Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хоролсүрэн ял нэмүүлэх үү

“МИАТ” компанийн “Дайны эрсдэлийн сан” нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан тус компанийн экс удирдлагууд 3-8 жилийн ял эдэлж байна. Харин дээрх хэрэгт гар бие оролцсон Ч.Хоролсүрэнд дахин Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын газраас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Ч.Хоролсүрэн нар нь бусадтай бүлэглэн 2008 оны наймдугаар сарын 6-ны өдөр электрон тийз (ЕТ)-ийн дэмжлэгийн төлбөр гэх нэрээр “МИАТ” компаниас 297 мянган ам.доллар гаргуулж, угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байна.


Ингэхдээ дээрх мөнгийг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн нэр бүхий компанийн данс руу удаа дараагийн үйлдлээр шилжүүлж, дараа нь “Голомт” банкны харилцагч Н.Гантөмөр, О.Тамир нарын хувийн дансаар шилжүүлэн авч ашигласан үйлдэлд Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол, тэрээр бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсний дагуу ял сонсоно.

ЕТ гэж юу вэ

Зохиомол компани үүсгэж, “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг угааж байсан Ч.Хоролсүрэн энэ удаад ЕТ-ийн дэмжлэгийн төлбөр нэрийдлээр 297 мянган ам.доллар угаасан хэрэгт холбогдлоо. Тиймээс бид ЕТ гэж юу болох талаар мэдээлэл цуглууллаа. “МИАТ” компани 2007 оны сүүлээр ЕТ ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь зорчигчийн тасалбарын бүх мэдээллийг авиакомпани өөрийн суудал, захиалгын системийн серверт электрон хэлбэрээр хадгалах ойлголт юм.

Ингэснээр зорчигч аяллын мэдээллээ хэвлүүлж авах эсвэл зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ бүртгэлд очоод бүртгүүлэх боломжтой болдог аж. “МИАТ” энэ системийг нэвтрүүлснээр өмнө ашиглаж байсан билетийг хэвлэлийн компаниар хэвлүүлэх зардлыг бүрмөсөн тэглэх, үнэт цаас утгаар тасалбарыг аюулгүй хадгалах, зорчигч тасалбараа хаяж үрэгдүүлснээс үүсэх хүндрэлийг арилгах, тасалбарын нөхцөлүүдийг хууль бусаар засварлах, тээвэрлэлтийн дараа нислэгийн купонуудыг төлөөлөгчийн газар, агентууд, компанийн орлогын хэлтэс гэж ангилах зэрэг олон механик ажиллагааг халах болно гэж үзсэн байна. Улмаар 2007 оны арваннэгдүгээр сарын 12-нд анхны зорчигчийн тасалбарыг ЕТ хэлбэрээр гаргаж байжээ.

Харин анхны хөрөнгө оруулалт болон дээрх системийг ашиглахад ямар зардал гарсан талаарх мэдээллийг “МИАТ” компани өгсөнгүй. Тус компани Олон Улсын Иргэний агаарын тээврийн байгууллага (ИАТА)-ын гишүүний хувьд 2008 оны тавдугаар сарын 1-ний дотор ЕТ хэрэгжүүлэхийг үүрэг болгосны дагуу энэ системд шилжсэн байна. Улмаар 2007 оны нэгдүгээр сараас судалгаа хийж, гуравдугаар сарын 20-ний өдөр гvйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулж, программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх гадаадын байгууллагуудыг судалж, “СИТА” компанийн Габриель системийг ашиглахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор цаашид хөрөнгө мөнгө шаардагдах болсон бөгөөд орлогын бүртгэлийн программаа шинэчлэх, суудал захиалгыг нэвтрүүлэх шаардлагатай зэрэг программ хангамжийг цогцоор нь шинэчлэх болсон байна. Дээрх ажлыг хийлгэхээр “СИТА” компанитай ярилцаж асуудлыг бүрэн шийдвэрлэх гэрээ байгуулжээ.

Н.Гантөмөр, О.Тамир нарын данс

297 мянган ам.долларыг өөрсдийн дансаар дамжуулсан буюу мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт ямар нэг сэжмээр холбогдсон дээрх иргэд нь Ч.Хоролсүрэнтэй ажил мэргэжлийн хамааралтай. Мөн хоёул МИАТ-ийн хэргийн шүүх хуралд оролцохдоо нэг нь гэрчээр нөгөөх нь яллагдагчаар оролцсон. Тиймээс нэр нь нэг их дурсагддаггүй тэдний талаар зарим зүйлийг тодруулан хүргэж байна.

17 удаагийн үйлдлээр гүйлгээ хийж, улсад 9.3 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсанд тооцогдох хэрэгт О.Тамир гэрчээр оролцсон нь түүний банкин дахь данстай холбоотой. Түүнийг Хоролсүрэнгийн хамаатан гэдэг ч, тэрбээр МИАТ-ийн хэргийн шүүх ажиллагааны үеэр гэрчээр оролцох үедээ өөрийгөө гэрийн үйлчлэгч нь хэмээн хэлсэн. Тодруулбал, “Би Ч.Хоролсүрэнгийн гэрт үйлчлэгч хийж, хүүхдүүдийг нь харж сургалтын төлбөрөө төлдөг. Нэг өдөр хичээлдээ сууж байхад Хоролсүрэн ах залгаад хичээлээсээ чөлөө аваад хүрээд ир гэхээр нь Сүхбаатарын талбайд очсон. Намайг очиход Н.Гантөмөр гээд хүний хамт байсан. Тэгээд нэг зүйл дээр гарын үсэг зуруулаад, чи хараад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд “Голомт” банкны гурван давхарт нэг өрөөнд ороод удаж гарч ирээд одоо явж болно гэсэн. Надад тэр мөнгө ямар ч хамаагүй” хэмээн мэдүүлж байсан. Тиймээс Ч.Хоролсүрэн нь гэрийн үйлчлэгчийнхээ дансанд мөнгө хийж, бусад руу шилжүүлдэг байсан нь эхний удаа МИАТ-ийн хэрэг дээр ил болсон юм. Харин 2008 оноос хойш Дайны эрсдэлийн сангаас өөр буюу ЕТ дэмжлэгийн төлбөрийг ч хүүхэд асрагчийнхаа дансыг ашиглан гуйвуулж байсан нь эхнээсээ илэрхий болоод байна.

Түүнчлэн Д.Сугар Хонконгийн банкнаас хоёр удаагийн гүйлгээ хийж, О.Тамирын данс руу 3.6 сая ам.доллар шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон.   
Харин Н.Гантөмөр нь Ч.Хоролсүрэнгийн туслах. МИАТ-ийн анхан шатны шүүх хуралд түүний өмгөөлөгч гадаад явсан шалтгааны улмаас ирээгүй. Тиймээс тэр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан. Шүүх хүсэлтийг хүлээж аваагүй ч, түүний хэргийг тусгаарлах шийдвэрт хүрсэн байдаг. Дараа нь түүний хэргийг шүүн хэлэлцээд өнгөрсөн оны наймдугаар сард “Хэрэгт холбоотой нь нотлогдохгүй байна” хэмээн гэм буруутайд тооцоогүй юм. Гэвч ЕТ тодотголтой хэрэг МИАТ-ийн хавтаст хэргээс өөр учраас нэг данс ашигласан байсан ч дээрх хэрэгт холбогдогчоор татагдах үндэслэлтэй болж байгаа билээ.      

Ч.Хоролсүрэн хохирлын мөнгөө барагдуулсан

Ч.Хоролсүрэн өнөөдрийн байдлаар биеэр эдлэх найман жилийн ялын жил гаруйг нь эдлээд байна. Мөн зургаан тэрбум 600 сая төгрөгийг түүнээс гаргуулж хохирол барагдуулахаар болсон. Энэ дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол гарч, зургаан тэрбум 600 сая төгрөгийг 14 хоногийн дотор барагдуулсан юм.  

Ч.Хоролсүрэнгийн өмч, өмчлөлд байсан объектын жагсаалт
-Хан-Уул дүүргийн X хорооны 62 дугаар байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард бусдад шилжүүлсэн.
-Хан-Уул дүүргийн X хорооны 35 дугаар байранд байх орон сууц өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард төрсөн дүү Ч.Суурьтогтоход шилжүүлсэн.
-Хан-Уул дүүргийн X хорооны 35 дугаар байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард дүү Ч.Хоролтогтоход шилжүүлсэн.
-Баянзүрх дүүргийн IV хороо, арваннэгдүгээр байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард иргэн Л.Гансүхэд шилжүүлсэн.
-Чингэлтэй дүүргийн III хороонд 560 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгынхаа өмчлөх эрхээ 2001 оны арванхоёрдугаар сард бусдад шилжүүлсэн.
-Сонгинохайрхан дүүргийн I хороо, Найрамдал зуслангийн 2/18 дугаар байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2010 оны есдүгээр сард иргэн О.Цэцэгмаад шилжүүлсэн.

-Сүхбаатар дүүргийн V хороололд “Заг” 25 дугаар байрныхаа өмчлөх эрхээ 2004 оны арванхоёрдугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр “Интер” банкинд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн V хороолол, V байранд байх орон сууцыг 1997 оны арванхоёрдугаар capд шилжүүлэн аваад 2000 оны наймдугаар сард бусдын өмчлөлд шилжүүлсэн.
-Сүхбаатар дүүргийн II хороо, “Шинэ төгөл” цогцолборт байх орон сууцаа 2010 оны наймдугаар сард иргэн Х.Мэгддоржид шилжүүлсэн. Х.Мэгддоржийн нэр дээр шилжсэнээс дөрөв хоногийн дараа О.Сугармаагийн нэр дээр уг орон сууц шилжсэн. О.Сугармаагийн нэр дээр өөр дөрвөн үл хөдлөх хөрөнгийн эрх байдаг.    
-Сүхбаатар дүүргийн II хороонд байх орон сууцны өмчлөх эрхээ 2004 оны арванхоёрдугаар сард Н.Алтантуяад шилжүүлсэн.
-Сүхбаатар дүүргийн II хороо, Улсын циркийн зүүн хойно байрлах үйлчилгээний барилгын эрхийг 2004 оны тавдугаар сард “Улаанбаатар хүнс” ХХК-д шилжүүлсэн.
-Сүхбаатар дүүргийн IV хороо, I дөчин мянгатын 28 дугаар байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2003 оны зургадугаар сард О.Жандавсүрэнд шилжүүлсэн.
-Сүхбаатар дүүргийн II хороо, 44 дүгээр байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2001 оны гуравдугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр иргэн О.Машбатад шилжүүлсэн байна.
-Одоогоор Ч.Хоролсүрэнгийн нэр дээр Чингэлтэй дүүргийн VI хорооны 68 дугаар байранд нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн I хорооны 26 дугаар байранд орон сууцтай гэсэн судалгаа өнгөрсөн жилийн гуравдугаар сард гарсан.   

0 Сэтгэгдэл
Гудамжинд хүнд зодуулаад цагдаад очихоор тоохгүй, нэг ийимэрхүү юм мөрдөж цол, нэр хүнд өвөрлөх гэж хичээх болжээ, мөрдөн байцаагч болон прокурорууд. Төр хардаггүй л юм байхдаа энэ цагдаа, прокуророо даврааж, ард түмнээр тоглож байгааг.
Uul ni ch Naad muu Khoochin umnu ni bizness tei baisan shuu, mania khan negniigee doosh ni ***** tegeldee, Prokuroruudaa
Tsaad ezen ni Sugar yumaa, Ali esvel hurungu uldlee geed Tom Prokuroruudiin shunal hudluugui biz??? Police urgeelgend yavaad daraa ni uur ulsuud taraglaad duusakh yum bishuu
adgiin muu luivarching shorond ni hataa
sanzai zuslangiin sanzai hotgondoh 2 dawhar haouse bsa hajuud ni bairlah mongol tom ger ni bas bga shde ene metchilen uur il gargaagui bair saw bs bga bhaa
MAN iin avilgachdiin bagahan heseg
Hohirloo baragduulsan mungu bolon busad hurungu n uur ilreegui luivraas uusvertei shuu dee. Japan chigleliin agenteer damjij zaragddag ticketnii zuruu, tax nii zuruu geed zunduu yum garna doo.
Хамгийн их уншсан