Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БӨХБАТ: ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ “МОНГОЛ ЖҮДО 2020”-ИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монголын жүдо бөхийн холбоо хамгийн олон олимпын медаль эх орондоо авчраад байгаа. Тэд энэ амжилтаа 2020 он гэхэд хэд дахин ахиулахыг зорьж байна.
Зорилгодоо хүрэхийн тулд “Монгол жүдо 2020” төслийг энэ жилээс хэрэгжүүлж, Увс аймгаас гараа нь эхэллээ.
Ингээд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай ярилцлаа.


-“Монгол жүдо 2020” гэж томоохон хэмжээний төсөл хэрэгжээд эхэллээ. Увс аймгийн бүх суманд жүдогийн дэвжээ байгуулсан байна?
-Манай жүдогийн холбоо­ны удирдах зөвлө­лийн хурал хоёр долоо хоногийн өмнө болсон. Энэ хурлаар Монгол Улсын спортын салбарт өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр гаргасан. Монгол улсын бүх анхан шатны нэгжүүдэд жүдогийн дэвжээ байгуулъя гэсэн саналыг гишүүд 100 хувь баталсан.
Жүдогийн холбооноос энэ программыг хэрэгжүүлээд 2020 оны олимпын багаа эндээс бүрдүүлнэ гэдэг санааг анх Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Баттулга, тэргүүн дэд ерөн­хий­лөгч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Дорлигжав нар гаргасан. Спортоор дамжуулан бүх нийтийг боловсруулах, зөв иргэнийг төлөвшүүлэх нь маш чухал.
-Бүх суманд жүдогийн дэвжээ байгуулна гэхээр нэг л санаанд буухгүй юм. Байшин барилгаас эхлээд...?
-Жүдо бөх сум бүрд онцлогтойгоор хөгжиж байгаа. Увс аймгийн бүх суманд дэвжээ байгуулахдаа зарим сумын биеийн тамирын зааланд, урлагийн клубт түшиглэсэн. Зарим сум татамигаа хүлээн аваад өөрсдөө санаачлан шинээр барилга барихаар болж байна. Сумын иргэд ч гэсэн маш санаачилгатай байгаа. Энэ ажил маань бөхийн спортоор хүнийг хүмүүжүүлж болдог шүү гэдгийг дэлхийд таниулах боломж олгоно.
-Энэ төслийг хэрэгжүү­лэхийн тулд 2020 он хүртэл маш их хөрөнгө хэрэгтэй болно. Үүнийг жүдогийн холбоо дангаараа шийдэх аргагүй биз дээ?
-Монголын ард түмэн өөрсдөө нутаг орныхоо удирдлагатай хамтран хэрэгжүүлнэ. Тухайн аймгаас гарсан бизнесийнхэн, УИХ-ын гишүүд бүгд оролцоно.
-Хэрэв жүдогийнхон маань олимп, дэлхийн аваргын медалиудыг авч чадаагүй бол энэ төслийг хэн ч тоохгүй байх байлаа?
-Монголд хөрс нь бэлтгэгдээгүй гадаадын спортыг бид дэмжиж, цаг заваа алддаг. Тэгвэл Монгол хүн монгол хүнээрээ бахархах бахархлыг 2008 оны Бээжингийн олимп өгсөн. Монгол хүн олимпын аварга болж чаддаг гэдгийг харсан учраас маш олон хүүхэд Түвшинбаяр, Цагаанбаатар, Ням-Очир, Уранцэцэг, Бундмаа шиг тамирчин болохыг хүсч, мөрөөдөж байна. Хүүхдийн мөрөөдлөөс л бүх амьдралын үндэс эхэлдэг учраас бид үүнийг ажил хэрэг болгох ёстой байсан. Монгол хүнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ энэ нь эргээд маш том хөдөлгөөн болж өрнөх ёстой. Манай холбооноос гаргасан шийдвэрийг хамгийн түрүүнд хүлээн авсан Увс аймгийнхандаа талархаж байна.
-360 гаруй жүдогийн дэвжээ байгуулна. 360 гаруй багш хэрэгтэй?
-2009 онд Жүдогийн холбооноос Жүдо бөхийн академи байгуулсан. Энэ академи жүдо бөхийн гол сургалт, дасгалжуулалт арга барилыг тодорхойлж байгаа. Монголд биеийн тамирын олон сургууль байна. Тэд жилдээ жүдогийн 100 гаруй багш, дасгалжуулагч бэлтгэгддэг. Үндэсний бөхөөр хичээллэдэг ч гэсэн жүдо бөхийг гэсэн сэтгэлтэй олон багш байгаа. Ингээд бодохоор багш нар хангалттай. Хөдөө орон нутагт багшлах дасгалжуулагчдыг манай холбооноос гадаад руу сургалтад явуулах, туршлага судлуулах арга хэмжээ цаашид зохион байгуулна.
-Нэг зүйл сонирхоод асуухад манайхан жүдогийн өмсгөлийг одоо хаанаас авч байна вэ?
-Жүдогийн өмсгөлийг жүдоги гэж нэрлэдэг. Анх цагаан, сайхан сэтгэлийн бэлгэдэл болгож цагаан өнгөөр хийж байсан. Одоо ч гэсэн Японы хүндтэй тэмцээнүүдэд цагаан жүдоги өмсөхийг шаарддаг. Түрүү үеийн тамирчид маань жүдоги олох маш хэцүү байлаа. Өмсгөл маань өөрөө их үнэтэй, холоос олдог, цөөхөн үйлдвэрлэдэг. Өнөөгийн нөхцөлд Япон, Солонгос, Франц, Германд үйлдвэрлэж байна. Үүнээс сонголтоо хийж, тэмцээний жүдоги худалдан авдаг. Харин хүүхэд залуучууд маань бэлтгэлийн жүдогигоо БНХАУ-д үйлдвэрлэснийг сонгодог.
-Удахгүй дэлхийн аварга болно. Энэ удаагийн дэлхийн аваргаас жүдогийн холбоо хэдэн медаль авахыг зорьж байна вэ?
-2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 24-31 хооронд ОХУ-ын Челябинск хотод болох юм. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлж эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчин оролцоно. Нэмэлтээр хоёр, хоёр гэхээр 18 тамирчин орох боломжтой. Мөн багийн тэмцээнд 10 тамирчин оролцоно. Энэ сараас олимпын эрхийн бүтэн оноо тооцогдох гол тэмцээн эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Кубын Гавана хотноо Гран при тэмцээн болсон. Ирэх долоо хоногт манай 13 тамирчин Унгарын Будапешт хотноо Гран при тэмцээнд оролцохоор явах гэж байна. Хамгийн гол тэмцээн бол бидний хувьд долдугаар сарын 4, 5-нд Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Чингис хаан Гран при. Нийт 56 тамирчин оролцоно. Эндээс хэн сайн барилдсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна.
-Энэ жилийн гран при ямар онцлогтой болох вэ. Оролцох улсууд мэдүүлгээ ирүүлчихсэн үү?
-Энэ удаагийн Гран при тэмцээн маш өрсөлдөөнтэй болох нь мэдүүлгээс харагдаж байна. Тухайлбал, Бразиль, ОХУ, Үзбек, Казакстан, Япон, Солонгос, Ардчилсан Солонгосын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирнэ. Гүрж, Азербажаны багийг онцлохгүй бол болохгүй.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан