Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮЦ машинаар төсөв завшдаг уу

Төрийн байгуулалтын байнгын хороонд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжүүлэх, төрийн албаны үйл ажиллагааг шуурхай, ил тод, хялбар болгох чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав. Түүний мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүд асуулт тавьсан. Жишээ нь, Су.Батболд ТҮЦ машины үр дагавар, ач холбогдлыг лавласан.  Хариуд нь “ТҮЦ машины захиалгат өртөг 11 сая төгрөг. Улсын хэмжээнд 100 орчим бий. Хэмнэлт гэвэл хэдэн хүний ажлын байр багасч, иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулна” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа МТШХХГ-ынхан асуултад нь тодорхой хариулт өгөөгүйд бухимдаж, шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Ерөнхий сайдын багцад МТШХХГ-т хэрэгжүүлэхээр сүүлийн хоёр жил найм орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж. Хоёр тэрбум төгрөгөөр цахим засаглалийн мэдээллийн сан, систем хөгжүүлэх ажил байна. Бас 2.1 тэрбум төгрөгөөр улсын хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Ингэснээр орон даяар иргэдийн өргөдөл гомдлыг шийдэх үйл ажиллагаа цахимжиж, ухаалаг тайлан гарч, улс даяар төрийн байгууллага ашиглана гэж харлаа. Ажлын явц ямар байна вэ?

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: “11-11” төв, ТҮЦ машины багцын ажил гол гол ажлаа эхнээсээ хийсэн. Өөр нэг багц нь ухаалаг шуудан юм. Шуудангийн ажил жигдэрсэн. Хоёр тэрбумын төсөвтэй төсөл нь худалдан авах ажиллагааны процессоос болж хийгээгүй.

Р.Б: Цахим засаглалын мэдээллийн сан хоёр тэрбум гэчихээд ТҮЦ машин, “11-11” төвөө тавьчих юм. Дахиад хоёр тэрбумын ард өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хийнэ гэж. Гэтэл адилхан ТҮЦ машин ярих юм. Ухаалаг тайлангийн систем чинь ТҮЦ машин юм уу. Хоёр тэрбум, дөрвөн тэрбум төгрөгөөр хэдэн машин тавьсныгаа улсын хэмжээний ухаалаг систем гэж нэрлээд байгаа улс уу?

Ц.Ж: ТҮЦ машинд өргөдлөө гараар бичээд, шууд сканнердаад оруулж болно. Тэр нь шууд “11-11” төвд хүрээд, систем рүү орж дамжих маягаар явж байгаа. Үүнийг өргөтгөх, сайн болгох...

Р.Б: Би монгол хэлээр асуусан. Цахим гарын үсэг ашиглаж, иргэд өргөдөл гаргахад тэр нь холбогдох байгууллагадаа шууд очно гэж би ойлгосон. Ер нь, та нар хэд хэдэн янзаар хэлж татвар төлөгчдийн мөнгийг авч, үр ашиггүй зарцуулж байна. Төсөв олгосон ажилд л төсвөө зарцуулах ёстой. Миний хүсээд байгаа зүйл бол төсөвт бичсэн шиг өргөдөл, гомдлын ухаалаг тайлангийн систем хэрэгтэй. Тодорхой ажилд өгсөн төсвийнхөө хариуд тодорхой шаардлагаа л нэхнэ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороонд Ц.Жадамбаа даргатай тус газрыг нэлээд шүүмжилсний эцэст ажлаа сайжруулж, үр дүнтэй болгох үүрэг өглөө.

0 Сэтгэгдэл
TUTS mashinii todorhoiloltoor UNITEL group uilchilehgui bna lee shdee
Хамгийн их уншсан