Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ОЙРЫН ХУГАЦААНД 150-160 САЯ АМ.ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс Таван толгой” компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нээлттэй өдөрлөг зохиолоо. Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагааг танилцуулж, багуудад бага оврын трактор бэлэглэв. Тус компани өмнө нь сумын хүн эмнэлэгт  түргэн тусламжийн авто машин нийлүүлж байжээ. 2010 онд байгуулагдсан “Эрдэнэс Таван толгой” компани зүүн, баруун цанхийн уурхайгаас  нүүрс олборлож буй. Зүүн цанхийн уурхай   2011 онд 898 мянга, 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлосон. Харин өнгөрсөн жил 5.3 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ маягаар уурхайн хүчин чадлыг жил бүр нэмэгдүүлж 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүрэх аж. Өнгөрсөн онд баруун цанхийн уурхайг нээж, 1.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байснаа давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс олборложээ.
Энэ хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тус уурхайд “Хишиг Арвин индустрал” , “Мера”, Монголын үндэсний олборлогч компани гэрээт олборлогчоор ажиллаж буй билээ.
Энэ онд манай улс 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө бий. Үүний 11 сая тонныг нь “Эрдэнэс Таван толгой” компани олборлох юм. Гэвч нүүрсний үнэ унаж  зарим компанийн экспорт зогсонги байдалд орсон. Харин “Эрдэнэс Таван толгой” хэвийн ажиллаж байна. Тус компанид экспортлоход бэлэн 4.5 сая тонн нүүрс бий. Одоогоор  Хятадын найман компанид 4.2 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийжээ. Үүнийг хамгийн бага үнээр буюу уурхайн амны нөхцөлөөр нэг тонныг нь 35 ам.доллараар тооцвол наад зах нь 150-160 сая ам.доллар болох юм.
Одоогоор уг нүүрсний урьдчилгаа 50 сая ам.доллар “Эрдэнэс Таван толгой” компанийн дансанд орж ирсэн байна. “Эрдэнэс Таван толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ Баян бүрд” төсөл өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн гол зорилго нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, малчдын хоршооллыг бэхжүүлэх аж.
Тухайлбал өнгөрсөн онд газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдэд трактор анжис, борной болон үр хөнгөлөлтэй үнээр нийлүүлжээ. Мөн ноос сэмлэгч гар машин, усны ёмкость гээд үйлдвэрлэлийн зориулалтай тоног төхөөрөмж малчдын хоршоодод ний­лүүлсэн байна. Бас малчдын бүлэг, хоршоодтай хамтарч чацаргана, улиас, хайлаас зэрэг 2500 гаруй модлог ургамал тариалжээ. Үүнээс гадна нутгийн оюутан залууст  сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ. Харин  “Шинэ Баян бүрд” төслийн хувьд одоогоор 88 сая төгрөг  зарцуулаад байгаа ажээ
.
Н.Нямгэрэл: Нэг тонн нүүрсээ 25-30 орчим ам.доллараар олборлож байна

“Эрдэнэс Таван толгойн” уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэлээс  Таван толгойн уурхайн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Нүүрс олборлолт, борлуулалт ямар хэмжээнд байна вэ?
-Зүүн Цанхийн уурхайгаас олборлож байна. Манай уурхай он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс олборлож, экспортлоод байна. Олборлоход бэлэн нүүрсний хэмжээ Зүүн Цанхийн уурхайд нэг сая, Баруун Цанхид 500 мянган тонн бий. Үүнээс гадна нүүрсний агуулахад 2.5 сая тонн нүүрс бэлэн байгаа. Тэгэхээр борлуулалтын асуудлаа шийдвэл  нүүрс олборлоход  ямар ч саад байхгүй. Энэ онд 10-11 сая тонн нүүрс олборлоход ямар нэг хүндрэл гарахгүй. Хамгийн гол нь зах зээлээс бүх зүйл хамаарна. Нэг үе бодвол борлуулалт нэлээд сэргэж ирж байна.
-Жилд хэдий хэмжээний хөрс хуулж байна. Уурхайн гүн хэдэн метр болов?
-Уурхай хэвийн ажиллах нэг үндэс бол хөрс хуулах ажил байдаг. Жилд 11 сая шоо метр хөрс хуулж байна.  Зүүн Цанхийн уурхайн гүн 85 метр. Баруун Цанхи нь 50 метр болсон.
-Тэгэхээр нэг тонн нүүрс хэдэн төгрөгийн задлаар олборлож байгаа вэ?
-Уурхай болгонд олборлолтын зардал өөр өөр байдаг. Энэ бол төлөвлөлтөөс хамаардаг зүйл. Хөрс хуулалтаа  тухайн жил, улирал, сард ямар хэмжээнд төлөвлөнө түүнээс нэг тонн нүүрс олборлох зардал хамаарна. Нэг тонн нүүрсээ 25-30 орчим ам.доллараар олборлож байгаа.
-Баруун, Зүүн Цанхийн уурхайг нийлүүлнэ гэлээ. Хэдэн сард уурхайн голын хамрыг авч нийлүүлэх вэ?
-Ирэх аравдугаар сард хоёр уурхайн дундах хамрыг авч дуусна. Ингээд баруун, зүүн Цанхийн хоёр уурхай нийлэх юм.
-Нүүрсний тээвэр, экспорт ямар хэмжээнд байна вэ?
-Манайд нүүрс тээврийн найман компани бий. Тээврийн машины тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Баруун Цанхиас нэг машинд 100-аас дээш тонноор тээвэрлэж болдог. Харин Зүүн Цанхиас нэг машинд дээд тал нь 70 тонныг л ачдаг. Ингээд өдөрт 300-400 машинаар нүүрс ачиж байгаа. Компаниудын нүүрс борлуулалт тааруу байгаа тул зам, хил гааль дээрх ачаалал бага байна. Манай компанид таатай нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

С.Ганболд: Жилд 20 хүнээ орон сууцтай болгож байна

Захиргаа Хүний нөөцийн газрын захирал С.Ганболдоос ажилчдын нийгмийн хангамжийн талаар ингэж ярьлаа.

-“Эрдэнэс Таван толгой” компанид хэдэн ажилтан байна. Сард хэдий хэмжээний цалин авдаг вэ?
-Өнөөдөр манай компа­нид 500 гаруй хүн ажиллаж байгаа. Дундаж цалин Мон­голын компаниудын жишиг болох нэг сая гаруй төгрөг.
-Сум орон нутгаас хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Өмнөговь аймгаас 120 гаруй хүн ажиллаж байгаа. Үүний 63 нь Цогтцэций сумын иргэд.
-Ажилчдын нийгмийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай компани “Голомт” банктай хамтарч ажилладаг. Жил бүр ажилдаа хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулж байна. Жилд 20 хүнийг орон сууцаар хангаж байгаа.

Н.Амгалан: Шилжин ирэх хүн олон учраас ажилгүйдэл буурдаггүй

Өмнговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Н.Амгалангаас  сум орон нутгийнх нь  талаар тодруулсан юм.

-Уурхай дагасан шилжилт хөдөлгөөн их байна гэдэг. Танай суманд жилд хэчнээн хүн шилжин ирж байна вэ?
-Сумын хүн ам жилд 17-18 хувиар өсч байна. Өнгөрсөн онд 5000 байсан. Одоо 6000 гарсан.
-Сумын нэг өрхийн орлого ямар байна. Амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байдаг бол. Ажилгүйдэл хэр байна вэ?
-Уул уурхайд ажилладаг өрхийн амьжиргаа сайн. Гэвч уурхайд ажилладаггүй өрх олон бий. Нөгөө талаар уул уурхайн цалин өндөр байдгийг дагаад бараа бүтээгдэхүүний  үнэ өндөр талдаа. Энэ нь малчид, төрийн албан хаагч гээд уул уурхайд ажилладаггүй иргэдэд хүнд тусах тал бий. Ажилгүйдэл байгаа. Шилжин ирж буй хүн олон болохоор ажилгүйдлийн түвшин буурдаггүй. Байнга л 100-160 хүн ажилгүй гэсэн бүртгэлтэй байгаад байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл сум орон нутагт хэр хөгжиж байна вэ?
-Сум хөгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахаар сумын дэлгүүр хоршоо, банкаар үйлчлүүлэгчийн тоо буурдаг. Иймд  сум орон нутгийн аж амьдрал уул уурхайн бүтээгдэхүүний үнийг дагаад байдлаас гарах нь зүйтэй. Тэгэхээр  жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлага байгаа юм.
 -Балгасын улаан нуурыг нутгийн иргэд уул уурхайд ашиглуулахгүй гэж байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бэлчээрийн даац багасах тал бий. Балгасын улаан нуур бол Өмнөговь аймгийн ундны усны гол эх үүсвэр. Үүнийг уул уурхайд ашиглаад эхлэх юм бол усны хомсдолд орох эрсдэл бий. Таван толгойн ордыг зайлшгүй ашиглаж байж манай эдийн засаг хөгжинө.  Иймд зохистой бодлого хэрэгтэй. Тэгэхээр энэ баялгаа устай газарт аваачиж боловсруулж нэмүү өртөг шингээх, эсвэл говьд гол мөрний усаа хүргэх учиртай.

Ц.Баярсайхан: Нэг өрхийн орлого 300-400 мянган төгрөгөөр өссөн

Цагаан Овоо багийн Засга дарга Ц.Баярсайхан сум орон нутгийн иргэдийн аж амьдралын талаар ийн ярив.

-Танай багт “Эрдэнэс Та­ван толгой” компани  бага ов­рын трактор бэлэглэлээ.   Ер нь сум, орон нутагт хөрөнгө оруу­лалт хэр орж ирж байна вэ?
-“Эрдэнэс Таван толгой” компани манай суманд үйл ажиллагаа явуулаад дөрөв таван жил боллоо. Манай Цагаан овоо багийн нутагт уул уурхайн эдэлбэр газар бий. Таван толгойн уурхайг бүрэн ашиглаж байгаа тул сум орон нутагт  орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Ту­хайл­бал, манай багийн иргэд мал аж ахуй гадна газар тариа­лан эрхлэх болсон. Ингээд ма­най багт бага оврын трактор бэ­лэглэж  байгаад баяртай байна.
-Жилд хэдэн га талбайд хүнсний ногоо тариалж байна вэ?
-Говийн хөрс их эмзэг тул нэлээд тордож байж  төмс хүнсний ногоо, малын тэжээл тариалж байна. Энэ жил “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс” компани хамтарч шинээр 15 га талбайг  усалгааны системтэй болгож  хүнсний ногоо тариалах нөхцөлийг бүрдүүлж өглөө. Өнгөрсөн онд  18 га талбайд  төмс, хүнсний ногоо тариалсан. Ингээд 30 гаруй га талбайд газар тариалан эрхэлж байгаа юм. Үүнээс гадна  малын тэжээлийн ургамал, эрдэнэ шиш, царгас тариалж эхэлж байна. Манай багт 46 өрх газар тариалан эрхэлж байсан. Харин одоо 110 өрх ногоо тариалах болсон. Ингэснээр нэг  өрхийн орлого 300-400 мянган төгрөгөөр нэмэгдэж буй юм. Өмнө нь 2000 оны үед иргэдийн орлого тааруу, ажлын байр дутмаг байсан. Одоо уул уурхайг дагаад иргэдийн орлого нэмэгдэж амьжиргаа дээшилж байна. Жишээ нь, уул уурхайн ажлын хувцасны  оёдлын дөрвөн цех үйл ажиллагаа явуулах боллоо.
-Танай баг хэдэн өрхтэй вэ?
-Шилжин ирж буй хүн маш их. Өмнө нь манай баг  110 өрхтэй, 700 гаруй хүн амтай байсан. Одоо 220 өрх 2000 орчим хүн амтай болсон. Сүүлийн дөрвөн жилд хүн ам огцом өсч байна.
-Уурхайн эдэлбэр газарт малчдын өвөлжөө бууц орсон уу. Үүнээс гадна эртний түүх дурсгалт газар олон бий юу?
Уурхайн лицензийн талбайд манай багийн 12 өрхийн өвөлжөө бууц орсон. Хайгуул судалгаагаар манай сумын нутагт түүх, соёлын 107 газар байгаа нь тогтоогдсон. Эдгээр газрыг улсын хамгаалалтад авсан.
Т.Жанцан
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан