Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айдастай шинэчлэл

Дээд боловсролын чанарыг сайжруулахаар их, дээд сургуулиудад бүтцийн шинэчлэл хийж байгаа. МУИС-иас эхэлсэн шинэчлэлийг ШУТИС, АУҮИС үргэлжлүүлж, амжилттай хэрэгжүүлээд шинэ хичээлийн жилээс шинэ бүтцээр ажиллахаар болоод буй. Гэхдээ МУИС-д хийж буй бүтцийн шинэчлэлийг сайнаар харах нь байхад саар муу талыг нь хүн ч байгаа. МУИС-ийн Багш нарын холбоо болон МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо сургуульдаа хийж байгаа шинэчлэлийн талаар багш, ажилтан ажиллагсдын дунд судалгаа хийж, хариугаа гаргажээ. Гэхдээ энэ судалгааны дүн олон эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. МУИС-ийн шинэчлэлийг гардаж хийж байгаа Удирдах зөвлөлийн багийн ярьснаас судалгааны үр дүн зөрж байна.


Багш нарын цалингийн тухай

Энэ судалгаанд МУИС-ийн одоогийн бүх салбарын төлөөллийг оролцуулахаар зорьж, 521 багш, 237 ажилтан ажиллагсдыг хамруулжээ. Эдгээр судалгаанд хамрагдсан багш нарын 489 нь тус сургуульд 12.7-оос дээш, ажилтны 231 нь 9.7 жилээс дээш хугацаанд ажилласан учраас шийдвэр гаргахад нөлөөлж чадахуйц бүлгийг хамруулсан гэж болно. Судалгааны дүнгээр МУИС-ийн багш, ажилчдын дийлэнх хувь нь одоогийн хийж байгаа ажилтайгаа дүйцэхүйц цалин авдаггүй гэж хариулжээ. Мөн ажил үүргээ гүйцэтгэхэд сургалтын хэрэглэгдэхүүн огт хүрэлцээгүй байдгийг ч багш нар дурдсан байна билээ.

Багш нар авдаг цалиндаа сэтгэл ханаагүй байхад МУИС-ийн ректор А.Галтбаяр “Одоохондоо багш орон тоонд төдийлэн өөрчлөлт орохгүй. Яагаад гэвэл манай сургууль жил болгон дунджаар 15 багш шинээр авдаг. 40 гаруй багшийн орон тооны хэрэгцээ бий.
Гол нь тухайн багшийн хичээлийг оюутнууд сонгодог байх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа сонголтын систем жинхэнэ утгаараа хэрэгжсэн үед тэр багшийг хэн ч сонгохгүй бол сул цалин өгөх хэцүү болно. Багш хичээлээ сонгуулахын тулд шинэ хичээл олох, эсвэл шинэ хөтөлбөр гаргах, нэг бол хуучин хичээлээ сайжруулахаас аргагүй болно. Эцсийн дүндээ багшийн толгойд одоо зааж байгаа хичээлээ сайжруулах ёстой гэсэн бодол орох ёстой” хэмээн бүтцийн шинэчлэлийн тухай ярьж байлаа. Их, дээд сургуулиудын оюутны сургалтын төлбөрөөс багш нарын цалингийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэтэл энэ судалгаанаас үзэхэд их дээд сургуулийн багш нарт сэтгэл ханамжтай цалин өгье гэвэл сургалтын төлбөрийг нэмэх шаардлагатай болж байна. Гэхдээ МУИС-ийн захирал А.Галтбаярын үгээс харахад багш нар одоо ч хангалттай цалин авч байгаа, харин чанартай ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй гэнэ. Шинэчлэлийн зарчим нь ч ажлаа хийж чадаж байгаа нь илүү цалин авна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
 
Санал асуулга авсан эсэх

Мөн сургуулийн удирдлага санхүүгийн томоохон асуудлыг өөрөө дан ганцаараа шийддэг гэдгийг ч багш нар саналдаа оруулсан байна. Хэдийгээр МУИС-ийн бүтцийн шинэчлэлд багш, оюутнуудын саналыг авсан гэдгээ мэдээлж байсан ч энэ удаагийн санал асуулгад хамрагдсан багш нарын 40 гаруйхан хувь нь санал өгсөн бол 10 хүрэхгүй хувь нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой дүрэм, журам, бичиг баримт боловсруулахад оролцжээ.
Гэтэл МУИС-ийн шинэчлэлийн асуудал яригдсан цагаас эхлэн тус сургуулийн оюутнууд дэмжиж байгаагаа илэрхийлж байснаас багш нар эсэргүүцсээр ирсэн. Шинэчлэлийн гол зорилго нь сургалтын чанарыг сайжруулах байтал энэ ажлыг гардаж хийх багш нарын дэмжлэгийг авахгүй бол сургалт сайжрах нь юу л бол...
Бүтцийн шинэчлэлийн асуудал сөхөгдсөнөөс хойш л МУИС-ийнхан хоёр талцаад байсан. Ингэхдээ багш ажилчдын бүрэлдэхүүн удирдах зөвлөлийг шүүмжилж, өөрсдийн дураар, багш нарын үгийг сонсолгүй, судалгаагүй ажил хийж байгааг нь илчилж байсан бол энэ удаагийн судалгаагаар үүнийгээ нотолжээ. Судалгаанд хамрагдсан хүний 65.8 хувь нь сургуулийг удирдах эрх мэдлийг захиргааны цөөн хэдэн хүнд төвлөрүүлсэн, 58.9 хувь нь эрдмийн хамт олны дуу хоолойг үл ойшоосон хэмээн саналаа өгсөн байна.

Шинэчлэлийн зорилгыг багш нар яагаад ойлгохгүй байна

МУИС. Монголдоо л хамгийн том, хамгийн нэр хүндтэй, чадварлаг эрдэмтэд ажилладаг. Гэтэл Монголын урдаа барьдаг эрдэмтэд жил дамнан яригдсан сургуулийнхаа шинэчлэлийн тухай асуудлыг ойлгоогүй л байна. Гэтэл оюутнууд нь ойлгочихоод дэмжээд байгаа юм. Судалгааны дүнгээс харахад МУИС-ийн нийт хамт олны 10 хүрэхгүй хувь нь л мэдээлэл авч байсан гэжээ.  Хамт олны саналыг сонсох ёстой байсан эсэх дээр хүртэл санал хурааж. Мэдээж дийлэнх нь л сургуулийнхаа шинэчлэлд саналаа өгөх байсан гэдгээ илэрхийснээр МУИС-ийн шинэчлэлийг хэдхэн хүний бодлоор хийж байгаа гэдэг нь илт.
Мэдээж гадаадын нэр хүндтэй сургуулиудын жишгийг дагаж, хөтөлбөрүүдээ цөөлж, багш нарын чадварыг нэмэгдүүлэх зорилготой шинэчлэлийг хэн ч буруутгахгүй.
Гэтэл шинэчлэлийн тулгуур багана болох багш нар нь одоогийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүд нь тухайлбал, шинээр баталсан хөтөлбөрийн байршуулалт, хөтөлбөрийн хорооны түр журам, яамны мэргэжлийн индекс шинэчилсэн тушаал, элсэлтийн журам хоорондоо уялдаагүй гэж багш нарын 85 хувь нь тодорхойлжээ.
Мөн шинэ бүтцээр байгуулсан сургуулийн захирал, дэд захирал, тэнхмийн эрхлэгчийг МУИС-ийн захирал дангаараа томилж байгааг багш нарын 80 хувь нь эсэргүүцэж байна. Шинэчлэл гэсэн нэрээр МУИС-ийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг алдагдуулж байгаа нь ажилчдад ажиллах хүндрэл үүсгэж байгаа ч судалгаагаар нотолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан