Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛД 94 МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД ХӨДӨЛМӨРИЙН БООЛЧЛОЛД БАЙНА

Нийгэмд бие даан хөл тавих нас нь болоогүй ч амьдралын шаардлагаар гэх хүндхэн үүргийг хүлээж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо улсын хэмжээнд 93 мянга 968-д хүрчээ. Үндэсний статистикийн хороо болон Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаанд тулгуурлан гаргасан энэхүү тоо өчигдөр болж өнгөрсөн “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр”-ийн үр дүнг үгүй хийхээр өндөр үзүүлэлт байлаа. Гэхдээ “чамлахаар чанга атга” гэдэг шиг өчигдрийн хувьд “хүүхэд” гэж ган хийсэн ганц хоёрхон байгууллагад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг багтаж байсан юм. Тиймээс тэдний хийсэн мэдэгдлээс зарим нэг зүйлсийг тодруулан хүргэе.

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо өссөн

“Өөрийгөө хамгаалах чадваргүй, нас бие, сэтгэхүйн хувьд бүрэн гүйцэд хөгжиж төлөвшөөгүй, амьдралын туршлага, амьдрах ур чадвар дутмаг байдаг зэрэг шалтгаанаар зайлшгүй хамгаалал шаардаж байдаг нийгмийн хэсэг бүлгийг хүүхэд гэнэ” хэмээн манай улс тодорхойлжээ. Өнгөрсөн оны байдлаар энэхүү тодорхойлолтод багтах 0-16 насны 443 мянга гаруй хүүхэд бий гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурдагд­сан байна. Харин хүүхдийн хөдөлмөрийн  нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргахдаа 5-17 насыг сонгон авдаг бөгөөд эдгээр насны хүүхдийн 15.9 хувь буюу 93 мянга 968 хүүхэд ажил эрхэлж байгаа гэдгийг мэдээлж байгаа юм. Дээрх тоог дөрвөн жилд нэг удаа гаргадаг бөгөөд энэ нь 2006-2007 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт. Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал орон нутагт ихэсч, нас ахих тутам ажил эрхлэлт нь нэмэгдэж байгааг цохон тэмдэглэв.  Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн 88.9 хувь нь хөдөө аж, ахуйн салбарт ажиллаж байгаа ч уул уурхай, барилга, худалдаа зэрэг салбарт ч нэмэгджээ. Насных нь ангиллаар авч үзвэл, ажил эрхэлж буй хүүхдийн 60.2 хувь нь эрэгтэй 39.8 хувь нь эмэгтэй байна. Тэдний 11.1 хувь буюу 10 мянга 398 хүүхэд хориглосон ажлын байранд эсвэл уртасгасан цагаар, хүнд хортой нөхцөлтэй ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Энэ үеэр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайтай ярилцлаа.  

Унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгоно

-Дэлхийд хүүхэд хөдөл­мөр эрхлэх 180 шалтгаан байгаа гэлээ. Эдгээрээс хэд нь бодитоор Монголд байгаа вэ?
-Дэлхий нийтийн хэм­жээнд хөдөлмөр эрхэлж байгаа 180 гаруй сая хүүх­дийн ажил хийх шалтгаан ерөнхийдөө адил. Дийлэнх­дээ ар, гэрийн асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөрөн­гө мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж байна. Тиймээс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийг устгахад хамгийн ихээр нөлөөлж болох аргыг танилцуулсан. Энэ нь нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах замаар шийдэж болох асуудал юм гэдэгт санал нийлсэн.
-Монголд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 88.9 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа гэсэн. Энэ тоо баримтыг хэрхэн гаргасан юм бэ. Мал, маллаж байгаа, хурдан морь унадаг хүүхдүүдийг оруулан тооцсон юм уу?
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлал байдаг. Тухайлбал, 5-10 насны хүүхэд долоо хоногт өдөрт нэг цагаас илүүгүй, 11-14 насны хүүхэд долоо хоногт 15-16 цагийн ажил хийж байгаа бол… зэргээр судалгаа хийдэг. Харин энэ статистик цагийг давсан бол хөдөлмөр эрхлэлтэд тооцно гэсэн байдаг. Үүнд тулгуурлан Монголын нийт хүүхдийн 15.9 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн дүн гаргасан. ХАА-н салбарч ялгаагүй, дээрх жишгээр гарсан.
-Хурдан морь унаач хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж байгаад тооцдог. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцэд ирүүлсэн зөвлөмжид “Хурдан морь унаж байгаа нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт мөн байна. Тиймээс бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг дадал заншлаа өөрчил” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн төлөө үндэсний газар, яам, агентлагууд зэрэг холбогдох байгууллага хурдан морины асуудалд анхаарал хандуулж байна. Эцэст нь бид өвлийн нөхцөлд хурдан морь унадаг асуудлыг зогсоож чадсан. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн байдлыг багасгахад болон тэдний аюулгүй байдлыг хангах томоохон алхам болсон хэмээн бид үзэж байна. Харин дараагаар нь долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулж байх асуудлыг Уяачдын холбоотой зөвшилцөж, тэдний журамд нь оруулж чадсан. Ингээд зогсохгүй цаашид судалгаа хийж, хурдан морь унах хүүхдийн насыг ес болгох тал дээр ажиллаж байна. Мөн Улсын их баяр наадам болж байгаатай холбоотойгоор хүүхдээр морь унуулж байгаа тохиолдолд хамгаалалтыг нь зүүлгэх, уралдааны зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг тодорхой болгох, гараа барианы зохион байгуулалтыг цэгцлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна. Дээр нь даатгалын байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцаж байгаа. Ирэх долоо хоногоос гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
-Өмнө нь даатгалын асуудал байгаагүй хэрэг үү?

-Даатгалын асуудлыг нэмэгдүүлж байгаа юм. Хэдэн жилийн өмнө хүүхэд хурдан морь унаад явахдаа ямар нэг гэмтэл авсан тохиолдолд даатгалын мөнгө нь бараг эм авч хүрэхгүй байсан. Өнгөрсөн жил энэ мөнгийг нэмсэн ч мөн  төдийлөн хүрэлцэхгүй байгаа. Тиймээс гуравласан ярилцлага хийж цаашид нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж эхэлсэн хэрэг.
Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан