах нь Төв шуудангийн урд гутал тосолдог нэг нөхөр, ном зардаг бас нэг нөхөр хоёр их олон жил сууж байгаа даа. Гуталчин нь олсноо шууд л ууж орхино. Харин ном зардаг нь амьдралаа өөд татаад ахиж дэвшээд байдаг. Наанадаж л хүмүүст эрдэм мэдлэг түгээж байгаа юм шүү дээ. Ганцхан булан эргэхэд л ийм л ялгаатай байгаа биз. Болохгүй байна, би ядуу байна гэж төр рүүгээ нулимж байхаар ном зардаг нөхөртэй адил зүтгэ л дээ. Хөдөлмөрлө, олсноо юм болго, зорилготой золбоотой бай. Бид дандаа л муу муухай, болж бүтэхгүйг өлгөж авдаг. Нэг барилгаас төмөр унахад л бүх телевиз, сонин сэтгүүл нь гүйж очоод л хэдэн өдөр сенсаацлана. Тэдэнд төмөр унасан, хүн үхсэн, газар цус урсч байгаа нь л сонин болохоос яагаад төмөр уначихав гэдэг тийм ч чухал биш. Хэний ямар барилга вэ, хууль бус уу хулгайн газар уу гээд л бүр л муу, сөрөг юмны хойноос хөөцөлдөөд байдаг.
Жаахан өөдрөг байя л даа. Амьдралд сайхан зүйл олон бий. Япон, Солонгос, Африк, Америк гээд алтан нар бүгдийг адил ивээж байхад заавал сүүдэртэх албатай гэж үү. Хар бараан муу муухай руу тэмүүлэх хэрэг юу байна. Гэрэлд гаръя л даа. Харанхуй, хүйтэн ангал руу зүтгэж байхаар гэрэлд гарч нүдээ нээе Эерэг, өнгөлөг, гэгээлэг, сайн сайхан, болж бүтэж байгаа бүхнийг телевиз, сонин хэвлэлүүд түгээ. Нийгмийн энэ сэтгэлзүйг өөрчил л дөө. Гэрэлд гарцгаая.

0 Сэтгэгдэл
Аан бүх юманд ордог зураач
Энэ нөхөр хэдэн пянзны төлөө эх орноо худалдаж мэдэх шуналтай этгээд байна шүү. Жагсаж цугдасан иргэд юуг сэтгэлийн хөөрлөөр худлаа ярьсан болж байна? Одоо бол жаргалтай байна гэнэ ээ. Тиймээ чи нийгэмд юу ч бүтээгээгүй боловч юугаар ч дутахгүй байгаа бол нийгмийн баялагаас хулгайлагчидтай нэг халаастай гэдгийг чинь хэлээд өгч байна. Чиний жаргалтай байгаа нь бусад хүмүүс ядуу зовж зүдэрч байгаагаа хэлэхийг хориглох үндэслэл болохгүй л дээ хө хулгайч минь. Социализмын ялзралыг жинс мөрөөдсөн ийм л бэртэгчингүүд бий болгосон юм шүү дээ.
ЁСТОЙ ДОО МОНГОЛЧУУДЫН ҮНЭН БАЙДЛЫГ ХААШААЧ БУЛТАХААРГҮЙ ХЭЛЖЭЭ, ГАНЦХАН АЮУЛ НЬ ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУДАА 2 НАМД ХУВААГААД ЭЭЛЖЛЭН ТӨР ЗАСАГ БАРЬСАН НЭРТЭЙ АЛАЛЦУУЛААД БАЙХААР ЯАЖ ТҮРГЭН ХӨГЖИХ ВЭ ДЭЭ
zov shyy dee zuragt baga yzej bai dandaa saaral medee
gavyat zvtgelten absnaasaa hoish yum heleh geed bdag bolj. mongol tulgatnii 100 erhemd orson bn ter hemjeend oroh hvn bish shvv de. Sosorbaramiin naiz gedeg yum bilee. Bas yu genev niidleliin soeliin gazriin zovloh gel vv . iim l bna da
УГ НЬ МАШ САЙН ЗУРААЧ. ЯАГААД ДАНДАА СОЦИАЛИЗМЫГ МУУЛААД БАЙДГИЙ НЬ ГАЙХААД БАЙДГИЙН. ӨӨРӨӨ СОЦ-ЫН ҮЕД ӨСЧ ТОРНИОД, МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛ ОЛЖ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШСӨН ДӨӨ. ГАНХҮҮ ЭД НАР НЭГ Л ПЯНЗ ЖИНС ХОВОР БАЙСАН ГАДААД ЯВЖ БОЛДОГГҮЙ БСН Ч ГЭХ ШИГ ЖИЖИГ ЮМАН ДЭЭР ӨНГӨРСӨН ҮЕЭЭ МУУЛААД БАЙДГИЙН. ЖИНС ОЛЖ ӨМСӨЖ ЧАДДАГГҮЙ БСН ЮМ ШИГ БГН. ОДОО ЖИНСНЭЭС САЛАХГҮЙ ХАРАГДДАГИЙН. АЯГҮЙ БОЛ ЖИНСТЭЙГЭЭ УНТДАГ БАЙХАА.
Хамгийн их уншсан