Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗУРГААН НАСТНУУДЫН БҮРТГЭЛ ТОЙРСОН “СИНДРОМ” ӨНӨӨДӨР ДУУСНА

2008 онд төрсөн зургаан настнууд энэ жил нэгдүгээр ангид элсэнэ. Ирэх намар сур­гуулийн сурагч болох жаа­луудыг харьяа сургуулиуд нь бүртгээд дуусч байна. Өн­гөрсөн жил Нийслэлийн бо­ловсролын газраас хамран  сурах тойргийг шинэчлэн тог­тоо­­сонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнгөрсөн сарын 28-наас эхэлж өнөөдөр дуусч байгаа юм.
Жил жилийн хавар элсэлт гэж бөөн ажил манаргадаг энэ үеэр сургуулиуд хэр ачаалалтай байгааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48, Сүх­аатар дүүргийн хоёрдугаар сургуулиар орж харлаа. Бүртгэлийн хугацаа дуусч байгаа учраас хүн бараг харагдсангүй. Энэ хоёр сургуульд бүртгэлийн гурван долоо хоногийн хуга­цаанд ямар нэг ноцтой зөр­чилтэй асуудал гараагүй гэнэ. Хүүхдээ бүртгүүлэхээр ир­сэн эцэг эхчүүд бүрдүүлэх материал дутуу байснаас буцсан тохиолдол гарч. Хороо­­доос ирсэн нэрсийн дагуу хүүхдүүдээ бүртгээд цөөн үлдсэн нь өнөөдөртөө амжаад ирэх байх гэсэн мэдээ өглөө.

Нэгдүгээр ангид элсэгчдийн тоо хоёр мянгаар буурчээ

2007 он буюу алтан гахай жилд төрсөн хүүхдүүд өнгөрсөн жил сургуульд орсон.
Тэд 22 мянгуулаа нэгдүгээр ангид элссэн нь өмнөх жилүүдийнхээс даруй гурван мянгаар илүү байж, боловсролын салбарыг чичрээгээд авсан. Тэгвэл энэ жил 20 гаруй мянган хүүхэд шинээр сургуульд элсэх урьдчилсан тоо гарчээ. Нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой Нийслэлийн боловсролын газарт хамгийн их ирдэг гомдол санал бол дуртай сургуульдаа сурах эрхийг хязгаарлалаа гэсэн шүүмжлэл. Үүнийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Нийслэлийн сургуулиудын ашиглалтыг аваад үзэх юм бол 100 хүүхэд сурах сургуульд 160 хүүхэд сурч байгаа хэмжээний өндөр ачаалалтай ажилладаг. Төвийн нэлээн олон сургууль дээр ялангуяа 1, 23 дугаар сургуульд анги дүүргэлт 58 хүртэл байгаа бол 17 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Тойргийн бус хүүхдүүд авдаг нь гурван ээлжээр хичээллэх гол шалтгаан. Нэгэнт сургуулиудын хүчин чадал хүрэхгүй болохоор хамран сургах тойргийг хатуу тогтоосон. Сургуулиуд элсэлтээрээ зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг эцэг эхчүүд сайн ойлгохгүйгээр би дуртай сургуульдаа хүүхдээ сургах эрхтэй гэдэг” хэмээн тайлбарлалаа.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон зургаан настантай

Бүртгэл өнөөдөр дуу­сах боловч Нийслэлийн боловсролын газар хараахан эцсийн дүнгээ багцлаагүй байна. Тиймээс зарим дүүр­гийн боловсролын хэлтэс­тэй холбогдож, бүртгэ­лийн талаарх мэдээ авлаа.
Хамран сурах тойргийн хүүх­дүүдийн урьчилсан мэ­дээг хороодоос гаргаж, сур­гуу­лиудад тараажээ. Харин сургууль бүртгүүлэхээр ирсэн хүүхдүүдийг жагсаал­тын дагуу хийсэн байна. Урьд­чилсан байдлаар Нийс­лэ­лийн Баянзүрх, Сонгино­хайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настан бүртгэжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн Боловсролын хэлт­­­сийн мэргэжилтэн Ч.Оюунбадамтай холбогдо­ход “Манай дүүрэгт энэ жил 4607 хүүхэд шинээр сургуульд орно. Гэхдээ энэ бол шинээр ба­ригдсан хотхон, хороодын хүүхэд ороогүй тоо. Бүртгэл одоогоор 82 хувьтай байна. Төрийн өмчийн 20 сургууль дүүргийн нутаг дэвсгэрт байдаг. Хамгийн олон хүүхэд ногдож байгаа нь 84, 14 дүгээр сургууль болж байна” гэлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн “Манай дүүрэгт 5000 гаруй хүүхэд энэ жил шинээр элсэнэ. Бүртгэл 90 хувьтай байна. Хороодоос хүүхдийнхээ судалгааг гаргасан учраас дүүрэг дээр нарийн мэдээлэл алга” гэлээ.
Баянгол дүүрэгт энэ жил 3000 гаруй хүүхэд шинээр сургуульд элсэх бол бүртгэл өчигдрийн байдлаар 83 хувьтай байсан юм.
Хэрэв өнөөдөр бүртгэл дуусахад урьдчилсан байд­лаар гаргасан дүн 100 хувьдаа хүрэхгүй бол хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүд намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүртгүүлж болох юм байна. Энэ удаагийн бүртгэл нь хамран сурах тойргийн хүүх­дүү­­дийн судалгааг гар­гах учраас хэрэв бүртгэлд нэр нь орсон л бол тухайн сургуульдаа намар хичээл эхлэхэд бүртгүүлээд, сурах боломжтой гэсэн.

14 дүгээр сургуулийнхан зөвхөн нэг жишээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилга өнгөрсөн жил таазнаасаа эхлэн нурснаар ашиглах аргагүй болсон. Тус сургуулийн бага ангийнхан сургуулийн өргөтгөлдөө хичээллэж байгаа бол дунд болон ахлах ангийнхан ойролцоо гурван сургуульд хуваагдан хичээллэж буй. Гэтэл тус сургууль энэ жил хамгийн олон элсэгч бүртгэж авчээ. Сургуулийн барилгагүй мөртлөө хамгийн олон элсэгч бүртгэсэн жишээ 14 дүгээр сургуулиар дуусахгүй. Тэдэнтэй адил зовлонтой 20 гаруй сургууль бий. Барилгын ажил сунжирсан, сургуулийн барилгын ажлыг хийх төсөв царцсан гээд.
Ямартай ч өнгөрсөн жилээс 80 бага сургуулийн барилга шинээр барихаар төлөвлөж  байршлыг нь батлаад байгаа. Үүний 16-г нь нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр бол­сон бол улсын төсвөөс 34 сургуулийн зориулалттай байгууламж барихаар төлөвлөсөн юм. Хэрэв эдгээр сургуулийг барьчихвал зарим сургуулийн ачаалал 54 хувь хүртэл буурах тооцоо гарсан. Тэр хүртэл барилга нь нурсан сургуулиуд өөр сургууль бараадахаас өөр аргагүй.

Хувийн сургуулиудын төлбөр, хандивын ангийн “хахууль” өсчээ


Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг төрийн, төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр нэг зэрэг зохион байгуулж буй. Хэдийгээр нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эх байна.
Харин үүн дээр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Эцэг эхчүүд хүүхдээ нэг, тав, 14, 33 гээд  сургалт нь сайн гэгддэг сургуульд оруулмаар байна гэдэг. Мэдээж энэ зөв л дөө, хэн ч гэсэн хүүхдээ аль сайн сургалттай сургуульд сургаж, боловсрол мэдлэгтэй болгохыг хүснэ. Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байгаа. Сайн сургууль гэсэн тодотголтой хэдэн сургууль л байдаг, бусад нь хотын захын ч юм уу, сургалт муутай гэдэг яриа, ялгааг арилгах чиглэлээр ажиллаж байна. Ялангуяа бага боловсролд анхаарч байгаа. Энэ жил 20 гаруй сургуульд хүүхэд бүрийг хөгжүүлдэг туршлагыг нэвтрүүлээд амжилттай хэрэгжсэн учраас шинэ сурах бичиг боловсруулж, бүх сургуульд энэ арга туршлагаа нэвтрүүлнэ. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарч байна. Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн бас нэг шалтгаан хүүхдийг аль болох гэрийнх нь ойр сургах бодлогод нийцүүлж байгаа юм. Хаа байсан хотын зүүн, баруун захаас хотын төв ордог хүүхдүүд бий.  Тэдгээр хүүхдүүд хичнээн цаг автобусанд явах вэ, дээр нь автобусны мөнгө төлнө, хол газар явж сургуульд хүрнэ гэдэг бас эрсдэл дагуулна. Бид хүүхдийг 500 метр дотор гүйгээд л сургуульдаа хүрчихдэг болгох гээд байгаа юм” гэсэн тайлбар өглөө. Уг нь өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бага сургуулиудын анги дүүргэлт 30.8 хувьтай байгаа. Харин хамгийн сайн гэж тодотгодог найман сургуулийн анги дүүргэлт 52 хүртэл байна. Эдгээр сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50 хүрэх­гүй. Анги дүүргэлт хэвийн хэмжээнд байх бололцоо байгаа. Салбарын сайдын тушаалаар нэг ангид 30-35 хүүхэд сурах нормтой. Гэтэл эцэг эхчүүдийн хүсэл, эрэлттэй сургуулийнхны шуна­­лаас хамаараад ханди­вын, хахуулийн мөнгөний асуудал бүртгэлийн үеэр жил бүр яригддаг. Энэ жил ч сонсогдож байна. Хандив нэртэй хахуулийн хэрэгт эхнээсээ багш нар холбогдож, цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн мэдээлэл ч бий.
Эцэг эхчүүдийн хүслэн болсон дээрх сургуулиудад энэ жил хандивын анги нээгджээ. Тэдгээр ангиудад хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг авдаг гэнэ. Хандивын ангийн босго мөнгө хэд байдаг талаар сураглахад, нэгдүгээр сургууль- 4-5.5 сая төгрөг, 23, 24, 45, 48 дугаар сургууль 2-3.5 сая төгрөг, 83, 84 дүгээр сургууль 1-2.5 сая төгрөг байгаа гэнэ. Сургалт нь гүнзгийрсэн эсэхээс хамаарч энэ ханш хэлбэлздэг аж.  
Улсын төсвөөс санхүүждэг сургуулиуд эцэг эхчүүдээс өдий хэрийн мөнгө нэхэмжилж суух хооронд хувийн сургуулиуд төлбөрөө энэ жил 5-10 хувиар нэмэх сурагтай. Ам.доллараар сургалтын төлбөрөө тооцдог сургуулиуд ч төлбөрөө нэмэх гэнэ. Төрийн өмчийн дунд сургууль, багш нарын нэр хүнд муудсан энэ үед эцэг, эхчүүд хүүхдэдээ чанар­тай боловсрол олго­хыг чухалчилж хувийн сургууль сонгох болсон. Энэ эрэлтэд тулгуурлаад төрийн бус өмчийн сургууль жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр төлбөр нь ч өссөөр буй. БШУЯ-ны холбогдох мэргэ­жилтний хэлснээр хувийн сургуулиудын төлбөрт хяналт тавих боломжгүй гэнэ. Учир нь эцэг эхчүүд сургуулиа сонго­дог. Нөгөө талаас сургууль нь хүний хувийн өмч. Өдгөө улсын хэмжээнд 140 орчим хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь “International School of Ulaanbaatar” буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан. Тус сургууль төлбөрийн хувьд хоёр сонголттой. Хэ­­рэв таны хүүхдийн сургал­тын төлбөрийг албан байгуул­лагаас тань төлөх бол 30 мянган ам.доллар буюу өнгөрсөн жилийн ханшаар 51 сая орчим төгрөг байсан бол энэ жил 5-10 хувийг нь нэмэхгүйгээр монгол төгрөгт шил­жүүлэхэд 54 орчим сая төрөг болж байгаа юм. Бусад сургуулийн төлбөр энэ хан­шаас доошлоод жилийн гурван сая орчим төгрөг. Хоёр сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор цөөн байна.

0 Сэтгэгдэл
та нар ингэж худал мэдээлэл цацдагаас сэтгүүлчийн нэр хүндээ өөрсдөө унагаад байгаамш дээ
яах гэж ингэж нийгэмд худал мэдээлэл цацаж байдгий, болиоч
Хамгийн их уншсан