Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Найманжин: Сэтгэлийн өлсгөлөнг зогсоохын тулд бид биеэрээ өлссөн юм


Барууны хөгжингүй орны талаар чангахан шиг дуугарах эрхгүй байсан иргэд төр засгийн бодлогыг хүчтэй шүүмжилж гарч ирсэн нь өнөөгийн ардчилсан нийгмийн ул, суурь болсон. Гэхдээ энэ нь дан ганц Сүх жанжны хөшөө тойрсон өлсгөлөнгийн үнэ, цэнээр хэмжигдэхгүй. Тиймээс олон жил ноёрхсон нэг засгийн дэглэмийг түлхэн унагаах, олон ургалч үзэлтэй болох, нэг нийгмийг нөгөөгөөр солих гэдэг нь бүх нийтийн хичээл зүтгэлийн үр шим. Ялангуяа, нийслэлд ноцсон тэмцлийн түүчээг орон нутагт үргэлжлүүлсэн нь ардчилсан нийгэмд хүрэх бас нэг чухал алхам болсон. Харин өнөөдөр тэрхүү тэмцэлд амь нас, бие сэтгэлээ зольж байсан иргэд цөөрч, нийгэм шилжих үеийн тэмцлийн түүхийг үнэнээр өгүүлэх “амьд архив”-ууд он цагт уусан бүдгэрсээр байна. Тиймээс бид тухайн үеийн зураглалыг өөрийн түүхээр хадгалах, орон нутгийн ардчиллын анхдагчидтай уулзалт зохион байгуулж байна. Энэ удаад Баянхонгор аймгийн МоАХ-ны анхдагч гишүүдтэй уулзаж, 1990-ээд оны түүхийг дэлгэсэн юм.


-Баянхонгор аймагт ардчилсан хувьсгал эхлүүл­сэн, өлсгөлөнд оролцож байсан гээд намтрыг тань харвал олон зүйл байна. Тухайн үед яагаад өлсгөлөн зарлах дээрээ тулчихав аа?
-1990 онд Баянхонгор аймагт МоАХ-г үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагааг нь цаашдаа тууштай хэрэгжүүлэх, олонд таниулах зэрэг ажлыг хийж эхэлсэн. Дараагаар нь аймгийн захиргааны явуулж байгаа бодлогыг шүүмжилж, иргэд өөр зүйл хүсч байгааг хэлсэн. Энэ талаар удаа дараа аймгийнхаа удирдлагуудад хандаж байсан боловч бидэнд хариу өгөөгүй л дээ. Бид 1990 оны арваннэгдүгээр сарын 26-нд аймгийн Ардчилсан холбооныхоо хурлыг хийх, түр штаб байгуулсан. Ингээд нөгөөдөр нь улс төрийн суулт зарлахаа мэдэгдэж, суултаа эхлүүлсэн. Эхний өдөр 20 орчим хүн байсан ч маргааш нь 30 гаруй болж нэмэгдсэн. Үүнээс гадна яг суултад оролцоогүй ч бидний зорилгыг дэмжиж, байлцсан хүн олон бий. Гэсэн ч аймгийн захиргаа иргэдийнхээ хүсэл зорилгыг ойлгоогүй. Авч хэлэлцэхийг ч хүсээгүй юм. Тиймээс бид тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 30-ны өглөө 10.00 цагт улс төрийн өлсгөлөн эхлүүлсэн. Надтай нийлээд найман хүн өлсгөлөн зарласан учраас маргааш нь тухайн үеийн Улсын бага хурлын гишүүн, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Элбэгдорж, Улсын бага хурлын гишүүн Улаанхүү, МАХН-ын төлөөлж Жанцан гэсэн гурван хүн ирж уулзсан юм. Энэ гурав улс төрийн өлсгөлөнг зогсоох, аймгийн удирдлага болон иргэдийн дунд үүсээд байгаа асуудлыг нэг талд нь шийдэх зорилготой байсан. Тиймээс мэдээж өлсгөлөн зарласан бидний төлөөлөлтэй уулзана. Аймгийн тэргүүлэгч гишүүд болон Засаг дарга, гүйцэтгэх ажиллагааны дарга нарыг цуглуулж, МоАХ-ны зохицуулах зөвлөлтэй ярилцлагад орсон. Өлсгөлөн зарлаж байсан иргэдийг төлөөлж Батбаяр, Чулуунбаатар болон миний бие оролцлоо. Бүтэн хоёр цагийн уулзалтаар бид юунд тэмүүлж, юу хүсч байгаа, аймгийн иргэдэд яагаад энэ байдал нь таалагдахгүй байгаа гэх зэргээр санасан бодсон бүх зүйлээ ярилаа. Битүү өрөөнд ярьж суугаад ямар үр, дүн гарахыг мэдэхгүй. Бид иргэдийг төлөөлж ярьсан зүйлээ тэдэнд нээлттэй сонсгох ёстой гэж бодсон учраас уулзалтыг орон нутгийн телевизээр дамжуулах хүсэлт тавив. Оройн 22.00 цаг гэхэд орон нутгийн телевиз өлсгөлөнгийн тухай гаргасан. Аймгийн удирдлагууд уулзалтын үеэр огцрох эсэхээ шийдтэй хэлээгүй л байсан юм. Харин маргааш нь тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэдгээ мэдэгдсэн. Тэгээд л арванхоёрдугаар сарын 2-ны 12.00 цагт өлсгөлөнгөө зогсоож байсан юм даа бид. 
-Тэмцлийн үеэр дарамт ирээгүй юу?
-Аймгийн ардчилсан холбоог хөгжүүлэхэд их, бага хэмжээгээр дарамт мэдээж ирсэн. Энэ бүгдийн эсрэг бид цуг тэмцэж явсан учраас зорилгодоо хүрч чадсан гэж боддог. Одоо 24 жилийн дараа эргээд харахад зарим нь хорвоогоос одсон байна. Гэхдээ тэдний хийж бүтээсэн зүйлийг бид мартахгүй. Тухайн үед өлсгөлөнгийн үеэр уулзалтад орж байсан тэргүүлэгч гишүүдээс ихэнх нь алга. Тэд маань 30 ч хүрээгүй байхдаа ардчилалд оройлон оролцож, залуу халуун насаа ирээдүйн төлөө золих зоригтой байсан юм шүү. Дарга цэргийн суудалд сууж үзээгүй, эд хөрөнгөнд шуналгүй иргэд юу хүсэж байсан бэ гэвэл зүгээр л ардчилсан нийгмийг юм шүү дээ. Бидний тэмцэл нь ч эрх мэдэлд хүрэх, эд баялагтай болох биш. Зүгээр л сэтгэлийн, сэтгэлгээний өлсгөлөнг зогсооход оршиж байлаа.

-Таны нийгмийг харах өнцөг тогтчихсон байсан юм уу. Залуу хүн өлсгөлөн зарлах хэмжээнд хүртлээ нийгмийн болох, бүтэхгүйг олж харна гэдэг тийм ч амар биш. Тиймээс Монгол маань ийм л болчихвол гэсэн тэр төсөөллийг хаанаас, юутай харьцуулж гаргасан бэ?
-Би дөнгөж 23 настай, сургуулиа төгсөөд “Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр”-т геологичоор ажиллаж байсан. Монголын сэхээтнүүдийг хурдан бий болгоё. Яагаад бид гаднынхны өндөр цалин аваад ажиллаж байгаа орон зайг эзэлж болохгүй гэж хэмээн олон зүйл боддог байлаа. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн тогооч, мэргэжилтэн жолооч, мэргэжилтэн засварчин зэргийг би хувьдаа байх ёсгүй гэж үздэг. Тэгээд 1990 оны гуравдугаар сард байгууллага дээрээ салбар зөвлөл байгуулсан. МоАХ-ны үйл хэргийг дэмжиж хандивын мөнгө цуглуулж ирсэн. Яг л миний дотор шатаж, хүсэж мөрөөдөж байсан зүйлстэй адил зүйлийг МоАХ хийж, хэрэгжүүлээд яриад байсан учраас хандив мөнгө цуглуулах ажлыг ч зохион байгуулж байснаа хүртэл сайн санаж байна. Энэ талаараа тухайн үед хамт зүтгэж байсан нөхөдтэйгөө уулзаж ярилцмаар байдаг ч өнөөдөр бараг л хүн үлдсэнгүй. Саяхан энд байгаа цөөн хэдтэйгээ л уулзлаа.

-Үр дүн, үнэ цэнэ нь юу байв. Өлсгөлөн зарлаж, нэг засаг ноёнг унагалаа. Гэхдээ дарга солигдлоо гээд аймаг хөгжлийн замдаа шууд орчихгүй. Нөгөөтэйгүүр, төр засгийг нэг гараар удаан барьсан бодлого гэдэг зүйл даргын суудлыг манаад үлдэж л таарна?
-Тэр хэцүү. Үнэхээр удаан жил ноёрхож ирсэн нэг намын бодлогыг бид ганцхан өлсгөлөнгөөр дараад авчихгүй л дээ. Өлсгөлөнгөөр бага болов ч тэр ноёрхлыг нь багасгаж чадсан. Олон намтай болж, хүний эрхийг дээдэлдэг төртэй болох зэрэг өөр бусад зорилго ч бидэнд байсан. Тиймээс бид өөрчлөлтийн эхлэлийг л тавьсан гэж бодож байна. Ямар өс хонзонгийн сэдлээр хийсэн зүйл биш. МАХН-ын гэсэн болгоныг бид ажилгүй болгоод өөрсдөө оронд нь ажиллаж болохгүй. Зайлшгүй солих хэрэгтэй зарим хүнийг сольсон. Гэхдээ нэг үнэн зүйл гэвэл Засаг дарга огцорсны дараа түүний суудалд суух хэмжээний хүн байгаагүй. Манай аймагт ажиллаж байгаад явсан хүнийг авчирч дарга болгосон санагдаж байна. Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, нэг удаагийн зорилгодоо хүрсэн амжилт. Цаашдаа санаа бодлоо илэрхийлэх, МоАХ-ны явуулж байгаа үйл ажиллагааг аймгийн хэмжээнд дэмжих зэрэг асуудал нь нааштайгаар эргэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, МоАХ-ны суурийг тавихад л оруулсан хувь нэмэр юм даа. Өнөөдөр эргээд харвал, олон ургалч үзэлтэй болох, олон намтай болох, хүмүүс хувийн өмчтэй болох, эрх чөлөөтэй үг хэлэх зэрэг хүсэж, тэмүүлж байсан олон зүйл биеллээ олсон. Гэхдээ дундуур нь гажуудаад янз бүрийн юм болсон нь үнэн.

- Энэ гажуудал ямар цаг үеэс эхлэлтэй гэж бодож байна?
-1996 онд МоАХ-ноос Монголын Ардчилсан нам анх удаа УИХ-д олон суудал авсан. Би тэр үеэс жинхэнэ Ардчилал гажуудаж эхэлсэн болов уу гэж боддог. Одоо хүн хувийн өмчтэй болж, түүнийгээ хайрлаж, хамгаалж байна.
Гэвч хүмүүс зоригтой юм хэлж чадахгүй. Хэлчихвэл эрх ашиг нь хөндөгдөх гээд байдаг болчихож. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон бол мэдээж хэлэх ёстой үгээ чөлөөтэй хэлээд байж болно. Гэтэл тэр хүн хөрөнгийг ямар нэг буруу замаар олж авсан хэрэг. Энэ зөрчлөөс болж зорилго бага багаар гажуудсан гэж бодож байна. Цаашдаа ийм зүйл багасах байх гэж боддог. Цаг хугацаа үнэнийг харуулдаг шүү дээ.

-Ардчиллын дараах өмч хувьчлалын үеэр юм үзэж нүд тайлсан нэг нь хөрөнгөжиж, үлдсэн нь нийгмийн доод давхарга руу унасан. Та тухайн өмч хувьчлалын асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Хөдөө орон нутгаар явж, суртал ухуулгын ажил хийсэн. Тухайн үед “Ардчилал” сонин гарчихсан үнэгүй тараадаг байлаа. Үүний сацуу, малчдын цалинг 1200 төгрөгт хүргэнэ, малыг малчдад үнэгүй өгнө гэж ярихад урдаас бараг уурлах шахуу байсан үе. Энэ чинь иргэд хувийн өмчийн ямар ч ойлголтгүй байгааг нотолж буй юм. Бид ч тийм сайн ойлголттой байгаагүй. Сүүлд нь бодоод байхад засч залруулах зүйл олон байсан юм билээ.

0 Сэтгэгдэл
Minii xvrgen ax , Mongolyn radio telwiziin nert newtrvvlegch agsan R.Dorjbat maani 1990 ony anxny Ardchilsan songuulid Bayanxongor aimagt Ardchilsan Namaas ner dewshij AIX-yn deputataar songogdon Anxny Ardchilsan Vndsen Xuuli batlalcaj bailaa. Tus aimgiin 21 sumaas gancxan Bogd sumand AN- yn ner dewshigch yalj baisan ni minii ax mini bilee. Ta nar maani ch axyn yalaltad medeej ix zvtgesen baij taarna. Ta nartaa ulam ix amjilt xvseie !
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан