Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид химийн бодисын хуримтлалаа хэрхэхээ мэдэхгүй байна


Олон нийтийг хамарсан химийн бодисын хордлого нэлээд гарах болсон. Уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжихтэй зэрэгцэн химийн хорт бодис аюултай түвшинд хүрлээ, хяналтгүй тархаж байна гэх хардлага иргэдийн дунд байсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын олборлолтоос үүдэн гажигтай төл гарч, малчид химийн бодист хордож байна хэмээн Иргэний нийгмийн байгууллагууд мэдэгдэх болсон. Тэгвэл энэ асуудлаар албаныхан чуулж “Химийн бодис-Амьдрах орчин-Эрүүл мэнд” сэдвээр ярилцлаа. Тус форумыг ЭМЯ, БОНХЯ, ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулж, химийн бодисын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийслэл болон орон нутгийн төрийн захиргаа, олон нийтийн байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт өвчлөлийн 40 хувийг хорт бодисоос үүдэлтэй, халдварт бус өвчин, харшил, удамшлын өвчин эзлэх болсон гэнэ. Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох 10 өвчний жагсаалтад хордлого, осол гэмтэл багтсан бол үхэлд хүргэсэн тохиолдлоор сүүлийн таван жилд эрсдэл ихтэй өвчин эмгэгийн жагсаалтын таваас гуравдугаар байр руу ахижээ. Өөрөөр хэлбэл, химийн хорт бодисоос үүдэлт өмчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх судалгаа, оношилгоо, эмчилгээ эмнэлгийн тусламжийг сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхий нийтийн хөгжлийн энэ сөрөг хандлага манай оронд байгаа гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч эхэлжээ. 1994 онд явуулсан улсын үзлэгийн дүнгээр 1300 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн бодис хаягдаж буйг тогтоожээ. Түүнчлэн 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хий хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бо­дисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэв­тэн эмч­лүүлснээс 21 хүн нас барсан гэх статистик мэдээлэл байдаг аж. Хөгжил, хот төлөвлөлт бо­­лон суурьшлын сөрөг үр дага­вар болсон агаарын бо­хир­­дол сүүлийн 10 жил хүн ам төвлөрсөн хотуудын гол асуудлын нэг болж, Улаан­баатар дэлхийн хамгийн өндөр химийн бохирдолтой хотын тоонд орох болсон нь нууц биш.  Багануур, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Төв аймаг бо­лон нийслэлд олон нийтийг хамар­сан химийн хордлого гарч, байгаль орчин, хүний эрүүл мэндийг хордуулж бай­гааг чуулганд оролцогчид дур­даж байсан юм. Хүн ба амьд­рах орчин, ахуйн химийн бодисын аюулгүй байдлыг батал­гаажуулахад чиглэсэн олон улсын туршлагад тулгуур­лан шинжээч, судлаач, мэр­гэж­лийн байгууллагуудын үнэл­­гээ, дүгнэлт судалгааны мате­­риалд тулгуурлан боловс­руулж, төр засгийн өмнө нэгд­мэл зорилт болгон дэвшүү­лэх нь чуулганы зорилт гэнэ. Мөн химийн бодисын ашиг­лалт хамгаалалтыг сайж­руу­лах замаар байгаль орчин хү­ний биед үзүүлэх хор нө­лөөл­лөөс урьдчилан сэр­гий­лэх, хордлогын эрүүл мэн­дийн тусламж үйлчилгээг бо­ловс­ронгуй болгох, химийн боди­­сын дэгдэлт тохиолдлын үед хордлогын яаралтай тус­ламж, эрчимт эмчилгээний менеж­ментийн салбар дундын ажил­лагааг тогтворжуулах та­лаар нийгмийн эрүүл мэнд, ана­гаах ухааны арга зүйг бо­ловс­руулах, үндсийг тогтоох аж.
Нийгмийн эрүүл мэнд, судлалын үндэсний хүрээлэнгийн  Хор судлалын хэлтсийн эрхлэгч Ш.Өнөрсайхантай цөөн хором ярилцлаа.

-Химийн аюулгүй байд­лын менежмент манай улсад ямар түвшинд байна вэ?
-Химийн бодисын аюулгүй байдлын менежмент гэдэг нь химийн бодисыг хадгалах хамгаалах, экспортлох, импорт­лох, хэрэглэх устгах хүртэлх бүхий л шатыг хэлдэг. Энэ бүх шатанд аюулгүй байдлыг хангаж байж, аюулгүй байдлын менеж­мент хангагдсан гэж үздэг. Манай улсын тухайд хи­мийн бодис үйлдвэрлэдэггүй учраас экспортын асуудал байхгүй. Харин тодорхой хэдэн боомтоор дамжуулан импор­тоор оруулж ирдэг. Гэхдээ БОНХЯ-наас  химийн бодисын импортыг тодорхой хэмжээнд хориглож эхэлсэн. Хэрэглээ, хадгалалт хамгаалалтын тухайд цахим бүртгэл хийдэг болсноор нэлээд цэгцэрсэн. Манай улсад химийн бодисын устгал хамгийн том анхаарал татсан сэдэв болоод байгаа.

-Тодруулбал?
-Монгол Улсад химийн бодисын хуримтлал нэгэнт бий болсон. Гэтэл түүнийг устгах цэг, арга  байхгүй. Химийн бодис хүрээлэн буй орчинд тархсан, агаар ус хөрсөөр дамжин хүний биед нөлөөлсөн зэрэг бүх асуудлыг цогцоор нь ярихгүй бол тухайн нэг байгууллага дангаараа шийдвэрлэнэ гэдэг бүтэшгүй. Тиймээс энэ бүхнийг ярилцахаар ОБЕГ, Хууль зүйн яам, БОНХЯ, МХГ, Хөдөө аж ахуйн яам, ЭМЯ зэрэг олон байгууллага хамтран форум зохион байгуулж байгаа нь энэ. Маш олон сэдвээр анхаарал татсан сонирхолтой тоо баримт тавигдаж буй илтгэлд дурдагдаж байна.

-Иргэд химийн бодист хордсон тохиолдол хэр байна вэ?
-Хордлого их байдаг. Хорд­логын яаралтай туслам­жийн үндэсний төвд хурц хэлбэ­­рийн хордлоготой, Мэргэжлээс шалтгаалах өвчин судла­лын үндэсний төвд архаг хэлбэрийн хордлоготой хүн хэвтэн эмчлүүлдэг. Өнгөрсөн арван жилд эдгээр эмнэлэгт эмчлүүлсэн хүний тохиолдлоос харахад хамгийн их нь угаарын хийн хордлого. Угаарын хий  хүний биед маш аюултай. Нүүрстөрөгчийн дутуу исэл хүний цусанд хүчилтөрөгчийн блок үүсгэж хордуулдаг. Ийм тохиолдолд хоёрхон цагт амжиж тусламж үзүүлэх шаардлагатай. Үүний дараа цууны хүчлийн хордлого орж байгаа юм. Санаатай болон санамсаргүй байдлаар ууж улаан хоолойгоо түлдэг. Өнгөрсөн жил Засгийн газраас тогтоол гарч, 23 хувиас дээш агууламжтай цууны хүчлийг им­портлохыг хориглосон. Мөн хүнд металлын хордлого элбэг тохиолдож байна. Алтны олборлолт задгайрсантай хол­боотойгоор мөнгөн усны асуу­дал гарч ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хар тугалга, хүнцлийн хордлогууд удаах байруудад орж байна. Худаг гэхэд хүнцлийн агууламж ихтэй байдаг. Энэ бүхнийг судалж, хянаж, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцоход холбогдох салбарууд хамтарч ажиллах хэрэгтэй л дээ.

-Химийн бодисын хорд­логыг архаг, хурц гэж ангил­даг нь ямар учиртай юм бэ?
-Тунгийн хамаарал болон хугацаагаар нь ангилдаг. Хорт бодистой орчинд байгаа хүн урт хугацаанд бага тунгаар амьсгалаад хордвол архаг хордлого болдог. Богино хугацаанд их тунгаар амьсгалбал хурц хордлогод тооцдог юм.

-Улаанбаатар агаарын бохирдолтой хотуудын жаг­­­саал­тын дээгүүрт би­чиг­­дэж эхэлсэн. Энэ нь ня­райн эндэгдэл, гажиг, ду­туу төрөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж  байна гэдэгтэй та санал нэгдэх үү?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол сэтгэл эмзэглүүлэм байгаа нь үнэн. Агаар нь өөрөө хий байдалтай, химийн бодисын найрлага. Тэр утгаараа азотын дутуу исэл, автомашины яндангаас болон нүүрсний утаанаас гарч буй хүхрийн дутуу исэл зэрэг бодис хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Ялангуяа, өвлийн улиралд. Гэхдээ ургийн гажгийн тухай ярихад үүний 80 -аад хувь нь удамшлын болон вирусийн гаралтай өвчлөлөөс шалтгаалдаг. Агаарын бохирдол зөвхөн эрсдэлт хүчин зүйл болохоос яг ургийн гажигт нөлөөлөгч биш л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан