Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралын зам хаагуур зурайна вэ

Өнгөрсөн оны дунд үеэс дэлхийн улс орнууд ээлж дараалан хямралаас гарч байгаагаа баяр хөөр болон зарлаж байсан бол энэ оны эхээр эргээд л хямралд орсон тухай таагүй мэдээ чих дэлсэх болов. “Хямрал баяртай” хэмээн хөөрцөглөж, одоо л бүх зүйл урьдын хэвэндээ орох нь гэж сэтгэл амарч байтал дахин хаанаас, юун хямрал гараад ирэв гэж олон нийт гайхан эргэлзэж байна. Тэгвэл олон хүнийг эргэлзээнд оруулсан энэ асуултын хариуг хямралын хэлбэрүүдээс хайж олохыг эдийн засагчид зөвлөж байна. Эдийн засагчдын хэлж буйгаар 2008 оны эцсээр эхэлж, одоо хүртэл зарим оронд үргэжилсээр буй өнөөгийн энэ хямралын үйл явцыг ажиглавал латин хэлний W үсгийн хэлбэрээр явагдаж байгаа аж. Бүр тодорхой хэлбэл, 2008 онд эдийн засгийн үзүүлэлтүүд дээрээс доош унаж хямраад, 2009 онд эргээд дээшилж хямралаас гарсан. Гэвч 2010 оны эхээр зарим улсын эдийн засаг эргээд унаж, дахин хямралд ороод байгаа. Дээшилж, доошилсон энэ хэлбэр нь W үсгийн хэлбэртэй байгааг та анзаарсан бол одоо дэлхийн зарим орнууд аль хэдийнэ W үсгийн хоёр дахь ёроолд хүрчихээд байгааг ойлгосон байх. Энэ хоёр дахь ёроол бол нөгөө дэлхийн лидерүүдийг эмээлгээд байгаа хямралын хоёр дахь шат юм.
Өнөөгийн даяарчлагдсан дэлхий ертөнцөд нэг нь унавал нөгөө нь дагаад бүдэрдэг хатуу сургамж бид хямралаас авсан. Тиймээс дэлхийн зарим хэсэг нь хямралын хоёр дахь давалгаанд аль хэдийнэ цохигдчихоод байхад нөгөө хэсэг нь уснаас хуурай үлдэнэ гэсэн теорем байхгүй гэдгийг хангалттай ойлгож буй биз ээ.
Гэхдээ л томоохон улс орнууд дахин хямралын ангал руу уначихгүй байхыг хичээж үрэлгэн зангаа засч, бүсээ чангалах замаар төсвийн алдагдлаа бууруулахыг чармайж байна. Учир нь, хэт данхайсан, зардал ихтэй үрэлгэн төсөв нь том толгойтой хүүхэд шиг хэзээ мөдгүй ойчиход бэлэн байгааг Грек мэтийн Европын орнууд гашуун сургамжаараа батлан харуулсан билээ. Нэрнийхээ эхний үсгийн товчлолоор /PIGS/ буюу “Гахайнууд” хэмээн шоглуулж буй Португали, Итали, Грек, Испани зэрэг улсууд бол хямралын хоёр дахь шатанд нэгэнт орчихсон улсууд. Дээр нь Финлянд ч бас хямралд орсноо албан ёсоор зарлаад байгаа. Нэгэнт хямралд орчихсон эдгээр улсуудад эргээд дээшээ мацах хатуу зам өмнө нь зурайж байгаа бол арай ч доош уначихаагүй улсуудын хувьд W хэлбэрийн хямралыг V болгон товчлохыг хичээж байна. Гэвч бид латин цагаан толгойн үсгүүдээс W үсэгтэй сайн танилцах нь уу аль эсвэл V, U, L зэрэг хямралын бусад хэлбэрийн гэрч болох нь уу гэдгийг цаашид хямрал хэрхэн үргэлжлэхээс харж мэдэх л үлдлээ.
Хүн төрөлхтөн түүхэндээ эдийн засаг нь өөдлөн дэвшиж, уруудан доройтох гээд юу эсийг үзсэн байх вэ. Ингэж явахдаа эдийн засгийн тулгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан график дүрслэлээс нь хамааран хямралыг латин цагаан толгойн U, V, W, L зэрэг үсгээр тодорхойлж, ангилан ялгадаг болжээ. Гэхдээ энэ нь албан ёсны академик нэр томъёо биш бөгөөд олон нийтэд хямралын тухай энгийн хялбар ойлгуулах арга маягаар ашиглагдаж ирсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хямралыг илэрхийлэгч дээрх үсэгнүүд тус бүртээ ямар шинж чанартай болохыг дор тайлбарлъя.

V хэлбэрийн хямрал
V хэлбэрээр хямарсан үед эдийн засаг огцом хүчтэй унаж, хэсэг хугацааны дараа эргээд хурдан сэргэдэг. Ийм хямралын тод жишээ бол 1953 оны АНУ-ын хямрал юм. 1950-иад оны эхэн үед АНУ-ын эдийн засаг өсөн тэлж байх үед Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ нэмсэн нь эдийн засгийг хямралд оруулж, 1953 оны сүүлийн хоёр улирал дараалан сөрөг үзүүлэлт гарчээ. Гэвч 1954 оны эхний улирлаас эхлэн 6-8 хувиар эдийн засаг өсч, хямралаас гарсан нь V хэлбэрийн хямралын сонгодог жишээ болон үлдсэн байна.   Өнгөрсөн онд улс орнууд хямралаас гарах үед энэ хямралыг V хэлбэрийнх байжээ гэж эдийн засагчид яаран дүгнэж байсан. Гэвч буцаад зарим улс хямралд орсны дараа W гэж тодорхойлох болсон билээ.

U хэлбэрийн хямрал

U хэлбэрийн хямрал нь V-г бодвол илүү удаан үргэлжилдэг. Ийм хэлбэрийн хямралд орсон үед хэлбэрийг нь тийм гэж тодорхойлоход хэцүү байдаг ч хожим нь илэрдэг. Энэ хэлбэрийн хямралд орсон үед эдийн засгийн үзүүлэлтүүд хэд хэдэн улирал дараалан сөрөг гарч, маш удаанаар сэргэх байдал ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл нэг л хямралд орсон бол мөддөө гарахгүй байсаар нэлээд хугацааны дараа аажмаар өсч эхлэх нь U хэлбэрийн хямрал юм. 1973 оны дэлхийн эдийн засгийн хямрал U хэлбэрийнх байсан бөгөөд 1973 оны эхээр хямарч эхэлсэн улсууд хоёр жилийн дараа л хямралаас гарч чадсан юм.

W хэлбэрийн хямрал

Бидний сайн танил болсон өнөөгийн хямрал ийм хэлбэртэйгээр үргэлжилж буй. W хэлбэрийн онцлог нь эдийн засаг хямралд ороод гармагцаа богино хугацааны дараа дахиад хямралд ордог. АНУ 1980-аад оны эхэн үед W хямралын бодит жишээ болж байсан түүхтэй. АНУ1980 онд хямралд ороод тэр ондоо гарч чадсан ч 1981 онд дахин хямралд орж жилийн дараа гарч байсан юм.

 
L хэлбэрийн хямрал


Эдийн засгийн хямралууд дундаас хамгийн хүсэшгүй, хүнд хэлбэртэй нь L юм. L үсгийн хэлбэрийг харахад л энэ ойлгомжтой. Нэгэнт хямралд орсон бол хэзээ гарах нь мэдэгдэхгүй уртаас урт хямралын зам үргэлжилнэ гэсэн үг. Хямрал хэдэн жилээр үргэлжилсний эцэст дуусна үгүй бол тэр чигтээ үлдэнэ. Үүнийг “их хямрал” гэж нэрлэдэг бөгөөд арван жилээр ч үргэлжлэх нь бий. L хэлбэрийн хямралын сургамжийг япончууд сайн мэднэ. Дэлхийн II дайнаас хойш 1980-аад он хүртэл тасралтгүй өсөн тэлж байсан Японы эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн үнээс болж 1990 онд хямралд орсон билээ. Хэдэн жилийн турш хямарсны эцэст Япон эргээд өсөлтийн замдаа орсон хэдий ч 1950-1980 оных шигээ гялалзсан амжилтад хэзээ ч  хүрч чадаагүй юм.

Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан