Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Живсэн онгоцноос амь өрсөн зугтааж буй ахмадын бичлэгийг дэлгэлээ

Өмнөд Солонгосын живсэн хөлөг онгоц Севолын ахмад хэрхэн хамгийн түрүүнд амь аврагдаж буйг харуулсан бичлэгийг өчигдөр Солонгосын эргийн хамгаалалтын албанаас олон нийтэд дэлгэн үзүүллээ. Эргийн хамгаалалтын албаныхан бодит байдлыг харуулсан бичлэгийг нуун дарагдууллаа гэсэн шүүмжлэлд өртсөний дараа яг ослын үеэр өөрсдийн хийсэн хоёр цаг орчмын бичлэгээс 10 минутын дүрсийг нь таслан авч харуулсан нь энэ юм. Уг дүрс бичлэгт гарч буйгаар бол эргийн хамгаалалтын албаны завь 9 цаг 30 минутын үед Севол хөлгийн орчимд ирэхэ д онгоц аль хэдийнэ 50-60 хэм хазайчихсан байжээ. Хамгаалалтынхан онгоц руу хэтэрхий ойртох нь аюултай гэж үзээд дөхөж очоогүй бөгөөд онгоцны тавцан дээр ил байсан хүмүүс болон ус рүү үсэрсэн зорчигчдыг хамгийн түрүүнд аварчээ. Онгоцны ахмад Ли Жон Сок хамгийн эхэнд аврагдсан хүмүүсийн дунд байсан бөгөөд дотуур өмдтэйгөө явж байсан түүнийг аврагчид хөлгийн ахмад гэж мэдээгүй гэнэ. Энэхүү бичлэг олон нийтэд хүрснээр хохирогчдын ар гэрийнхэн болоод нийт олны дургүйцлийг асар их төрүүлж, хөлгийн багийнхныг жигшихийн зэрэгцээ эргийн хамгаалалтынхан, аврагчид үнэхээр хангалтгүй ажилласан байна хэмээн буруутгаж байна.
Гэхдээ тухайн үед аврагчид онгоц руу орох гэж оролдсон боловч өөрсдөө хүртэл гэмтэл авч, дотогш нэвтэрч чадаагүй гэж учирлаж байна.

 Тэд дотогш орж чадаагүй ч гаднаас нь чанга яригчаар онгоцноос хурдхан гарч, ус руу үсрэхийг зорчигчдод анхааруулсан гэж хэлж байгаа юм. Гэвч эргийн хамгаалалтынхан албан үүргээ гүйцэтгэж чадаагүй, хаалга цонхыг ямар ч аргаар болов эвдлээд дотогш орж, зорчигчдод гадагш гарахыг анхааруулах ёстой байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэд ус руу үсэрсэн хүмүүсийг ганц нэгээр нь аврахад хамаг анхаарлаа тавьснаас зорчигчдын дийлэнх нь гацчихаад байсан онгоц дотроос хүний амь аварч чадаагүй гэж буруутгаж байгаа юм.
Эргийн хамгаалалтын албаны энэ бичлэгээс гадна олныг маш ихээр бухимдуулж, гашуудахад хүргэсэн өөр нэг дүрс бичлэг өчигдөр телевизээр цацагджээ. Онгоц живэх үед дотор байсан зорчигчид хэрхэн сандарч тэвдэж, тусламж ирэхийг хүлээж буйг харуулсан уг бичлэгийг амиа алдсан нэгэн хүүгийн гар утаснаас олсон байна. Хүү хэдий амиа алдсан ч гар утасных нь мемори карт эвдрээгүй байсан учир түүнд бичигдсэн дүрс бичлэгийг ар гэрийнхэн нь телевизэд өгчээ.
Уг бичлэгт “Онгоц хазайгаад байна аа. Хөдөлж чадахгүй нь” хэмээн сандарсан дуу хоолой, “Би ингээд үхэх юм гэж үү” хэмээн уйлах дуу сонсогдож байжээ.
Эргийн хамгаалалтынхан очмогцоо зорчигчдыг онгоцноос гарахыг сануулсан гэж байгаа ч уг гар утасны бичлэгт “Байрнаасаа хөдөлж болохгүй. Байрандаа үлдээрэй” гэсэн зар л сонсогдож байжээ. Чухам ямар аюултай нөхцөл байдалд орсноо сайтар ухаараагүй хүүхдүүд тоглоом шоглоом хийсэн яриа ч бичлэгт үлдсэн байна. Мөн аврах хантааз хайсан, сандарсан, уйлсан гээд янз бүрийн зорчигчдын үг яриа, дуу хоолой бичлэгт үлджээ.
Энэ сарын 16-нд Жиндо арлын орчимд осолдсон Севол усан онгоцонд 470 гаруй зорчигч явснаас одоо хүртэл 109 зорчигчийг олоогүй байгаа юм. Одоогоор 193 хүн амь үрэгдсэн нь батлагдсаны дотор онгоцны нэг өрөөнөөс бүгд аврах хантааз өмссөн 40 гаруй охины цогцос олдсон юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан