Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дундаж бэлэг 7000-8000 төгрөгөөр бэлтгэх нь

Эрвээхэй шиг гоёод ээж аавынхаа гараас хөтлөн алхах хүүхдүүд дэлхийг дүүргэх тэр өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Жилийн энэ л өдөр эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг гэхэд буруудахгүй. Олонхи нь амттан дүүрэн бэлэг авч өгч, хамт тоглож, аялахаас хэтэрдэггүй байж ч болох юм. Гэхдээ зургадугаар сарын 1  бол  хэний ч сэтгэлийг гэгэлзүүлж хайрыг бялхуулдаг өдөр билээ. Гэгээн сайхан энэ өдрийг хар сүүдэр нөмрөхгүй гэх баталгаа байхгүй шүү гэдгийг эцэг эхчүүд бид мартаж боломгүй санагдана. Элдэв амттанд хордсон, харшилсан хүүхэд маргаашаас нь эхлэн эмнэлгийн үүд хаалга татах вий.

Дэлгүүрт  хугацаа нь дуусссан, дуусах дөхсөн бараагаа бэлгэнд боосон тухай өмнөх жилүүдэд олонтаа дуулдаж байв. Түүнчлэн Арьс­ны өвчин судлалын үндэс­ний төвийн хүлээн авах тасаг баярын дараа чихрийн хар­шилтай болсон хүүхдийн хөлд дарагддаг гэхэд хилсдэхгүй. Иймд хүүхдүүдээ хэрхэн  зөв сайхан баярлуулах талаар бодоход илүүдэхгүй юм. Энэ удаа бид бэлэг, амттаны талаар сурвалжиллаа.

Амттаны үнэ өссөн болохоор бэлэгнийх ч...

Дэлгүүр супермаркетууд хүүхдэд зориулсан бэлгээ боогоод тавьчихжээ. Бүхий л дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн бэлэг өрөөтэй харагдана. Үнэ ханшийг нь сонирхвол тийм ч боломжийн санагдах нь юу л бол. Өнгөрсөн жил ямар үнэтэй байлаа гээд бодохоор илт өсчээ. Дотор нь ямар амттан орсноосоо шалтгаалан үнэ нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Хэдхэн дэлгүүрээр ороод гарахад ууттай бэлэгний үнэ багадаа 5000 төгрөгнөөс эхэлж байх жишээтэй. Хамгийн гоё бэлэгтэй хэмээгддэг “Наран фүүдс” ч мөн өөрийн импортолдог амттанаар бэлэг бэлджээ. Эндэхийн бэлэгний доод үнэ нь 11500 төгрөг бол 75 мянган төгрөгний үнэтэй  нь ч байх аж. Дундаж нь 20-35 мянган төгрөг.  Олонхи нь дундаас доош түвшинд амьдарч буй иргэд ийм үнээр тэр бүр хүүхэддээ бэлэг авч өгч чадахгүй. Тиймээс Хүнсний захын лангуун дээр өрөөстэй бэлэг ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Баянзүрх” хүнсний захаар орсон юм. Чихэр, жигнэмэг гэхчлэн голдуу амттан зардаг лангуунууд бэлэг боож бэлтгэжээ. Чихэр амттаны үнэ ам.долларын ханш өссөнтэй холбоотой багагүй хувиар нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, Баттрейд ХХК-ийн импортлодог орос чихэр, тэр дундаа “Улаанмалгайт”, “Баавгайтай чихэр” зэрэг кг тутамдаа  2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийм чихэр саяхан нэг килограмм нь 19000 төгрөгний үнэтэй байсан бол одоо 21000 төгрөгөөр зарж байв. Мөн ууттай чихэр, жигнэмэг “Сникерс” гэхчлэн бүхий л амттаны үнэ сүүлийн нэг сарын дотор дунджаар 100 орчим төгрөгөөр өссөн гэнэ. Худалдагч эмэгтэйтэй хэдэн хором хөөрөлдөхөд, “Ноднин жил бид 2000-2500 төгрөгт  боломжийн бэлэг боодог байлаа. Энэ жил юмны үнэ өсөөд  2000 төгрөгийн бэлэг боох боломж үнэндээ алга. Хамгийн доод үнэтэй бэлэг нь 3000 төгрөг болж байна. Энэ бэлгэнд “Хаан” чипс, “Соло” бялуу, иштэй чихэр, соруултай ундаа гээд цөөхөн юм бий. Ядруухан бэлэг л дээ. Нодин 2500 төгрөгөөр боосон бэлэгтэй харьцуулах ч юм биш. Гэтэл өвөө эмээ нар орж ирээд 2000 төгрөгийн л бэлэг авмаар байна гэх юм” хэмээв. Эндэхийн бэлэгний үнэ мөн л харьцангуй. Хамгийн багадаа 3000 төгрөг байхад 25 мянган төгрөгний бэлэг ч харагдана. Яахав дундаж бэлэг авахыг хүсвэл 5000-8000 төгрөгийн үнэтэйгээс сонгож болохоор харагдав. Ийм үнэтэй бэлэг хамгийн их гүйлгээтэй байгаа гэнэ. Түүнчлэн энэ жил ажилчдынхаа хүүхдэд зориулж захаас бэлэг авах байгууллага цөөрсөн гэдгийг ч наймаачид хэлж байв. Энэ талаар нэгэн худалдагч эмэгтэй, “Байгууллагууд захаас бэлэг бэлдэхээ больчихсон юм уу, эсвэл эдийн засгийн хямрал гээд бэлэг бэлдэхгүй байгаа юм уу бүү мэд. Өмнөх жилүүдийнх шиг орлоготой байж чадахгүй байна” гэв.

Эцэг, эхчүүд эрүүл хүнс эрэлхийлж байна

Хүүхдийн баяраар өөрийн хүүхдээс гадна ах дүүгийнхээ хүүхдүүдэд гээд нэлээд хэдэн бэлэг бэлдэх шаардлага хэн хүнгүй л тулгардаг. Мэдээж бэлэг ямар байхыг хэтэвч л мэднэ. Иргэдийн худалдан авах чадвар, сонирхол ямар байгааг хүнсний захын най­маачдаас сонирхсон юм.  Худалдагч н.Нэргүй, “Ху­дал­дан авагчид аль болох чанартайг нь авахыг л эрмэлзэж байна. Гэхдээ хүссэн гоё бэлгээ авах гэхээр үнэ нь өндөр санагддаг байх. Дундаж үнэтэйг нь голчлон сонгож байгаа” гэв. Сүүлийн үед сахаргүй бүтээгдэхүүн асуух хүний тоо ч олширчээ. Харамсалтай нь эрэлт байлаа гээд нийлүүлэлт байхгүй болохоор эрүүл мэндэд тус болохоосоо ус болох бүтээгдэхүүнийг сонгохоос аргагүй болдог гэнэ. Хүнсний захын хэд хэдэн лангуунаас сахаргүй амттан бий эсэхийг асуухад, “Байхгүй ээ. Гэхдээ саяхан сахаргүй зефир авчраад тавьсан маш хурдан дууссан. Иргэд эрүүл мэндээ боддог болсон шиг байгаа юм. Хүмүүс их л асуудаг. Асуусныг нь байлгахын тулд энд тэндээс мэр сэр олж ирээд зардаг юм. Түүнээс бидэнд сахаргүй амттан нийлүүлдэг компани байхгүй” гэв. Юутай ч, удахгүй болох  Хүүхдийн баяраар аль болох сахаргүй амттан, хийжүүлээгүй ундаа авч өгөх нь зүйтэй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Бэлгэнд хугацаа дууссан бараа байгаа эсэхийг шалгана

Жил бүр хадгалах  хугацаа дууссан хүнсээ хүүхдийн бэлгэнд шургуулсан тухай муухай мэдээ дуулддаг. Тэгвэл энэ талаар ямар хяналт тавих вэ гэдгийг НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга н.Хоролмаагаас тодруулсан юм. Тэрээр, “Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон ч хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, баталгаа ямар байгааг иргэд өөрсдөө худалдан авахдаа шалгах хэрэгтэй. Манайхаас урьдчилсан шалгалт хийгээгүй. Гэхдээ баяраар элдэв эрсдэл гаргуулахгүйн тулд өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн төлөвлөгөөт бус шалгалтыг дэлгүүр, худал­дааны төвүүдэд явуулна. Ноцтой зөрчил илрэх юм бол цаг тухайд нь мэдээлж, сэрэмжлүүлэг өгнө. Ингээд шалгалтынхаа дүнг зургадугаар сарын 2-ны өдөр гэхэд гаргана. Энэ шалгалт төлөвлөгөөт бус болохоор ямар дэлгүүр, худалдааны төв хамрагдахыг хэлэх боломжгүй” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан