Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Түмэн-Өлзий: Ямар их юм туулав даа гэж бодохоор хоолой зангираад байдаг


90 жилийн тэртээх Судар бичгийн хүрээлэнгээс гаргасан дүрэмд музей байгуулах тухай зааснаар Монгол Улс анх удаа музейтэй болж, тэр нь өдгөө 50 хүртлээ өргөжиж, 200 мянга гаруй үзмэр, 600 гаруй  ажилчинтай тогтолцоо болтлоо хөгжжээ. Тэдний хамгийн отгон нь Оюун ухааны олон улсын музей. Хэдийгээр байгуулагдаад 24 жилийн хугацаа өнгөрч байгаа ч музейн 90 жилийн ойгоороо нээлтээ хийсэн юм. Хүмүүст аль хэдийнэ танигдсан шинэ музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийтэй Олон улсын музейчдийн өдрөөр уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Байгуулагдаад 20 гаруй жилийн нүүр үзсэн ч одоо л нээлтээ хийж байгаа танай музейн талаар яриагаа эхэлье?
-Би эдийн засагч мэргэ­жилтэй хүн. Эдийн засгаараа гурван дээд сургууль төгссөн. 1965 онд сургуулиа төгсөөд санхүүгийн ажилтнаас намын дарга хүртэл хийж явлаа. Харин 1988 оноос энэ ажлаараа дагнасан. Музейн ажил маань миний хобби юм. Энэ музейгээ 1990 оны наймдугаар сарын 13-нд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор нээж байлаа. “Үндэсний тоглоомын үзэсгэлэн” нэртэйгээр шүү. Түүнээс хойш 2002 он хүртэл улсаас давуу эрхтэйгээр байр худалдаж авчих гээд л хүлээсээр хамаг цагаа алдаад чадалгүй гадаадад сурч байсан хүүхдүүд маань дэмжлэг үзүүлж, олон хүний хандив тусламжаар хоёр давхар барилга худалдан авлаа. 2004 онд барилгынхаа хажууд дөр­вөн давхар өргөтгөл бариад, түүндээ цэцэрлэг байгуулсан.

-Музейнхээ хажуугаар уу?
-1981 оноос хойш үндэсний тоглоомын ач холбогдол, хүний генийг яаж сайжруулах талаар бүх сайд дарга нарт яриад ойлгуулж чадаагүй. Намайг мөн ч сайхан мөрөөдөж байна даа л гэж бодсон байх. Тэгэхээр нь цэцэрлэг байгуулаад IQ хөгжүүлэх үндэсний тоглоом заагаад ирсэн чинь хүмүүс ойлгож эхэлсэн. Тэгээд 2005 онд нэг, 2009 онд дахин нэг цэцэрлэг байгуулаад, тэнд маань сурсан хүүхдүүд ч гэсэн сайжраад ирсэн. Ер нь ойлгомжтой юм билээ. Тэгж гайгүй ойлгуулсан. Одоо бол учиртай.

-Тэгвэл цэцэрлэг тань музейн нэг санхүүгийн үүсвэр гэсэн үг юм байна. Цаашдаа музейгээ дагаад л өргөжөөд байх юм аа даа?
-Цэцэрлэг байгуулаад амжилттай ажиллаад эхэлсэн чинь сургуультай болооч гэсэн санал гарсан. Тэгээд энэ жилийн есдүгээр сарын 1-ээс бага сургууль маань хичээллэж эхлэх гэж байна. Энэ бүхнийг л ойлгуулах гэж ах нь олон ч бэрхшээл саад давлаа даа. Хааяа тэр бүгдийг ярихаар хоолой зангираад хачин болоод байдаг юм. Ямар их юм туулав даа гээд л бодохоор.

-Энэ олон жилийн хойно музейгээ албан ёсоор нээж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд хөл дээрээ дэнжигнэж байсан юм. Манай салбарыг хариуцсан яамтай боллоо. Харьяалсан байгууллагатай байх чинь сайхан юм. Нээлтээ хийхэд бусад том музей тусаллаа. Одоо ч хөл дээрээ зогсч эхэлж байна. Музейчдийн баярын өдөр ч бид ингэж олноороо уулздаггүй байлаа. Сайхан юм аа.

-Хувийн байгууллага олонд танигдахын тулд наад зах нь сурталчилгаа хэрэгтэй. Та музейнхээ ач холбогдлыг ойлгуулахын тулд дан ганц цэцэрлэгээр сурталчилгаа хийгээгүй биз дээ?
-Байр олдохгүй зовоосон ч үзмэрээ уйгагүй нэмж байсан. Музейн зарим зүйлийг хувилж, зарсан. Бас музейн мөнхлөгч гэсэн хүндэт самбар гараад тэндээ том хандивлагчдынхаа хөргийг зурж мөнхжүүлээд, өөрийн гараар бүтээсэн оньсон тоглоомтой хамт бэлэглээд хүмүүсийг татсан. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хандив өгч байлаа. Бас том том компаниудын логог оньсоор хийгээд пластикаар хувилах эрхтэй нь хамт өгсөн. Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман дээр ийм үг байдаг. “Заяагүй хүн гэж байхгүй. Залхуу хүн л заяагүй байдаг юм” гэж. Зарим хүн төр засаг надад тусалсангүй, ах дүү найз нөхөд тусалсангүй, мөнгө зээлсэнгүй гэж яриад байдаг. Тэд бол залхуучууд. Залхуугийн ирээдүй гуйлгачин л байдаг.

-Хэдийгээр айлын шоов­­дор хүүхэд шиг явж ирсэн ч өөрийн чадлаар өдий зэрэгтэй музейг монголчуудад бий болгож өгсөн учраас хүмүүс ойлгодог болж л дээ, яах аргагүй...
-Соёлын өвийг хамгаалах шинэ хууль гарсан. Энэ сайн хэрэг ч би түүнд юу орсныг сайн мэдэхгүй л байна. Хэрэв төрөөс биднийг дэмжье гэж байгаа бол музейнүүдээс НӨАТ авахаа болих хэрэгтэй. Улсын музейгээс НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн мөнгө авахгүй л дээ. Хувийн музейгээс аваад байдаг. Сая нээлтээ хийхээс өмнө тэрбум төгрөгийн зээл авч, музейгээ зургаан давхар, оньсон архитектуртай болгосон. Одоо тэрбум төгрөгөө эргээд төлөхөөр 0.6 хувийн татвар жил бүр авах юм. Тэр нь зургаан сая төгрөг. Яавч бид төлж дийлэхгүй. ССАЖЯ биднийг хувийн, хувьсгалын гэж ялгахаа больчихоод байхад улс маань битгий ялгаасай. Семинар зөвлөгөөнд хувийн, улсынхаар бол ялгана аа. Саяхан л гэхэд 90 жилийн ойгоор гадаадад хүмүүс амраахаар болсон юм билээ. Яамнаас хувийн музейн төлөөлөл болгож хоёр хүн оруулсан чинь цаана нь очоод хасаад хаячихсан байсан. Бид чинь гадаадаас туршлага судлах ёстой биз дээ.

-Та музейн ажлаа хобби гэж хэлсэн. Хоббиг нэг ёсны дон гэж орчуулаад байгаа. Тэгвэл хэзээнээс оюун ухааны тоглоомд донтож эхлэв ээ?
-Анхны бүтээлээ би 1955 онд дөрөвдүгээр ангийн 11 настай хүүхэд байхдаа хийсэн юм. Манайх 11 хүүхэдтэй, дундаж амьдралтай айл байлаа. Бид нэг бүтэн сайн өдөр цайлж байсан чинь ээж хөлийнхөө авдрыг янзаллаа. Тэгсэн авдар дотроос нь тостой дөрвөн мод гарч ирдэг юм байна. “Энэ юу вэ” гээд сонирхоход ээж “Манай аав Зэвгэ захирагч гэдэг хүн байсан юм. Тэр хүний тоглож байсан оньс гээч тоглоом. Их л ухаантай улс тоглодог юм гэнэ лээ, хүү мин. Бид угсарч ч чаддаггүй юм” гэлээ. Тэгээд би тэр тоглоомыг ээжээсээ гуйж авсан юм. Өнөө дөрвөн модыг чинь угсрах гээд бараг сар боллоо. Тэгсэн хоёр мод дутаад болдоггүй. Тэгээд хоёр мод нэмж хийгээд анхны маань оньс гарсан юм. Ээж, аав намайг магтаад л орж ирсэн хүмүүст “Миний хүү энийг угсарчихлаа. Та нар угсраатах даа” гээд өгдөг. Нөгөө хүмүүс нь ерөөсөө чадахгүй. Тэр үед монгол тоглоом байхгүй болчихсон үе байлаа. Чирдэг машин, хүүхэлдэй гээд Оросын тоглоомуудтай. Тэгээд намайг эвлүүлээд үзүүлэхээр миний ухаантайг гайхна. Хүүхэд байсан юм чинь онгирч явсаар хэдэн сар болсон юм. Тэгээд орж ирсэн хүмүүс эвлүүлчихдэг боллоо. Тэгээд би дараагийнхыг нь хийсэн. Түүнээс хойш хүн чаддаг болчихоор нь чадахгүйг нь хийх гэж зүтгэсээр байгаад 60 гаруй жил болж дээ.

-Таны энэ хоббид ер нь ямар хүмүүс голчлон татагдах юм?
-Тоглоомд бүх насны хүмүүс л дуртай шүү дээ. Ер нь ухаантнууд л тоглодог гэж байгаа юм. Залхуу хүн, ухаан муутай хүн тоглодоггүй. Залхуу хүн оньсыг задлаад, угсрах гээд  суугаад байдаггүй. Төвөгшөөгөөд хаячихдаг. Тоглоом өөрөө хүч чадал оюун ухааны өрсөлдөөн байдаг. Тэгэхээр хождог юм уу, чаддаг хүн л тоглоом тоглодог. Тийм болохоор би “Та хэрэв тоглоом сонирхдоггүй, тоглодоггүй бол нэг бол залхуу, эсвэл ухаан муутай. Бүр хоёулаа ч байж магадгүй” гэж хүмүүсийг инээлгэдэг юм. Ихэнх хүмүүс хоёулаа байдаг юм даа.

-Музейгээ сурталчлах, хөрөнгө оруулахын тулд үзмэрүүдээ хувилаад худалддаг гэж байна. Үүнээс зохиогчийн эрхээ алдахгүй байх хэр баталгаа байна, танд?
-Монголынх гэж эрхийг нь хамгаалахын тулд над шиг  олон  патенттай,  над  шиг  олон шугам зураг хийсэн хүн Монголд байхгүй. Таван мянга гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, Оюуны өмчийн газраар баталгаажуулсан. Монголчууд зарим хялбар бүтээлүүдийг хулгайлах явдал гардаг. Гэхдээ бид тэдэнтэй нэг их тэмцээд байдаггүй. Яагаад гэвэл тэд амьдрах гэж ядаж байна. Монголчууд хэдэн саяар нь үйлдвэрлээд байж чадахгүй. Гараараа тав арвыг хийгээд амьдралаа борлуулаг гэж боддог.

-Танай музей зөвхөн Монголдоо ч биш дэлхийд ганц гэгддэг. Өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээ дэлхийд сурталчлах сайхан биз?
-1993 онд Юнескогийн чуулганд оролцохдоо Парист сар гаруй үзэсгэлэнгээ гаргасан. Юнескогийн ерөнхийлөгч Маёр гэж хүн байсан юм, тэр үед. Тэр хүн миний найман ханатай гэрт төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Кулер манай гэр үзэсгэлэнг сонирхож байлаа. Далай лам, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновтой уулзаж, шатраа бэлэглэж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Буш манай улсад дөрвөн цаг айлчлахад миний бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр танилцуулан тайлбарлаж байсан юм. Тэгээд манай Ерөнхийлөгч эрх чөлөөний хөшөөг оньсоор задардаг гээд ярьсан чинь Буш “Надад бэлэглэх гээд бэлдээ юу” гээд босоод ирсэн байгаа юм. Тэгээд манай Ерөнхийлөгч “Тийм ээ” гээд л бэлэглэсэн. Тэр том улсын Ерөнхийлөгч тэгэхээр манай Ерөнхийлөгч “Би Түмэн-Өлзий гуайгаас асуухгүй бол болохгүй” гээд толгойгоо илээд сууж байж таарахгүй шүү дээ. Том орны удирдагч гэдэг чинь сайхан байдаг юм байна. Дараа жилийнх нь Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч Ж.Буш шуудангаар надтай гар барьсан зургаа хувийн мэндчилгээтэйгээ илгээсэн шүү. Зургийнхаа дор “Мистер Түмэн-Өлзийд сайн сайхныг хүсье” гээд гарын үсгээ зураад явуулсан байсан. Их баярласан. Надад их эрч хүч өгсөн.

 Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
Tumen ulzii guaid ajliin amjilt urt naslahiig huse
Хамгийн их уншсан