Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЧИНГИС” БОНДООС 10 ТӨРЛИЙН ТӨСӨЛД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Чингис” бондын зарцуулалтын тайлан, мэдээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Ингэхдээ 2014 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар бондын 1.5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 2.6 орчим их наяд төгрөгийн зарцуулалтыг мэдээлсэн юм. Бондын эх үүсвэрээр нийт 10 төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт олгожээ.

1.Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төслийн хүрээнд 2013 онд шинээр хэрэгжих зам барилгын 10, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажилд 570 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор Засгийн газрын 96, 124 дүгээр тогтоол гарчээ. Уг хөрөнгөд бүтээн байгуулалтын хяналтын зөвлөх үйлчилгээний зардал ч багтсан аж. Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилтийг олгох ажлаас одоогийн байдлаар Дундговь, Баянхонгорыг нийслэлтэй холбосон, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн замын ажил графикт хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нийт зам барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай.

2. “Гудамж” төслийн хү­рээнд Туул, Сэлбэ голын дагуу хурдны зам барьж, 33 уулзвар шинэчлэх, гэр хорооллын дэд бүтэц сайжруулах ажил хийгдэж буй. Нийт 33 уулзварын ажлаас 16 уулзвар болон хоёр автозамын ба­рилгын ажил бүрэн дуусчээ. Ажлын гүйцэтгэл 92.6 хувьтай.

3. Нийслэлийн инже­нерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 2013, 2014 онд нийт 416.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 92 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Үү­нээс Хөгжлийн банк эхний ээлжинд эх үүсвэр нь тодорхой 66 төсөлд нийт 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгохоос 33 төслийн гэрээ байгуулж, нийт 101.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ. Гэрээ байгуулаад буй 33 ажлын гүйцэтгэл 72.2 хувьтай.

4. Тавантолгойгоос Га­шуун сухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам барихад бондын мөнгөнөөс зарцуулна. Төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдаж, “Шинэ төмөр зам” ХХК хэрэгжүүлж буй. Уг төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 164.2 сая ам.долларын санхүүжилтийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийн барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд зориулж олгоод байна. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25 хувь, газар шорооны ажил 70 хувь, ухмал 77 хувь, далан 62 хувь, трассыг нийт 13 хэсэгт хуваасан бөгөөд дотоодын 14 авто замын компани ажиллаж байна.

5. Тавантолгойн 450МВт-ын цахилгаан станц барих төслийн эхний ээлжийн сан­хүү­жилтэд 16 сая ам.долларыг да­вуу эрхийн хувьцаанд хөр­вөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор заа­сан. Энэ дагуу төслийн бэлт­гэл ажилд нийт 15.98 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталжээ. Хөгж­лийн банкнаас төслийн нэг­жийн 2013-2014 оны үйл ажил­лагааны зардал болон төслийн бэлтгэлд зориулж 14.81 сая ам.долларын санхүүжилт ол­гоод байгаа аж.

6. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн. Төслийн удир­дах хорооноос баталсан тө­лөв­лөгөө болон Эдийн зас­гийн хөгжлийн яамнаас ба­талсан төсвийн дагуу 7.38 сая ам.долларын санхүү­жилт ол­гохоос төслийн нэг­жийн 2013-2014 оны үйл ажил­ла­гааны зардал болон зарим су­дал­гааны ажлын урьдчилгаа төл­­бөрт 2.55 сая ам.доллар олгосон.

7. Монгол Улс өөрийн өмч­­лөлийн холын зайн “Боинг-767” онгоц худалдан авах зардлыг “Чингис” бондоос түр санхүүжүүлсэн. Энэ сан­хүү­­жилтийг АНУ-ын “Экс Им” банк­ны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шил­жүүлжээ. Ингэснээр “Чин­гис” бондын эх үүсвэрээс сан­хүүжүүлсэн 81.3 сая ам.дол­ларын төлбөр эргэн төлөгдөж, одоогийн байдлаар 2.9 сая ам.­дол­ларын үлдэгдэлтэй. Сан­хүүжилтийн байдал 100 хувь.

8. Хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн ноо­луур, ноос, сүү, оёмол бү­тээг­­­­­­­дэхүүн, хүлэм­жийн аж ахуйн салбарын тө­сөл санхүүжүүлэхээр Го­ломт банкинд 269 тэрбум төг­рөг, төсвийн нэгжийн үйл ажил­ла­гаанд 1.7 тэрбум төгрөг ол­гожээ. Тайлант хугацаанд Го­ломт банк нийт 189 ком­па­нийн материал хүлээн аваад 64-т нь зээл олгохоор ба­тал­сан. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл га­раад байна. Дээрх 64 төс­лийн батлагдсан нийт зээ­лийн хэмжээ 100.7 тэрбум төг­рөг буюу 37.4 хувь. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт банк сан­хүү­жүүлээд байна.

9. “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын төслийн хүрээнд 1764 айлын 28 ба­рил­гын ажил санхүүжүүлж буй. Залуу гэр бүл, ахмад нас­­тан, төрийн албан хаагч­дад зориулсан уг барилгын ам.метр талбай нь 1.28 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ач хол­бог­дол­той. Эхний ээлжийн 567 айлын есөн барилга ашиг­лалтад ороход бэлэн болж, үлдсэн барилгуудаа 2014 оны хоёр­дугаар улиралд багтаан ашиг­лалтад оруулахаар ажил­лаж буй. Ажлын гүйцэтгэл 94 хувьтай.


10. Дотоодын барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл бий. Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын арма­ту­рын үйлдвэр барихад зо­риулж 50 сая хүртэлх ам.дол­лар­тай тэнцэх төгрөгийг “Чингис” бондын эх үүс­вэ­рээс санхүүжүүлэхээр шийд­вэрлэсэн. Одоогоор 12.8 сая ам.долларын санхүүжилт ол­гожээ. Мөн Байшин үйлд­вэрлэх комбинатын төслийн нийт өртөг болох 42 сая ам.долларын 13.1 саяыг “Эрэл” ХХК өөрийн хөрөнгөөр, 14 саяыг Засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлжээ. “БҮК-1” төсөл хэрэгжсэнээр Нийс­лэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэг­жүүлэх, Улаанбаатарт 184 мянган айл өрхийг орон сууцаар хангах ажлын хүрээнд жил бүр 150 мянган ам.метрээс доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны  барилга байгууламж, 5000 айлын амины орон сууцыг тус тус үйлдвэрлэх юм.

Оны сондгой тоотой долоо хоног бүрт Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийдэг нь ийнхү “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн явц, байдал байв. Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Д.Хаян­хяр­ваа МАН-ын бүлгээс Зас­гийн газрын “Чингис” бон­дын талаар гаргасан дүг­нэлтээ танилцуулсан юм. Уг мэ­дээлэлтэй холбогдуулж УИХ-ын сөрөг хүчний гишүүд асууж, Засгийн газраас мэ­дээ­лэл авав.

-Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд өөрөө энэ ажлаас нэ­лээд хол байгаа нь харагд­лаа. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьсан. Заримыг нь мэдэхгүй, дараа хэльё гэдэг нь хариуцлагагүй зүйл. Ний­гэм ч тэр “Чингис” бондын зар­цуулалтын талаар их зө­рүүтэй мэдээлэлтэй байна. Хэв­лэл мэдээллээс харахад Зам, тээврийн сайд “Чингис” бон­доос авах ёстой хөрөнгө мөнгөө олж авч чадаагүй гэх. Энэ мөнгөний зарцуулалт туйлын бүрхэг байна. МИАТ компанид онгоц авсан нь л бондын мөнгөнөөс хамгийн үр дүнтэй зарцуулсан ажил гэж харагдлаа.

-Н.Алтанхуяг: Бүх мэ­дээл­лээ гишүүдэд тараасан. Ямар ч зөрүүтэй, буруу мэдээлэл байхгүй. ЭЗХЯ хариуцлагатай бэлдсэн гэж бодож байна. “Чингис” бондын мөнгийг ҮАБЗ дээр яриад бондын зөвлөл байгуулъя гэж ший­дэхдээ МАН-аас энэ зөвлөлд оруулах хүнээ өгөөч гэхэд өгөөгүй. Бондын мөнгөний зарцуулалтыг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ЭЗХЯ хянаад явдаг. Та бондын мөнгөөр ганц онгоц авсан нь л зөв гэж буруу ярилаа. Нийслэлээ дөрвөн аймагт холбосон хатуу хучилттай замыг хараагүй юм шиг байна. Энэ ажлыг ард түмэн сайшаасан. Аймгийн төв рүү явж буй замыг битгий үгүйсгээрэй. Энэ бол цэвэр Чингис бондын мөнгө. Мөн гудамж төсөл, урагшаа явж байгаа төмөр зам гээд хийж байгаа бодит ажлууд бий. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Юмыг үгүйсгэх биш тодорхой ярих хэрэгтэй. Н.Батбаяр сайд цаашдаа “Чингис бонд” гэсэн вэб сайт нээнэ гэсэн. Ингэхээр бүр ил тод болох байх.

-Н.Батбаяр:
Д.Хаянхярваа гишүүн дүгнэлтдээ УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 52 дугаар тогтоол батлахад МАН оролцоогүй гэлээ. Ингэж худлаа ярихаа болиоч ээ. Энэ тогтоолыг бид өөд өөдөөсөө харж байгаад баталсан. Энэ бол УИХ-ын хамтын шийдвэр болохоос АН-ын дангаараа гаргасан шийдвэр биш. “Чингис” бондыг зарцуулахдаа Монгол Улсад дагаж мөрдөж буй хуулийн дагуу хийсэн.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
ЮУНД ЗАРЧУУЛСАНАА ХЭЛ
Хамгийн их уншсан