Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ГОЛ СЭДЭВ САНДАЛ, СУУДАЛ, “ДАВХАР ДЭЭЛ”

Парламентын дарга З.Энхболд өчигдөр эзгүй байв. Түүнийг дэд дарга Р.Гончигдорж орлон хурал удирдсан ч хэлэлцэх 12 асууд­лаас ганцханыг л шийдлээ. Тэр нь ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндорж гишүүнийг томилох. Юутай ч эзгүй яам эрхэм гишүүдийн олонхийн саналаар шинэ тэргүүнтэй боллоо. Гэвч түүнд хүрсэн зам буюу арга нь анхаарал татахгүй байхын аргагүй. Түүний араас үргэлжлэх асуудал ч шийдлээ хүлээж буйг мартаж болохгүй.
Хууль зөрчүүлэхүйц үнэтэй суудал


Сайдын суудал үнэ цэнтэй гэдгийг парламентын эрх баригчид өчигдрийн хурлаар нотоллоо. Дэг бол дэг. УИХ-ын дарга нарын хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэнэ хэмээн батлаад, дарааллыг нь тогтоосон ёсоор УИХ-ын чуулган үргэлжлэх ёстой. Гэтэл өчигдөр өглөө хурал эхэлмэгц гуравдугаарт эрэмбэлсэн асуудлыг хамгийн эхэнд татаж аваачаад хэлэлцэж эхэллээ. Өнөөх дэг маань энэ үед дуг болж орхив.
Хууль бол хууль. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар парламентын аль нэг бүлэг горимын санал гаргавал түүгээр санал хураах ёстой. Гэвч УИХ-ын хуралдааныг удирдсан дэд дарга Р.Гончигдорж “завсарлага авъя” гэсэн С.Бямбацогт гишүүний саналыг үл хэрэгсэв. Сөрөг хүчний зүгээс “Гончигдорж дарга туршлагатай улстөрч хүн. Гэтэл УИХ-ын гишүүдийн горимын санал гаргах эрхэнд бүдүүлгээр халдлаа. Та хууль зөрчлөө” хэмээн гомдоллож байсан юм. Гэвч Р.Гончигдорж “Асуудлыг хурдхан шийдэх шаардлагатай. Эзэнгүй сайдын суудалд хүн томилъё” хэмээн өөрийн байр сууриа хамгаалж суусан бол Н.Алтанхуяг сайд ч “Ардын нам ажил хийлгэдэггүй” гэдэг нэг биш нэжгээд хэлсэн санаагаа цухалзуулсаар суув. Ө.Энхтүвшин гишүүн үүнийг сөрөхдөө “Биднийг л ад үзэх юм. Үнэндээ “давхар дээл” тайлах саналыг бид биш Ерөнхийлөгч гаргасан. Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг бид биш эрх баригчдын нэг Баасанхүү гишүүн оруулж ирсэн. Харин энэ удаа Баттулга сайд өөрөө өргөдлөө өгч эзэнгүй суудал гарсан шүү дээ” хэмээн тайлбар хийж байлаа.

Монгол Улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд 100 хоногийн зорилго тавиад гараанаас гарчихсан энэ үед үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, төрийн өмчийг бүхэлд нь хариуцсан сайд, тэргүүлэгчтэй байх нь сайн хэрэг. Харамсалтай нь, Р.Гончигдорж гишүүн хууль зөрчсөнийг танхимд суусан гишүүдээс эхлээд телевизээр шууд үзэж суусан олон хүн гэрчилнэ. Дэг, хуулиа доог болгосныхоо эцэст дахиад хуульд нийцэхгүй үйлдэл хийсэн юм. Бүтэн өдөржин хуралдаад гуравдугаар асуудлыг шийдсэн тул үлдсэн 11 асуудалдаа шилжив. Галын аюулгүй байдлын тухай хууль хамгийн эхэнд эрэмбэлжээ. Угтаа үүнийг өглөө 09:00 цагт хурал эхэлмэгц хөндөөд, үдээс өмнө дуусгачих ёстой байв. Ш.Түвдэндорж сайдад ээлж, дараалан утга нэгтэй асуулт тавиад ядарсан уу гэлтэй МАН-ын гишүүд үлдсэн 11 асуудалд завсарлага авъя гэх нь тэр. Р.Гончигдорж дарга ч чилсэн бололтой “Тэг тэг” гээд алхаа товшчихлоо. Түүнийхээ араас “Уг нь, нэг л асуудлаар завсарлага авдаг ёстой юм. Гэхдээ яах вэ, та бүхэн авъя гэж байгаа хойно” гээд буруугаа бусад руу чихэх гэж оролдсон. Хууль энд ирээд гууль болж хувирдгийг парламент дахь туршлагатай, ахмад улстөрчдийн нэг Р.Гончигдорж биеэрээ баталгаажуулав.

Сөрөг хүчний сүрэглэх ажиллагаа

УИХ-ын чуулганы хуралдаан өрнөх шат дараалалтай. Асуудал танилцуулна, түүний талаар горимын санал байгаа эсэхийг лавлана. Хэрэв горимын санал гарвал сонсоод, түүгээр санал хураагаад үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Олонхоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэх юм уу, горимын санал гараагүй бол хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт тавих эрх нээгддэг. Асуултад хууль санаачлагч, байнгын хорооныхон, Засгийн газар юм уу ажлын хэсэг хариулж дуусна. Ингээд санал хэлэх цаг явж эхэлнэ. Санал дууссаны хойно дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүний байр суурийг нэмж сонсчихоод эцсийн саналаа хураадаг. Энэ нь, тухайн асуудлаарх хөдөлшгүй шийдвэр болдог юм. Ш.Түвдэндорж гишүүнийг сайд болгох эсэх асуудалд сөрөг хүчин жинхэнэ сүргээрээ оролцож асуулт тавив. Асуулт, хариултын цаг эхэллээ. Танхимын тэн хагас нь буюу 30 гаруй гишүүн нэр дэвшигч Ш.Түвдэндорж болон бусад холбогдох хүнээс юм асуухаар товчлуур даржээ. Анзаарч үзвэл сөрөг хүчин сүргээрээ багтсан байх аж. Намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяраас эхлүүлээд хамгийн дуугүй гишүүн Б.Чойжилсүрэн хүртэл нэрээ өгч. Нэмээд Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын “Шударга ёс”-ныхон багтаж. Нам нэгт Л.Эрдэнэчимэг, М.Зоригт тэргүүтэй хүмүүс ч асууя л гэж. 30 гаруй гишүүний дөнгөж хагас нь асуулт тавьж, хариу сонсох зуур үдийн цайны завсарлага болсон. Цайны цаг дуусч хурал үргэлжлэхэд өнөөх л асуулт, хариултаар өрнөсөн юм. Бүтэн өдрийн хуралдааныг зөвхөн Ш.Түвдэндорж гэдэг хүнийг сайд болгох уу, үгүй юу гэдэгт зориулсан парламентын нэгэн өдөр өнгөрлөө.
Сөрөг хүчний бүх гишүүн асууж тодруулж, санал хэлэхдээ Ш.Түвдэндоржоос илүү Р.Гончигдоржид анхаарал хандуулж суув. Бидний эрхэнд халдлаа, завсарлага өгсөнгүй ээ гэж. Тэд завсарлага авах нь ямар ач холбогдолтой байсан бэ. Ердөө ирэх долоо хоног хүртэл хэлэлцэх асуудлаа хойшлуулахаас өөр үр дүн гарахгүй. Ганц ялгаа нь гэвэл тухайн үед Р.Гончигдорж биш З.Энхболд дарга хурлаа удирдах байсан биз. Гэвч тэднээс анзаарагдсан өөр нэг өнцөг гэвэл эрх баригчдын дунд яс хаяж, хэрүүлийн алим чулуудаж, үл ойлголцлыг маргаан болгох, маргааныг хэрүүл рүү хүндрүүлэх. Хүчийг нь сулруулж, туйлдуулах нь тэдэнд ашигтай. Нөгөөтэйгүүр, олон нийтэд “Эрх баригчид ийм л муухай” гэж харагдуулах нь тэдэнд чухал гэлтэй.
76 гишүүнээс 66 хүний ирцтэй хуралд сөрөг хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ иржээ. Харин АН-ын гишүүд эзгүй, УИХ-ын дарга орон нутагт ажиллаж, “Шударга ёс” эвслийн дарга Францад айлчилж явсан юм. Хэрэв сөрөг хүчин үнэхээр эсэргүүцье гэсэн бол идэвхтэй байх байлаа. Харамсалтай нь, МАН-ынхан “сүргээрээ” санал хураалтад оролцохгүй гэж хэлээд, шийдлийн гадна үлдэв. Үндсэндээ эрх баригч хоёр хүчин, бие даагч гишүүдэд хариуцлагыг үлдээв. Санал хураалтад байр сууриндаа үнэнч М.Зоригт, Л.Цог тэргүүтэй зургаан гишүүн үгүйсгэсэн товчлуур дарсан бол бусад нь дэмжсэн. Ийнхүү шинэ “давхар дээлтэн” томилогдлоо.

Нэгийг тайчаад шинэ “давхар дээл” рүү

Сайдад нэр дэвшигч сэтгэлд хүрч, дотор онгойтол хариулт өгөхгүй байгааг улстөрчид шүүмжилсэнтэй санал нийлж болно. Албан ёсоор ажлаа хүлээж аваагүй, асуудлыг бүхэлд нь харж амжаагүй хүн дараах байдлаар хариулах нь арга ч үгүй биз. “Намын бодлого гэж бий. Намын удирдах зөвлөлөөс чиглэл өгч Засгийн газар болон улстөрчид үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Өмнө нь явж ирсэн бодлогыг үргэлжлүүлж ажиллана” хэмээсэн. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлнэ гэдэг чинь юу билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы дундуур “Нам дотроо хагаралтай. Намын дэмжлэг байхгүй. Ерөнхийлөгчийг тоохоо больсон” гэхчлэн ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй тухай өмнөх сайдын үгийг дуулгав. Хэрэв тиймгүй байсан бол ҮХАА-н сайдын суудал эзгүйрэхгүйгээр байж. Гэвч, ажлыг нь явуулаагүй, дэмжээгүй, гацаасан. Ийм нөхцөлд шинэ сайд үргэлжлүүлж чадах болов уу гэдэг асуулт ургана.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нэгдүгээр хүн тодорч, Засгийн газрын халуун ам бүл бүрэлдэхүүнээ дүүргэв. Харин одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороон даргаар хэн томилогдож, Ш.Түвдэндоржийн дөнгөж сая боссон суудал хэзээ эзэнтэй болох вэ гэдэг шинэ асуудал үүсэх нь. Ай даа, 2014 оны эхний хагас жилийн буюу УИХ-ын хаврын ээлжит чуулганд сандал, суудал, “давхар дээл”-нээс өөр ярих сэдэв, хийх ажил үнэхээр алга гэж харагдах байдлаар нь дүгнэхэд буруудах зүйл огт алга.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан