Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бямбажав: Эвсэг хамт олон амжилтанд хүрдэг


“Эрдэнэт”  үйлдвэрийн хөдөлмөрийн аварга,  Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн орлогч дарга А.Бямбажавтай уулзаж ярилцлаа. Тэрээр улсад 35 жил, үүнээс усны аж ахуйн салбарт 14, уул уурхайн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна.

-Та ажил хөдөлмөрийнхөө гарааг хаанаас эхэлсэн бэ?
-Усны аж ахуйн удирдах газрын цохилт өрөмдлөгийн хэсгээс эхэлсэн. Манай хэсгийнхэн худаг гаргах, газар шорооны ажил их хийнэ. Сайн ч ажилладаг байлаа. Улаанбаатарыг тойрсон амралт сувиллын газар, сангийн аж ахуйнуудад очиж ажиллана. Тухайн үед залуу хүнд хээр гадаа явж ажиллах их сонирхолтой байлаа. Ер нь ажил хийх сайхан ш дээ. Ажил хийхийн жаргал, зовлонг Усны аж ахуйн бригадад байхдаа гүйцэд мэдэрсэн.

-Тэгээд хэрхэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин болсон юм. Энд мэргэжил эзэмшсэн үү?
-Зах зээлийн нийгэмд шилжээд Усны аж ахуйн удирдах газар татан буугдаад би Эрдэнэтэд ирж байлаа.Баяжуулах фабрикийн ус хангамжийн цехэд манаачаар анх ажилд орсон. Улмаар насосны машинч боллоо. Уг нь би өрмийн машинчаар ажиллаж байсан. Манай гэр бүлийн амьдрал Эрдэнэтэд ирээд их сайжирсан л даа.Би оройгоор Технологийн сургуульд сурч цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн. Тэгэхдээ цахилгааны инженерээр  ажиллаагүй. Манай том охин дөнгөж нэгдүгээр ангид орж байсан үе. 1994 он юмдаг. Түүнээс хойш би Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд насосны машинч, мастер, орлогч даргаар ажилласан. Ажлыг багаас нь эхэлж хийхээр ажил гарт орчихдог бололтой юм. Үүндээ ч их урамшиж, ажиллаж ирсэн гэж ойлгож болно.

-Хамт ажиллаж буй өнөөгийн залуучуудын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би залуучуудаар бахархдаг. Тэдэнд үнэхээр  гэрэл  гэгээтэй   ирээдүй бий. Одоо залуучууд сайхан болж дээ.Түүх сөхвөл энд тэндээс ирсэн хэдэн нөхөр    “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж, эхэлсэн байдаг.  Тэдэнд бодлогоор боловсрол мэдлэг олгож байсан. Одоо бүх залуус  сургууль соёл төгсөөд ажиллаж байна. Тиймээс залуус хүний үг хүлээж авах нь хүртэл өөр болсон. Тэднээс суралцах зүйл их.Яахав, ажлын туршлага жаахан дутмаг байж болно.Хэдэн жил ажиллаад л ажлын туршлага суучихна ш дээ.Би хувьдаа залуусыг муулахгүй. Манай хэсэгт товчооны дарга Д.Пүрэвдаваа, мастер-технологич Р.Гантулга, насосны машинч И.Ган-Эрдэнэ, засварчин С.Болдбаатар нарын тэргүүний залуус ажилладаг.Залуу насанд алдаа, оноо бол байх зүйл. Тэдэнд хэлж ярих зүйл байгаа. Тэгэхдээ энэ нь харьцангуй ойлголт. Залуучууд зөв хүмүүжилтэй болсон байна.

-Танай хэсгийн ажлын онцлог юу вэ. Техник технологийн шинэчлэл аль хэр явагдаж байна?
-Манай хэсгийн ажлын онцлог нь  Баяжуулах фабрикаас ирэх устай хаягдал шороог цэвэрлэдэг. Товчхондоо цэвэршүүлж,  хуримтлуулсан усаа насосны станцаас Баяжуулах фабрик руу шахаж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг эргэлтийн усаар хангадаг. Мэргэжлийн биш хүмүүс сайн ойлгохгүй. Ер нь үйлдвэрлэлийн нарийн технологи энд явагддаг.  Манай Хаягдлын аж ахуйд техник технологийн шинэчлэл  хийсэн. Насосуудаа шинэчилсэн. Ингэснээр эвдрэл гэмтэл харьцангуй багассан. Хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн гэж боддог. Бид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд өдөр, шөнөгүй ажилладаг байлаа. Манай хаягдлын аж ахуй, эрчим хүч, ус хангамжтай адилхан үйлдвэрлэлийн онцгой объект. “Эрдэнэт” үйлдвэрийн бүх үйл ажиллагаа өөр хоорондоо уялдаатай. Хаягдлын аж ахуйд доголдол гарвал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд  шууд  нөлөөлнө. Тэгэхээр бид алдаа гаргах  эрхгүй, хариуцлагатай ажилладаг. Манайд элс хураах, ус дамжуулах нарийн  технологи бий. Далан бариад хаячихгүй.Ер нь Хаягдлын аж ахуй үндсэн дөрвөн үүрэгтэй ажилладаг. Булингар дамжуулж тээвэрлэнэ, хадгална, эргэлтийн усаар хангана, хүрээлэн буй орчныг хамгаална. Манай хэсэг нийт  52 ажиллагчтай.  Үүний долоо нь инженер техникийн ажилчин.

-Өнөөдөр үйлдвэрийн хэмжээнд хүн бүхэн бүтээмж, инноваци ярьж байна. Танай цехэд бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай баяжуулах фабрикт бүтээмжийн хөдөлгөөн өрнөсөн нь их үр дүнгээ өгсөн гэж боддог. Эхлээд хүмүүс бүтээмжийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Их сургуулийн нэг багшийн лекцэнд суугаад бүгд бүтээмжийн талаар ойлголт авч байх жишээтэй. Одоо бүх хэсэгт чанарын дугуйлан ажиллаад жигдэрсэн байна. Ажлын байрны эмх цэгц эрс сайжирсан. Хүмүүс ая тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдсэн. Хаягдлын аж ахуйн “Динамит”, “Сэргээш”, “Шинэчлэл” зэрэг дугуйлан Бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт“ хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ажлын байрны эрсдэл бууруулах олон төсөл хэрэгжүүлсэн. Бид ажиллагсдын гаргасан саналын хэрэгжилтэд онцгой анхаарч  байгаа. Манай хамт олон харьцангуй залуужиж байна. Эвсэг хамт олны ажил өөдрөг, бүтэмжтэй  байдаг. Хийх ажлаа мэдэж байгаа хүн амжилтанд хүрдэг.Ажлаа мэддэг хүн бусдад зөв шаардлага тавьдаг.

-Хүмүүсийн хөндөж ярьдаг сэдвийн нэг нь цагаан тоосны асуудал. Цагаан тоос босгохгүй байх талаар  ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид цагаан тоосыг дарах талаар нэлээд анхаарч ажилладаг. VII далан дээр нэг  га газар, анхдагч далан дээр 2,2 га газарт нөхөн сэргээлт, зүлэгжүүлэх ажил хийсэн. Хаягдлын сангийн далангаас хавар, намрын салхитай үед үүсдэг цагаан тоосыг байгалийн хар хөрсөөр хучиж байгаа. Мөн булингийн зуны хаялтыг эрт хаяж, тодорхой хэмжээгээр тоос бууруулж ирсэн.2013 онд пляжийн тоосыг дарж, 50 га газрыг хар хөрсөөр хучсан. Энэ ажилд үйлдвэрийн Байгаль  орчны  хэлтэс,  манай  хэсгийн экологич инженер хяналт тавьдаг.

-Танайхныг шугамын трубаны элэгдэлтэй хэсгийг зөөлөн хайлш, хаймраар  доторлож  байгаа гэж сонслоо?
-Өвлийн шугам гэж хоёр жил дамнан байж 1400-гийн диаметртай труба тавихад би гар бие оролцсон. Одоо зарим шугамаа шинэчилж байна. Бид III шугамын засварын ажлыг эхлүүлээд явж байна. Энэ ажлыг хийхдээ зарим шугамд чулуун, хайлш, хаймар доторлогоо хийн туршиж байгаа. Жил бүр урсгал засвар хийхдээ шугамын элэгдлийг гадна талаас нь хэмждэг. Тэгээд засвар хийх газрыг нь тодорхойлдог. Түргэн урсгалтай уруу газар нь доторлогооны засвар үйлчилгээ хийдэг. АБК-аас манай хаягдлын аж ахуй хүртэлх  трубаны шугамын урт 4,6 км байдаг. Энэ гурван шугамыг л манай хэсэг хариуцаж ажилладаг. Засварын ажил 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тэгээд өвлийн бэлтгэл ажилдаа орно. Манай хаягдлын аж ахуйд мэргэжлийн хэллэгээр өвөл, зуны хаялт гэсэн нэрийн томъёо бий. Өөрөөр хэлбэл зун нь элсээ хураана.  Хасах таван хэм хүрвэл өвлийн хаялтанд шилжинэ гээд нарийн технологи мөрдөн ажилладаг. Өвөл бол нэг трубагаар хаялт явна гэсэн үг.

-Таныг ямар шалгуураар “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аваргаар  тодруулсан гэж бодож байна?
-9-14 дүгээр даланг барихад бүгдэд нь би  оролцсон. Энэ нь миний ажлын нэг гол үзүүлэлт. Мөн  шүүрлийн усны суваг, аваарын бассейн, Хаягдлын аж ахуйн хэсгийн эдэлбэр газрын зам талбай, үерийн усны суваг шуудуу, хамгаалалтын даланг өндөрлөх, засварлах, сэргээх, цэвэрлэх ажлыг  чанартай  хийхэд хэсэг, хамт олноо удирдан зохион байгуулж ажилласан.  Хаягдал хураах сангийн төгсгөлд М2 далангийн барилгын ажил, 1420мм-н дундын хаялт бүхий 1,4 км ган хоолойн угсралтыг удирдан зохион байгуулж хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгсөн. Миний гар бие оролцсон энэ мэт ажлыг манай хамт олон үнэлж намайг дэмжсэн хэрэг. Миний хөдөлмөрийн аварга болсон нь энэ хамт олны ажлын үр дүн. Тэгэхээр байгууллага хамт олныг шалгаруулдаг болмоор санагддаг юм. Оны хөдөлмөрийн аварга хамт олныг яагаад шалгаруулж болохгүй гэж. Би ихэвчлэн газар шорооны ажлыг удирдан чиглүүлж ажилладаг. Одоо манайхан нэмэлт далангийн ажлыг БелАЗ, бульдозер, ачигч,  экскаватораар гүйцэтгэж байна.
-За баярлалаа.Таны цаашдын ажилд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан