Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН МАХН-тай “хаалтын гэрээ” байгуулжээ

Төрийн дээр нам гарчихлаа гэдэг шүүмжлэл сүүлийн үед тасрахаа больсон. Хийж байгаа үйлдэл, хэлж буй үг бүрт энэ нь харагдсаар. Одоо бүр улаан цаймдаа гарч байх шиг. УИХ-ын чуулганы хуралдаанд хүртэл төрийн түшээд нь танай нам, манай нам гэж талцаж, хэрэлддэг нь хэвийн үзэгдэл. Пүрэв гарагт л гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал оруулснаа татаж авсан нь нэг зүйлийг тодруулахад тусаллаа.

Огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэхийн өмнөхөн төслөө татаж авснаа мэдэгдсэнд бухимдсан МАН-ынхнаас “Ерөнхий сайдтай уулзаад төслөө татаад авчихлаа. Төрийг даапаалсан үйлдэл гаргахаа боль. Стандарт бус зүйл парламентад гаргаж ирлээ, огцруулах асуудал тавьсан гишүүн нь төслөө татаж байгаа нь ичгүүртэй хэрэг. О.Баасанхүү Монголын төрийг, ард түмнийг басамжилсан үйлдэл гаргалаа. Төрөөр тоглоом тохуу хийдэг иймэрхүү хүмүүстэй хамт нэг парламентад суугаадаа ичиж үхэх нь” гэсэн шүүмжлэлээр булсан.

Х.Тэ­мүүжин сайдыг огц­руулах асуудалд багагүй хугацаа зарцуулж, хаалттай хуралдаж парламентын ги­шүүдийн цагийг үрсэн дэ­мий зүйл хийлэглээ гэж бухимдав.

О.Баасанхүү гишүүн Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг байж тогтвортой ажиллахад саад болж, нэг сайдыг чангааж эхэлсэн нь АН-ыг МАХН-тай санамж бичиг үйлдэхэд хүргэж. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагватай ха­риуц­лагын санамж бичиг гээч баримт үзэглэжээ. Санамж бичигт ерөнхийдөө хамтарсан засаг байгуулсан ч нөгөө намынхаа асуудалд оролцохгүй байя, нэгнээ шоглохгүй эвтэй амьдарцгаая гэсэн утга шингээсэн аж. Энэ бол удахгүй хүчин төгөлдөр болох АН, МАХН-ын 10 жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээний урьтал гэнэ. Хамтрагч намууд аль алийнхаа хүний нөөцийн бодлогод хүндэтгэлтэй хандах, дотоод хэрэгт нь үл оролцохыг анхааруулж. Нөгөө намынхаа гишүүд, сайдыг ажил хэрэгчээр шүүмжлэхийг нь зөвшөөрөх боломжийг бас олгожээ. Гэхдээ сайдыг огцруулах асуудал, сольж, өөрчлөх саналыг зөвхөн нам дотроо шийдье гэв. Нэгнийхээ гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хү­лээн зөвшөөрөхийг тул­ган шаардсан маягтай заал­­­­­тууд санамж бичигт бий. То­милгоо, сайд, улс тө­рийн албан тушаалтныг ро­тацийн журмаар болон бусад шалтгаанаар солиход нөгөө тал үг дуугүй хүлээн авч, үүнд нь оролцохгүй байх зарчим баримтлан тууштай дэмжихийг тусгаж. Урт хугацааны турш хамтран ажиллах гэрээндээ ч эдгээрийг хатуу зааж өгөхөөр болжээ.

Товчхондоо, нам дотроо юу болж байгаа нь нөгөөд ямар ч хамаагүй учир дуугүй байхыг сануулж, цаашдаа ч амаа жимийх ёстой гэсэн “хаалтын гэрээ” маягтай зүйл болж таарлаа. Бусдыг муулахгүй, чимээгүй байх гэж гэрээ байгуулдаг хэмээн хэвлэлийнхнийг УИХ-ын гишүүд хэд хоногийн өмнө гүтгэж, чичилж байсансан. Тэгвэл тэд өөрсдөө нэгийгээ чимээгүй байлгах гэж “хаалтын гэрээ” байгуулчихаж байгаа юм биш үү.

Сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад МАН-ын гишүүд АН-ын дотоод зөрчил ил гарч, засгаа хямрааж эхэллээ гэсэн. Үүнд нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Нөгөө намынхаа улс төрийн гал тогоо руу гүн гүнзгий орох нь улс төрийн соёлгүй үйлдэл” гэж хариу барьсан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдааны үеэр МАН-ынхан АН-ын дотоод хямралыг хөндөхөд “Сав савныхаа асуудлыг ярья” хэмээн сануулж байв. Засагт хамтарсан арай дөнгүүр нь болох МАХН-ын гишүүдийг чимээгүй байлгана гэдэг бусад намтай “хаалтын гэрээ” хийсэн байх магадлал бийг харуулна.

Ингэхээр Хуульзүйн сайдыг огцруулах төслөө бүр мөсөн татаагүй, өөр зүйлүүд нэмээд буцааж оруулж ирнэ гэсэн О.Баасанхүү гишүүний ярьсан зүйл зүгээр л гал намжаасан үйлдэл байж мэдэх нь. Сайд нарт асуудал байвал нам намаас нь л оруулна гэж гарын үсэн зурсан юм чинь гэрээгээ л дагаж таарна. Сөрөг хүчин МАН-аас бусад нь сайд огцруулах асуудал санаачлах “эрхгүй” боллоо гэсэн үг. Эрх мэдэлдээ эрдэж сохорсны дээр шүүмжлэл сонсохгүй гэчихлээ. Нөгөө алдарт “хаалтын гэрээ” гэгч одоо бүр төрийн ажлын нэг хэмжүүр болчихож байгаа нь энэ бус уу.       

0 Сэтгэгдэл
Шинэ хотын төвийн баруун урд байрлалтай,/эмээлт рүү явдаг замын урд талд замаасаа 200-300м зайтай/ хажуудаа хөнгөн бетоны үйлдвэртэй, 3 тал хашаа татах, тогоо 100 м-ээс татах боломжтой, шинэ авто захаас 800м зайтай, урагшаа хойшоо газраа өргөтгөх боломжтой, үйлдвэр аж ахуйн зориулалттай, эрүүл тэгш 3 га газар зарна. Үйлдвэр, том машины зогсоол, агуулах аж ахуйн хашаа хийвэл илүү тохиромжтой. Утас 91915103
Хамгийн их уншсан