Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөх бүх мэдээллийг цахим хуудаст байршуулна

Газар өмчлөлийн цахим системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, газар өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо зэрэг мэдээллийг Нийслэлийн өмчийн харилцааны газар цахим хуудаст нээлттэй байршуулахаар болжээ.

Өргөдөл гаргагч иргэд нь тухайн байршлуудаас сонголт хийж газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж цахим системд илгээх юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон цахим орчинд ажиллах боломжгүй иргэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаж болно гэж журамд заажээ. Мөн нийслэлд бүртгэлтэй гадаадад сурч, амьдарч буй иргэд газар өмчлөх хүсэлт гаргаж болох юм байна. Газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөн илгээснээр тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын дугаар очих аж. Газар өмчлөхөөр сонгогдсон талаар хариу мэдээлэл хүлээн авсан иргэн  өргөдөл авсан газрын харъяа дүүргийн Засаг даргад хандсанаар тухайн иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулах юм байна. Сонгоогүй иргэд хүсэлтийн баталгаажуулах дугаарыг ашиглан өөр байршилд газар өмчлөх хүсэлт дахин гаргах боломжтой юм. Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгнө хэмээн албаныхан мэдэгдлээ.

Харин газар өмчилж авахаар сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг  төслөөс хасах аж. Хасагдсан иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулах юм байна. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, байршил тус бүрийн хэсэгчилсэн төлөвлөгөө, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг олон нийтийн мэдээллээр дамжуулан гурваас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш олон нийтэд мэдэгдэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан