Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чимээгүй аллага”-ын эсрэг бэлгэвчээ бэлд

Төгсөгчдийн хонхны баяр дуу дуугаа авалцаад өдөр алгасахгүй болж байна. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын гээд дэвшиж, ахих бүх л шатныхан төгсөлтийн баяраа тэмдэглэцгээх болов. Харин энэ хонхны гэх тодотголтой лонхны баярын эцэс төгсгөл гэж байхгүй. Өдийд бөөн бөөнөөрөө болдог ч гэсэн өвөл зунгүй, хаврын хавсрагад ч хүртэл болж л байдаг. Үүний гол шалтгаан нь мэдээж манай улс их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэгийнх. Харин хонхны баяраас үүдэлтэй балаг ч нэг хэсэгт нь тулгарч байхад, нөгөө хэсэгт нь харин ч баяр баясгалантай зүйл болох. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед эмэгтэйчүүдийн эмнэлэгийн данс зузаарч, тэр хэмжээгээрээ нүгэл үйлддэг. Учир нь, хонхны баярын дараа үр хөндөлт эрс нэмэгддэгийг зарим эмч хувийн судалгаагаар нотолсон байдаг аж.

Нийслэлийн хэмжээнд 120 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүрэн бус тооцоо байдаг тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын гаргасан судалгаа байдаг. Энэ зөвхөн бүртгэлтэй байгаа нь. Тэгвэл үүнээс цаана зөвшөөрөлгүйгээр хэчнээн эмнэлэг “аллага” үйлдэж буйг таамаглахын аргагүй. Эдгээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа хүсээгүй жирэмслэлтийн гэрчийг устгах буюу үр хөндөлт. Тэгвэл бүртгэлтэй байгаа 120 гаруй эмнэлгийн 16 нь л “аллага” хийх зөвшөөрөлтэй аж. Бусад нь бол монголын хүн амын өсөлтөд бодитоор саад учруулж буй.

Энэ жилийн хувьд л гэхэд 160 гаруй их, дээд сургуулийг 30 гаруй мянган оюутан төгсөхөөс 70 гаруй хувийг нь охид эзэлж байгаа аж.
Бэлгэвчний хэрэглээ гуравхан хувьтай байдаг манай улсын хувьд дээрх тоо мэдээж эрсдэл өндөртэй гэсэн үг. Эрдэлтэй ч гэж дээ, төгсөлтийн баяр тэмдэглэсэн болгон хотоос хэдэн км-ын цаана байрлах амралт, жуулчны баазад очиж хоёр, гурван хоног архиддаж, хонх бус, хундага жингэнүүлэн наргидаг жамтай. Харин зүй бус архидалтыг харж, хандаж, зохицуулж байх ёстой багш нь өөрөө гол дүрд нь тоглож шавийгаа архиар угжиж, тасраад унахаар нь үүрээд гүйж байгаа юм чинь эрсдэл гэж бөөрөнхийлөөд ч яахав. Өнгөрсөн жил нэгэн дээд сургуулийн багш залуу төгсөх ангийнхаа охиныг тасалчихаад мод руу үүрч гүйж яваад ангийнханд нь баригдаж хөгөө хөлдөө чирсэн гэх. Баригдаад зогсохгүй, “Миний хүсэл, мөрөөдлийг биелүүлээд өгөөч” хэмээн согтуурхаж уйлж унжиж байсан гэж үйл явдлын гэр болсон залуугийн амнаас сонсов. Харин тэр увайгүй эр одоо хүртэл тэр сургуульдаа багшилж буй гэнэ. 

Харин дээрх эрсдэл мэдээж санхүүгийн хувьд чадамжгүй, үр хөндөлтөөр голоо зогоодог хувийн эмнэлгүүдэд бөөн олз гэсэн үг. Тэд “хутгаа хурцлаад” л сууж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 12492 эх үр хөндүүлж, төдий чинээ монгол иргэнийг цааш харуулсан гэх статистик тоо гарчээ. Үүнээс нийслэлд 8214 нь байх юм. Гэтэл энэ даамжирсан хууль бус “аллагад” Эрүүл мэндийн яам гэх амаа үдүүлж, чихээ бөглүүлсэн юм шиг чимээгүй газар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй бололтой. Авдаггүй бололтой ч гэж. Угаасаа энэ яамныхан огт дуугардаггүй юм чинь ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Уг нь, үр хөндөлтийн эсрэг тухай хууль байдаг юм билээ. Харин хаана хэзээ хэрэгждэг гэдэг нь одоо болтол тодорхойгүй, хэвээр.

Тэгэхээр оюутнууд хонхныхоо баярын бэлтгэлдээ бэлгэвчээ хамтад нь базаа. Тэгэхгүй бол улаанд амташсан хэрээ шиг хувийн эмнэлгийнхэн цаана чинь үнэ ханшаа бага зэрэг хямдруулаад сууж байгаа нь ойлгомжтой. Жуулчны баазууд ч гэсэн бэлгэвчээ базаахад буруудахгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан