Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулдаг болно


Монгол-Оросын хамтар­сан “Эрдэнэт үйлдвэр"  эдүгээ 36 дахь жилдээ ажиллаж байна. Тус үйлдвэр өнөөг хүртэл жилд 530 мянган тонн зэсийн баяжмал, 4.5 мянган тонн молибденийн баяжмал  үйлдвэрлэж ирсэн. Одоогоор Эрдэнэтийн овоо ордын баруун хойд хэсэгт ил уурхай ажиллаж буй. Уурхайн урт нь  2.5 км, өргөн нь 1.5 км юм. Хүдэр олборлож буй хамгийн доод түвшин 1265 метр бөгөөд  ил уурхайн гүн 120 метрт хүрээд байна. Өнөөдөр нэг тонн хүдэр дэх зэсийн агуулга буурч үйлдвэрлэлийн хэмжээг хэвийн байлгахын тулд боловсруулах хүдрийн хэмжээгээ нэмэгдүүлэх болсон.  Хоёр жилийн өмнө тус үйлдвэр 27.7 сая тонн хүдэр олборлож байсан бол өнгөрсөн жил  29.4 сая тонн болж өслөө. Ирэх жилээс 35 сая тонн хүдэр олборлон боловсруулах  бөгөөд одоо үйлдвэрийн өргөтгөлөө барьж буй билээ. Өөрөөр хэлбэл, хүдэр дэх зэсийн агуулга буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ  урьдын түвшинд байх нь.

Үүнээс гадна зөвхөн баяжмал бус цэвэр зэс гаргаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Мөн “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг түшиглэж зэс хайлах үйлдвэр байгуулах санал, санаачилга төсөл  нэлээд гардаг.  Тухайлбал, Солонгосын “Азийн холдинг” компанитай хамтран ажиллах болсон байна.

Тус компани Эрдэнэт үйлдвэрийн баяжмалаас дээж авч байгаль орчинд ээлтэй технологиор зэс хайлах үйлдвэрийн туршилт хийжээ. Энэ нь амжилттай болсон тул “Эрдэнэт”-ийг түшиглэж зэс хайлах бага оворын үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа. Одоогоор “Эрдэнэт”-ээс зэсийн баяжмал авах, судалгаа шинжилгээ,  гэрээ хэлцэл хийх ажил өрнөж буй ажээ. Зэс хайлах бага оврын уг үйлдвэр нь жилд 10-15 мянган тонн бүтээгдэхүүн гаргана.  Ингээд  60 мянга гаруй тонн зэсийн баяжмал авах төлөв бий. Солонгосчууд одоогоор үйлдвэр барих газрын судалгааг хийж байна. Тэгэхдээ Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Багахангай дүүргийн аль нэгийг сонгох аж.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд хүнд үйлд­вэрлэл байгуулах, үйлдвэрлэл технологийн паркийн байр­шил, үйл ажиллагааны чиг­лэлийг тогтоосон. Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиг­лэж зэс хайлах, элементийн хүхрийн үйлдвэр байгуулах тухай тусгасан байдаг. Мөн технологийн судалгааны ла­бо­ратор, машин меха­низмын эд ангийн төрөлжсөн үйлдвэрлэл, метал хийц, зэс утас зэрэг бүтээгдэхүүн гаргах  төлөвлөгөө бий.

Хэдийгээр үйлдвэрлэл чу­хал ч тухайн орон нутаг, ажилч­дын нийгмийн асууд­лыг шийдэхгүйгээр ажлын амжилт гарахгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлагаа хэрхэн бие­лүүлэх нь тухайн уурхай, үйлд­вэрийн өсч дэвжих амжилттай ажиллахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нийг­мийн хариуцлага, хэрэг­жүүлж буй бодлогын талаар  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнхсайхан “Манай үйлдвэр  зургаан мянга гаруй ажилтантай. Тэдний 400 нь орос ажилтан. “Эрдэнэт”  үйлдвэр хоногийн 24 цагт гурван ээлжээр тас­ралтгүй ажилладаг. Иймд ажилчдынхаа эрүүл мэнд, нийг­мийн гээд бүхий л асуудлыг шийдээд явж бай­­на. Энэ онд нийгмийн хариуц­лагын талаар төлөвлөсөн ажил их бий. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаад хүнд байгаа ч нийгмийн ха­риуц­лагад зарцуулах хө­рөн­гө мөнгөө танаагүй. Өн­гөрсөн жилийнхээ хэм­жээнд төлөвлөөд байгаа.  “Эрдэнэт”  үйлдвэрт шинэ удирдлага ирснээс хойш есөн зорилт тавиад ажиллаж байна. Тухайлбал, ил тод болгох гурван зарчим гэж бий. Хүний нөөц, санхүүгийн  бодлогоо ил тод болголоо. Мөн авлига, улс төр, үйлдвэрлэлийн ослоос ангид байх гурван зарчим бий. Бас геологи, техник, цаашид хэрхэн хөгжих бодлогоо тодорхой байлгах зарчмууд байгаа юм” гэлээ. 

“Эрдэнэт” үйлдвэр жил бүр нөхөн сэргээлт хийж буй. Жишээлбэл сүүлийн до­лоон жилийн хугацаанд  хүд­рийн ил уурхайн хоосон чулуулгийн гурав дахь овоолгод нөхөн сэргээлт хийжээ. Одоогоор нийт 18 га талбайг зүлэгжүүлж 15 мянган гаруй мод бут тарьж ургуулав. Үүнээс гад­на байгаль орчны “Хө­­дөл­­гөөнт лаборатори” ажил­­луулж байна. Авто ма­шинд суурилуулсан хими, физик-химийн орчин үеийн нарийвчлал өндөр багаж хэрэгсэл ашиглаж Орхон аймгийн бүс нутгийн хүрээлэн буй орчны бохирдол ямар байгааг тодорхойлон хянаж буй юм. Энэ бүгдээс үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн Мон­гол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө жилээс жилд улам батжиж шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх ажээ. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийнхэнтэй ярилц­санаа хүргэе.


Б.Намхайнямбуу: “Эрдэнэт” үйлдвэр 2052 он хүртэл ажиллах нөөцтэй

Хөгжлийн асуудал  эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу.

-Манай улсын эдийн засгийн гол тулгуур үйлдвэрийн нэг яах аргагүй “Эрдэнэт”. Цаашид хэрхэн хөгжих бодлого чиглэлтэй байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр 35 жил уул уурхайн салбараа тэргүүлсээр ирсэн. Үүний ард техник технологи, хүний нөөц гээд олон хүчин зүйл бий.  Хамгийн гол нь их мундаг том үйлдвэр болж харагдахаас илүү улс орныхоо хөгжилд тус болохын тулд техник, технологи, ажлын туршлага  гээд олон зүйл дээр бусад үйлдвэрт жишиг болж байх ёстой гэж бодож байна. Тэр дундаа  нийгмийн асуудлаа яаж шийдэж  буй нь их чухал. Жишээ нь, ажилчдын орон сууц, цэцэрлэг сургууль, эмнэлэг, амралт сувилал гээд бусдад үлгэр дууриал болох ажил их бий. Үүнээс гадна Засвар механикийн заводоо Монголын авто машин үйлдвэрлэлийн суурь болгохоор төлөвлөж байгаа. Ингээд төмрийн хүдэр боловсруулдаг “Хөх ган” үйлдвэртэй хамтарч  ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох талаар судалгаа хийж байна. Цаашид Монголын уул уурхайд ашиглаж буй техник тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг  үйлдвэрлэх санаа байгаа. Манай Засвар механикийн заводод боловсон хүчин, байр байшин, ажлын туршлага гээд бүхий л зүйл бий. Дээр нь манайд анх удаа уурхайн Хаалт хөгжлийн менежмент боловсруулсан. Өндөр хөгжилтэй орнуудад уурхай нээгдсэн цагаасаа л хаалтаа хэрхэн хийх талаар бэлдэж эхэлдэг. Тэгээд тусгай сан үүсгээд уурхайн нөөц дуусч  хаагдсан үед тухайн орон нутгийн иргэд хэвийн ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өгдөг юм. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулагдахад ажилчдын ар гэр эмэгтэйчүүдийг ажиллуулах хивсний үйлдвэр бас байгуулсан.

-Энэ онд ямар ямар томоохон ажил амжуулах төлөвлөгөө байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийг  2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр бий. Үүний хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийж байгаа юм. Энэ онд  “Эрдэнэт медикал” эмчилгээ оношлогооны төв ашиглалтад оруулна. Уг төвд  эмнэлгийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан.  Ингэснээр гадаадад өндөр үнээр хийлгэдэг эмчилгээ, оношилгоог Монголдоо  хийх боломж бүрдэж буй юм.
  
-Эрдэнэтийн овоо ор­дод одоо хэдэн жил ажил­­лах нөөц байгаа бол. Уурхай гүн болох ту­сам хү­дэр дэх зэсийн агуу­ламж буурч буй гэдэг. Тэ­гэ­­хээр бүтээгдэхүүний үйлд­вэрлэл, чанарыг хэ­вийн хад­галахын тулд ямар арга хэм­жээ авч байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрт 2052 он хүртэл ажиллах нөөц бий. Үүнийгээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Эрдэнэтийн овоо ордын ойр орчимд хайгуулын ажил нарийвчилж сайн хийх ёстой. Хайгуул судалгааны ажил  чамгүй хийж байгаа.  Тэгэхээр ер нь 100 жил ажиллах нөөц тогтоох байх гэж найдаж байна. Ил уурхай гүн болох тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Хүдэр дэх зэсийн агуулга анх 0.9 хувь байсан. Одоо 0.5 хувь болсон.  Иймд жилд 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадлаа хадгалахын тулд үйлдвэрийн өргөтгөл хийж буй юм. Ингээд жилд боловсруулах хүдрийн хэмжээг нэмнэ.

-Та дээр Монголд машин үйлдвэрлэлийн суу­рийг тавина гэлээ. Хэзээ­нээс сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж эхлэх юм бол?
-Яг нарийн хугацаа хэлэхэд хэцүү. Үйлдвэрийнхээ  тоног төхөөрөмжийг  бүрэн шинэчилсэн. Одоо зохион бүтээх инженерүүд маань сайн ажиллах ёстой. Бид зах зээл, үйлдвэрлэх бүтээгдэхүүний судалгаа хийж төсөл, хөтөлбөр боловсруулж байна. Ер нь,  шинжлэх ухаанч нарийн судалгаа гарч байж бүгд тодорхой болно.


Ц.Зоригоо: Манай үйлдвэрт “Катерпиллер” шиг нэртэй брэнд болох боломж бий

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Технологийн инженер Ц.Зоригоо.

-Засвар механикийн завод жилд хэчнээн нэр төрлийн, хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Манайх жилд ойролцоо­гоор 40-өөд тэрбум төг­рөгийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэдэг. Тэгэхдээ Эрдэнэт үйлдвэрийнхээ цехүүдийн сэлбэг хэрэгсэл, метал хийц гээд шаардлагатай гэсэн бүхнийг хийдэг юм. Манай агуулахад 3000 загвар бий. Манай үйлдвэр дотроо цутгуур, механик гэсэн хоёр цех­тэй.  Механик цехэд то­карь, метал хийц, засвар угсралтын хэсэгтэй.

-Танайхыг машины үйлдвэр болгох төлөвлөгөө гарсан байна лээ. Энэ талаар ямар ямар ажил хийж байгаа бол?
-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын менеж­ментийн талаар нэлээд ярьж байна. Үүний хүрээнд зэсийн хүдрийн нөөц дуусч үйлдвэр зогсоход манай Засвар механкийн завод ажиллаж байх учиртай. Тэгээд цаашдаа амьдрахын тулд юу үйлдвэрлэх вэ гэдэг судалгаа шинжилгээ хийж байгаа юм. Тухайлбал хөдөө аж ахуй, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломж бий.  Өөрөөр хэлбэл манайд ажиллаж буй  уурхайнуудад тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлээд ний­лүүлж болно.  Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлд­вэрлэлээр дэлхийд алдартай  “Катерпиллер” гэж компани бий. Энэ компани манайх шиг уурхай дагасан жижиг үйлдвэр, засварын газар байсан. Гэтэл одоо дэлхийн брэнд үйлдвэр болсон жишээ байна. Тэгэхээр бид үйлдвэрлэлийнхээ чиг­лэлийг зөв сонгож чадвал цаа­шид хөгжих бололцоо байгаа юм.

-Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авч байна вэ?
-Голдуу л гадаадаас авдаг юм. Цутгуурын цехийн ган хайлахад хэрэглэдэг хайлшуудыг гадаадаас авна. Хаягдал төмрөө дотоодоос  хангана. Мөн “Бэрэн” групп, Дарханы төмөрлөгийн үйлд­вэр ордуудаа ашиглаад ган үйлдвэрлээд эхлэвэл бидэнд түүхий эдээ татаж авах боломж нэмэгдээд л ирнэ. Хэдийгээр гадаадаас зарим түүхий эдээ авч үйлдвэрлэдэг ч  тухайн сэлбэг хэрэгсэлийн зах зээлийн үнээс хоёр дахин хямд тусдаг юм.

-Үйлдвэрлэж буй бү­тээг­дэхүүний чанар олон ул­сын стандартад нийцдэг үү?
-Бүтээгдэхүүний чанарын хувьд дэлхийн стандарт бүрэн хангасан. Энэ бүтээгдэхүүний химийн найрлага, хатуулаг бүтэц нь ийм байх ёстой, тийм механик шинж чанар хангах учиртай гэдгийг хянаж тогтоодог лаборатори бий. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн Чанарын  хя­налтын хэлтсийн лаборатор бидний үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнд шинжилгээ хийдэг. Биднийг технологийн гори­моо мөрдөж буй эсэхийг хя­наад явдаг. Тэгэхээр бид бүтээгдэхүүнээ сайн чанартай хийхгүй бол олон хүний хүч хөдөлмөр, эд баялаг  талаар өнгөрнө шүү дээ.

-Танай үйлдвэрт за­хиал­га өгч сэлбэг хэрэгсэл үйлдвэрлүүлдэг компани олон бий юу?
-Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн бутлуурын хэвийг хийхээр ажиллаж байна. Оюу толгойн хангамжийнхан Монголын компаниар хийлгэе гээд  бидэнд санал тавьсанд баяртай байгаа. Ямартай ч та нар хийгээд үз. Болж байвал бид захиалгаа өгье гэсэн.  Одоо зургийг нь аваад дээжийг нь авч шинжилж ямар гангаар хийснийг нь тогтоож загварыг нь гаргалаа.    Хуучин нийгмийн үед Багануур, Шарын голын уурхай, ТЭЦ-3,4 гэсэн газрууд манайд захиалга өгч сэлбэг хэрэгсэл хийлгэдэг байсан. ТЭЦ-2 гэхэд үнсний насосын сэлбэгээ захиалж хийлгэдэг. Түүнийг нь Оросд үйлдвэрлэхээ больсон юм билээ.

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ. Та хэдэн жил ажиллаж байна?
-Манай Засвар механи­кийн завод  650 гаруй ажил­тантай. Үүний 90 нь инженер техникийн ажилтан юм. Ма­най үйлдвэр 36 жил ажиллаж буй тул хүний нөөц, боловсон хүчний ажлын ур чадвар бэхэжсэн гэж хэлж болно. Би 21 дэх жилдээ ажиллаж байна.


Н.Бэхбаатар: Манай оёдлын үйлдвэр жилд 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

“Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдсүлж” компанийн гүйцэтгэх захирал Н.Бэхбаатар.

-“Эрдсүлж” оёдлын үйлдвэр хэдэн төрлийн бү­тээгдэхүүн нийлүүлдэг вэ?
-Манай “Эрдэнэт” үйлд­вэрийн “Эрдсүлж” компани байгуулагдаад 23 жил болж байна. Энэ хугацаанд үйлдвэрийн ажилч­дын аюул­гүй байдал, эрүүл ахуйг хангах хувцас үйлдвэрлэж ирлээ. Өнөөдөр 80 орчим төрлийн ажлын хувцас үйлдвэрлэж байгаа. ОХУ болон хөгжингүй орнуудын уурхай, үйлдвэрийн ажилчид ямар хувцас өмсч аюулгүй байдлаа хангаж байгааг байнга судалдаг. Тэгээд тэр стандартыг нь ханган ажиллаж байна.

-Үйлдвэрийн ажилч­дынхаа  хувцсыг ханга­хаас гадна бусад газраас захиалга авдаг уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийнхээ нийт ажилчдын хувцасны 80 хувийг хангадаг. Үүнээс гадна Орхон аймгийнхаа бусад аж ахуйн нэгжийн захиалгыг авч  хувцас хэрэглэлээр хангадаг.  Мөн зарим уурхай, компанийн ажилчдын хувцас үйлдвэрлэж байна. Түүнээс гадна энэ он гарснаас хойш ажилчдын дотуур хувцас, подволк, шинэ загварын ажлын хувцас үйлдвэрлэх болсон. Бас баяжмалын уут хийх технологи боловсруулж түүнийгээ үйлдвэрлэх бэлтгэл ажлаа хангаад байгаа. 

-Жилд хэдий хэмжээ­ний бүтээгдэхүүн үйлд­вэрлэж байна вэ. Хэчнээн ажилтантай вэ?
-Манай оёдлын үйлдвэр жилд 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлийн үеийн оёдлын тоног тө­хөөрөмж дээр 65 хүн ажил­ладаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан