Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 секунд тутамд нэг хүн архинаас болж нас бардаг


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “2014 оны Дэлхийн эрүүл мэнд ба согтуу­руулах ундааны салбарын төлөв байдлын тухай” илтгэл гарч дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. ДЭМБ-ын гишүүн 194 орноос авсан судалгаанд үндэслэн тэдний согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой гол онцлог, эрүүл мэндэд үзүүлдэг нөлөө ба Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг нь тусгажээ.

Сүүлийн жилүүдэд улс ор­нууд иргэдийнхээ эрүүл мэн­дийг согтууруулах ундаа хэ­рэглэснээс үүддэг сөрөг үр да­гавраас хамгаалахын тулд олон арга хэмжээ хэрэгжүүлж, то­­дорхой үр дүнд хүрдэг ч цааш­даа согтууруулах ун­даа­­ны хэрэглээг багасгах илүү тодорхой арга хэмжээ авах хэрэгтэйг тус илтгэлд онцолжээ. Архидалт дэлхийн хэм­жээнд ямар байгааг тус илтгэлд дурдсан тоо баримтаар сонир­хуулъя.

Дэлхийн хэм­жээнд 15 ба түүнээс дээш насныхан жилд 6,2 литр цэвэр спирт хэрэглэдэг.  Гэхдээ бодит байдалд дэлхийн хүн амын 38,3 хувь нь буюу 2,66 тэрбум хүн согтууруулах ундаа хэрэглэдэг, тэд жилдээ дунджаар 17 литр цэвэр спирт ууна. Эдгээрээс 400 сая гаруй нь үе, үе архийг их хэмжээгээр хэтрүүлэн уудаг нь эрүүл мэндэд нь хамгийн ноцтой хохирол учруулдаг. Хамгийн таагүй нь дэлхийн хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.

Бүс нутгаар нь авч үзвэл, согтууруулах ундааны  хэрэглээгээр Европ тив тэргүүлж байгаа бол Хойд Африк, Ойрхи Дорнод хамгийн бага хэрэглээтэй. Харин Зүүн Өмнөд Ази ба Номхон далайн бүс нутгийн орнуудын архины хэрэглээ эрс нэмэгджээ. Хойд Африк, Ойрхи Дорнодод согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг лалын шашин ноёлдог болохоор сүүлийн жилүүдэд өсөөгүйд гайхах зүйлгүй.

Орон орноор нь авч үзвэл Беларусь нэгдүгээрт оржээ. Энэ улсын 15 ба түүнээс дээш насны хүн жилдээ 17,5 литр спирт хэрэглэдэг. 15 ба түүнээс дээш насныханд  16,8 литр гэсэн үзүүлэлттэй Молдав хоёрдугаарт, 15,4 литртэй Литва гуравдугаарт орсон бол манай хойд хөрш 15,1 литр гэсэн үзүүлэлттэйгээр дөрөвдүгээрт, ээдрээ үүсээд байгаа Украйн 13,9 литрийн хэрэглээтэйгээр зургадугаарт оржээ. Австралийнхан жилд 12,2 литрийг, Канадчууд 10,2 литрийг, Британичууд 11,6 литр, Герман 10,9 литр цэвэр спирт уудаг байна. Энд 15 ба түүнээс дээш насны нэг хүнд ногдох хэмжээг оруулсан гэдгийг дахин тодруулъя.
Өөр нэг анхаарууштай зүйл нь шар айраг, дарсыг залуучууд хэрэглэх нь маш ноцтой гэмтэл бэртэл авах гол шалтгааны нэг болдог.
Ингэж архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглээд ямар үр дагавар амсч байгаа тухай тус илтгэлд мөн онцолж.

 Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хүн элэгний хатуурал, зарим төрлийн хорт хавдар гээд нийт 200 гаруй өвчин эмгэг тусах эрсдэл нэмэгдээд зогсохгүй, хүчирхийлэл, гэмтэл бэртэл авах, сүрьеэ ба уушигны хатгаа гэх мэт халдварт өвчинд илүү мэдрэг болдог таагүй нөлөөтэй. Хамгийн таагүй нь бие даан салахад нэн хэцүү дуршил үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нэгэн төрлийн хар тамхи. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж жилд 3,3 сая хүн нас барсан гэхээр хоногт 9000 гаруй, арван секунд тутамд нэг хүн гэсэн үг.

10 секунд тутамд нэг хүн архинаас болж нас барна гэдэг үнэн хэрэгтээ энэ хар тамхи жил болгон ДОХ, сүрьеэ өвчний тархалтыг нийлүүлснээс илүү олон хүний аминд хүрдэг гэдгийг илтгэл гаргасан мэргэжилтнүүд он­цолжээ. Дэлхийн хэм­жээнд гардаг нас баралт, үхлийн 5,9 хувь нь архи хэрэглэснээс үүдсэн хордлого болон согтуу хүмүүсийн хийсэн зам тээврийн осол, хүчирхийллийн үр дагавар байдаг ажээ. Харьцуулахад, 2012 оны байдлаар ДОХ-ын улмаас өөд бологсод 2,8 хувь, сүрьеэгийн 1,7 хувь. Харин Монголын тухайд согтууруулах ундааны хэрэглээ 2004 оноос хойш огцом өсч, одоо ч өссөн хэвээр байна. Согтууруулах ундааны нийт хэрэглээний 70 хувь нь архи, 23 хувь нь шар айраг, гурван хувь нь дарс байна. Энэ жагсаалтад эзэлсэн байрыг тодруулж болох ч ерөнхийдөө та гадарлаж байгаа болохоор хэлэх нь илүүц байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан