Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРААГИЙН “ЭРДЭНЭТ” БУЮУ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БУЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Монгол орны хамгийн том тэгш тал болох Мэнэнгийн тал Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутаг хамардаг. Хэдхэн жилийн өмнө энд зээрийн сүргээс өөр эзэнгүй байлаа. Харин өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж, их ажил ундарч, Мэнэнгийн тал амь орж байна. Баялаг арвинтай энэ талаас газрын тос олборлож, экспортолсоор Монгол Улсын эдийн засагт тэргүүлэгч салбарын хэмжээнд хүрчээ. Манай улсын газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн. Тодруулбал, газрын тосны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 36 дугаарт  бичигддэг гэсэн үг. Энэхүү нөөцийн дийлэнх нь буюу 90 хувь нь Дорнод аймагт байгаа юм.  “Эрдэнэт” үйлдвэр гэхэд улсын төсөвт жилдээ 370 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бол түүний араас газрын тосны салбар хурдтайгаар нэхэж явна. Өнгөрсөн жил газрын тосны салбар улсын төсөвт 300 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ тоо цаашдаа өссөөр байх нь. 2017 он гэхэд газрын тосны салбар дангаараа “Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг хэмжээтэй дүйхүйц орлого бүрдүүлдэг болох таатай мэдээг Газрын тосны газрын дэд дарга Ц.Амраа хэлэв.
Жил бүр болдог орон нутгийн уулзалтаар эрчимтэй хөгжиж буй газрын тосны салбарынхаа талаар төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл ярилцсан юм. Дорнод аймгийн төв Чойбалсанд болсон уулзалт өргөн хүрээ хамарч, үр дүнтэй болсон хэмээн Газрын тосны газрынхан дүгнэн хэлж байв. УИХ-аар хэлэлцүүлэгт ороод эхэлсэн Газрын тосны тухай хуулийн төслийг энэ үеэр нэлээд тойрч ярилцсан. Тухайлбал, төлбөрийн хэмжээ, хуваарилалт, орон нутгийг дэмжих заалтууд анхаарлын төвд байсан юм. Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг 30 хувь болгох санал хуулийн төсөлд тусгагдсан талаар ч хөндөв. Дорнод аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн санд мөнгө оруулдаг байхыг хуулиар зохицуулах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.

С.Ганбат: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК орон нутгийн хөгжлийн санд оруулах
ёстой орлогоо өгнө гэсэн


Дорнод аймгийн Засаг даргаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь газрын тосны хайгуулын талбай байгаа вэ. Үүний хэдэн хувиас нь газрын тос олборлож байгаа вэ?
-Дорнод аймгийн газар нутгийн 30 хувьд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт зургаан талбайд дөрвөн компани ажиллаж байна. Өнгөрсөн оноос хайгуул судалгааны үр дүнд Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа талбайн ихэнх хувийг буцааж олгох юм. Өөрөөр хэлбэл, 19, 21 дүгээр талбайн 90 гаруй хувийг буцааж орон нутагт нь шилжүүлнэ. Зургаан компани 19, 21 дүгээр талбайд олборлолт явуулж, 17, 18, 20 дугаар талбайд хайгуул хийж байна.
-Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуульд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Орон нутагтай холбоотой лицензийн төлбөрийн 10, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг төлөх зэрэг нь хуулийн төсөлд хэвээр байгаа юм билээ. Орон нутгийн захиргааны эрх, үүргийн талаас оруулсан зүйл заалтууд хасагдсан байсан. Бид Дорноговь аймаг руу саналаа явуулж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт мөн санал өгсөн.  
-Компаниуд орон нутгийг хэр харж үзэж, тусалж дэмжиж байгаа вэ?
-Газрын тостой холбоотой татвар улсын төсөвт төвлөрдөг. Усны төлбөр нь орон нутагт төвлөрөөд нэг жил л болж байна. Газрын тосны тухай хууль гарснаар шинэ боломжууд нээгдэх байх. Засгийн газартай бүтээгдэхүүн хуваадаг компаниудын байгуулсан гэрээнд талбай болгоноос олборлосон тосны тодорхой хувийг аймгийн хөгжлийн санд оруулахыг тусгасан. Харамсалтай нь, компаниуд энэ үүргээ биелүүлдэггүй. Өмнөх жилүүдэд аймгийн хөгжлийн санд оруулсан мөнгө байгаагүй. Засаг даргаар томилогдоод энэ талаар нэлээд сайн хөөцөлдөж, Газрын тосны газартай хамтарч ажиллаж байгаа. Нэлээд ахицтай яваа. Компаниуд аймгийн хөгжлийн санд оруулах хөрөнгөө гэрээний дагуу оруулна гэсэн. Гэхдээ одоо­гоор “Эм Пи Ай” ХХК 7000 ам.доллар оруулсан. Нийг­мийн хариуцлагын хү­рээнд компаниуд ажиллаж бай­гаа. “Петрочайна Дачин Там­саг” ХХК Матад сумын усан хангамжийн асуудлыг ший­дэж, гүний худаг, сайн чана­рын шүүлтүүр тавьж өгсөн.
-Компаниудыг үүргээ гүйцэтгэх шаардлагыг хуу­лиар зохицуулах бо­ломжтой юу?
-Хуульд тусгаад өгвөл сайн. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулиар зохи­цуулсан зүйл байхгүй. Тиймээс компаниуд орон нутгаа үл тоох байдал гаргадаг. Гэхдээ сүүлийн үед бид асуудлыг олон талаас нь тавиад байхаар хуулиар зохицуулахаар бол­сон. Ерөнхийдөө бай­дал дээрдэж байгаа. Газ­рын тосны газар ч мөн нэ­лээд анхаарал хандуулж байгаа. Бид компаниудтай уулзаж, тодорхой шатанд асуудлыг тавьсан. ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод ажил­лах үеэр “Петрочайна Да­чин Тамсаг” ХХК-ийн удирд­лагуудтай уулзахад 2012, 2013, 2014 онд аймгийн хөгжлийн санд оруулах мөнгөө төлнө гэж мэдэгдсэн.

Газрын тосны мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ганц сургууль

Өдгөө 90 жилийн ойтой­гоо золгож буй Дорнод аймгийн Политехникийн кол­леж улсын хэмжээнд газрын тос­ны салбарт ажиллах мэр­гэжилтэй ажилтан бэлтгэж буй ганц сургууль. Хөдөө аж ахуй, төмөр зам, уул уур­хай, газрын тосны салбарт ажил­лах мэргэжилтэй болов­сон хүчин бэлтгэдэг энэ сургуульд жилээс жилд элсэгч­дийн тоо нэмэгдэж бай­гаа гэнэ. Төгсөгчдийн 70-80 хувь нь шууд ажлын байр­тай болдог учир уул уурхайн томоохон компаниуд ажилтнуудаа бэлтгэхэд тус сургуульд ханддаг болжээ. Жилээлбэл, “Оюу толгой”, “Бороо гоулд” ,”Петрочайна Дачин Тамсаг” компани гол за­хиа­лагч нь. “Оюу толгой” компани 100 гаруй ажилтнаа саяхан тус сургуульд бэлт­гэж авсан байна. 2009 оноос Дор­нод аймгийн Поли­техникийн коллеж ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилтан бэлт­гэж эхэлсэн нь өнөөдөр эрэлттэй ангиудын нэг болжээ.  
Зүүн бүсэд хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хөгжиж байгаа учир боловсон хүчний хүрэлцээ, чадвар хөндөгдөж эхэлсэн байна. Газрын тосны салбарын 40 оюутан Хятадын Дачин хотод дадлага хийгээд иржээ. Багш нараа ч мөн Дачин хотод сургалтад хамруулж, сур­галтын гарын авлагуудаа хя­тад хэлнээс орчуулан бэлт­гэж, ашиглаж буй аж. Газрын тос­ны чиглэлийн гур­ван төр­лийн мэргэжлийн хү­мүүс тус сургууль бэлтгэж бай­на. Эдгээр сургалтаа улам сайж­руулахаар Уул уур­­хайн яам, Газрын тосны га­зар нэг тэрбум төгрөг төсөв­­лүүлж, шийдүүлж өг­сөн гэлээ.
Цаашлаад Дор­нод аймгийн Поли­техни­кийн коллежоо өргөт­гөж, эко хотхонтой боло­хоор ажил­лаж байна. Сургуулиа өр­гөт­гөхдөө шинээр нэмж ба­рилга байшин барих бус бай­гаа боломжоо ашиглаж буй­гаа удирдлагууд нь дуул­гав. Яагаад гэвэл сүүлийн жи­лүүдэд үндсэн элсэгчдээс гад­на насанд хүрсэн, тэр ч бүү хэл дээд боловсролтой хүмүүс газ­рын тос, уул уурхайн чиг­лэлээр суралцах болсон. Эко хотхон байгуулахад нэг тэрбум төгрөг улсын тө­сөвт суулгаж өгсөн байна. 1923 онд байгуулагдсан тус сур­гууль 50 гаруй багш, 800 ор­чим суралцагчтай. Эрүүл, аюул­гүй орчин бүрдүүлэх Эко хотхонтой болохоор 6000 гаруй ам.метр талбайг тохижуулах ажлаа өөрс­дөө хийж байгаагаа Поли­техникийн коллежийн удирд­лагууд хэлж байсан юм.

Л.Номин

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан