Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАНАР, БИТУМ, МЕТАН ХИЙ “ХУУЛЬ”-ТАЙ БОЛНО

Монгол Улсын газрын тосны тухай хууль 1991 онд батлагдсан. Энэ хуулиар манай улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид газрын тос хайх,  олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахыг  өнөөг хүртэл зохицуулж ирсэн. Өөрөөр хэлбэл газрын тосны салбарт хөрөнгө оруулах үүд хаалга нээгдсэн гэсэн үг. Үүнээс хойш  Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 2005 онд батлагдаж, энэ хуулиар шатах, тослох материал  импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэр­лэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулж байгаа юм.  УИХ Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй хэлэлцэнэ. Энэ хуу­лийг шинэчилснээр уламж­лалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс зэргийг ашиглах  эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг нэг жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. Гэвч эцсийн хэлэлцүүлэг хийж хуулийг батлах эсэхэд санал хураахад олонхийн дэмжлэг авч чадаагүй билээ. Ингээд Засгийн газар уг хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариад байгаа. Энэ хууль батлагдсанаар газрын тосонд ногдуулах нөөц ашигласны төлбөр, лиценз олгох, түдгэлзүүлэх, эрэл хайгуул хийх, хяналт тавих, ашиглахтай холбоотой харилцаа боловсронгуй болно хэмээн үзэж буй юм. Мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөж байсан татварын нөхцлийг хадгалснаар хөрөнгө оруу­лалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Манай улс шатах тослох материалын хэрэглээгээ импортоор хан­гадаг. Өөрөөр хэлбэл, до­тооддоо газрын тос бо­ловсруулснаар шатахууны ха­раат байдлаас гарах юм. Тэгэхээр газрын тосны ши­нэ хууль батлагдвал Монгол Улсад баригдах газрын тос  боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, экспорт, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар гарна хэмээн салбарын мэргэжилтэнүүд үзэж буй юм. Бас орон нутаг хөгжүүлэх санд газрын тосны орлогоос төвлөрүүлж хөгжлийн хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ гэдэг.

Манай улс хоногт 2.4 тонн газрын тос олборлож байна

Монгол Улсад газрын тосны 332.6 сая тонн нөөц бий хэмээн тогтоосон. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь одоогоор 43.3 сая тонн юм. Одоогоор улсын  хэмжээнд газрын тосны хайгуулын 31 талбай ялгаад байна. Эдгээр талбайн 21-т нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуул, олборлолт хийж байгаа. Нийт гурван талбай хайгуулаас ашиглалтад шилжээд буй аж. Газрын тосны хайгуулд 1993-2013 онд нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо бий.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 403.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Ингээд 1998-2013 он хүртэл 18.44 сая баррель буюу 2.48 сая тонн газрын тос урд хөршид экспортолж, төсөвт 520 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өнөөдөр газрын тосны экспорт, орлого нэмэгдэж нүүрс, төмрийн хүдрээс олох орлогын тасалдлыг нөхөх болсон. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар газрын тосны экспорт 32.2 хувиар өсч, 2.094  мянган баррелийг экспортолсон аж. Манай улс энэ онд 5.849 баррель буюу 782 мянган тонн газрын тос олборлон борлуулах төлөвлөгөөтэй. Одоогоор 480 цооногоос хоногт 18.6 баррель газрын тос олборлож буй тооцоо бий. Үүнийг тоннд шилжүүлбэл өдөрт 2.4 тонн болж буй юм. Эдийн засаг хүндэрч хямрал нүүрлэсэн хэдий ч үнэ нь нэмэгдээгүй бүтээгдэхүүний нэг бол шатахуун. Энэ нь Монголбанк Засгийн газартай хамтарч Үнэ тогтворжуулах гэрээ хэлцэл хийсэнтэй холбоотой. Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар импортолсон нийт газрын тосны бүтээгдэхүүний 87.5 хувийг ОХУ, 3.5 хувийг Малайз, 2.6 хувийг Япон, хоёр хувийг Өмнөд Солонгос, 1.9 Сингапур, 1.3 хувийг Хятадаас авчээ. Энэ жил манай улс 894 мянган тонн дизелийн түлш, 90-ээс дээш октантай шатахуун 314 мянган тонныг ашиглах төлөв гарсан. Мөн 90-ээс доош октантой шатахуун 113 мянган тонныг авах аж. Өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад шатахууны ердийн хэрэглээний 40 хоногийн нөөцтэй байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан