Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ АВАРГУУД ӨЛГИЙДСӨН ИХ НААДАМ

Монголын  бүх ард түм­ний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн 13 дахь жил­тэйгээ золгож байна. Энэ сарын 11-нд эхэлсэн чө­лөөт бөхийн спортын их наа­дамд 28 байгууллагын 325 бөх оролцож, шилдгүүдээ тод­рууллаа. 2010 онд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнд 197 бөх зодоглосон бол хоёр жилийн дараа та­мирчдын тоо асар их нэмэгд­­сэн нь энэхүү тэмцээнээс ха­раг­даж байлаа.

Тэмцээний нээлтэд Монголын чөлөөт бө­хийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Ул­­­­­­­­­сын гавьяат тамирчин Б.Болд, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч О.Баянмөнх, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэ­дэн­­­­содном, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин нар оролцсон юм.

Энэхүү тэмцээний онцлог нь зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын эрхээ хүртсэн найман тамирчин зодоглож, гавьяат тамирчин зургаа, дэлхийн аварга нэг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт найм, залуучуудын дэлхийн аварга нэг гэхчлэн тив дэлхийд нэрээ дуурсгаж яваа олон тамирчин  хурд хүчээ сорьсон. Ямарваа нэг тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүн сайн байж амжилттай зохион бай­гуулагддаг. Тэгвэл уг тэмцээнд олимпын зэрэглэлийн шүүгч нэг, олон улсын шүүгч 17, улсын шүүгч 15, нийт 33 шүүгч шүүн, тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажилласан юм.


ХОЁР ШИНЭ  АВАРГА ТӨРЛӨӨ


Тэмцээний эхний өдөр эрэгтэй 55, 74 кг, эмэгтэй 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан боллоо. 67 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн бэртэл авч тэмцээнийг орхисон. Тэмцээн дуусахад 10 секунд дутуу үед тамирчин маань мөрөндөө бэртэл авч цаашлаад тэмцээнийг үргэлжүүлэх санал дасгалжуулагчийн хамт тавьсан ч ерөнхий шүүгч Б.Төмөрбаатар тэргүүтэй албаныхан хориглож тэмцээнийг дуусгасан юм. Барилдаан бүр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв.

Учир нь олимпын эрхээ хүртээд буй П.Өнөрбат 74 кг-ын жиндээ л ганц хэмээгддэг байсан олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хэн нь алтан медалийн төлөө барилдах вэ гэдгээ шийдсэн. Өрсөлдөөнтэй хурц барилдааны эцсийн мөчид П.Өнөрбат нэгдүгээр үед өрсөлдөгчөө клинч барьцаар хожиж, хоёрдугаар үед 3:2 онооны харьцаагаар дийлж хэсгээсээ шалгарсан. Цаашлаад П.Өнөрбатын хувьд Төв аймгийн Д.Лхагвадоржтой алтан медалийн төлөө таарсан ч өрсөлдөгч бөх нь шууд хожигдлоо хүлээсэн.Тэр үнэхээр илүү юм билээ. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг өрсөлдөгч тамирчдаа илүүрхэж алтан медаль хүртсэнээр П.Өнөрбатын хамтаар тэмцээний хошой аваргууд болсон юм. Харин энэ өдөр барилдсан 67 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа, 55 кг-д барилдсан Э.Бэхбаяр, спортын мастер Б.Тунгалаг нар анх удаагаа спарткиадын шинэхэн аварга  боллоо.


Ц.ЭНХЖАРГАЛ ХОШОЙ АВАРГА БОЛОВ

Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар жин өгсөн 60 кг-д зодоглож хэсгээсээ гарах барилдаанд залуу бөх Б.Нямдоржид 1:1, 1:1, 0:1 онооны харьцаагаар ялагдан хүрэл медаль хүртэж үзэгчдийг шуугиулаад авав. 60 кг-ын жинд хэсгээсээ гарах барилдаанд манай шилдэг бөхчүүд болох Б.Баянмөнх, Б.Нэмэхбаяр нарын барилдаан хурц өрсөлдөөнтэй болж олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр 2:0, 2:1 онооны харьцаагаар ялсан. Харин 84 кг-ын жинд алтан медалийн төлөөх барилдаанд спортын мастер О.Үйтүмэн олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатарыг 4:0, 3:0 онооны харьцаагаар илүүрхэн хожлоо. Түүний дүү О.Түмэндэмбэрэл мөн энэ жинд хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал хол тасархай түрүүлж, улсын хошой аварга болсон бол олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл тойргийн барилдаанд залуу бөх Г.Отгонжаргалыг илүүрхэн хожиж яваад цэвэр ялагдан медальгүй хоцров. Тэмцээний барилдааны торгон агшнууд нэг иймэрхүү байсан бөгөөд энэхүү тэмцээнд олон улсын хэмжээний мастер  Ч.Ганзориг спортын наа­дамд гурав дахь удаагаа түрүүлж, гавьяат та­мирчин Ц.Энхжаргал хошой аварга болж, гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, олимпын эрхээ хүртээд буй О.Үйтүмэн нар анх удаагаа аваргаллаа. Харин тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа түрүүлж, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг мөнгөн медаль хүртсэн. 55 кг-ын жинд саяхан болсон олимпын эрх олгох тэмцээнд эрхээ хүртээд буй олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн аваргалж, удаах байрт “Алдар” спорт хорооны н.Цэрэнчимэг шалгарлаа. Сүүлийн өдөр  болсон эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаан гал гарсан ширүүхэн тэмцэл өрнөсөн юм.

Зүүн Азийн наадмын аварга Г.Мандахнаран, энэхүү наадмын хошой аварга олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Б.Батмагнай тэргүүтэй бөх энэ жинд хүч үзэж ОУХМ Б.Батзориг гуравдахь түрүүгээ хүртсэн. Тэмцээний хамгийн хүнд жингийн барилдаан болох 120 кг-д энэ жил 26 бөх зодоглосон нь урьд өмнө гарч байгаагүй үзүүлэлт байлаа. Энэхүү барилдааны аваргаар олимпын эрхээ хүртээд буй олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат тодорч,  удаах байрт “Алдар” спортын Б.Одгэрэл, Р.Пүрэвдагва, “Хүч” спортын н.Наранбаатар нар шалгарлаа. Ийнхүү гурван хоног үргэлжилсэн тэмцээний багийн дүнгээр 95 оноогоор “Хан-Уул” дүүргийн баг нэг, хоёрдугаар байрт 91 оноогоор “Алдар” спорт хороо шалгарч, 84 оноогоор “Хүч” спорт хороо удаалсан  юм.  



П.ӨНӨРБАТ: ГОМБОО ДАЙЧИН БӨХ. ЯЛАЛТ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

/74 кг-ын жинд аваргалсан тамирчин/

-Хэдхэн хоногийн өмнө олимпын эрх хүртсэн тамирчин маань Монголын бүх ард түмний их наадмаар түрүүллээ. Баяр хүргэе?
-Баярлалаа.

-Өөрийн тань жинд хамгийн өрсөлдөөнтэй барилдаан боллоо?
-Тийм ээ. Зооноос  эхлээд л хүндхэн барилдаанууд явагдсан. Ялангуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодоржтой хийсэн барилдаан. Хэн ялсан нь аваргын төлөө гарч ирэх байсан учир бүхий л нөөц бололцоогоо шавхаж тэмцэлдсэн. Гомбоо дайчин бөх. Ялалт авсандаа баяртай байна.

-Хэчнээн олимпын эрхээ хүртсэн ч олимп дөхөхөд бэлтгэл сургуулилт болоод  сэтгэл зүй сайтай бөх л  Лондонгийн олимпыг зорино.  Өөртэй чинь эн тэнцүүхэн өрсөлдөх бөх мэдээж Д.Гомбодорж байгаа?
-Тэгэлгүй яахав. Энэ тэмцээнээс их зүйл шалтгаалах байсан. Түрүүлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хичээхгүй л бол, хаашаа ч эргэх магадлал өндөр байгаа. Зөвхөн бид хоёр гэлтгүй жингийн хүчтэй өрсөлдөгчид олон байна.

-Аваргын төлөө барилдах Д.Лхагвадорж танд шууд ялалт өгсөн. Энэ ямар шалтгаантай байсан юм бэ?
-Тэрийг сайн мэдсэнгүй ээ. Хүмүүс болохоор чамаас айчихлаа гээд янз бүрийн юм ярих юм. Миний хувьд тэгж бодсон зүйл алга. Магадгүй өрсөлдөгч маань бэртэлтэй байж магадгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан