Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын музейчдын өдөр

Дэлхийн улс орнуудын музейчдын мэргэжлийн баяр уламжлал ёсоор өнөөдөр /18-нд/ болж байна.

Уг баяр нь музей бол хүмүүс хоорондын энх тайван, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, тэдний соёлын солилцоо, соёлыг баяжуулах зорилготой юм. Энэ баяр жил бүрийн музейн үйл ажиллагаанд зориулагдсан тодорхой уриан дор болдог. Энэ жил “Музейн сан хөмрөг бүхнийг холбоно” гэсэн уриатай байгаа юм.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 17000 орчим үзмэр, эд зүйл хадгалагдаж буй бөгөөд олон улсын музейн өдөрт зориулан  өөрийн цуглуулгаасаа үзэгчдийн өмнө дэлгэж байна. Энэ удаа Монголын дүрслэх урлагт тодорхой байр эзэлдэг шашны урлагийн бүтээлүүдийн цувралын эхний хэсгийг гаргаж байгаа юм.

Монголчууд шашныг хамгаалагч гол сахиусуудыг “Арван догшин хангал” хэмээн нэрийддэг бөгөөд үүнд, Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Дамдинчойжоо, Балданлхам буюу охин тэнгэр, Шалши, Намсрай, Жамсран, Цамба зэрэг бурхад багтдаг. Нууц тарнийн ёсны догшин ядам бурхадын нэг “Очирт аюулган үйлдэгч” буюу бидний нэрлэж заншсанаар Жигжид бурханыг энэ удаагийн үзэсгэлэнд сонгожээ.

Жигжид бурханы голын хурц хоёр эвэртэй догшин бух тэргүүний дээр догшин улаан тэргүүн, Манзушир бурханы хилэнт тэргүүн байна. Мутар бүртээ өөр өөр зэвсэг барьж, олон зүйлийн амьтан, тэнгэрийг дэвслэн зогсох нь муу сэтгэлийг дарахыг бэлгэджээ. Тэдний догшин ширүүн байдал нь хэрцгий догшны илэрхийлэл бус харин бодийн хутагт хүрэхэд саад тотгор болдог хүсэл, шунал тэргүүтнийг арилгах хүч чадал эрхшээснийг илтгэнэ. Ерөнхий утга нь ядам бурхадтай адилтөгс гэгээрлийн эцсийн шатнаас өмнөх шатуудад нь дэмжин тусалдаг аж.

Үзэсгэлэнд цутгамал, шавар, модон сийлбэр, шүтээн зураг, барын дардас зэрэг төрлөөр бүтээсэн 100 гаруй үзмэрийг дэлгэх бөгөөд энэ сарын 16-ны 13 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдсэн бөгөөд зургадугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан