Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Кожеговь”-ийн удирдлагууд ургийн гажигтай төлтэй нүүр тулжээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулын ажиллагаа явуулж буй “Кожеговь”-ийн ажлын талбарт иргэний нийгмийн төлөөллүүд очоод иржээ. Тус суманд “Арева” компани ураны хайгуул явуулах болсноор малаас ургийн гажигтай төл гарсан, хүүхдийн өсөлт муудсан, иргэдийн биеэр юм туурсан, элэгний вирусээр өвчлөх нь нэмэгдсэн гэх элдэв таагүй мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд “Кожеговь”-ийн удирдлагыг ургийн гажигтай төлтэй “нүүр тулуулсан” гэнэ. Учир нь, очих тухайгаа аймгийн Засаг дарга, “Кожеговь”-ийн удирдлага, Улаанбаатар хот дахь толгой компани болох “Арева”-д мэдэгдсэн боловч Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон нутгийн иргэдэд нэлээд хүндэтгэлгүй хандсан аж.
Арга ядахдаа ургийн гажигтай хэд хэдэн төлийг компанийн захиргааны цонхоор оруулж, цаашлаад гомдож, цөхөрсөн  иргэдийн хамт өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэний эцэст шаардах бичиг өгөөд иржээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ш.Равдангаас энэ талаар тодрууллаа.


-Газар дээр байдал ямар байна вэ?
-Малчид үнэхээр гомдолтой байна. Товлосон бус, замд таарсан айлуудаар ороход хогийн цэгтээ хоёр, гурав цаашлаад 20 гаруй гажигтай төл хаячихсан айл ч байна. Ургийн гажигтай төл урт амтай, нүдгүй, үсгүй, туурайгүй гээд харахын эцэсгүй.  Тэнд урт чихтэй, давжаа биетэй ишигний сүрэг үүсчихсэн байна. Малаараа амьжиргаагаа залгуулдаг малчид өнөөдөр амьдрах аргагүй болж. Гажигтай төл гарч, эндээд байхаар юугаараа амьжиргаагаа залгуулах юм бэ. Аймгийн төв орж мах, сүүгээ борлуулах гэхээр Улаанбадрах сумынх гээд авах хүн олдохгүй, хэцүү гэж малчид нь ярьж байна. Гол нь, мал нь үхээд байхад албаныхан “Малчид бидэнтэй хамтран ажилладаг. Биднийг дэмжиж байгаа” гэх утгатай мэдээлэл хийж, зовлонгоор нь жаргал хийж байгаад бүр ч их бухимдаж байна. Бид Аргалант багийн 100 гаруй  иргэнтэй уулзсан. Тэдний 70 гаруй нь эсэргүүцлээ илэрхийлэхээр бидэнтэй хамт “Кожеговь” руу явсан.

-Аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар байр суурьтай байх юм?
-Аймгийн Засаг дарга “20-хон төл гажигтай гарсныг та нар 80 болгож дэвэргэлээ” гэсэн.  Захын айлын хогонд гажигтай төл нь хэвтэж байхад ийм юм яриад сууж болохгүй. 14 хоногт нэг удаа хайгуулын талбайн ойр орчимд ариутгал хийдэг гэсэн. Газар дээр нь очиж танилц гэсний дагуу аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга нь цуг явахаар болсон юм. Гэвч малчид цуглан хүлээсэн боловч цаг агаар муу байна гээд хэн ч ирээгүй. Биднийг “Кожеговь” руу явахтай зэрэгцэн аймгийн төвөөс гурван машинтай цагдаа нар гарсан гэх мэдээлэл ирсэн. Хамтарч ажиллая, нэг ойлголттой болъё гэж байхад бидний эсрэг цагдаа явуулж байгаа нь энэ. Иргэд компанийнхантай уулзах гээд очихоор хашаанаасаа 200 метрийн зайтай зогсоогоод “Та нар нэвтрэх эрхгүй” гээд оруулдаггүй байсан юм билээ. Малчин ард Монголын газар нутагт гишгэх эрхгүй болчихсон юм байна.

-Тэнд хайгуул, олбор­лолтын хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Нийтдээ 17 компани байдаг юм билээ. Хамгийн их хор уршиг тариад байгаа нь “Кожеговь”.  Энд зөвхөн Улаанбадрах сумынхан хорд­сон юм биш. Цацраг идэвхт бодис агаар мандалд цацагдсан тохиолдолд салхиар тээвэрлэгдэн тархдаг. Тиймээс Зүүнбаян гээд зэргэлдээ сумынхан ч хордох нь гарцаагүй. 

-3,4 нас хүрсэн хүүхэд ярьж, явж чадахгүй байна гэх мэдээлэл гарсан байна лээ?
-Тийм ээ. Өмнө нь, дөр­вөн настай хэрнээ элгээрээ мөлхдөг, хэл ярианы хөгжил­гүй хүүхэдтэй айлд очсон. Сая очиход хүүхэд нь дэн дун явж эхэлж байна лээ. Иргэд нь уушгигүй болж байгаа юм байна. Тэр байтугай ямаа муулахад уушги нь хар хөх өнгөтэй болчихсон байсан. Зүсэхээр дотроос нь идээ бээр гарсан. Тэгэхээр нэг агаараар амьсгалж байгаа хүн адилхан хордсон нь тодорхой.

-Та нар ямар шаардлага өгсөн юм бэ?
-Үйл ажиллагаагаа зогсоо гэж шаардаж байгаа. Хүн, малгүй хордоод баймааргүй байна. Энэ бол уран эсэргүүцэгч иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл биш иргэд, малчдын шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Бидний хариуг 14 хоногийн дотор өгөх байх. Хэрвээ товлосон хуга­цаанд шаардлагын ха­риуг өгөхгүй бол тэмцлийн дараа, дараагийн алхамд шилжинэ гэдгээ мэдэгдэж байна. Анх лиценз авахдаа тэд ямар ч хоргүй, алт зэс олборлохтой л адил гэж байсан. Тэгвэл өнөөдөр уран шиг хортой юм байхгүй гэд­гийг ард түмэн биеэрээ мэ­дэр­­­лээ. Улаанбадрахын асууд­­­­лыг хөндөхөд хэн нэг албан тушаалтан цөмийн тех­но­ло­гийн дэвшил ярьдаг. Ир­гэ­­ний нийгмийн дуу хоо­лойг дарах гэсэн явуургүй үйл ажиллагаа явуулахаа болиосой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан