Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рейхстаг дээр “Энд Н.Дубровский ирлээ” гэж бичсэн дээ

Хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас аварсан аугаа их ялалтын өдөр-Тавдугаар сарын 9 ойртсоор. Дэлхийн хоёрдугаар дайны галыг сөрж Берлин хүрсэн ахмадуудаас тун цөөхөн нь амьд үлдэж. Фашизмын ичээ Берлин хүртэл тулалдаж явсан чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа 91 настай Николай Васильевич Дубровский ингэж ярьж байна.
       
Цэрэг татлагын комисст

Би Красноярскийн хязгаарын Ачинскийн районы Березовка тосгоны уугуул. 1941 оны зургадугаар сарын 21-ний бямба гаргийн орой анх удаа хөрш тосгонд болсон үдэшлэгт оролцлоо. Өгөө болж байхад гэртээ ирээд өвсний хашаанд унтаж өглөө. Өдөр 11 цаг болж байхад сэрвэл гэрт нам гүм. Хойд эхээсээ аавыг асуувал “Тосгоны зөвлөл рүү явсан. Дайн эхэлчихэж” гэх нь тэр.
Би ч комсомолын гишүүн болохоор бас тийшээ очлоо. Комсомолчууд ямар ч яриагүйгээр л “Бүхнийг фашизмтай хийх тэмцэлд” гэсэн шийдвэр гаргалаа. Бөөнөөрөө Ачинскийн цэргийн хэлтэст очлоо. Харин тэд “Гэртээ харьцгаа, та наргүйгээр явах залуучууд зөндөө байна” гэх нь тэр. Бид няцсангүй 63 км явган явж районы төв хүрлээ. Тэнд арай гэж ярьсаар бидний тавыг цэрэгт авч, биднээс гурван сараар дүү нэгнийг минь л авсангүй. Манай найз Лешка “Яаж тосгон руугаа ганцаар буцах юм бэ. Арми намайг авсангүй, ёстой ичмээр юм. Надтай бүсгүйчүд үерхэхгүй дээ” гээд уйлж байж билээ.
Ингээд л биднийг Эрхүүгийн нисэхийн механикийн сургуульд илгээсэн юм.

""Итальяно""

Дөрвөн сар сургууль хийлгээд биднийг Москва орчмын Серпухов руу илгээлээ. Тэнд хоёр сар хамгаалалтын зурвас байгуулах ажилд оролцоод байтал цуваанд оруулж фронт руу явуулсан даа. Ингээд 1942 оны арван нэгдүгээр сарын 18-нд амьдралдаа анх удаа тулалдаанд орж давшиж байлаа.
Бид яг Доны эрэг дээр байхад ротын захирагч “24,00 цаг гэхэд мөсөн дээгүүр гол гаталж нөгөө эрэгт гаран фашистуудыг цохин байрлал эзэл” гэсэн үүрэг өгсөн юм.
Эрэг огцом, бас цастай, Бид жадтай, олсоор шат хийгээд л давшиж эхэлсэн.  Эхлээд их буугаар галын бэлтгэл хийсэн ч гэсэн фашистууд хүчтэй эсэргүүцэж байсан шүү. Өглөө үүр цайж байхад бидний түрүүч арай гэж эрэг дээр гарч байлаа. Фрицүүд гараа өргөж “Итальяно, итальяно” гэж хашгирч байсан. Тэгэхнээ бидний өөдөөс италийн наймдугаар арми тулалдсан юмсанж. Ингэж бидний анхны олзолсон дайсан маань итали цэрэг байсан юм.

Хэдхэн минутын өмнө ярьж байсан хүн минnй гар дээр үхэж байсан даа


Хамгийн хүнд тулалдаан Воронежийн тэнд Просяное тосгоны төлөө тулаан байсан. Тосгоныг бид хоёр удаа эзэлж, хоёр удаа алдсан юмдаг. Одоо ч гэсэн санаанаас гардаггүй юм. Хоёр дахь дайралт эхлэх гэж байхад танк эсэргүүцэх салааны дарга нэг бага дэслэгч ирээд, та нарт хүч нэмж ирлээ гэж илтгэсэн. Ердөө 5-6 минут бид ярилцаад л тосгон руу давшиж эхэлсэн. Нэг байшин эзэллээ. Дахиад  нэгийг эзлэхийн тулд булан тойроод л......Гэтэл тав зургаан дайсан гарч ирээд гал нээхэд хэвттэл ард өнөө бага дэслэгч унаж харагдсан. Нэр хаягийг нь ч мэдэж амжаагүй тэр залуу бид хоёр хэдхэн минут л танил байсан даа. Үхэлтэй ингэж бараг арван хэдэн удаа тулгарсан шүү. Давшаад, ухраад л ...Тэгэхэд ёстой гүйлт харайлтын дэлхийн дээд амжилт тогтоож байсан байлгүй. Тэнд нэг гүүрэн дээгүүр гүйж байтал их бууны сум шуугиалд л ирсэн, Харайгаад л гүүрнээс унахад дэлбэрэлт болсон. Одоо ч гэсэн баруун чих маань муу сонсдог юм.
       
Санаад оромгүй зүйл

Дайны бэрхийг туулж яваа цэрэг хүн гэдэг өчүүхэн зүйлд ч гэсэн баярладаг юм. Нэг удаа намайг намын хурлаар оруулж намын орлогчоор элсүүллээ. Одоо болтол энэ мөчийг би санасаар байдаг юм. Тэгээд дивизийн намын комиссын хурлын дараа бүгдээрээ ваннд орж билээ. Фронтод байлдаж шавар намаг, ус бороо туулж яваа цэрэг хүн орос халуун усанд орно гэдэг ямар байх вэ дээ.
Орос эсгий гутал намайг аварсан
Новый Псков тосгоны тэнд тулалдсанаа санаж байна. Ердөө хүний өндөртэй дүйх чулуун хашаагаар л дайсан бид нар тусгаарлаж байлаа. Дайсан бидэн рү гранат шидээд л....Бид дэлбэрэхээс нь өмнө амжиж аваад буцааж шидээд....Гэтэл нэг гранат хөлийн минь дэргэд уналаа. Бариад л авбал тэсрэх байх гэж бодоод хөлөөрөө түлхчихсэн. Надаас хагас метр л холдсон байх. Тэгээд л шуугиад тэсэрлээ шүү. Би ч шидэгдээд дотроо “хөлгүй л үлдлээ дээ” гэж бодсон. Гэтэл хөл маань бүтэн, харин эсгий гуталд минь төмөр шивчихсэн байсан. Нийтдээ 30 гаруй хэлтэрхий орсон байсан.
Хамгийн таагүй явдал Голое тосгоны тэнд тохиосон. Тосгоны эргэн тойрон эль хуль, сүрлэн бухал л  байлаа. Бид тагнуул явуултал дайсан ойр алга гэж ирсэн. Орой хүйтрээд ирэхээр цэргүүд сүрлээр түүдэг асаагаад дулаацаж байтал гэнэт пулемётоор галлаж эхэлсэн. Тулааны дараа тоолж үзэхэд 250 хүнээс батальонд ердөө л 60 хүн үлдсэн байж билээ, харамсмаар.
Өглөө нь давшилтад орсон. Аймшигтай ч ширүүн тулаан болсон. Дэлбэрэлтийн үеэр ухаан алдчихаж. Нэг сэрэхэд эмнэлгийн батальонд, бас юу ч хардаггүй. Ингээд л сохорсон юм байх гэж бодож байтал хэд хоноод аажмаар ойрын юм харж, дараа нь гайгүй болсоор хараа сэргэсэн. Өөр гэмтэлгүй болохоор ангидаа эргэж очсон доо.

Цусаар будагдсан газар

Дараа нь намайг цэргийн дунд сургуульд илгээлээ. Ингээд хагас жилийн дараа дэслэгч цолтой төгссөн. Десантын цэрэгт очиж хэсэг хугацаагаар нөөцөд байгаад Ярцевын гвардийн дивизэд хуваарилагдлаа. Дивиз Москвагийн төлөөх болон Белорусийн төлөө тулалдаанд хүн хүчнийхээ 75 хувийг алдсан байсан.  Мэдээлэх товчоо болохоор “фронтод онцын зүйлгүй. Орон нутгийн чанартай тулалдаан болж өнгөрлөө” гэж мэдээлдэг. Ямар оноцын зүйлгүй байхав дээ. Хором тутам л үхэл байсан шүү дээ. 1944 оны хоёрдугаар сарын 15-нд манай арми Витебскийн чиглэлд давшиж гуравхан км ахихад л ердөө 19 хавтгай дөрвөлжин км газарт 25 мянган хүнээ алдаж байсан юм шүү дээ. Нэг хавтгай дөрвөлжин м газарт 272 хүний амь.....Би дайны түүх судалдаг. Тэгэхэд ийм гарз хохирол өөр газар таарахгүй л байгаа юм.

Үхлийн лагерь Майданек


Манай арми Люблины тэндэх Майданекийн бөөнөөр хорих лагерийг чөлөөлсөн. Манай комсомолын удирдагч биднийг зориуд тийшээ аваачиж юу үзсэнээ хожим бусдад яриарай гэж үзүүлсэн юм. Жинхэнэ аймшиг гэдэг л тэр. Лагерийн дэргэдэх талд хүний үнсийг зүгээр л овоолчихсон байсан. Лагерийн хаалгаар ороход хоёр ч шуудуу таарна. 80 очим метр урттай, хоёр метр гүнтэй шуудуу хүний хүүрээр дүүрчихсэн байсан. Нөгөө шуудуунд нь дан хүний үс. Нэг байшин дүүрэн хүүхдийн гутал, хувцас. Нөгөө байшинд нь насанд хүрэгсдийн хувцас. Нэг ширээгээр дүүрэн хүний шүд. Тэгээд л хүн шатаадаг зуухууд......

“Энд Н.Дубровский ирсэн”

Берлины төлөөх тулалдааныг сайн санаж байна. Бид бүгдээрээ л Берлинд ялалтын туг мандуулж, Гитлерийн хоргодох байрыг эзлэхсэн гэж бодож байсан даа. Долоон улаан туг хийлгэж зургааг нь намын гишүүд, комсомолын гишүүдэд хуваарилж өгсөн. Нэгийг нь би өөрөө авч цэрэг цамцныхаа дотуур бүсэлж хадгалсан. Даан ч  манай анги Берлин рүү ороогүй, урдуур давшсан юм.
Харин би рейхстагийн ханан дээр гарын үсгээ үлдээсэн азтай хүн. Хотыг эзэлсний дараа биднийг Берлинд оруулахад Рейрхстаг руу очиж “Энд Н.Дубровский ирсэн” гэж бичсэн. Залуучууд, цэргүүд баганан дээр бичиж байсан. Харин ахмад цолтой намайг бүүр дээр бич гэхээр нь би шатаар гарч дээврийн хавтан дээр бичсэн юмдаг. Мэдээж тэр бүхнийг хожим нь засахдаа авсан л даа. Гэхдээ л би дайны дөрвөн жилийг туулж Берлин хүрсэн гэдгээ тэнд бичиж үлдээсэн цэрэг эр. Тэнд олон ч орос цэргийн гарын үсэг үлдсэн дээ. Харамсалтай нь олон, даан ч олон цэрэг эр тэр хүрч чадаагүй амь алдсан юм. 

0 Сэтгэгдэл
Gaihaltai,gaihamshigtai amidraliig tuulj eh orondoo enhiin nariig abchirsan ahmad daichin.Orosiin ard tumen bol uneheer delhiin olon orniig fashizmiin uhliin lageriin zuuhnaas abarsaan
Цэрэг эрийн гайхалтай түүх байна, ийм хувь заяа хүн бүрт оноохгүй
Хамгийн их уншсан