Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын эцэслээгүй “ЭЗЭН-100” төсөл


Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд  30 минутанд танилцуулав. “ЭЗЭН-100” хэмээн товчлон нэрлэх төсөл нь УИХ-аар хэлэлцэж, батлаагүй гэдгийг сануулаад танилцуулгаа эхэлсэн юм. Үндсэн таван бүлэг асуудлаар эдийн засгийг эрчимжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих, уул уурхай-ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга-аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд ажлууд төлөвлөөд байгаа гэнэ. Тухайлбал, дотоодын ухаалаг хэрэглээг урамшуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөрөмжийн татварыг үйлдвэрлэл эхэлсний дараа авах, мөн тоног төхөөрөмжийн түрээсийн болон зээлийн даатгалын үйлчилгээний тогтолцоо бий болгох, тендерийн хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх зэрэг замаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх аж. Зам, барилга, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацааныхаа дагуу эрчимтэй үргэлжлүүлнэ. Түүнчлэн, импортыг орлож, экспорт нэмэх 888 төсөлд хөрөнгө санхүүжилт олгох ажлын ачааллыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд Чингис бондоос тодорхой эх үүсвэр шилжүүлснийг Засгийн газрын тэргүүн дурьдлаа. Учир нь дээрх 888 төслийн 550 орчим нь жижиг дунд үйлдвэрийн төсөл учир тус сангаар дамжуулан зээлийн дэмжлэгт хамрагдах нь илүү хөнгөн шуурхай байх аж. Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлуудын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллуулахаар болжээ. Танилцуулгын эцэст Ерөнхий сайд дараах асуултад хариу өгсөн юм.
-Засгийн газрын гишүүд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирсэн гэсэн. Аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц ямар байсан бол?
-Хэдэн өдрийн өмнө бид орон нутгаар явж ажиллаад цементийн гурван үйлдвэр үзлээ. “МАК”-ынх нэг сая, “Монполимет”-ынх нэг сая, гурав дахь нь 240 мянган тоннын хүчин чадалтай. Эдгээр нь ашиглалтад орсноор манай улс цементээ бараг бүхэлдээ дотоодоосоо  хангах юм. Үүгээрээ цемент худалдаж авахаар гадаад руу гардаг маш их хэмжээний ам.долларыг хадгалж чадна. Гэхдээ үйлдвэрийн барилгын ажил 70-80 хувьтай байгаа ч хөрөнгийн дутагдалтай учраас төрөөс зээлийн дэмжлэг хүссэн. Засгийн газар авч хэлэлцээд шийдвэр гаргах болно.
-Долоо хоногийн өмнө та АТГ, МАН ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн. Энэ нь таны хувийн бодол уу эсвэл Засгийн газрын байр суурь уу?
-Авлигатай тэмцэх газрын тухайд би хувь хүний байр суурь илэрхийлээгүй, Ерөнхий сайдын хувьд хэлсэн юм. Ямар үйл ажиллагаа буруу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засаг өсч, хөгжихөд АТГ-аас явуулдаг ажил маш их саад болж байна. Ялангуяа баялаг бүтээе, юм хийе гэж ярьж буй хүмүүсийг дарамталдаг, барьцаалдаг, шоронд хийдэг. Ийм үзэгдэл манай нийгэмд байж болшгүй зүйл.
-Засгийн газрын зүгээс нүүрсний салбарт ямар ахиц гаргаж байгаа вэ?
-Нүүрсний хувьд бид нэг хэсгийг экспортоор гаргана. Нөгөө хэсгийг тухайн орд дээрх нүүрс угаах үйлдвэрээр оруулж байгаа. Ер нь, цаашдаа аль болох угааж, боловсруулснаар нэмүү өртөг шингэнэ шүү дээ.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүн эдийн засагт хэрхэн тусах бол. Далд эдийн засгийг ил болгоно гэснийг тайлбарлахгүй юу?
-Бидний зэхээд байгаа “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүн гэвэл валютын ханш эргээд буурдаггүй юм гэхэд дахиж өсөхгүй байх боломжтой. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт бүрдэнэ. Инфляцид тийм ч их нөлөөлөхгүй. Далд эдийн засгийг ил болгох яриа юуг илэрхийлж байгаа вэ гэвэл таны асуусан шиг зүйл хийгдэх ёстой. Өнөөдөр манай зах зээлд эргэлддэг мөнгөнүүүд бэлнээр байдаг, тооцоонд ордоггүй. Үүнийг арилгах ёстой. Мөн өмч хөрөнгийн бүртгэл эзнийхээ нэр дээр байхгүй, эсвэл багасгасан үнээр бичсэн гээд олон зөрчил бий. Энэ болгоныг тодорхой болгочихвол Монгол Улсын эдийн засгийг идэвхжүүлэхэд, эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй.
-Гадаадын банкны салбар нээх тухай асуудал сайн, муугаар яригдаж байна. Таны хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Хуулиараа бүх шийдэл, зүйл нь Монголбанкинд хамааралтай юм билээ. Гэхдээ гадаадын банкууд салбараа ажиллуулахад болохгүй гэсэн зүйл огт байхгүй, нээлттэй. Өнөөдрийн байдлаар төлөөлөгчийн газрууд л үйл ажиллагаа явуулж байна.
-Өрийн хэмжээ хэрээс хэтэрлээ гэж сөрөг хүчин шүүмжилдэг. Гэтэл дахин нэмэх гэж байгаа гэсэн үнэн үү?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүргээд бид зээл авах, өр тавихаа зогсоосон шүү дээ. Өрийн хэмжээг 60 хувьд хүргэе гэдэг дээрээ бид хэвээрээ. Хуулийн төсөл боловсруулж, зохих журмаараа шийдвэрлэх байх. Түүнчлэн зөвхөн гаднаас 100 хувь зээл авах бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах гэдэгт илүү анхаарна. Жишээ нь, концессын гэрээгээр хийх ажилд л гэхэд тэрбум ам.доллар шууд орж ирэх юм.
-Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг огцруулсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч. Та гурван ч газрын дэд даргыг ажлаас чөлөөллөө, үндэслэл юу байсан юм бол?
-Дэд даргыг Ерөнхий сайдын захирамжаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Би өөрөө захирамж гаргасан, улсын нууцад хамаарах албан тушаал гэдгийг нь мэдэж байгаа.
-Буянт-Ухаа хороололд орон сууц авах иргэдийн сонгон шалгаруулалтад олон хүн эргэлзэх юм. Сугалаа, сонгон шалгаруулалтыг яаж явуулахаар болсон бэ?
-Энэ ажлыг дуусгахад Засгийн газраас юм уу, ТОСК-аас хамаарч хүлээгдсэн зүйл нэг ч байхгүй. Нийт 1700 гаруй орон сууцанд 8000 гаруй иргэний өргөдөл цугларсан. Өргөдлөө ТҮЦ машинаараа авсан. Одоо бүх материалд зөв бурууг нь шалгах ажил явагдаж байгаа. Энэ амралтын өдрүүдэд дуусах байх гэсэн дахиад долоо хоногоор хойшлох бололтой. Хоёрдугаарт, электрон сугалаа явуулъя гэж байснаа больсон. Хар төрүүлэхгүйн үүднээс телевизээр сугалааны азтан шалгаруулдаг шиг ил тод сугалаа явуулна.
-“Давхар дээл” тайлах асуудалд Засгийн газрын эсрэг санал өгсөн дөрвөн гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал ургах болов уу?
-Дөрвөн жилийн турш би Ардчилсан намыг толгойлж яваагийн хувьд барьдаг чиг шугам, үзэл баримтлалаа мэднэ. Гэхдээ сая манайхан аймаг, орон нутгийн гишүүдтэйгээ цахим хурал хийсэн гэсэн. Тэр хурлаар дөрвөн гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг шахсан юм билээ.
-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх арга хэмжээ авна гэсэн тантай холбоотой мэдээлэл гарсан?
-Буруу мэдээлэл байна. Би намаас хүн хөөдөг хүн биш.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан