Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Компаниуд лиценз зарсны татвараас бултсаар байна

Манай эдийн засаг жил ирэх бүр уул уурхайгаас улам бүр хараат болоод байгаа. Тухайлбал, уул уурхайн салбар 2008 онд улсын төсвийн орлогын 58 хувийг бүрдүүлж байв.
Энэ нь 669 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан гэсэн үг. Харин өнгөрсөн онд улсын төсөвт 1.2 их наяд төгрөг оруулж,  нийт орлогын 50 хувийг бүрдүүлжээ.
Гэвч Монгол Улс хамгийн бага татвар ногдуулдаг улс орны тоонд орж буй юм.
Тухайлбал, Монгол Улс өнөөдөр уул уурхайн компаниудын татвар ногдох орлого нь гурван тэрбум төгрөг бол 10, үүнээс дээш бол 25 хувийн татвар авч байна. Нөөц ашигласны төлбөр таван хувьтай байна.
Харин АНУ уул уурхайн компаниудад ногдуулдаг  татвар нь 35 хувь байдаг аж.
Уул уурхайн салбарт тэргүүлэгч Австралийн аж ахуйн нэгжийн албан татвар 30 хувь байдаг.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувьтай байдаг ажээ.  
Ингээд манай уул уурхайн салбарын татвар төлөлтийн талаар дор өгүүлье. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд аж ахуйн нэгж байгууллагын 1992-2006 онд татварын хөнгөлөлт эдлүүлэх, хөнгөлөх, оруулж ирж буй тоног төхөөрөмжийг ч татвараас чөлөөлж ирсэн. Үүнд уул уурхайн компани ч олон бий. Дээрх хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд 2.1 тэрбум ам.долларын татвараас чөлөөлсөн байна. Тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад 300 орчим сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн байдаг. Эдүгээ уул уурхайн компаниуд зургаан төрлийн албан татвар, төлбөр  хоёр төрлийн хураамж төлж буй. Татварын багц хууль 2007 шинэчлэгдсэн. Ингээд Монгол Улс дэлхийн 106 орноос гуравт ордог. НӨАТ-ын хувьд 88 орноос тавдугаарт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн бага татвар төлж байна гэсэн үг. Иймээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хамгийн их хийгдэж буй хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.  Экспортод гаргаж буй эцсийн бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй.  Харин төлсөн НӨАТ-ын албан татвараа улсын төсвөөс буцаан авах болон бусад татварт суутгуулдаг аж. Эдүгээ ашигт  малтмалын ашигт малтмалын нөөц ашигласны татварыг үнийн өсөлттэй уялдуулан 5-30 хувиар авч буй юм. Энэ татварыг нүүрс, зэс, алт төмрийн хүдэр зэрэг 23 төрлийн ашигт малтмалд ногдуулдаг.
Уул уурхайн салбараас орж ир буй мөнгөний дийлэнх нь нүүрсний борлуулалтаас бүрддэг. Гэвч нүүрс экспортлогчид татвараас бултах, бага татвар төлж буй хардлага бий. Учир нь  нүүрсний үнийн талаар хуулийн зохицуулалт хангалтгүй юм. Иймээс адил чанартай нүүрсийг өөр өөр үнээр борлуулдаг. Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бултах, бага мөнгө төлөх нөхцөл бүрдүүлж өгдөг байна.

Зарим  эдийн засагч Монголын баялаг хил гаалийн  татваргүйгээр гадагшаа урсч байна хэмээдэг. Тухайлбал,  экспортын нүүрснээс татвар авах ёстой улсын төсөв төвлөрөх мөнгөний хэмжээг нь ч тооцсон нь бий.  Үүнээс гадна экспортод гарч буй газрын тосноос ч татвар авч чадахгүй байгаа. Тэгэхээр газрын тосны хуулийг шинэчлэн баталж бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүчингүй болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага ч бий аж.  Мөн манай ашигт малтмалын ордыг барьцаалж олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож буй компаниудыг татварт хамруулах тухай яриа гарч судалгаа хийсэн ч эдүгээ таг чиг боллоо.

Энэ жилээс эхлэн лицензээ борлуулсан үнийн дүнгээс татвар авдаг болсон билээ. Гэвч уг татвараас орж ирэх мөнгө чамлалттай байна. Яагаад гэвэл компаниуд дээрх татвараас бултах аргаа аль хэдийнэ олжээ. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга Я.Аюушжав “Mining Mongolia-90” олон улсын чуулга уулзалт дээр илтгэлд тавихдаа “ Зарим аж ахуйн нэгж лиценз зарсны төлбөр төлж буй ч тэр мөнгө нь бага байдаг. Учир нь хайгуулын зардалд 187 сая төгрөг зарцуулсан компани  лицензээ 20 сая төгрөгөөр борлуулсан удаа бий. Үүний татвар болох  200 мянган төгрөг  төлсөн тохиолдол бий. Тэгэхээр иймэрхүү явдал дахин дахин давтагдаж буй  тул  жич авч үзэх шаардлагатай. Ингэж хэт бага үнээр лицензээ үнэлж буй үзэгдэл гарч байгаа. Иймд Ашигт малтмалын шинэ хууль батлагдан гарах хүртэл лиценз шилжүүлэхийг хориглох санал Засгийн газар болон хариуцсан яам, тамгын газарт гаргана” хэмээн мэдэгдлээ. Он гарснаас хойш 113 лицензийг өөр хоорондоо шилжүүлжээ. Үүний 24 нь ашиглалт, үлдсэн нь хайгуулын лиценз байв. Лиценз зарсан мөнгөний үнийн дүн 584 сая гаруй төгрөг болж буй ажээ.

Уул уурхайн салбарын орлогыг зузаалах бас нэг зүйл бол лицензийн төлбөр. Манай улс лицензийн төлбөрт дэлхийд  хамгийн бага татвар авдаг гэж болох нь. Одоогийн байдлаар хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг нийт 1357 аж ахуйн нэгж байдаг. Түүний 763 компани нь ашиглалтын лицензтэй бөгөөд ашигт малтмал олборлож буй юм. Үүнээс алт олборлодог компани 247, зэс олборлох зөвшөөрөлтэй тав, нүүрс олборлогч 122, төмрийн хүдэр 32, жонш олборлодог 94 аж ахуйн нэгж бий аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан