Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Аригуун: Станцуудад зориулсан түлш үйлдвэрлэнэ


БНСУ-ын “KOICA”-гийн хогны үйлдвэр энэ сарын сүүлээр ашиглалтад орно хэмээн хотын удирдлагууд мэдээлсэн билээ. Үйлдвэрийн түүхий эд  нь гялгар уут байх бөгөөд төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайдаа хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах боломжтойгоороо давуу. Ямартай ч, гялгар уутыг хэрхэн түлш болгон үйлдвэрлэх боломжтойг НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

-Удахгүй ашиглалтад орох “KOICA”-гийн хогны үйлдвэр гялгар уутыг шахмал түлш болгоно гэ­сэн мэдээлэл олон хүний ан­хаарлыг татаж байна. Яаж тэр вэ?
-Энэ нь, гялгар уутыг өндөр даралтаар шахаж, нягтаршуулан түлш болгох технологи  л доо. Энэ түлшний хувьд өндөр даралтын буюу цахилгаан станцын зууханд 700-800 цельсийн зууханд шатаах боломжтой. 2005 онд Японы “Жайка” олон улсын байгууллагынхан Налайхын дулааны цахилгаан станцад төсөл хэрэгжүүлэн, туршиж байсан юм.

-Тэгэхээр жирийн өрх түлж болохгүй юм байна. Тийм үү?
-Тийм. Яагаад гэхээр, гялгар уут шатаахаар агаарт хорт хий цацдаг бол өн­дөр даралтын зууханд түлш болгож түлэхээр ба­гас­даг. Учир нь, өндөр да­ралтат зууханд шатааж бай­гаа болохоор. Иймээс гял­гар уутаа хайлуулахдаа бэх­жүү­лэгч, хаягдал цаастай хольж долоовор хурууны хэмжээтэй жижигхэн түлш болгон үйлдвэрлэж, дулааны цахилгаан станцуудад ний­лүүлэх юм. Ингэснээр стан­цуудын нүүрсний хэрэглээ багасна. 

-Үйлдвэр ашиглалтад орвол жилдээ хэдэн тн шахмал түлш үйлдвэрлэх бол. Дулааны цахилгаан станцуудыг бүрэн хангах нь ээ?
-Одоохондоо бүрэн хан­гах боломжгүй. Ерөн­хий­дөө, үйлдвэр өдөрт най­ман цаг ажиллана гэж тоо­цохоор орйолцоогоор нэг тн шахмал түлш үйлдвэрлэх хү­чин чадалтай. Бага юм шиг сонсогдох ч,  тэр нэг тн шахмал түлш гялгар уут байсан бол хэд дахин илүү овор хэмжээ ихтэй, салхиар тархаж болохуйц хог байна шүү дээ.

-Ер нь, хог хаягдлын хэдэн хувийг гялгар уут эзэл­дэг юм бэ. Түүхий эдийн хувьд хамгийн ол­доцтой нь байх?
-Тэр ч тийм шүү. Улаанбаатар хот жилдээ 500-600 мянган тонн хог хаягдал гаргадаг. Хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг импортлон авч, хог болгон байгальдаа хаядаг гэсэн үг. Тэгвэл энэ үйлдвэр байгуулагдсанаар хог болон хөглөрөх гялгар уут багасна.  Өнөөдөр тус үйлдвэр хольж хаясан хог хаягдлаас гялгар уутыг нь ялган авч байгаа. Хэрвээ иргэд  хогоо ангилж хаядаг болбол үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэнэ л дээ.

-Үйлдвэр хэзээ ашиг­лалтад орох вэ?
-Энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн. Цахилгааны гэмтэл гарсан учраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани засч байна.

-Гялгар уутнаас гад­на машины хаймер, ду­гуй хогны дийлэнх ху­вийг бүрдүүлдэг. Энэ төр­лийн хогийг үйлдвэр боловс­руулж болох уу?
-Энэ үйлдвэрийн техник технологи зөвхөн гялгар уутыг дахин боловсруулж түлш үйлд­вэрлэх л боломжтой. Тий­мээс машины хаймер тү­лэх боломжгүй. Харин ма­шины дугуй, хаймарыг дахин боловсруулдаг үйлдвэр Бага­хангайд баригдчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ үйлдвэр машины хаягдал дугуйг хүлээж аван дизель түлш үйлдвэрлэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан