Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЧУУД БҮСЭЭ 13.7 ХУВИАР ЧАНГАЛААД БАЙНА

Монголчуудын өргөн хэрэглэдэг 239 нэр төрийн бараа, бүтээгдэхүүн бий. Үүнээс  хүнсний 93 нэрийн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл  60 хувийнх нь үнэ нэмэгджээ. Тэгэхээр бидний  амьжиргааны өртөг зардал  өссөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл авдаг хэд нь амьжиргааг арай л гэж залгуулж буй юм. Үндэсний статистикийн хороо энэ оны эхэнд бүсээ чангалж амьдрахыг анхааруулж байсан. Анхааруулсан ёсоор өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард 1.5 хувиар өслөө. Өнгөрсөн онтой харьцуулбал 13.7 хувиар өсчээ. Нэг ёсондоо монголчуудын халаас энэ хэмжээгээр нимгэрч байгаа.  Үнийн энэ  өндөр өсөлтөд хүнс, ундааны үнэ 2.8, цайны газрын хоолны үнэ 2.6 хувийг тус тус эзэлж буй судалгаа бий.  Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд  валютын ханшийн  өсөлт, хомсдол нөлөөлж буй юм. Улсын гадаад валютын орлого төдийлөн нэмэгдэхгүй бол цаашид  бараа бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн эдийн засагчид тайлбарлаж буй билээ. Манай улсын гадаад валют олох гол найдлага бол алт, газрын тос, зэсийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хэмээн үзэж буй.   
Эдийн засгийн энэ хямралт байдлын нөлөөгөөр банкны хугацаа хэтэрсэн өр зээл ч нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн сарын байдлаар банкны хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 380 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 234 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт гэдгийг статистик мэдээ баталж буй юм. Одоогоор банкны системийн хэмжээнд чанаргүй зээл  619 тэрбум төгрөг болсон нь бараг нэг дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засагт мөнгө дутаж иргэдийн халаас нимгэрсэн тул өдөр тутмын хүнсэнд л орлого нь хүрэлцэж байгаа юм. Иймд өр зээлээ төлөхөд, илүүчлэх мөнгөгүй болжээ.
Иргэн Дорж өнгөрсөн жил халаасандаа 5000 төгрөгтэй цайны газраас дуртай хоолоо авч дээр нь уух ундаа, цайны хачиртай байдаг байлаа. Гэтэл өнөөдөр энэ мөнгө нэг таваг хоолонд арай ядан хүрнэ. Уух ундаа, цайны хачирыг санах ч хэрэггүй болсон. Төв банкны эдийн засагчид энэ онд төлбөрийн тэнцлийн хямрал нүүрэлж импортын салбарт 20 мянган хүн ажилгүй болох тооцоо хийсэн байдаг. Ийм ч учраас импортын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж ажилгүйчүүдийн эгнээ өргөжих хандлагатай боллоо. Тухайлбал өнгөрсөн сард хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 16-34 насны ажилгүй иргэд 24 мянга байна.
Ажилчдын дундаж цалинг Үндэсний статистикийн хороо Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн тооцдог болсон.  Ингэснээр илүү дэлгэрэнгүй, нарийн тооцоо гардаг болжээ. Одоогоор 34 мянга гаруй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлж буй юм. Энэ мэдээлэлд үндэслэн нэг хүний сарын дундаж цалинг тооцон гаргавал 762.9 мянган төгрөг байна. Энэ орлого нь өргөн хэрэглээний барааны хэрэглээний үнэ  өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед хүрэлцэхгүй байгаа аж. Эдийн засагчдийн үзэж буйгаар энэ он дуустал хямралт байдлаас гарахгүй хэмээж буй. Учир нь манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй байгаа. Одоо олж буй гадаад валют нь шатахуун болон өдөр тутмын хэрэглээний барааны импортын төлбөрөө л хийхэд хүрэлцэж байгаа ажээ.

ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАЖ МӨНГӨӨ ХЭМНЭЭД Ч АМЬДРАХАД ХҮНД БАЙНА ГЭВ


Эдийн засгийн байдал хүндэрч, валютын ханш эрс өссөн нь иргэдийг өвдөг сөхрөхөд хүргээд байна гэхэд буруудахгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр сард мэдэгдэхүйц нэмэгдсэн нь амьдралыг улам бүр тарчиг болгож байна гэх хүн  олон байгаа юм.
Энэ цаг үед иргэд яажшуухан амьдарч байгааг тандахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.  

Хүнсний худалдагч А.Лхагвасүрэн:


Өргөн хэрэглээний гэлтгүй бүхий л хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Бараа захиалах бүрт л ямар нэг хэмжээгээр үнэ нь нэмэгдээд ирэх болсон. Борлуулалт муу байгаа нь манай улсын эдийн засаг хүнд байгааг харуулж байна. Зун цагт хүмүүс хөдөө, зуслан руу яваад нийслэл дэх  оршин суугчдын тоо цөөрдөг болохоор борлуулалт мууддаг тал бий л дээ. Гэхдээ өмнөх жилүүдэд муудлаа гэхэд ийм муу байгаагүй. Яах аргагүй иргэдийн худалдан авах чадвар буурсан. Бид  наймаагаа хийж л хоолоо олж иднэ шүү дээ. Гэтэл худалдаа наймаа муудчихаар бидний амьдрал дагаад доройтож байна. Ер нь өнөө маргаашаа л аргацаан  амьдарч байна.

Махны худалдагч Б.Мөнхбаяр:

Махны худалдаа эрхлээд таван жил болж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар өмнөх жилээс 40 орчим хувь нэмэгдсэн байх. Ялангуяа, гурил будаа, махны үнэ долоо хоног бүрт л нэмэгдээд байгаа. Хүн хоолгүйгээр яаж амьдрах билээ. Хэдий ядарсан ч идэх юмаа авах л хэрэгтэй болно. Бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол яаж ийгээд л зарагддаг гэсэн үг. Гэвч борлуулалт эрс муудсан.

Бэлэн хувцасны худалдагч Г.Балжидмаа:


Монголчууд бэлэн хувцасаа ихэвчлэн урд хөршөөс импортлон авдаг. Өнөөдөр ам.доллар, юанийн ханш хэдэн төгрөгөөр нэмэгдээд байгаа билээ дээ. Урд хөршид бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй.  Гэвч  юанийн ханш өссөн болохоор бид  барааныхаа үнийг нэмж зарахаас өөр аргагүй  юм. Борлуулалт муу байгаагаас түрээсээ ч өгч чадахгүйд хүрээд байна.
“Бөмбөгөр” худалдааны төвд худалдаа эрхлэгчидтэй  уулзахад бүгд л эдийн засгийн байдал хүнд байгаагаас борлуулалт муу байна гэцгээж байна. Мөн худалдан авагчдын санаа бодлыг ч  сонирхлоо. Иргэн О.Батбаяр, “Ах нь сардаа 500 мянга орчим төгрөгний орлоготой. Дөрвөн ам бүл тэжээдэг. Бараа, бүтээгдэхүүний  үнэ өсөөд байгаа болохоор амьжиргаа улам бүр хэцүүдэж байна. Хэрэглээгээ багасгаж мөнгөө хэмнээд бүсээ чангалаад байгаа хэрнээ амьдрахад хүнд байна” гэв.
Түүнээс гадна хэд хэдэн хүнтэй  уулзахад мөн л ийм утгатай хариу өгсөн юм. Эндээс үзэхэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэдрээгүй, сэтгэл тайван яваа иргэн нэг ч алга.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан