Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Саранчимэг: Энэ зунаас иргэдэд үйлчлэх төв ажиллана

 “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ байгуулагдаад багагүй хугацаа үдэж буй. Нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг болсон тус цэцэрлэгт хүрээлэнд энэ жил ямар ажил хийхээр төлөвлөснийг тус газрын дарга Б.Саранчимэгээс тодрууллаа.

-Үндэсний цэцэрлэгт хү­рээлэнд энэ жил ямар ажил хийх вэ?
-Аливаа төсөл төлөвлөл­тийнхөө дагуу явбал хойч үедээ хэрэгтэй, урт удаан настай бүтээн байгуулалт болдог. Тийм ч учраас цэцэрлэгт хүрээлэнг байгуу­лахаас өмнө хийсэн судал­гааныхаа дагуу төлөв­лөлтөө гаргаж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруу­лан хэлэлцүүлснээр 183 га газрын  ерөнхий төлөвлөлт батлагдсан юм. Ингээд ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлын зургууд гарс­наар тендер зарлаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өнөөгийн байд­лаар үндэсний цэцэр­лэгт хүрээлэнд 110 мянга гаруй мод сөөг 95 хувьтай ургаж байна. Энэ жил нэмж мод ургамал тарьж, зүлэгжүүлэхээс гадна спортын талбай, 2,5 км явган хүний болон дугуйн, цасны зам ашиглалтад оруулах төлөв­лөгөөтэй байна. Мөн ирэх зургадугаар сараас Иргэдэд үйлчлэх төв маань үйлчилж эхэлнэ.

-Өнөөгийн байд­лаар цэцэрлэгт хүрээ­л­энгийн нийт талбайн хэ­дэн хувийг ногоон бай­гууламж эзэлж байна вэ?
-100-га газарт мод ургамал тарьж, зүлэгжүүлсэн. Дээрээс нь бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэж байна. Судалгаагаар манай хүрээлэнгийн хөрсөнд 23 нэр төрлийн мод ургах боломжтой гэсэн дүн гарсан. Энэ судалгаанд үндэслэн төрөл бүрийн мод тарих юм.

-Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ аялж, зугаалж байгаа иргэдийн хувьд худал­даа, үйлчилгээ дутаг­далтай байна гэж хэлдэг л дээ. Энэ чиглэлийн ямар ажил хийх юм бол?
-Үндэсний цэцэрлэгт хүрээ­лэн парк биш. Иргэ­дийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж дугуй унах, эрүүл агаарт алхах нөхцөлийг л бүрдүүлсэн газар. Тиймээс цэвэрхэн орчин, ногоон байгууламж, зам талбайтай байх ёстой.  Мэдээж, иргэдийн амарч тухлах газар гэдэг утгаараа худалдаа үйлчилгээний цэг шаардлагатай. Ямар ч гэсэн ТҮЦ ажиллах цэгүүд тодорхой болж, ажиллуулах хүмүүстэй нь гэрээ хийгээд явж байна. Харин нэг асуудалтай зүйл нь бие засах газар. Бие засах газар барих гэхэд ундны усны эх үүсвэрийн асуудал хөндөгдсөн учраас больсон. Тиймээс одоогоор био бие засах газар байгуулсан, удахгүй “Сити” нийтийн бие засах газар ашиглалтад орно.

-20 гаруй нэр төрлийн мод тарих боломжтой гэсэн. Харшлын нэр төрөл нэмэгдэж, дэлхий нийтийн анхаарал татаж буй өнөө үед чимэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг бодолцсон ургамал, мод тарих ёстой байх?
-Хүмүүс биднээс яагаад том мод тарьдаггүй юм бэ гэж асуудаг л даа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахын тулд мод бойжуулах талбайтай байх ёстой. Гэтэл манайд мод шилжүүлэн суулгах, бойжуулах газар алга. Бид өөрсдийнхөө нөөц боломжоор бойжуулах талбайтай болсон. Тэр маань ч үр дүнгээ өгсөн. Гэхдээ  бойжуулах талбайг төр бодлогоор дэмжих ёстой. Агаар, хөрсний бохирдол яригдаж буй өнөө үед ногоон байгууламж хамгийн чухал шүү дээ.

-Ботаникийн  хүрээлэн­тэй хамтран ажиллаж бол­доггүй юм уу?
-Тэднийх судалгааны талдаа шүү дээ. Шилжүүлэн суулгах боломж байдаггүй. Гэхдээ бидний нөөц болом­жиндоо тулгуурлан байгуулсан мод бойжуулах талбай маань болдог юм байна гэдгийг харуулж чадсан гэж боддог. Мод нялх хүүхэдтэй л адил. Иймд цаашдаа мод суулгахдаа арчлалтын зардалтай нь заавал төсөвт суулгаж байхгүй бол арчлалт, хамгаалалт орхигдчих гээд байдаг талтай. Манай цэцэрлэгт хүрээлэнд олон байгууллага мод тарьдаг ч эргээд арчлахаа март­даг. Хариуцсан газрын хувьд ма­найх арчлах ёстой ч, энэ талын хөрөнгө заавал суулгаж байх ёстой юм байна.

-Жуулчны гудамжийг өөрчилж байгаатай холбоо­той­гоор хөшөөг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шил­жүүлье гэхэд аваагүй гэсэн. Уг нь, иргэдийн амралт, зугаалгын газарт хөшөө дурсгал байвал чимэг болох юм шиг?
-Ер нь, дүүргийн өмчийг нийслэл толгой мэдэн шил­жүүлэх  эрхгүй байдаг. Тиймээс буцаасан.  Цааш­даа цэцэрлэгт хүрээлэн төлөв­лөлтийнхөө дагуу л явна. Ямар мод тарих, хаана нь юу байхаар зураг төсөлд тусгасан байна, тэрийгээ л хийнэ. Энэ аятайхан юм, тэр зүгээр ха­раг­дана гээд аваад байвал төлөв­лөлтөөсөө гажчихна шүү дээ.

-Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад дөрвөн жил болж байна. Хэдэн жилийн дараа зурагт тө­сөлд тусгаснаараа хотын хам­гийн гоё газар болох вэ?
-Бид шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай ажил­лана. Санхүүгийн бэрх­шээл тулгарахгүй бол 10 жилийн дараа гэхэд үндэсний цэцэрлэгт хүрээлэн жинхэнэ утгаараа бий болно. Бид цаашдаа 300 автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагс, хөлбөмбөг, тен­нис­ний талбай, дугуй болон гүйлтийн хосолсон зам, авто­матжуулсан усалгааны систем, нийтийн бие засах газар, ах дүү хотууд болон хам­тын ажиллагаатай хөрөнгө оруу­­­лагч байгууллагуудын нэ­рэмжит бичил төглийг бий болгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан