Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жинхэнэ ардчиллын жишээ

Швейцарьт бүх нийтийн ээлжит удаагийн санал асуулга болж байна. Жилд дөрвөн удаа зохион байгуулдаг санал асуулгын үеэр швейцарьчууд улс орны ирээдүй, хөгжилтэй холбоотой маш олон асуудлаар байр сууриа илэрхийлж, Засгийн газартаа чиглэл өгч, ямар шийдвэр гаргахыг зааж өгдөг уламжлалтай.
Өчигдөр болсон бүх нийтийн санал асуулгаар швейцарчууд дөрвөн асуудлыг талаар үзэл бодлоо илэрхийллээ.


Цалингийн доод хэмжээ

“Швейцарийн үйлдвэрчний эвлэлийн нэгдэл” буюу “USS” улсын хэмжээнд нэг цагийн хөдөлмөрийн доод үнэлэмжийг нэмж тогтоох санаачилга гаргасныг бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрөх үгүйг шийднэ. “USS”-ийн гаргасан санаачлагыг зөвшөөрвөл Швейцарийн нутагт нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг хамгийн багадаа 22 швейцарь франк буюу 25 ам.долларын түвшинд хүртэл өргөнө. Ингэснээр энэ улсын сарын цалингийн доод хэмжээ 4000 франк буюу 4,5 мянган ам.доллар болох юм.

Хэрэв санал асуулгаар швейцарвчууд энэ саналыг дэмжвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хамгийн өндөртэй улсаар тодорно. Харьцуулахад, Европын холбоо ба Германы зөвшилцөн тохирсноор цагийн хөлсний доод үнэлэмж 8,5 евро байдаг бол Барак Обама Америкийн хэмжээнд цагийн хөлсийг 11,1 ам.доллар болгохоор уйгагүй зүтгэж байгаа.
Цагийн хөлсний доод үнэлэмжийг ингэж өргөж өсгөснөөр  Швейцарийн нийгэм дэх хамгийн бага цалинтай хэсэг буюу хүн амын есөн хувийг эзэлдэг 330 мянган хүний эрхийг хамгаалах аж. Гэвч уг санал гарсан цагаас нь эхлэн Швецарийн ажлын байрны 75 гаруй хувийг ажлаар хангаж байдаг хувийн жижиг ба дунд бизнесийг хамарсан үйлдвэрчний эвлэ­лүүд эсэргүүцсэн юм. Тэд цагийн хөдөлмөрийн доод үнэлэмжийг ингэж өсгөвөл үргүй зардал, зарлага нэмэг­дэн ажил олгогч нар бага цалинтай хүнийг цагийн ажилд авахаас тээршааж, улмаар ажилгүйдэл нэмэгдэнэ гэж үзжээ. Энэ байр суурийг Швей­­царийн парламентын хоёр тэнхим ч дэмжиж байгаа.
Урьдчилсан санал асуул­гаас үзвэл швейцарь­чуу­дын 64 хувь нь цагийн хөдөл­­мөрийн доод хэмжээг нэмэ­­хийг эсэргүүцэж, 30 хувь нь дэмжинэ.

Шинэ сөнөөгч онгоц

Бүх нийтийн санал асуулгаар шийдэх өөр нэг асуудал нь Швейцарийн Цэргийн нисэх хүчний хэрэгцээнд “Gripen-E” сөнөөгч онгоц худалдан авах тухай. Шведийн сөнөөгч онгоц худалдан авахад төсвөөс 3,1 тэрбум швейцарь франк буюу 3,5 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөөд байсан юм. Энэ улсын Батлан хамгаалах яам 36 жилийн тэртээ худалдан авсан америкийн 56 ширхэг “F-5 Tiger” сөнөөгч онгоц бүх нөөц боломжоо барж дууссан тул 2016 оноос бүгдийг нь жагсаалаас гаргахаас өөр аргагүй болж. Тиймээс онгоц зайлшгүй худалдаж авах ёстой гэсэн юм. Тендер зарлахад Шведийн “Gripen-E” сөнөөгч онгоц үйлдвэрлэгчид ялж Швейцарьт 22 ширхгийг худалдах эрхтэй болсон.

Гэвч зүүний тал, экологийн талыг баримтлагч намуудын эвсэл ба “Армигүй Швейцарь” нэртэй зэвсэглэлийн эсрэг хөдөлгөөнийхөн энэ худалдан авалтыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй кампанит ажил зохион байгуулсан тул арга буюу эцсийн шийдвэрийг бүх нийтийн санал асуулгаар гаргах болжээ. Швейцарийн парламентын хоёр тэнхим швед сөнөөгч худалдан авахыг дэмжиж, “Манай улсын аюулгүй байдал илүү үр нөлөөтэй Цэргийн нисэх хүчнийг шаардаж байна” гэж онцолжээ. Үүний дээр Шведийн сөнөөгч нь Францын “Dassault Rafale”, Европын холбооны хамтын бүтээл “Eurofighter Typhoon” зэрэг сөнөөгч онгоцоос хамаагүй хямд гэдгийг чухалчилжээ. Чанар ба үнэ гэсэн харьцааны хамгийн зохимжтой хувилбар гэж үзэн швед сөнөөгч онгоцыг сонгосон гэдгээ дурдаж.
Гэвч шинэ сөнөөгч онгоц худалдан авахыг эсэргүүцэгчид нь хуучирсан 56 ширхэг онгоцыг жагсаалаас гаргалаа ч хойно нь 32 ширхэг “F/A-18 Hornet” сөнөөгч үлдэх нь Европын зүрхэнд байрладаг, дундыг баримтласан Швейцарь шиг улсын аюулгүй байдлыг хамгаалахад хангалттай гэж мэдэгдэж байна. Тэгээд ч Швейцарь хэнтэй ч байлдах гээгүй, сөнөөгч онгоцоо төрийн тэргүүн оролцсон форум, уулзалт зэрэг онцгой арга хэмжэний үеэр агаарын цагдаагийн үүрэг гүйцэтгэхээс хэтрэхгүй гэж онцолжээ.
Урьдчилсан санал асуулгаар швейцарьчуудын 52 хувь нь шинэ сөнөөгч он­гоц худалдан авахыг эсэргүү­цэж, 40 хувь нь дэмжиж байгаа аж.

Хэрэгтнүүдийн асуудал

Дараагийн асуудал нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл хийсэн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг хүүхдийн боловсролын байгууллагад ажиллуулахыг хориглох тухай. Энд  боловсролын салбарт төдийгүй сайн дураар ажиллах эрхийг нь хасахаар яригдаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах “Цагаан марш” хөдөлгөөн энэ асуудлыг сөхсөн юм. Гэвч Швейцарийн холбооны зөвлөл буюу Засгийн газар нь иргэддээ хандан энэ саналыг дэмжихгүй байхыг зөвлөсөн аж. Учир нь, энэ хориг санал нь бүдүүвч төдий ойлгомжгүйн дээр, хэт хатуурхсан хэрэг гэсэн байна. Жишээлэхэд, 20 настай залуу 15 настай сургуулийн сурагчтай “учир ургуулбал” залуу нь бүх насаараа хүүхдийн спортын лагерьт ажиллах эрхээ хасуулах гэх мэтээр хэлмэгдсэн зүйл их байна гэж шүүмжилжээ. Засгийн газрын энэ байр суурийг Швейцарийн цөөн­гүй нам дэмжиж бай­гаа ч гаж донтнуудыг дэмжигч гэсэн нэр зүүхээс болгоомжлон байр сууриа ил тод илэрхийлэхээс зайлсхийж байгаа аж. Урьд­чил­­сан санал асуулгаар швей­царьчуудын 59 хувь нь “Цагаан марш”-ийн саналыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Өрхийн эмч

Бүх нийтийн санал асуулгад тусгасан дөрөв дэх асуудал нь өрхийн эмч, суви­лагч, лабораторын ажилтан, физик эмчилгээний мэргэ­жилтний нийгмийн халамж, байр суурь, эрхийг түлхүү хамгаалах тухай. Швейцарьт жил ирэх тусам өндөр настны тоо нэмэгдэж байгаа болохоор тэдэнд цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлэг, тэнд ажилладаг боловсон хүчний ач холбогдол нэмэгдэж байгаа юм. Гэтэл судалгаанаас үзэхэд Швейцарийн анагаахын дээд сургууль төгсөгчдийн 10 хүрэхгүй хувь нь өрхийн эмнэлгийг сонгодог байна. Учир нь, өрхийн эмнэлгээс бусад нарийн мэргэжлийн эмч нарын цалин хамаагүй өндөр аж. Иймд өрхийн болон нарийн мэргэжлийн эмч нар хоорондын цалингийн ялгааг багасгах, энэ салбарт залуу боловсон хүчин орж ажиллах таатай боломж бүрдүүлэхийн төлөө иргэд саналаа өгнө.
Сувилагч, физик эмчилгээ, оношлогооны салбарын дунд мэргэжилтнүүдэд онцгой анхаарч байгаа нь зөвхөн өрхийн эмч, өрхийн эмнэлэг гэж туйлшралгүйгээр эрүүл мэн­дийн салбарын дунд шатны давхаргад түлхүү ан­хаарал тавихтай холбоотой аж. Учир нь, өндөр настнууд­тай хамгийн түрүүнд тулж ажилладаг нь эдгээр эмч.

Шууд ардчилал

Швейцарийн Үндсэн хуульд тус улсын хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий Засаглал нь бүх нийтийн санал асуулгын байдлаар хүслээ илэрхийлдэг ард түмэн гэж заасан байдаг. Тийм ч учраас, Швейцарь нь бүх нийтийн санал асуулга хамгийн олон зохион байгуулдаг улс. Статистик судалгаанаас үзвэл 1799 оноос хойш дэлхий даяар явуулсан бүх нийтийн 1645 санал асуулгын 591 нь Швейцарьт болж байжээ.

0 Сэтгэгдэл
ногоон уутаараа дахих уу баатар үүлээ тэр сөнөөгч онгоц бол жинхэн шударга санал асуулга байна
мундагаа. манайд мөн ч хол сонсогдож байхчивээ
ЖИНХЭН АРЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ЭНИЙГ ХЭЛДЭГ ЮМ ДАА
Ерөнхийлөгчөө шууд ардчилал гэж энэ дээ .АРд түмнээсээ асуудаг.ОНХ сангийн хэдэнтөгрөгийг мэдэх бус Засгийн эрхийг ардтүмэн мэдэх ёстой Манай ардчилагчид ард түмнээсээ нэг ч удаа асууж үзээгүй шүү.Одоо нүдээ нээгээд Давхар дээлээ асуугаад үз дээ.Цаашид сонгуулийн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэхгү баталдагааа болоих цаг нь болсон шүүдэээ
Хамгийн их уншсан