Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ АГААРЫН ЗАМ НЭЭЛЭЭ

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” Төрийн өмчийн компани өчигдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлд шууд нисэх агаарын хөлгөө үдэн гаргалаа. Москва, Берлин, Сөүл болон Бээжингээр дамжиж хүрдэг байсан энэ чиглэлд  шууд нислэг үйлдэж эхэлснээр Улаанбаатараас Франкфурт руу найман цаг 45 минут, Франкфуртээс Улаанбаатар хүртэл найман цаг 30 минут зарцуулах юм.
Тус чиглэлийн нислэг нь цаашдаа “Боинг 767-300 ER” агаарын хөлгөөр долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт тогтмол нислэг үйлдэх бөгөөд тийз нэг талдаа нэг сая 500 мянгаас  хоёр сая хүртэлх төгрөг байхаар тогтжээ. Харин шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан “МИАТ” компани эхний таван нислэгт 50-70 хувийн хямдралтай зорчуулахаар болов.
Энэхүү нислэгийг “МИАТ” компани, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгасны дагуу нээсэн юм.
Түүнчлэн үйл ажиллагаагаа тэлж, зах зээлээ өргөжүүлэх өргөн боломжийг агуулсан Ази, Европын чиглэлд шинэ сүлжээг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс “МИАТ” компани цаашдаа Сингапур улс руу тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Шууд нислэг ямар асуудал шийдэх вэ

Судалгаанаас харвал, сүүлийн гурван жилд манай улсад Европын орнуудаас 50 гаруй мянган жуулчин ирсэн байна. Мөн Монголоос  Европын орнууд руу нисэх монголчуудын тоо өсөх хандлагатай байгаа аж. Тиймээс “МИАТ” компани зах зээлийн энэ орон зайг мэдэрч, шууд нислэг хийж эхэлсэн нь олон талын ач холбогдолтой юм. Тухайлбал, Франкфурт хот нь Англи, АНУ, Австрали, Канад зэрэг дэлхийн бусад улс руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой Европын гол цэгт тооцогдож байна. Ингэснээр зорчигчид олон онгоц  дамжин нисэх зардал болон цаг хугацаа хэмнэх, тав тухтай аялах боломжоор бүрэн хангагдах юм. Түүнчлэн улирлын чанартай өсдөг аялал жуулчлалын үеэр иргэдээс ирэх гомдлыг тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй үеэр онгоцны суудал олдохгүй, нислэгийн тийз үнэд орох, шууд нислэг байхгүйн улмаас дамжин нисэх зэрэг олон асуудлыг шийдэж байгаа юм. Улаанбаатар-Франкфурт чиглэлд ийнхүү шууд нислэгтэй болсноор бид Европын орон руу хоёр нислэгтэй боллоо.
Шууд нислэгийг үдэн гаргах үеэр Зам, тээврийн яамны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “МИАТ” компани өнөөдрийн байдлаар найман чиглэлд олон улсын нислэг үйлдэж байгаа. Улаанбаатар-Франкфурт чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр олон улсын ес дэх нислэг болж байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдсан. Эдгээр баримт бичигт заасны дагуу “МИАТ” компанид Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус олгосон. Үүнийхээ дагуу Зам, тээврийн яам болон Засгийн газраас “МИАТ” компанид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсыг зорин ирж байгаа зорчигч урсгал жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Манай улсын иргэд ч Ази, Европын олон улсад зорчиж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлын нэгд Франкфуртын шууд нислэг хувь нэмэр оруулна. Удахгүй Сингапурын чиглэлд шинэ нислэг нээх  зорилт тавин ажиллаж байна. Харин шууд нислэг хийхийн тулд дэлхийн улс орнуудтай агаарын харилцааны хэлэлцээрийг Засгийн газрын түвшинд хийдэг. Үүнийхээ дагуу харилцан тохиролцож  шинэ нислэгийн чиглэлийг нээдэг.
Тиймээс үндэсний агаарын тээвэрлэгч компаниуддаа, Засгийн газар болон Зам, тээврийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж, агаарын тээврийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, олон шинэ нислэг нээхээр зорин ажиллаж байгаа” гэсэн юм.
Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан