Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨӨЛӨН ХҮЧ


Олон улсын харилцааны талаар янз бүрийн онол, тайлбар бий. Нэг үзэл санаанд нэгдсэн орнууд хувийн ашиг хонжоог үл тоон хоорондоо нөхөрлөх ёстой гэдгээс эхлээд найзлана гэж байхгүй, цаг ямагт чоно шиг байх ёстой гэх нь ч бий. Энэ хоёр туйлын аль нэгийг нь баримтлан туйлшрахаар л байдал бишддэг. Дан үзэл санаа давамгайлаад ирэхээр юу болдгийг Зөвлөлт задран унасан үйл явц харуулсан. Үр дагавар нь одоо хүртэл мэдрэгдэж байгаа бөгөөд олон улсын харилцаанд социалист эсвэл капиталист гэх мэт үзэл санаа бус харин бодит ашгийг эрхэмлэх прагматик байр суурь давамгайлах болсон.
Энэхүү прагматик байр суурийг 19 дүгээр зууны сүүлээр Их Британийн Ерөнхий сайдын алба хашиж байсан  Генри Жон Темпл Пальмерапон их оновчтой тодорхойлсон байдаг. Тэрээр парламентын хуралдаанд Их Британийн гадаад бодлогын тухай хэлэлцэх үеэр “Бидэнд мөнхийн холбоотон гэж байхгүйтэй адил байнгын дайсан гэж үгүй.

Зөвхөн манай улсын ашиг сонирхол л мөнх. Энэ ашиг сонирхлыг хамгаалах нь бидний үүрэг” гэсэн юм. Хятадын тэргүүлэгч агсан Дэн Сяопин бүр ч прагматик байр сууринаас хандаж, хулгана л барьж чадаж байвал муур хар эсвэл цагаан зүстэй байх нь хамаагүй гэж байсныг уншигч та санаж байгаа байх.
Өдгөө энэ үзэл олон улсын харилцаанд ноёлж байна. Коммунист үзэл санаа ноёлсон, нэг намын системтэй Хятад руу Америк, Европын капиталистууд үйлдвэрлэлээ зөөж, жил болгон хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр бай­гуу­лан захиалга өгч юм хийл­гээд байгаа нь үүний жишээ.
Гэхдээ ашиг сонирхолтой байх нэг хэрэг, түүнийгээ хамгаална гэдэг бүр ч өөр хэрэг болж хувирдаг. Ашиг сонирхлоо хамгаалахын тулд улс орнууд янз бүрийн арга хэрэглэнэ. Хамгийн түгээмэл, бүгдийн мэддэг арга нь дайн. Дараагийн арга нь эдийн засгийн хориг арга хэмжээ, элдэв төрлийн буцалтгүй эсвэл хөнгөлөлттэй зээл, тусламж. “Хатуу хүч” гэж нэрлэгддэг энэ хоёр хүчийг саяхныг хүртэл дэлхийн дийлэнх улс голчлон ашиглаж байв. Харин Амери­кийн улс төр судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээс “зөөлөн хүч” гэж нэрлэсэн эрх ашгаа хамгаалах өөр нэг хүчин зүйлийг оруулж ирснийг их гүрнүүд хүлээн зөвшөөрч, амжилттай ашиглаж буй.

Олон улсын тавцанд шаардлагатай үр дүндээ албадлага ба авлига гэхээс илүүтэйгээр дур булаам, хүсэл төрөм байдлаар хүрэхийг “Зөөлөн хүч” гэж тодорхойлжээ. Аливаа нэг улсын эрх ашгаа хамгаалах боломж нь цэрэг, эдийн засаг ба зөөлөн хүч гэсэн гурван үндсэн хүчин зүйлээс тогтоно. Цэрэг ба эдийн засгийг “хатуу хүч” гэнэ. Учир нь, зэвсгийн хүчээр далайлган сүрдүүлж, мөнгөөр тайтгаруулан санасан­­даа хүрдэг болохоор. Харин зөөлөн хүч гэдэг нь тухайн улсын шинжлэх ухаан, техник, спортын ялалт амжилт, урлагийн бүтээлийн нэр хүнд, улсад нь давамгайлж байгаа үзэл суртлын олныг татах хүч, улс төр ба захиргааны тогтолцооны бодит үр дүн, массын соёлын сэтгэл татах байдлыг хэлнэ. Тэгэхээр кино, уран зохиол, ардчилал ба хүний эрх гэх мэт үнэт зүйлс, хэвлэлээр цацагдаж байгаа мэдээ, шоу нэвтрүүлгийг зөөлөн хүч гэж болно. Гэхдээ энэ хүчийг хүн бодитоор харж ухамсарласан зүйлс гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээр.  Хүний ухамсар­лаж ойлгоод байдаг­гүй сэтгэл хөдлөл, итгэл үнэмшилд тулгуурладаг. Бодит мэдлэг бараг хамаагүй шахуу. Нийгмийн дийлэнх хэсэг бу­юу масс нь үнэт зүйл­сээ ухамсартайгаар бүр­дүүлдэггүй, харин хар аяндаа, нэг нэгнээ даган дуурайж, илүү яваа нэгний үлгэр жишээг дагадаг гэдэг дээр тулгуурладаг.
Зөөлөн хүчний дараагийн нэг онцлог нь үнэт зүйлсээрээ илүү өндөр байр суурьтай улс л ашигладаг. Жишээлэхэд, Зимбабве улс зөөлөн хүчийг ашиглан Америкт нөлөөлнө гэж байхгүй, харин Америк энэ хүчээ ашиглан Зимбабвегийн олон нийтэд нөлөөлж, өөрт ашигтай шийдвэр гаргуулна. Осама бин Ладен “Хүмүүст эцэнхий ба тарган хоёр адууны тарган нь таалагдана” гэж хэлсэн байх.
Жозеф Най энэ талаар бичих­дээ “Бусад хүн таны биширдэг, шүтдэг зүйлсийг бахдан дээдэлж дагадаг, хүсч буй зүйлийг чинь адилхан хүсдэг болгож чадвал өөрийн хүссэн зүгт тэднийг чиглүүлэхийн тулд сүрдүүлж эсвэл аргадах шаардлагагүй болно” гэжээ. Улс үндэстэн болгоны үнэт зүйл ялгаатай болохоор зөөлөн хүчийг ту­хайн үнэт зүйлс бүхий хүнд ойлгомжтой байдлаар боловсруулж хүргэнэ гэсэн үг.

Зөөлөн хүчний үр дүн тухай улсын мэдээллийн орон зайн нээлттэй байдлаас хамаардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, даяарчлагдсан, ард­чилсан, цензур бага байх тусам зөөлөн хүч үр нөлөөтэй. Жишээлэхэд, гучин жилийн өмнө монгол ба герман хүний хооронд соёлын асар их ялгаа байсан бол өнөөдөр энэ хоёул нэг кино үзэж, нэг фэйсбүкт хэрэглэж, СNN эсвэл ВВС-ийн нэг  мэдээ үзэж, нэг одын дууг сонсч байна. Тэгэхээр зөөлөн хүч нөлөөлөх боломж, хүч нэмэгдэнэ гэсэн үг. Харин Хойд Солонгос шиг хүчирхэг цензуртай, гадны мэдээ мэдээлэл бараг нэвтэрдэггүй нийгэмд зөөлөн хүчний үзүүлэх нөлөө тун бага.

Гэхдээ “зөөлөн” гэхээр “хатуу”-гийн эсрэг зүйл гэж ойлгож болохгүй. Зөөлөн хүч хатуугийн эсрэг бус харин олон улсын тавцанд хатуу хүчний үйлчлэлийг илүү үр дүнтэй болгодог, хатуу хүч нь зөөлөн хүчнийхээ эх үүсвэр болдог аж. “Эмэгтэй хүний хүч чадал гоо сайханд, эрэгтэйнх хүч чадалд нь байдаг” гэдэгтэй яг адил. Хатуугийн эсрэг бус харин үйлчлэлийг нь нэмэгдүүлдэг төдийгүй эдийн засагт илүү ашигтай. Зөөлөн хүчийг хэрэгжүүлэхэд зарцуулсан нэг доллар болгон зэвсэглэлд зарцуулсан 10 доллараас илүү ашиг оруулдаг гэсэн тооцоо байх юм. Зөөлөн хүчийг орхигдуулан зэвсэг, мөнгөний хүчээр аархах гэвэл ямаршуу таагүй үр дүнд хүрдгийн тод жишээ нь 2003 онд Иракийн эсрэг Америкийн хийсэн дайн. Энэ дайныг америкчууд НҮБ-аар оруулан албан ёсны зөвшөөрөлтэй болгох гэсэн ч Хятад, Орос, Франц улс Аюулгүйн зөвлөлд хориг тавьсан. Ингэлээ гээд Америк дайн хийхээ болиогүй ч бусад олон улсыг өөрийн талд татах, Саддамыг үгүйсгэсэн мэдээллийн дайн явуулахад асар их зардал гаргасан. Үр дүнд нь олон улсын түвшинд Америк эзлэн түрэмгийлэгч гэсэн имижтэй болж хоцорсон.
Их гүрнүүд зөө­лөн хүч ам­жилттай хэрэг­лэж бай­сан жи­шээг дурдъя. Зөв­лөл­­тийг задран унаж, коммунист систем үгүй боло­ход Америкийн зөөлөн хүч их чухал үүрэг гүйцэт­гэсэн. Зөвлөлтийн цен­­зур энэ зөөлөн хүчийг чадлаараа эсэргүүцээд яаж ч чадаагүй. Америк кино, рок-н-ролл, жинс, урт үс гээд зөөлөн хүчийг тэр үед ухамсарлан ойлгож байсан нь хэд билээ? Одоо ч АНУ кино, дуу, интернэт, улс төрийн тогтолцоо, санхүү, ажилчдын цалин гэх мэт зөөлөн хүчийг чадварлагаар ашиглаж байна. Хүүхдийн тоглоомон дээр энэ нөлөө их ажиглагддаг. Бэтмен, Хүн аалз, Барби хүүхэлдэй байна. Хар багаасаа Америк шилдэг, ямагт зөв гэж өөрийн мэдэлгүй биширдэг, шүтдэг болсон олон мянган хүн байхад олон улсын чанартай ямар нэг ээдрээ үүслээ гэж бодоход Америкийн гаргах шийдвэрийг дэмжин Засгийн газартаа дарамт, шахалт үзүүлэх нь ойлгомжтой.

Манай урд хөрш ч сүүлийн үед зөөлөн хүчийг идэвхтэй ашиглаж байгаа. Ашиглах ашиглахдаа Холливудыг чадварлагаар ашиглаж байна. “Гэтэгч бар ба нисэгч луу”, “Кунфу панда” гэх мэтээр нангиадуудын эртний түүх, соёл, уламжлалыг эергээр харуулсан дэлхий дахинаа сурталчилсан хэчнээн ч кино гарав?
Украйнд болж байгаа үйл явдал ч зөөлөн хүч ямар их нөлөөтэйн тод жишээ. Европын холбоонд хамгийн сайхан амьдрал байна, энэ холбоотой хамтын ажиллагааны гэрээ бай­гуулчихвал Украйн шууд цэнгэлийн манлайд хүрнэ гэ­сэн ухуулга хүч­тэй явж, “Май­­­дан”-ыг иргэдийн дий­лэнх нь дэмжээгүй бол одоогийн Америк ба Европын холбооны талыг баримтлагчид ялж, засгийн эрхэнд гарах боломжгүй байлаа. “Майдан” ялж, Америк тэргүүтэй өрнө­дийн орнууд Украинд өөрийн талыг баримтлагч хү­­мүүсийг засгийн эрхэнд гар­гаж, өөрсдийн эрх ашгаа хам­гаал­­­­­­­­лаа гээд Украинд сайн зүйл болсонгүй. Харин ч бүр Кры­мийг алдаж, одоо зүүн мужууд нь бослого дэгдээн иргэний дайны байдалд хүрэв.

Их гүрнүүд манайх мэ­тийн жижиг буурай орон эсвэл гол өр­сөл­дөгч­дийн­хөө залуучуудыг их, дээд сур­гууль­даа сургах дуртай байдаг нь мөн л зөөлөн хүч­ний илрэл. Ухамсар нь бүрэлдэж амжаагүй залуучууд 5-6 жил гадаадын улс оронд өнгөрөөнө гэдэг мэдлэг олж ава­хаас гадна соёлыг нь өөрийн болгон хүлээн авч, ту­хайн улсад давамгайлдаг үнэт зүйлсийг дагагч болон хүмүүждэг.
Энэ мэт жишээ олон тул зөөлөн хүчний нөлөөг дутуу үнэлж огт болохгүй.

0 Сэтгэгдэл
Нээрээ л манай ард түмэн зөөлөн нь хатуугаа иднээ гэдэг ямар үнэн байна вэ.
тийм байна шүү.
taalagdlaa
Хамгийн их уншсан