Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Энхбаяр: Чадлынхаа хэрээр зүтгэж л байна


Олны дундаас ганц удаа онцгойрно гэдэг тун амаргүй зүйл, хүнээс их чармайлт, зүтгэл, атаа, хор шар шаарддаг гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Гэвч өмнөх ажлаа өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд “Би л хийхгүй бол өөр хэн хийх вэ” гээд хэрээс хэтэрсэн хүндлэл, илүү шан харамж, магтаал урамшуулал шаардахгүйгээр уйгагүй, мятрашгүй, тууштай хийнэ гэдэг хүнээс ямар их хүч, зүтгэл, тэвчээр шаарддаг тухай бодох нь ховор. Чадлынхаа хэрээр амьдралын төлөө зүтгэж, эгэл амьдралтай эдгээр хүн жинхэнэ од, даруухан одууд юм. Тэд үгүй бол нөгөө супер оддын дууг хэн сонсч, аварга арслангуудын ид хавыг хэн бахдаж, суут зохиолч, яруу найрагчдын бүтээлийг хэн унших билээ. Иймд эгэл амьдралын даруу одуудын талаар хааяа ч гэлээ санаж, сануулж байхад огт илүүдэхгүй. Бид цэцэг тарьж ургуулах, арчлах зөвлөгөө өгдөг Ц.Энхбаяр гэдэг хүний тухай сураг гаргаад хэрэг болгон очиж танилцан ярилцсанаа хүргэж байна.

-Эхлээд хоёулаа та­нилцъя. Эрэг­тэй хүн цэцэгтэй ийм ойрхон “нө­хөрлөнө” гэдэг сонирхолтой л юм?
-Намайг Энхбаяр гэдэг. 2008 оноос цэцэг идэвхтэй тарьж байгаа. Ер нь, 2006 оноос л цэцэг тарихаар сонирхож эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, явж чаддаггүй болохоор хийх боломжтой ажил гэж бараг байхгүй. Зөвхөн халамжийн мөнгө л улсаас авна. Тэр мөнгөөр байр, СӨХ, цахилгаан, интернэтээ төлөөд дуусдаг. Цаана нь хоол унд, хувцас, ойр зурын хэрэгцээний мөнгө шаардлагатай болно шүү дээ. Гэтэл надад олддог бэлэн ажил гэж хаанаас байх билээ. Иймд сайн бодож байгаад цэцэг тарьж зарах нь надад хамгийн тохиромжтой юм байна гэж сонгосон.

-Нээрээ хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүст тохирсон амьжиргаагаа залгуулах ажил гэж бараг байхгүй. Ингэхэд 2006 оноос өмнө юу хийдэг байсан юм бэ?
-Би тавдугаар анги хүртлээ нэг гараасаа манай доод давхрынхаа айлын хүүхдэд хөтлүүлээд, нөгөө гараараа хайс тулаад л сургууль руугаа явдаг байлаа. Аз болж манай гэр сургуулиас 100 орчим метр зайтай, ойрхон байсан юм. Тэгээд тавдугаар  ангиас хойш хөл бүр муудаад явж чадахаа болиод үүрүүлдэг болсон. Манай ангийн дөрвөн найз байдаг юм, тэр дөрөв л намайг ээлжилж үүрээд сургуульд хүргэнэ, сургууль тарахаар гэрт оруулж өгнө. Тухайн үед хөл муутай хүмүүсийн тэрэг бараг үгүй, нүдний гэм. 1990 онд анх тэрэг тараасан юм. Ямар ч байсан сургууль руу очиж гэртээ ирэхэд хамаагүй амар болсон. Социализмын үед тэргэнцэртэй хүн гарахад зориулсан тусгай налуу гэх мэт зүйл байх биш. Сургууль дотор ч  ялгаагүй. Ахлах ангиудад хичээл болгон өөр ангид, өөр давхарт  ордог тул  давхар хооронд явах хэрэгтэй болно.Тэрэгтэйгээ дөрвөн талаасаа өргүүлээд л шатаар өгсөж урууддаг байлаа. 

-Одоо ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж зам талбай зассан газар ховор л харагддаг.
-Нээрэн одоо ч гэсэн тэр социализмын үеэс ялгагдах зүйл алга. Тэтгэвэр авах гээд тэргээ түрүүлээд очно. Уг нь мань мэт шиг хүмүүст зориулсан налуу хийсэн л байгаа юм л даа. Гэвч тэр нь тэрэгтэй хүн бүү хэл жирийн хүн гарах аргагүй огцом, эсвэл нарийхан, хаалганыхаа эсрэг талд хийчихсэн, хаалга нь онгойхоор нөгөө замыг нь хаах жишээтэй. Тэгээд шатаар нь арай гэж гараад банк руу орох гэхээр хаалгаар нь тэрэг маань багтахгүй, өөрөө өндийж тэргээ хагас эвхээд орно гээд бөөн юм болно шүү дээ.

-Харин тийм ээ. Сургуулиа төгсөөд ажилд орж чадаагүй юу?
-Манайх тэр үед ТҮЦ ажиллуулдаг байлаа. Тагт­ныхаа хаалтыг аваад ТҮЦ болгочихсон. Тэр үед чинь хаа сайгүй л нэгдүгээр давхрын айлууд наймаа хийдэг болсон. ТҮЦ дотроо босоод, яваад байх шаардлага байхгүй, наддаа л тохирсон. Тэгэж байтал ТҮЦ моодноос гараад, хамт байсан ах минь өөд болж байр ч өөрчлөгдсөн. Дарханд тавдугаар давхарт амьдардаг болов. Таван давхарт ТҮЦ нээлтэй биш. Гэхдээ зүгээр суугаагүй компьютерийн наад захын хэрэглээний хэдэн программ, өөртөө тааруулаад интернэт ашиглаж сурлаа. Интернэт гэж байдгийг сонссоноос цаашгүй хүн зах зухаас нь оролдсоор байгаад сурсан даа. Тэр үед чинь хотод интернэтийн хурд 512 килобайт байхад Дарханд 256 арай гэж хүрнэ. Одоогийн интернэтийн хурдтай зүйрлэх юм биш. Удаан гэж жигтэйхэн. Гэхдээ л болгодог байсан. Дээр нь бие даагаад англи хэл үзсэн дээ. Одоо англи хэлээр ус цас шиг яриад, айхтар орчуулаад байхгүй ч өөртөө таарсан юм хийдэг болсон.

-Тэгээд яаж цэцэг тарья гэсэн санаа төрөв өө?
-Анх интернэтээр хэсч байгаад “Банжиг” блогоос Англид амьдардаг, цэцэг тарьдаг нэг эгчийн блогийг уншаад мэйлээр танилцаж, хамтран цэцгийн блог ажиллуулахаар тохирч цэцэг тарих гараагаа эхэлсэн. Англиас над руу үр явуулна. Тэр үрийг нь би блогоороо дамжуулж зараад хувиа авна. Хэн хэндээ ашигтай. Янз бүрийн л цэцгийн үр явуулна. Тасалгааны цэцэг, гадаа тарьдаг цэцэг гээд. Үнийн хувьд одоогийнхоос арай хямд зардаг байсан. Харин одоо бол эдийн засгийнхаа байдлыг дагаад арай үнэтэй болсон. Би 1000-2000 төгрөгөөр зардаг байсан.
Тэгж байтал “Банжиг”  маань гэнэт хаагдаад цэцэг зардаг блог үгүй болж, бичсэн, оруулсан бүх зүйл минь устаад сандаргасан. Тэгээд 2008 онд блогоо www.delgeen.com  гэсэн сайт болгож өөрчлөөд одоог хүртэл ажиллуулж байна.

-Өдөрт хэдэн тогтмол хүн зочилж байна?
-Манай сайтаар өдөртөө 700-1000 хүн орж үздэг юм. Байнга тогтмол ордог, бүртгэлтэй хүмүүс. Дээр нь миний ”Yahoo” мессенжерт цэцэг тарьдаг, цэцэг сонирхдог 700 гаруй хүний хаяг бүртгэлтэй. Тэгээд хүмүүстэйгээ сайтынхаа сэтгэгдэл бичдэг хэсгээр байнга харилцаатай байдаг. Сайтаараа зөвлөгөө өгнө, утсаар зөвлөгөө өгнө.

-Таниас цэцэг, үр авахаар бол яах билээ?
-Хүмүүс утсаар ярина, би хаягаа зааж өгнө, тэгээд хаягаар хүрч ирээд миний цэцэгнүүдийг үзэж харж байгаад хэрэгтэйгээ шилээд авна даа. Би интернэт сайт дээрээ ийм цэцэг, ийм үр зарж байна гээд тайлбартай, зурагтай мэдээ явуулна. Хүмүүс тэрийг нь үзэж байгаад л сонгоно.

-Ингэхэд интернэтгүй бол яах байсан юм бэ?
-Ээ дээ, хэлэхэд хэцүү. Интернэтгүй бол тун хэцүү.  Бараг цэцгийн наймаа хийх боломжгүй байх биз. Интер­нэтээр, өөрийнхөө сайтаар дам­жуулан тайлбарлаж байж л нэг зэрэг олон хүн­тэй  харилцаад  цэцгээ, цэцэг­ний­хээ үрийг зарж байна шүү дээ.  Ер нь, интернэт сайт гэ­дэг чинь их чухал юм байна шүү.

-Энд тэнд цэцгийн үзэсгэлэн худалдаа болж байдаг, тэнд оролцдог уу?
-Оролцолгүй яах вэ. Жилдээ 3-4 үзэсгэлэн худалдаанд ордог. Гэхдээ дийлэнх цэцгээ сайтаараа дамжуулаад зарчихдаг учраас тэр бүр оролцоод байж бас чадахгүй.  Дээр нь би хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хүссэн үедээ цэцгээ бариад гарч чадахгүй шүү дээ. Найз нартаа, дүүдээ хэлж байгаад л машинаар явна. Аль болох зарагдах боломжтой цэцгээ хамж аваад л явдаг. Очоод нээлтэд нь оролцчихоод  буцдаг. Тэргэнцэртэй боло­хоор бусад хүн шиг үзэсгэлэнд олон цагаар суугаад байх боломжгүй. Явахдаа авчирсан цэцгээ найдвартай гэсэн хүмүүст захиад л үлдээнэ.

-Танай гэрт одоо хэдэн цэцэг байна?
-За даа, бараг 50-иад төрлийн цэцэг байна. Харин үр нь бүр олон төрлийнх бий.  300-гаад төрлийн цэцгийн үр байна.

-Ямар цэцэг хамгийн их гүйлгээтэй вэ?
-Хэлэхэд хэцүү. Сүүлийн үед хүмүүс түгээмэл байдаг цэцэг сонирхохоо больсон. Гол төлөв ховор цэцэг авдаг. Чамин юм л хүсээд байна гэсэн үг шүү дээ. Харин эхлэн сонирхож байгаа хүмүүс бол голж шилэх хэмжээнд хүрээгүй болохоор үзэмжээрээ авна. Олон жил цэцэг тариад түвшин ахисан хүмүүс бол түгээмэл цэцэг бараг тоохгүй.  Дээр нь жил ирэх тусам цэцэг сонирхдог хүний тоо нэмэгдэж байгааг хэлэх хэрэгтэй.

-Зах зээл тань өрсөлдөөн ихтэй л болоод байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Өрсөлдөөн маш хүчтэй болж байна. Жишээлэхэд, том том хаустай хүмүүс гэртээ цэцэг тариад зардаг. Зуслангийн байшингийнхаа гадна цэцэг тариад зарж байна. Цэцгийн дэлгүүр, лангуу энд тэндгүй нээгдэж байгаа шүү дээ. Чи гадуур чөлөөтэй явдаг хүн өөрөө харж л байгаа байх.

-Тэр их өрсөлдөөнд яаж тэсч үлдээд байна?
-Интернэтгүй, өөрийн гэсэн сайтгүй байсан бол би барахгүй ажил. Дээр нь би цэцэг сонирхдог маш олон хүн мэддэг, ядаж л мэйл хаяг нь байгаа болохоор хооронд нь холбож өгнө. Нэг нь утасдаад тийм цэцэг байна уу, ийм цэцэг байна уу гээд л надаас асууна. Тэгээд л утсаар ярьсан хүнийг хэрэгтэй цэцэг нь байгаа хүнтэй холбож өгнө.

-Цэцэгний лавлах болоод байгаа юм байна даа?
-Тийм. Цэцэгний дөрвөн оронтой утас болж байгаа. Ингэж л олон талаар боломж болгоныг ашиглахаас өөр аргагүй.

-Сайт руугаа мэдээллээ яаж оруулдаг юм бэ. Хүн гуйх уу?
-Хаанаас даа. Мэдээж өөрөө оруулна. Шаардлагатай мэдээллийг өөрийнхөө чадлын хэрээр орос, англи хэлнээс орчуулж байгаад л оруулна. Гадаад хэлнээс орчуулж оруулах шалтгаан бий. Монгол хэл дээр цэцгийн ном байхаас интернэтэд цэцэгтэй холбоотой мэдээлэл хомс.Тийм болохоор л би орос, англиас орчуулж оруулдаг юм. Ерөнхийдөө цэцгийн арчилгаа хоорондоо адил. Мэдээж төрөл нь өөр болохоор ялгаатай зарим зүйл гарна. Тэр болгоныг хэлж өгнө. Мөн гадаадад цэцгийн үзэсгэлэн маш их болдог. Тэр үзэсгэлэнгийн зургийг их оруулна. Хүмүүс үзэж үлгэр дуурайл авдаг болохоор үзэх дуртай л даа. Дээр нь Монголынхоо цэцэгчдийн мэдээллийг байнга оруулна. Манай сайтын тогтмол хэрэглэгч, цэцэг тарьдаг хүмүүс өөрсдийнхөө тарьж ургуулж байгаа цэцэгнийхээ зургийг миний мэйл хаягаар явуулдаг. Тэрийг нь сайт дээрх тусгай буландаа оруулна. Хүмүүс их сонирхож үздэг юм.

-Англи, орос хэл бие дааж сураад орчуулдаг болсон ч ургамлын нэр чинь их хэцүү гэдэг биш бил үү?
-Мэдээж. Манайд ургамлын нэрийг харьцуулаад орчуулсан ном ховор. Тиймээс гол төлөв хоёр ном, хоёр толь бичиг барьж суугаад л монгол нэрийг нь олж оруулна.

-Номоо хаанаас авдаг вэ?
-Найз нараараа тэргээ түрүүлээд л номын зах орж авна. Манайд байгаа номын дийлэнх нь ургамал, тасалгааны цэцэгтэй холбоотой. Англиас орчуулах болохоор монгол нэр нь олдохгүй бол англи ба орос нэрийг нь тавиад, латинаар шинжлэх ухааны нэрийг нь тавиад оруулдаг юм. Монгол нэрийг нь мэдэхгүй цэцэг олон  таарна  л даа.

-Хамгийн үнэтэйдээ ямар цэцэг зарж байв?
-Хамгийн үнэтэй ч гэж дээ, 30 мянгаар сарнай зарж байсан санагдаж байна. Өөр нэг их үнэ хүргэсэн цэцэг байхгүй. Гэхдээ олон цэцэг нийлүүлж бөөндөөд 130 мянгаар зарсан ч удаа бий.

-Цэцэг зараад сардаа хэдий хэмжээний орлого олох вэ?
-Сүртэй юм байхгүй ээ. Мах, гурил, талхаа авна. Ойр зуурын хэрэгцээний саван, оо гэх  мэтээ аваад л дуусна.Тэрийгээ авахын тулд бас л найз нараа эсвэл дүүгээ дуудаж тэргээ түрүүлээд л зах явна. Засгаас авдаг халамжийн мөнгө маань байр, СӨХ, цахилгаан, интернэтийн  мөнгө төлөөд дуусдаг тухай дээр ярьсан шүү дээ.

-Энэ олон цэцгээ яаж арчилдаг юм бэ?
-Тэргэнцэр дээрээ сууж байгаад л хүрэх чинээгээрээ услаад, арчлаад явна даа. Дээр нь бас тусалдаг сайн найз нар бий. Намайг дэмжиж, тусалж  явдаг сайхан ах дүү, найз нартаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ танай сониноор дамжуулан хэлье. Ингэхэд сонин,  “Ардчилал” гэснээс 1996 онд ардчилсан хүчин анх удаа ялсан сонгуулиар би Орос гуравдугаар сургууль руу үүрүүлж очоод л саналаа өгч байлаа. Тэгсэн нэг  сонины эхний нүүрэн дээр “Шинэ үе ардчиллыг сонголоо” гээд миний хүнд үүрүүлчихсэн зурагтай нийтлэл гарч байсан юм даг.

-Сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Бидний ирээдүйг шийдэх зүйл гэж боддог болохоор идэвхтэй оролцолгүй яах вэ. Сонгуулиар найзыгаа дуудаад тэрэгтэйгээ очоод л өгнө. Манай энэ хавийн сонгуулийн санал авах газар нь дандаа хоёрдугаар давхарт байж таараад байдаг юм. Яваандаа өөрчлөгдөх байлгүй дээ. Ямар ч байсан ингээд л бусдад дараа болохгүй байхыг хичээж чадлынхаа хэрээр зүтгэж байна.

-Танд баярлалаа.
Ийм нэгэн эгэл амьдрал бидний дунд их байх аж. Амьдралаа өөд татахын төлөө, бусдад дараа бололгүй өөрийн хүчээр зүтгэх гэж яваа энэ залуугийн эгэл амьдрал бусдад амьдрах хүсэл урам зориг хайрлана гэдэгт найдаж байна.

0 Сэтгэгдэл
manai 6-j surguuliig togsson cetgeliin tenheetei zaluu.angiinh ni naiz nar uureed l yvj bdag bsan ue sanaand buuj bna.shan setgeltei sn huuhduud bsan odoo holbootoi bdag uu ted nartai.amjilt husie
Enkhbayaraa amjilt sain bn shuu. Olon tsetseg tarij urguulaarai
Enkhbayaraa amjilt sain bn shuu. Olon tsetseg tarij urguulaarai
Enkhbayaraa amjilt sain bn shuu. Olon tsetseg tarij urguulaarai
Амжилт хүсье, ангийн хүүхэдээрээ бахархаж байна.
мундаг хүн байна, чиний асаасан гэрэл зөвхөн чиний л өмч, хэн нэгний гэрлээр битгий нүд хийгээрэй, учир нь тэр гэрэл эзнээ дагаад яваад өгнө, тийм учраас өөрийнхөө гэрэлийг бий болгож маш тодоор гэрэлтүүлээрэй гэдэг үгийг хэлэх дуртай, энэ ах ёстой л өөрийнхөө гэрэлийн маш тодоор гэрэлтүүлжээ
мундаг ах байна шүү амжилт хүсье
Хамгийн их уншсан